A

A

A

Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайдын 2020 оны

А/59 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

Согтуурах, мансуурах донтой хүнд эрүүл мэндийн

дүгнэлт гаргах журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Цагдаагийн байгууллагын хүсэлтийг үндэслэн согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон аюулгүй байдлаа хамгаалах чадваргүй болсон хүний согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох, эрүүл мэндийн дүгнэлт гаргахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Дүгнэлт гаргах үйл ажиллагаанд Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон дээрх хуульд нийцүүлэн гарсан тогтоол, журам, стандарт, зааврыг дагаж мөрдөнө.

1.3.Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээнд хамруулах үйл ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, үнэн зөв тодорхойлох, шуурхай үйлчлэх зарчмыг баримтална.

 

Хоёр. Согтуурах, мансуурах донтой хүнд эрүүл мэндийн дүгнэлт гаргах үйл ажиллагааны зохион байгуулалт

2.1.Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоолгох, албадан эмчилгээнд хамруулах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар цагдаагийн байгууллагаас хандсан хүсэлтийн дагуу тухайн хүний харьяалагдах аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дүгнэлт гаргах үйл ажиллагааг зохион байгуулна.

2.2.Дүгнэлт гаргах эрүүл мэндийн байгууллага нь согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн маягтын цагдаагийн байгууллагаас хамааралтай хэсэг бүрэн гүйцэд бөглөгдөн баталгаажуулсан, тухайн хүний баримт бичиг, тодорхойлолтыг хавсаргасан эсэхэд хяналт тавьж, шаардана.

2.3.Дүгнэлт гаргуулах иргэний тодорхойлолтод өмнө нь донтох эмгэгийн улмаас сайн дурын болон албадан эмчилгээнд хамрагдаж байсан, хэв журмын зөрчил гаргаж байсан талаарх мэдээллийг тодорхой тусгана.

2.4.Согтуурах, мансуурах донтой эсэхийг нь тогтоох дүгнэлт гаргах  үйл ажиллагааг бусад үйлчлүүлэгчдэд хүлээгдэл, чирэгдэл үүсгэхгүй байхад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг тухайн эрүүл мэндийн байгууллага авна.

2.5.Согтуурах, мансуурах донтой хүнд эрүүл мэндийн дүгнэлт гаргахдаа дараахь оношилгоо, шинжилгээ, үзлэгт үнэ төлбөргүй хамруулна. Үүнд:

2.5.1.Цусны ерөнхий шинжилгээ,

2.5.2.Шээсний ерөнхий шинжилгээ,   

2.5.3.Биохимийн шинжилгээ (элэг, бөөр, нойр булчирхайн үйл ажиллагаа)

2.5.4.Цусанд сахар илрүүлэх шинжилгээ,

2.5.5.Зүрхний цахилгаан бичлэг,

2.5.6.Цээжний флюр зураг,

2.5.7.Хэт авиан оношилгоо (цуллаг эрхтэн, умай дайвар, түрүү булчирхай),

2.5.8.Бэлгийн замаар дамжих халдварын оношилгоо,

2.5.9.Сэтгэц-донтолт, мэдрэл, дотор, сүрьеэ, мэс засал, арьс, гэмтэл, халдварт, эмэгтэйчүүд, хавдрын эмчийн үзлэгт хамруулна.

2.6.Согтуурах, мансуурах донтой хүний эрүүл мэндийн дүгнэлтийг тухай эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ эрхэлсэн даргаар ахлуулан сэтгэц-донтолт, дотрын эмч нарын бүрэлдэхүүнтэй баг (цаашид баг гэх) журмын 2.4-т заасан оношилгоо, шинжилгээ, эмчийн үзлэгт үндэслэн гаргана.

2.7.Дүгнэлтэнд өвчний оношийг олон улсын код болон монгол хэлээр бичнэ.

2.8.Баг нь дүгнэлт гаргах оношилгоо, шинжилгээ, үзлэгт хамрагдсан иргэний онош, хүндрэл, эмчилгээний гаж нөлөөг хэлэлцэн албадан эмчилгээнд хамруулах болон хориглох шийдвэр гаргана.

2.9.Баг нь дүгнэлтийн маягтыг үнэн зөв, гүйцэд бөглөн багийн дарга, гишүүд гарын үсэг зурж, баталгаажуулан дүгнэлт гаргуулахаар илгээсэн цагдаагийн байгууллагад өгнө.

2.10.Дүгнэлт гаргах үйл ажиллагааг төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэгт хамруулснаас хойш 24 цагийн дотор багтаана.

2.11.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв согтуурах, мансуурах донтой эсэхэд дүгнэлт гаргах үйл ажиллагаанд мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах ба дүгнэлттэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэнэ.

2.12.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага албадан эмчилгээнд явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тухайн хүнд оношийг нь танилцуулж, үзлэг, шинжилгээгээр илэрсэн биеийн хүнд эмгэгийг эмчлүүлэх талаар зөвлөгөө өгнө.

2.13.Дүгнэлтээр согтуурах, мансуурах донтой нь тогтоогдсон хүн өөрийн сайн дурын үндсэн дээр сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ, архинаас татгалзах мэдлэг чадвар олгох төрийн бус байгууллагын зөвлөгөө, сургалт, соён гэгээрүүлэх үйлчилгээнд хамрагдаж болно.

2.14.Сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага нь өөрийн сайн дурын үндсэн дээр эмчилгээнд хамрагдаж байгаа иргэнд “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” хуулийн 6.2-т заасан шаардлагатай лавлагаа тодорхойлолтыг гаргаж өгнө.

 

 

 

-----o0o-----