A

A

A

Бүлэг: 1979

Ховд сумын ИТХ-ын 2019 оны 9/9 дүгээр

 тогтоолын нэгдүгээр хавсралт

 

ХОВД СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ БЭЛЧЭЭРИЙГ

ХУВААРЬТАЙ АШИГЛАХ НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл:

1.1.Зорилго: Малчид иргэдийн хадлан, бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, өнжөөж сэргээх, зөрчил дутагдлыг арилгах, учирсан хохирлыг барагдуулах, энэ үйл ажиллагаанд иргэдийн тэгш оролцоог хангах харилцааг зохицуулахад журмын зорилго оршино.

1.2.Журмыг дагаж мөрдөх: Сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, өвөлжөө, хаваржааны бэлчээр, хадлангийн талбайг тодорхой хугацаанд малын хөлөөс чөлөөлөх зэрэг бэлчээрийг зүй зохистой ашиглаж улирлын хуваарьтай хамгаалахад сумын бүх багийн иргэд, малчид, бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлэг, нөхөрлөл, аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд энэхүү журмыг мөрдлөгө болгон ажиллана.

1.3 Журмыг хэрэгжүүлэх: Журмын хэрэгжилтийг сумын Засаг даргын удирдлага зохион байгуулалтаар Засаг даргын Тамгын газар, Засаг даргын Тамгын газрын газрын даамал, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга хариуцан гүйцэтгэнэ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч, Сумын бэлчээрийн ашиглагчдын холбоо төрийн бус байгууллага, Бэлчээр ашиглагчдын хэсгүүд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

Хоёр: Бэлчээр, түүнийг зохистой ашиглах, хамгаалах

2.1.Бэлчээрийг ашиглахдаа төрийн уламжлалт тогтолцоо болох өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа гэсэн ерөнхий хуваарийг баримтлан зуслан намаржааны бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж, нийтээр ашиглана.

2.2.Иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөх, хадлангийн талбайд мал оруулах хугацааг энэхүү журмыг баримтлан сумын Засаг дарга тогтоож, багийн засаг дарга, малчид, мал бүхий иргэд дагаж хэрэгжүүлнэ.

2.3.Өвөлжөө, хаваржааны доорх газрыг иргэдэд хуулийн дагуу эзэмшүүлэх бөгөөд бэлчээр нийтийн эзэмшилд байна. Өвөлжөө, хаваржааны доорх газар нь 0.4 га буюу 4000 метр квадрат байна. /50х80=4000/

2.4.Нэг өрхөд өвөлжөө, хаваржаа тус бүр нэгийг эзэмшүүлж, сумын Засаг даргын шийдвэрээр өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулна.

2.5.Өөр аймаг, сумын малчид тус сумын нутаг дэвсгэрт бэлчээр ашиглах тохиолдолд гурвалсан гэрээ байгуулсан байна.

2.6 Малчид өвөлжөө, хаваржааны бэлчээрийг сумын Засаг даргатай хэсэг, бүлгээрээ хийсэн гэрээний дагуу ашиглана.

 Гэрээнд дараах зүйлийг тусгана. Үүнд:

-гэрээний эрх зүйн үндэс,

-гэрээний зорилго,

-ашиглах бэлчээрийн хил,талбайн ургац,

-бэлчээр, хадлангийн талбайг малаас чөлөөлөх, мал оруулах хугацаа,

-мал тууварлан өнгөрөх зурвас, түр саатах хугацаа. (2 хоногоос илүүгүй байна).

-тухайн бэлчээрт байлгах малын тоо, толгой, төрөл.

-тухайн БАХ-ын бэлчээрээс нөөц бэлчээрт ашиглах хэмжээ.

-талуудын хүлээх үүрэг хариуцлага.

-гэрээт бэлчээрт ашиглагч, ашиглуулагч талуудаас хийх хөрөнгө оруулалт.

2.7.Байгуулсан гэрээгүй нөхцөлд бэлчээр ашиглах, хадлан эзэмших эрхийг хязгаарлана.

2.8.Бэлчээр ашиглах, хадлан эзэмших гэрээний хугацааг зохих хуулийн заалтанд нийцүүлэн 5-15 жилээр тогтооно

Гурав: Багийн иргэдийн нийтийн хурлын хүлээх үүрэг:

3.1.Бэлчээрийн талхлагдлаас хамгаалах, улирлаар хуваарьтай ашиглах, бэлчээрийн менежментийн цэгцтэй бодлогыг хэрэгжүүлэх, зохион байгуулах.

3.2.Багийн малчид, хот айл бүхэнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг бүх үзүүлэлтээр хангуулж, иж бүрэн тохижуулсан /засварласан/ өвөлжөө, хаваржаатай, улирлын чанартай ашиглах бэлчээр нутагтай, хүрэлцэх өвс тэжээл, бууц, хужир, усны эх үүсвэртэй байлгах.

3.3.Багийн Иргэдийн Нийтийн хуралдаанаар бэлчээр ашиглалтын талаар багийн Засаг даргын зохион байгуулсан ажлын мэдээллийг сонсох, хэлэлцэх

3.4.Бэлчээр хуваарьтай ашиглах журам, газар ашиглалт, хамгаалалтын талаар Багийн Засаг даргын зохион байгуулсан ажлыг хэлэлцэн дүгнэж шийдвэр гаргах.

3.5.Бэлчээр ашиглах талаар гарсан аливаа маргааныг багийн Иргэдийн Нийтийн хурал /Тэргүүлэгч/-аар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг даргад уламжлан шийдвэрлүүлнэ.

3.6.Багийн Засаг дарга нь төр, засгийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Хурал, Засаг дарга, багийн Иргэдийн Нийтийн хуралын шийдвэрийг сурталчилах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулаагүй, хэрэгжилтийг нь хангаагүй байвал хуулийн дагуу арга хэмжээ авах.

3.7.Тариалангийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах талаар мал амьтан оруулах, бэлчээхийг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулна.

3.8.Тухайн жилийн бэлчээрийн гарц, ган зуд болон байгалийн гамшиг тохиолдсон үед журманд заагдсан өвөлжөө, хаваржаанаас нүүх, дунд бүст түр суух асуудлын талаар заасан хоногийг багийн Иргэдийн Нийтийн хуралын тэргүүлэгчдийн шийдвэрээр өөрчилж болно.

3.9.Бэлчээрийн зүй зохистой ашиглах, нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал зэргийг харгалзан өөрийн багт тохирсон бэлчээр хамгаалагч ажиллуулах журам батлан мөрдүүлж болно.

Дөрөв: Багийн Засаг даргын хүлээх эрх, үүрэг:

4.1.Бэлчээр хувàарьтай ашиглах журмын биелэлтийг хангаж, зөрчсөн малчин, иргэнийг зохих эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу арга хэмжээ авах.

4.2.Багийн Иргэдийн Нийтийн хурлаас газрын ашиглалт, хамгаалалтын талаар мал бүхий иргэдтэй хийсэн гэрээ, гаргасан журам, тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах.

4.3.Бэлчээрийг үр ашигтай, зөв зохистой ашиглах, түүний төлөв байдал, чанарыг хамгаалах, хөрс элэгдэх, талхлагдах явдалтай тэмцэж бэлчээрийн ачааллыг зохицуулах арга хэмжээ авах.

4.4.Тухайн багт шинээр өрх бий болох, гаднаас шилжин ирсэн малчинд өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх, ашиглуулах талаар багийн Иргэдийн Нийтийн хурал /Тэргүүлэгч/-аар хэлэлцүүлэн шийдвэр гаргаж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга хуулийн дагуу шийдвэрлэнэ.

4.5.Тариалангийн бүс, бэлчээр талхлагдахаас хамгаалах зорилгоор газар нутгийн байрлалаас хамаарч малчид, тариалан эрхлэгчид хоорондоо тохирч нутаг бэлчээрийг цагдан хамгаалах, хүн ажиллуулах, бүлэг байгуулах, зураглал гаргах ажлуудыг зохион байгуулан багийн Иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг нь ханган ажиллана.

4.6.Өвөлжөө, хаваржаа шинээр барих, эзэмшүүлэх нөхцөлд тухайн бүсийн бэлчээрийн даацыг харгалзан багийн Засаг даргын санал, багийн Иргэдийн Нийтийн хурлын тогтоолыг үндэслэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан сумын Засаг даргаар эцсийн шийдвэр гаргуулах.

4.7.Тариалангийн талбайд үр суулгаснаас ургац хураан авч дуусах хүртэлх хугацаанд мал оруулж болохгүй хатуу анхаарах. Уг хугацааг 05 дугаар сарын 01-ээс 10 дугаар сарын 01 хүртэл гэж тооцно.

4.8.Байгалийн хадлангийн талбайг 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн малын хөлөөс чөлөөлнө.

4.9.Энэ журмын 9 дүгээр зүйлийн 9.3-д заасан нөхөн төлбөрийг Засаг даргын Тамгын орон нутгийн хүү торгуулийн орлогын дансанд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах

4.10.Бэлчээр ашиглалтын журмын хэрэгжилтийн явцыг багийн Иргэдийн Нийтийн хуралдаанд тайлагнана.

4.11.Багийн Засаг дарга хүлээх үүргээ биелүүлээгүй бол дээд шатны Засаг дарга хуулийн дагуу хариуцлага тооцно.

4.12.Бэлчээр ашиглах журам зөрчсөн тохиолдолд багийн Засаг дарга 3 хоногийн хугацаатай мэдэгдэх хуудас олгоно.

Тав: Бэлчээр ашиглагч, газар эзэмшигчийн эрх:

5.1.Бэлчээр ашиглах журам, газар эзэмших гэрээнд заагдсан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах

5.2.Газар, тариалангийн талбайд учирсан хохиролыг гэм буруутай этгээдээр тогтоосон журам, хуулийн дагуу нөхөн төлүүлэх.

5.3.Газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтөйгөөр эрхийн гэрчилгээтэй газрыг бусдад шилжүүлэх, барьцаалах, түрээслүүлэх

5.4.Газрын тухай хууль, тогтоомж, бэлчээр ашиглах журам, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах.

5.5.Бэлчээр, усны холбогдолтой маргааныг эрх хэмжээний хүрээнд зохицуулах, үл ойлголцсон тохиолдолд баг, сумын холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх.

5.6.Бэлчээр сэлгэх хуваарийг мөрдөж, бэлчээр ашиглах журмын биелэлтийг хангаж, үүргээ биелүүлж байх.

6.7. Төр, засгийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Хурал, Засаг дарга, багийн Иргэдийн Нийтийн хурлын шийдвэрийг сурталчилах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг ханган ажиллахыг багийн Засаг даргаас шаардах.

Зургаа: Бэлчээр ашиглагч, газар эзэмшигчийн хүлээх үүрэг:

6.1.Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, бэлчээрийг хуваарьтай ашиглах журмын холбогдох зүйл, заалт бүрийг биелүүлэх.

6.2.Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль, газрын тухай хууль болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалт, бэлчээр хамгаалахтай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх.

6.3.Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчихгүй байх.

6.4.Энэ журамд 6.7 дугаар зүйлд Дунд ус багийн нутаг дэвсгэрт өвөлжих, хаваржих, намаржих, зусахыг болон түр бэлчээр ашиглаж болохгүйг хатуу анхаарах.

6.5.Дунд ус багийн нутаг дэвсгэрт 50 – аас доош бог малтай өрх намаржихыг зөвшөөрөх бөгөөд 50 – аас дээш бог малтай байвал малчин өрхийн нэгэн адил үүрэг хүлээнэ.

Долоо: Тус сумын өвөлжөө, хаваржаа, газар тариалан, хадлангийн бүсийг дараах байдлаар тогтоож тодорхойлов.

А.Өвөлжөөний бүс:

7.1.Баянбулаг багийн бүст:

Дунд гол, Хөх сэрхийн өвөр тал, Их, Бага Нарийн, Урт, Уст, Тэрэгт, Орлого, Солоон, Хулст, Баруун зуслан, Зүүн зуслангийн амаар улаан уулын ар тал, Билүүт, Цагаан хайрханы хөтөлд ирж буцаад жалгаар уруудаж Эхэн худгийн эхээр дагаж Цагаан уулыг хярлаж баруун тийш эргэж сумаас Билүүт орох хөндлөн зам хүртэл

Б.Хаваржааны бүс:

7.2.Баянбулаг багийн бүст:

Улаан боом, Шорж, Баруун Зуслан, Зүүн зуслангийн амны гүн жалгаар дайран гарч Улаан уулын өвөр, Билүүтийн амаар дайран жижиг Цагаан уулаар дамжин, Аман худаг, Шавхан худаг, Мухар худаг, Туулайт хөтөл, Улаан худаг, Улааны ар, Улааны доод үзүүрээс Шүүтийн тохой, Хатуу хөтлийн өвөр тал Буянт голын дагуух Хөндийн ам, Бугат үзүүр, Багийн төв,Улаан боом хүртэлх нутаг дэвсгэр

А.Өвөлжөөний бүс:

7.3.Цагаан бургас багийн бүст:

Шаргын булаг, Салбан, Мухар булаг, Урт булаг, Хардаваа, Цайр, Наран булаг, Бургаст, Урт даваа, Бураат, Зүлэгт, Мөст, Элст, Цагдуул, Их хөшөө, Бага хөшөө, Хөх даваа, Хэрээ харын арын өврийн улаан чулуу, Цагаанбургас, Хамар даваа, Баянхар, Дулаан, Өвөлзөн, Бичээч, Шинэ овоо

Б.Хаваржааны бүс:

7.4.Цагаан бургас багийн бүст:

Гүн сайр, Замт, Эхэн худаг, Бажгин худаг, Хогийн худаг, Морьтын ар, Зайрын шил, Өртөө худаг, Хатуу хөтөл, Цахир, Цагаанбургасын ам хүртэлх нутаг дэвсгэр

А.Өвөлжөөний бүс:

7.5.Баруун салаа багийн бүст:

Мөстийн бэлчир, Хойд салаа, Урд салаа, Хөх толгой, Дөрөлж, Холбоо хүрэн, Асгат, Сөрт, Замын худаг, Долоон худаг, Хашаат, Бухын худаг, Давдаг, Ёндон, Улаан харгана, Хар ус, Зайран шил, Баруунсалаа, Аманхудаг, Рашаант

Б.Хаваржааны бүс:

7.6.Баруун салаа багийн бүст:

Улаан арын гүн жалгаас Согоот, Улаан харгана, Усны эх, Хаг, Ачаан давдаг, Шанзан, Их үзүүр, Талын хар, Туулайтын хөтлийн ар, Хавчгай, Бухын худгийн ам, Оцон чулуу, Ихэр бууц зэрэг нутгийг баг бүр тус тус ашиглах бөгөөд Улаанбураа, Дунд ус баг өвөл, хаврын улиралд дээрх заагдсан нутагт багтаан өвөлжиж, хаваржих болно.

7.7.Дунд ус багийн хил хязгаар дотор өөр багийн малчид шинээр өвөлжөө, хаваржааны хашаа хороо барих, зусах, намаржих, өвөлжих, хаваржихгүй байх.

7.8. Дунд ус багийн хил хязгаарт Хөх толгой, Гурван хаалгын орой, Хамуутын бууцын шил, Хасаг хөндийн ам хүрээд Зүүн улаан уул , Баруун улаан уул хүртэлх нутаг хамаарна.

7.9.Тариалангийн бүс нутаг :

Шар тохойн 402277, 5331346 цэг, Тахианы байр, Арвын газар,Тахилтын хар толгой, Наймын төвийн эгц харалдаа баруун хойш 2 километр, Наймын газраас доош Сартагтайн гуу хүртэл, Наймын газар сартагтайн гуунаас 405909, 5342597 цэг хүртэл, 405909, 5342597 цэгээс Долоогийн газрын иргэн А.Авдолын ногооны талбайн доод хөндлөн замыг дагаж Ховд, Увсын машин замын 414982, 5341321 цэг хүртэл, Ховд, Увсын машин замыг дагаж баруун зүг рүү “Орта Су” ХХК-ны ШТС-аас баруун хойш эргэж иргэн А.Жуманы эзэмшил газрын дээд хэсгээс 408047, 5337489 цэг хүртэл, 408047, 5337489 цэгээс жимсний модны талбай хүртэл, жимсний модны талбайгаас зүүн зүг рүү Буянт голын урд эргээр өгсөж иргэн Х.Хозайн эзэмшил талбайн дундуур эргэж Шар тохойн 403938, 53307600 цэг хүртэл, 403938, 53307600 цэгээс Шар тохойн /402277, 5331346/ цэг хүртэл тус тус хүрнэ.

Баруунсалаа багийн Атрын 400 га газар /1-р цэг 401579.999, 5346082.5, 2-р цэг 401605, 5343644.5, 3-р цэг 399833.001, 5344420.501, 4-р цэг 399827, 5346551-ээс 1-р цэг хүрнэ./

7.10. Хадлангийн талбайн бүс:

Хар ус нуурын хаяа, Бор модны хоолой, Гахайт /хэрэмээс дотогш/, Хөшөөт, Могойт, Нүцгэн, Гурван хар ус, Хүрэн судаг, Алгын хаяа

7.11. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.2 дугаар заалтанд заасны дагуу Сумын Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс гадна Багийн Иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хадлангийн талбайд гадны хүн, мал оруулах, талбай олгох асуудлыг шийдвэрлэнэ.

Найм: Бэлчээр ашиглах хугацаа:

8.1.Хаваржаанд буух хугацаа 2 дугаар сарын 15-наас хойш.

8.2.Зусланд гарах эцсийн хугацаа: 6 дугаар сарын 25-ны дуустал

8.3.Зуслангаас /дунд бүс/ намаржаанд нүүх 8 дугаар сарын 20-ноос

8.4.Намаржаанд нүүх 8 дугаар сарын 21-наас 9 дүгээр сарын 1 хүртэл багтаан нүүнэ.

8.5.Намаржаанаас өвөлжөөнд /дунд бүсэд/ нүүх – 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 5 хүртэлх 10 хоног дунд бүс буюу хаваржааны бүсэд байж болно. /дунд бүсээс/ Өвөлжөөнд буух 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн хаваржааны бүсэд малтайгаа байж болохгүй.

Ес: Хүлээлгэх хариуцлага:

9.1 Журмын аливаа заалтыг зөрчсөн малчид, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагч дараах хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:

 9.2. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.6, 8.1.7, 8.1.8-д заасны дагуу хариуцлага тооцно.

 9.3. Журам зөрчиж нүүхгүй малаараа бусдын бэлчээр идүүлсэн хүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 37.1 заалтуудыг тус тус үндэслэл болгон Газрын харилцаа геодези зураг зүйн газраас гаргасан аргачлалын дагуу бэлчээрт учирсан хохирлыг тооцож нөхөн төлбөр оногдуулж, төлбөрийг орон нутгийн хүү торгуулийн орлогын дансанд 7 хоногийн дотор төлүүлнэ.

Арав. Журам хүчин төгөлдөр болох

10.1 Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.