A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 50 дугаар
    тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ
ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмаар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль (цаашид “Хууль” гэх)-ийн үйлчлэлд хамаарах Монгол Улсын иргэн (цаашид “Зээлдэгч” гэх)-ий 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны тэтгэвэр барьцаалсан зээл (цаашид “зээл” гэх)-ийн үлдэгдэл төлбөрийн тодорхой хэсэг (цаашид “зээлийн төлбөр” гэх)-ийг төрөөс нэг удаа төлөх дүн, түүнийг төлөх, энэхүү арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн төлбөрийн үүрэг дуусгавар болох, зээлийн гэрээг шинэчлэх, мэдээлэл солилцох, үйл ажиллагааны хяналт, тайлагналттай холбоотой харилцааг зохицуулна.

Хоёр. Журмын хамрах хүрээ

2.1. Энэ журамд Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан  Монгол Улсын иргэн хамаарна.

Гурав. Зээлийн төлбөрийн дүн, түүнийг төлөх

3.1. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөр нь 6 000 000 (зургаан сая) төгрөг ба түүнээс доош дүнтэй байна.

3.2. Зээлийн төлбөрийг Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу төлнө.

3.3. Зээлдэгч 2 ба түүнээс дээш төрлийн тэтгэвэр (тэжээгчээ алдсаны тэтгэвэр хамаарахгүй) авдаг бөгөөд тэтгэвэр тус бүрийг барьцаалан зээл авсан бол зээлийг хамгийн бага дүнтэйгээс эхлэн төлнө. Энэ тохиолдолд нийт төлөх зээлийн төлбөрийн хэмжээ энэ журмын 3.1-д заасан дүнгээс хэтрэхгүй байна.

3.4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэврийг адил хэмжээгээр хуваан авдаг тэтгэвэр авагч зээлтэй бол зээлдэгч тус бүрийн зээлийн төлбөр нь энэ журмын 3.1-д заасан дүнгээс хэтрэхгүй байна.

 Дөрөв. Санхүүжилтийн эх үүсвэр

4.1. Зээлийн төлбөрийг төлөх санхүүжилтийн эх үүсвэр нь Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу “Эрдэнэс Монгол” ХХК (цаашид “компани” гэх)-иас гаргасан үнэт цаас байна.

4.2. Хөгжлийн банк “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөж, тус ордод хамаарах Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн  51.1 дэх хэсэгт заасан баримт бичиг, эд хөрөнгийг барьцаалан энэ журмын 4.1-д заасан үнэт цаасанд баталгаа гаргана.  

4.3. Компани тэтгэвэр барьцаалсан зээлийн үүргийг энэ журмын 4.1-д заасны дагуу гаргасан үнэт цаасаар төлөх гэрээг холбогдох банктай байгуулна. Энэ гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг эрх бүхий байгууллагууд зохих журмын дагуу авч хэрэгжүүлнэ. 

4.4. Монголбанк Хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасныг үндэслэн компанийн гаргах үнэт цаасны өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн хэрэгсэл ашиглан хөрөнгийн хямд эх үүсвэр бий болгож, үнэт цаасыг худалдан авах үйл ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гүйцэтгэнэ.

4.5. Компани өөрийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн  эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагаанд хяналт тавих замаар үнэт цаасны тодорхой хэсгийг мөнгөжүүлэн эргэн төлөх үйл ажиллагааг Монголбанк, банктай хамтран гүйцэтгэнэ.

4.6. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК нь үнэт цаас эзэмшигчийн бүртгэлийн цахим сан үүсгэж, холбогдох банкны эзэмшиж буй үнэт цаасны талаар мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх, компанийн гаргах үнэт цаасыг бүртгэх, хөтлөх ажлыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэнэ.  

Тав. Зээлийн төлбөрийн үүрэг дуусгавар болох,
       зээлийн гэрээг шинэчлэх

5.1. Энэ журмын 4.3-т заасан гэрээнд хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулснаар зээлдэгчийн зээлийн төлбөрийн үүрэг дуусгавар болсон тэтгэвэр авагчид дараа сарын тэтгэврийг бүрэн олгоно. Энэ журмын 3-т заасны дагуу төрөөс зээлийн төлбөр төлөх дүнг банк зөвхөн зээлдэгчийн зээлийн төлбөрийг төлж барагдуулахад зарцуулна.   

5.2. Банк 6 000 000 (зургаан сая) төгрөг болон түүнээс доош дүн бүхий зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй зээлдэгчийн зээлийн гэрээг дуусгавар болгож, 6 000 000 (зургаан сая) төгрөгөөс дээш зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй зээлдэгчтэй зээлийн төлбөр, бусад нөхцөлийг тохирсон гэрээг шинэчлэн байгуулна.

Зургаа. Мэдээлэл солилцох

6.1. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан мэдээллийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “НДЕГ” гэх) харилцагч банканд хүргүүлнэ.

6.2. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан мэдээллийг банк баталгаажуулан НДЕГ-т албан бичгээр хүргүүлнэ.

6.3. НДЕГ энэ журмын 6.2-т заасан мэдээллийг банк бүрээр гаргаж компанид хүргүүлнэ.

6.4. Энэ журмын 6.2-т заасан мэдээлэлд тэтгэвэр авагчийн овог нэр, регистрийн дугаар, сарын тэтгэврийн хэмжээ, харьяалагдах нийгмийн даатгалын хэлтсийн нэр, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр, хүүгийн хувь хэмжээ, анх олгосон зээлийн дүн, он, сар, өдөр, дансны дугаар зэрэг мэдээллийг тусгасан байна. Энэ мэдээллийн маягтыг НДЕГ батална.

Долоо. Хяналт, тайлагналт, бусад 

7.1. Журмын хэрэгжилтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хяналт тавьж, ажлын үр дүнг Улсын Их Хуралд 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан тайлагнана.      

7.2. Хууль болон энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


-----о0о-----