- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2020 оны 44 дүгээр
тогтоолын хавсралт
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсад мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа Политехник коллеж, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ийн суралцагчид тэтгэлэг олгоход энэ журмыг баримтална.
1.2. Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, 1 жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жил, 1.5 жилийн өдрийн ангийн суралцагчид болон улс орны бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтэй ажилтанг ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэлх сарын сургалтад хамруулж байгаа 45 хүртэлх насны иргэнд энэхүү тэтгэлгийг олгоно.
Хоёр. Тэтгэлэг олгох нөхцөл
2.1. Сургалтын байгууллага нь дараахь шаардлагыг хангасан байна:
2.1.1. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй;
2.1.2. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан элсэлтийн хяналтын тоо, мэргэжлийн чиглэлийн дагуу элсэлт зохион байгуулсан;
2.1.3. сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулсан.
2.2. Суралцагч нь дараахь шаардлагыг хангасан байна:
2.2.1. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичигтэй байх;
2.2.2. мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байх;
2.2.3. сургалтын байгууллагын дотоод журам, суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх;
2.2.4. хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал гэх мэт)-ы улмаас сургалтад хамрагдаагүй нь чөлөөний хуудас, эмнэлгийн магадалгаагаар тодорхойлогдсон байх.
2.3. суралцагч сургалтын байгууллагаас албан ёсны чөлөө авсан, сургуулиа орхисон тохиолдолд тэтгэлгийг зогсооно. Энэ тохиолдолд сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан албан ёсны шийдвэр нэн даруй гаргасан байна.
2.4. Дараахь суралцагчид тэтгэлэг олгохгүй:
2.4.1. байгууллагад ажиллаж албан журмын нийгмийн даатгалд хамрагдаж шимтгэл төлдөг;
2.4.2. хорих ангид ял эдэлж буй.
2.5. Суралцагчид тэтгэлгийг давхардуулан олгохыг хориглоно.
2.6. Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх 2.5 жилийн ангийг төгсөж үргэлжлүүлэн техникийн боловсролын 1.5 жилийн ангид шатлан суралцаж байгаа суралцагчид тэтгэлгийг олгоно.
2.7. Улс орны бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтэй ажилтанг ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэлх сарын хугацаатайгаар сургалтын байгууллагад бэлтгэн мэргэжил эзэмшүүлэх, тэтгэлэг олгох нөхцөлийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ажил олгогч байгууллагын хамтын ажиллагааны гэрээгээр зохицуулна.
Гурав. Суралцагчид олгох тэтгэлгийн санхүүжилт
3.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.2-т заасны дагуу суралцагчид олгох тэтгэлгийг Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
3.2. Сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн сарын ирцийн мэдээллийг мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн системд бүртгэн, баталгаажуулж дараа сарын 5-ны өдрийн дотор цаасан хэлбэрээр мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.3. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.2-т заасан мэдээллийг хянаж баталгаажуулан суралцагчийн банкин дахь харилцах дансанд тэтгэлгийг сар бүрийн 15-ны өдрийн дотор шилжүүлнэ.
3.4. Тэтгэлгийг 10 хүртэлх сарын хугацаанд олгоно.
3.5. Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх зохих шийдвэрийн хүрээнд сургалтын байгууллага цахим хэлбэрээр сургалтыг зохион байгуулсан тохиолдолд суралцагчдад тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно. (Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор нэмсэн)
Дөрөв. Бусад
4.1 Сургалтын байгууллага нь суралцагчдыг шинээр элсүүлсэн, төгсгөсөн болон анги дэвшүүлсэн, чөлөөлсөн, хасагдсан зэрэг шилжилт хөдөлгөөний тухай захирлын тушаалын хуулбарыг тухай бүр мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.2. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн системд суралцагчийн мэдээлэл, ирцийг буруу тооцож оруулсан, хугацаанд нь баталгаажуулаагүйн улмаас суралцагчид тэтгэлэг олгогдоогүй бол буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ.
4.3. Суралцагчид тэтгэлэг давхардуулан олгосон, энэ журмын 2.4-т заасан суралцагчид болон хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн тэтгэлэг олгосон нь тогтоогдвол сургалтын байгууллагын удирдлага, уг асуудлыг хариуцсан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
4.4. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тэтгэлэг олголтын явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж зохих дүгнэлт улирал бүр гаргана.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A