- Нүүр
- Сайдын тушаал
- Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам
Эрүүл мэндийн сайдын 2020 оны
А/59 дүгээр тушаалын дөрөвдүгээр хавсралт
Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журам нь согтуурах, мансуурах донтой нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож, албадан эмчлэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг албадан үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Албадан эмчлэх үйл ажиллагаанд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон дээрх хуульд нийцүүлэн гарсан тогтоол, журам, оношилгоо, эмчилгээний стандарт, зааврыг дагаж мөрдөнө.
1.3.Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар (Албадан эмчлэх эмнэлэг гэх) нь үйлчлүүлэгчийг хүлээн авч тусламж, үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн байгууллага хооронд шилжүүлэх, эмнэлгээс гаргах үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага, стандартын дагуу эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах орчин нөхцлийг бүрдүүлсэн байна.
Хоёр. Албадан эмчлэх эмнэлгийн мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт
2.1.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь албадан эмчлэх эмнэлгийг төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр эрүүл мэндийн технологи, эмнэлзүйн заавар, стандартын хэрэгжилтэд үнэлгээ хийх, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт явуулах, судалгаа шинжилгээ хийх, телемедицинээр болон очиж мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангана.
2.2.Албадан эмчлэх эмнэлэг нь тусламж, үйлчилгээнд шаардагдах санхүүжилт, үндсэн орон тоогоор ажиллах хүний нөөцийн чадавх, стандартад нийцсэн оношилгоо, эмчилгээний багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, аюулгүй байдал, тусламж, үйлчилгээг үзүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байна.
2.3.Албадан эмчлэх эмнэлэг нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Наркологийн эмнэлэг, аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран эмчилгээг дуусгавар болгосон хүний бататгах эмчилгээний үр дүн, дахилт, сэтгэцийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих, мэдээллийн сан үүсгэх, тэдний эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.
2.4.Дээрх үйл ажиллагаанд мэргэжлийн нийгэмлэг холбоо, сэтгэл заслын чиглэлийн өмчийн бүх хэлбэрийн эмнэлгийг татан оролцуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
Гурав. Албадан эмчлэх үйл ажиллагаа
3.1.Эмнэлэг нь шүүхийн шийдвэр, эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт, иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн байгууллагын лавлагаанд үндэслэн албадан эмчлүүлэх хүнийг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй хүлээн авна.
3.2.Эмчлүүлэх хүнийг хүлээн авмагц түүнд, өвчний түүх нээж, үзлэг хийж үндсэн ба дагалдах хавсарсан оношийг тогтоож, албадан эмчилгээний зорилго, ач холбогдол, эмнэлгийн дотоод журам, эмчлүүлэгчийн эрх үүргийг танилцуулна.
3.3.Албадан эмчилгээг хүний эрх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандан, эмчлүүлэгчийн нууцыг хадгалах зарчмыг баримтлан, хүчин төгөлдөр мөрдөж байгаа оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж, зааврын дагуу тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
3.4.Сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээний хүрээнд явуулах нөхөн сэргээн хөдөлмөр эмчилгээ гэдэгт “Сэтгэцийн эмгэгтэй хүний эмчилгээ, үйлчилгээ, түүнд хяналт тавих журам”-д заасан сэтгэцийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн алдагдсан чадварыг нөхөн сэргээхэд чиглэсэн физик, оёдол, мужаан гар урлал, үйлдвэрлэл (талх, нарийн боовны цех, гутал засварын газар ажиллуулах, монгол, буриад гутал хийх, хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэх, мал аж ахуйд хэрэглэх ногт, чөдөр зэрэг бүтээгдэхүүн хийх гм) зэрэг эмчилгээг ойлгоно.
3.5.Эмчлүүлэгч эмчилгээнээс татгалзсаны улмаас харуул хамгаалалтын ажилтны хяналтан доор албадан эмчилгээг хийсэн, тусгаарлах болон номхотгох аргыг хэрэглэсэн тухай бүрд нь өвчний түүхэнд тодорхой тэмдэглэнэ.
3.6.Албадан эмчлэх эмнэлэг нь нарийн төвөгтэй оношилгоо, эмчилгээний асуудлыг хугацаа алдалгүй, зөв шийдвэрлэх зорилгоор “Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагыг арга зүйгээр хангах тусламж, үйлчилгээний хуваарь”-ийн дагуу төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс зөвлөгөө авах үйл ажиллагааг байгууллагын дотоод журмаар зохицуулсан байна.
3.7.Эмчлүүлж байгаа хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шуурхай байдлыг хангах, мэдээлэл солилцох, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор явуулын амбулатори, цахим зөвлөгөө, телемедициний сүлжээг ашиглаж болно.
3.8.Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан анхны эмчилгээг гурваас зургаан сар, давтан эмчилгээг зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ.
3.9.Үйлчлүүлэгчийн эмчилгээний хугацааг дуусгах эсэхийг албадан эмчлэх эмнэлгийн эмч нарын зөвлөгөөнөөр хэлэлцэж дүгнэлт гаргах бөгөөд эмчилгээг дуусгавар болгох дүгнэлт гаргасан тохиолдолд шүүхэд албан бичгээр хүргүүлнэ.
3.10.Албадан эмчлэх эмнэлэг нь эмчлүүлэгчийн эмчилгээний хугацаа дуусах тухай мэдээллийг харьяалах нутаг дэвсгэрийн эмнэлгийн сэтгэц-донтолтын эмч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, цагдаагийн байгууллагад эмчилгээний хугацаа дуусахаас долоо хоногийн өмнө албан бичгээр хүргүүлнэ.
3.11.Албадан эмчилгээ дуусгавар болсон шүүхийн шийдвэр гарсны дагуу эмчлүүлэгчийг оршин суугаа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын сэтгэц-донтолтын эмч бүртгэн авч, стандарт, зааврын дагуу засаг захиргааны нэгжийн нийгмийн ажилтан, өрх, сумын эмчтэй хамтран батжуулах эмчилгээнд хамруулна.
3.12.Албадан эмчлэх эмнэлэг нь эмчилгээний үр дүнг сайжруулах, давтан хэвтэлтийг бууруулах зорилгоор эмнэлгээс гарсны дараах бататгах эмчилгээнд хамруулах, хянах, намжмал байдлыг уртасгах чиглэлээр харьяалах аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын сэтгэцийн эмч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад албадан эмчилгээний явц, цаашид авах арга хэмжээний зөвлөмж, заавар, мэдээллээр ханган эргэх холбоотой хамтран ажиллана.
Дөрөв. Үйлчлүүлэгчийг эмнэлэг хооронд шилжүүлэх, албадан эмчилгээг
зогсоох
4.1.Албадан эмчилгээнд хамрагдаж байгаа хүнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлэг телемидицинээр болон тухайн эмнэлэгт очиж төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр мэргэжил арга зүйгээр дэмжлэг үзүүлж ажиллана.
4.2.Сэтгэцийн эмгэгээс бусад шалтгаанаар эрүүл мэндийн байгууллага хооронд шилжүүлэхэд төрөлжсөн мэргэшлийн болон нэгдсэн эмнэлэг нь тусламж, үйлчилгээний тасралтгүй, шуурхай байдлыг хангахад чиглэсэн мэргэжил арга зүйгээр дэмжлэг үзүүлж ажиллана.
4.3.Яаралтай шилжүүлэх тохиолдолд зохих эмнэлэгт шилжүүлсний дараа тухайн хүний албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох тухай саналыг шүүхэд хүргүүлнэ.
4.4.Яаралтайгаас бусад тохиолдолд албадан эмчилгээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзвэл эмнэлэг нь үндэслэлийг гарган тухайн хүний албадан эмчилгээг зогсоох саналыг шүүхэд хүргүүлнэ.
-----o0o-----
Текст томруулах
A
A
A