- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2020 оны 50 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС
НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН
ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмаар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (цаашид “Хууль” гэх)-ийн үйлчлэлд хамаарах Монгол Улсын иргэн (цаашид “иргэн” гэх)-нд эзэмшүүлэх үнэт цаасны дүн, Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас (цаашид “Үнэт цаас” гэх) гаргах, мэдээлэл солилцох, бүртгэх, олгох, тооцоо хийж тайлагнах, үнэт цаасыг мөнгөжүүлж иргэнд төлөх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банк (цаашид “банк” гэх)-анд байршуулахтай холбоотой харилцааг зохицуулна.
Хоёр. Журмын хамрах хүрээ
2.1. Энэ журамд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэвэр авагч, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө тэтгэвэр авах эрх нь дуусгавар болоогүй Монгол Улсын дараахь иргэн хамаарна:
2.1.1. Хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тэтгэвэр барьцаалсан зээл (цаашид “зээл” гэх) аваагүй, зээл авсан боловч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлээ бүрэн төлсөн;
2.1.2. Хуулийн 4 дүгээр зүйлд заасан.
2.2. Энэ журамд дараахь тэтгэвэр авагч, иргэн хамаарахгүй:
2.2.1. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хугацаа дуусаж, уг хугацааг сунгуулаагүй тахир дутуугийн тэтгэвэр авагч;
2.2.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйл, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зогссон тэтгэвэр авагч;
2.2.3. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгох эрхээ хэрэгжүүлээгүй иргэн.
2.3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан тахир дутуугийн тэтгэвэр авагчид энэ журмын 2.2.1 дэх заалт хамаарахгүй.
Гурав. Эзэмшүүлэх үнэт цаасны дүн
3.1. Иргэнд үнэт цаасыг дараахь дүнгээр эзэмшүүлнэ:
3.1.1. Энэ журмын 2.1.1-д заасан иргэнд 1 000 000 (нэг сая) төгрөгийн;
3.1.2. Энэ журмын 2.1.2-т заасан иргэнд зээлийн үлдэгдэл төлбөр болон 1 000 000 (нэг сая) төгрөгийн зөрүү дүнгээр.
3.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэврийг адил хэмжээгээр хуваан авдаг тэтгэвэр авагчийн хувьд хөдөлмөрийн чадваргүй иргэний тооноос хамааруулан хувь тэнцүүлэн үнэт цаас эзэмшүүлэх дүнг тодорхойлно.
Дөрөв. Мэдээлэл солилцох
4.1. Энэ журмын 2.1.2-т заасан иргэний мэдээллийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “НДЕГ” гэх) харилцагч банканд өгнө.
4.2. Банк энэ журмын 4.1-д заасан мэдээллийг баталгаажуулан НДЕГ-т албан бичгээр ирүүлнэ.
4.3. НДЕГ энэ журмын 2.1.1, 4.2-т заасан мэдээллийг банк бүрээр нэгтгэн гаргаж төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК (цаашид “компани” гэх)-нд хүргүүлнэ.
4.4. Энэ журмын 4.3-т заасан мэдээлэлд тэтгэвэр авагчийн овог нэр, регистрийн дугаар, сарын тэтгэврийн хэмжээ, харьяалагдах нийгмийн даатгалын хэлтсийн нэр, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр, хүүгийн хувь хэмжээ, анх олгосон зээлийн дүн, он, сар, өдөр, дансны дугаар, тэтгэвэр тогтоосон огноо, тэтгэврийн төрөл зэрэг мэдээллийг тусгасан байна. Энэ мэдээллийн маягтыг НДЕГ батална.
Тав. Үнэт цаас гаргах, бүртгэх, хүргүүлэх,
тооцоо хийж тайлагнах
5.1. Компани холбогдох хуульд заасны дагуу нууцлалын шаардлага хангасан үнэт цаасыг Хуулийн 2 дугаар зүйлд заасан нөхцөлөөр Хуульд заасан үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор гаргана. Үнэт цаасны загварыг компани батална.
5.2. Энэ журмын 5.1-д заасан үнэт цаасыг эзэмшигч тэтгэвэр авагч нь үнэт цаасыг гуравдагч этгээдэд худалдан борлуулах, аливаа бусад хэлбэрээр шилжүүлэхгүй ба зөвхөн өвлүүлэх эрхтэй.
5.3. Компани энэ журмын 4.4-т заасан мэдээлэлд үндэслэн Компанийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлийг үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэгч “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар үнэт төлбөргүй гүйцэтгүүлнэ.
5.4. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлийн цахим сан үүсгэж, энэ журмын 2.1-д заасан иргэн өөрийн эзэмшиж буй үнэт цаасны талаар мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
5.5. Хөгжлийн банк хууль тогтоомжид нийцүүлэн энэ журмын 5.1-д заасан үнэт цаасанд баталгаа гаргана.
5.6. Компани энэ журмын 5.1-д заасан үнэт цаасыг НДЕГ-т ирүүлнэ.
5.7. НДЕГ холбогдох үнэт цаасыг тэтгэвэр авагчид олгох ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
5.8. Компани, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, НДЕГ нь эзэмшүүлсэн үнэт цаасны тооцоо, тайланг хийж баталгаажуулна.
Зургаа. Үнэт цаасыг мөнгөжүүлэх, иргэнд төлөх
6.1. Компани Хуулийн 1, 4 дүгээр зүйлд заасан үнэт цаасыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлж, эх үүсвэрийг холбогдох төрийн байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр иргэдэд төлөх ажлыг Монголбанк, банктай хамтран зохион байгуулна.
6.2. Монголбанк Хуульд заасан нөхцөл журмын дагуу Компаниас гаргах үнэт цаасыг худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.
Долоо. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн
хөрөнгийг банканд байршуулах
7.1. Хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу НДЕГ нь нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгөөс хөнгөлөлттэй хүүтэй хадгаламжийг банканд байршуулж болно. Шаардлагатай тохиолдолд Монголбанкийг санхүүгийн зуучлагчийн чиг үүрэгтэйгээр оролцуулж, хамтран зохион байгуулна.
7.2. НДЕГ байршуулах хөрөнгийн хэмжээг банк тус бүрээр гарган мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулна. Байршуулах хөрөнгийн хэмжээ хүрэлцэхгүй тохиолдолд дүнг зээлийн үлдэгдэл төлбөрөөс хамааруулан хувь тэнцүүлэн, хүүг дахин бууруулах замаар шийдвэрлэнэ.
7.3. Энэ журмын 7.1-д заасан хадгаламжийг Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу компанийн гаргасан үнэт цаасыг Монголбанк эзэмших хүртэл хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байршуулна.
7.4. Банканд байршуулах мөнгөн хадгаламжийн дүн, хүүгийн хэмжээ, мөнгөн хадгаламжийн гэрээний загварыг Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.
7.5. НДЕГ нь энэ журмын 7.1-д заасны дагуу банканд хадгаламж байршуулахдаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 08 дугаар тогтоолоор баталсан нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам, гэрээний загварыг мөрдөхгүй.
Найм. Бусад
8.1. Энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A