- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2019 оны 12/14 дүгээр тогтоолын хавсралт
“БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ”
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Бэлчээр ашиглалтыг бэлчээрийн нөөц чадавхад тохируулах, хариуцлагажуулахад эдийн засгийн хөшүүрэг бий болгох, бэлчээрийн даацад тохирсон мал сүрэг өсгөн үржүүлэх, мал аж ахуй үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, сум, багийн хэмжээнд бэлчээрийн менежментийг тухайн орон нутгийн бэлчээрийн экологийн чадавхад суурилсан нэгдсэн аргачлалаар уян хатан төлөвлөх, зохицуулах, хамгаалах, хяналт үнэлгээ хийх, нөхөн сэргээхтэй холбоотой харилцааг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулахад журмын зорилго оршино.
1.2.Газрын тухай хуулийн 50.1.1-т заасны дагуу бэлчээрийн төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, бэлчээрийн ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тодорхой хувийг бэлчээр ашиглагч-малчин хариуцна.
1.3.Журам батлах хэрэгцээ, шаардлага: Баянхонгор аймгийн Баянхонгор сум нь газрын нэгдмэл сангийн ангилалаар 6400 га газар нутагтай. Үүнээс 4767.45 га бэлчээрийн талбайтай бөгөөд бэлчээр ашиглагдахгүй чулуурхаг газар, уул толгодын оройн хэсгийг үлдээж, нийт бэлчээрийн талбайгаа бүрэн ашиглаж байна.
Сумын хэмжээнд өвөл-хаврын, зун-намрын гэсэн бэлчээр ашиглалтын хэлбэр зонхилдог боловч бэлчээр сэлгэх ойрын болон алсын отор нүүдэл хийх байдал үндсэндээ орхигдон, төв суурин газар, ил задгай устай газрын бэлчээрийг жилийн туршид ашиглах ихсэж байгаа нь цэгэн талхлагдалт үүсгэж байна. Эрдэмтдийн тооцоолсноор нийт бэлчээрийн 65% нь доройтож байна гэсэн судалгаа бий. Сум орон нутаг өөрсдөө бэлчээр нутгаа зүй зохистой ашиглаж, хамгаалах асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж бие даан хөгжих, малчид, хот айл, малчдын бүлэг нөхөрлөл, бэлчээр ашиглалтын хэсгийн хэлбэрт шилжих зайлшгүй шаардлага тавигдаж байна. Бэлчээрт хогийн ургамал үржих, тархах таатай орчин бүрдүүлдэг ба бэлчээрийн үндсэн ургамал сэргэх нөхцөлийг улам бүр бууруулж байгаа зэргээс бэлчээр ашиглалтын талаар бэлчээр ашиглалтын журам гаргаж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Малчдын дийлэнх олонх нь бэлчээрийн ашиглалтын журам гаргахыг дэмжиж байна. Энэ журам нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.4-52.6, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан харилцаанд нийцсэн байна.
Хоёр. Журмыг хэрэгжүүлэх арга зам
2.1.Журмыг хэрэгжүүлэхдээ бэлчээрийн экологийн чадавхад суурилсан, оролцогсдын тэгш оролцоог хангахад дор дурдсан зарчмыг баримтална. Үүнд:
2.1.1.Бэлчээрийн төлөв байдал, чанарт хяналт үнэлгээ хийх, хамгаалах, нөхөн сэргээх, сэлгэж өнжөөх, амраах арга хэмжээг малчдын оролцоотойгоор төлөвлөн хэрэгжүүлнэ.
2.1.2.Бэлчээрийн экологийн чадавх, бүтээмжит чанар, даацад нь нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлнэ.
2.1.3.Улирлын бэлчээр, бэлчээр дэх бусад нөөц (хужир мараа, байгалийн усны ил эх үүсвэр)-ийг ашиглахад оролцогсдын тэгш байдлыг хангана.
2.1.4.Гэргүй өрхийн малыг тухайн амьдарч буй өрхөд оруулан тооцно.
2.2.Бэлчээр ашиглалтын чиглэлээр жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхдээ дор дурдсан зохицуулалтыг баримтална. Үүнд:
2.2.1.Бэлчээр ашиглалтын талаар тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж, Багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн батална.
2.2.2.Багийн иргэдийн Нийтийн Хурлаар батлагдсан бэлчээр ашиглалтын төлөвлөгөө нь сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний үндэс болно.
2.2.3.Бэлчээр ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төсөл хөтөлбөрийн байгууллагууд малчдын бүлэг, бэлчээр ашиглалтын хэсгийн чиглэлээр бэлчээр ашиглалтын төлөвлөгөө гарган төрийн байгууллагуудтай хамтран ажиллана.
2.2.4.Тухайн жилд өнжөөж, чөлөөлөх болон отрын бүс нутгийг сумын Засаг дарга өргөн мэдүүлснээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.
Гурав. Бэлчээрийн төлөв байдлыг хянах, бэлчээрийн даац тооцох
3.1.Багийн Засаг дарга харьяалах багийн бэлчээрийн даацад үндэслэн дараах тооцооллыг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн олонхийн саналаар батлан, сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
3.1.1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6.2-т заасан итгэлцүүрээр хонин толгойд шилжүүлж тухайн багийн бэлчээр нутагт өвөлжих, хаваржих малын тооны дээд хязгаарыг дараахь аргачлалаар тогтоох
Хонин толгойд шилжүүлснээр өвөлжих малын тооны дээд хязгаарыг тогтоох
3.2.Багийн Засаг дарга нь дээрх зөвлөмжийн дагуу Багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдэд танилцуулан багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах тов, хэлэлцэх асуудлыг батлуулна. /тухайн оны 10 дугаар сарын 1-ний дотор/
3.2.1.Малчин өрх тус бүрийн өвөлжих малын тооны дээд хязгаар тогтоох
Аргачлал нь = өрхийн нэг гишүүнд ногдох малын тоо толгой * тухайн өрхийн гишүүдийн тоо
3.2.2.Журмын хүрээнд бэлчээрийн хөрөнгө оруулалтаас чөлөөлөгдөх болон төлбөр хийх малчдын нэрс
3.2.3.Бэлчээрийн даацаас илүү гарсан малын /хонин толгойд шилжүүлсэн/ тоогоор тооцож гаргасан мөнгөн дүн
3.3.Багийн иргэдийн Нийтийн Хурлаар жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор хуралдаж дээрх асуудлыг ардчилсан зарчмаар нийтэд нээлттэй хэлэлцэж, олонхийн саналаар батална.
3.4.Бэлчээрийн даацаас илүү тоо толгой мал бүхий малчин өрх нь мал тооллого хүртэлх хугацаанд зах зээлд борлуулах, цөөн тооны мал бүхий малчин өрхөд хөлсөөр маллуулан дэмжих, бэлчээрийн даац бүхий өөр аймаг сумдын нутагт отроор явах зэрэг арга хэмжээг авч болно.
3.5.Тавиул малыг тухайн маллаж байгаа айлд оруулж тооцно.
Дөрөв. Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоо
4.1. Бэлчээр хариуцсан мэргэжилтэн:
4.1.1.Бэлчээр ашиглагчид, малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулан бэлчээрийг зөв ашиглах дадлыг бий болгоход тусална.
4.1.2.Багийн иргэдийн Нийтийн Хурлын өндөр санал авч дэмжигдсэн бэлчээрт усан хангамжийг нэмэгдүүлнэ.
4.1.3.Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг малчид, малчдын байгууллагын оролцоотой зохион байгуулна.
4.1.4.Фото мониторингийн дүн мэдээлэлд тулгуурлан тухайн жилд малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сүргийн зохистой бүтэц, харьцаа, шилэн сонголт, чанар болон мал аж ахуйн менежментийн бусад асуудлаар зөвлөмж гаргаж хэрэгжилтэд дэмжлэг үзүүлнэ.
4.1.5.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг даргын бэлчээр, хадлангийн чиглэлээр гаргасан тогтоол, захирамжийг хэрэгжүүлэн ажиллана.
4.2. Ус цаг уур, орчин шинжилгээний газар:
4.2.1.Тухайн сумаас санал авч фото мониторингийн цэгийн тоог нэмэгдүүлэн, 8 дугаар сарын 10-наас 20-ны дотор сум, баг, холбоо, нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон малчид /цаашид ”бэлчээр ашиглалтын хэсэг” гэх/ оролцоотойгоор фото мониторингийн аргаар бэлчээрийн даацыг тодорхойлж, холбогдох байгууллагуудыг үнэн зөв мэдээллээр хангана.
4.2.2.Бэлчээр хүрэлцээгүй газарт үүлэнд зориудаар нөлөөлөх, Багийн иргэдийн Нийтийн Хурлаас газрын генератор байрлуулах санал гарсан тохиолдолд түүнийг байршуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангана.
4.3. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар:
4.3.1.Улирлын болон нөөц бэлчээр, мөн хадлангийн талбайд жил бүр фото мониторинг хийж, тухайн жилийн болон олон жилийн дундажтай харьцуулсан дүнг малчид, орон нутгийн удирдлагад мэдээлж, Бэлчээр ашиглалтын хэсэг, багийн тухайн жилд хийсэн ажлыг дүгнэх, дараа жилийн ажлыг төлөвлөхөд суурь мэдээлэл болгож ашигладаг байдлыг хэвшүүлнэ.
4.3.2.Сумын нөөц бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр зураглан мэдээллийн санд оруулна.
4.3.3.Газрын тухай хуулийн 58.5-д заасны дагуу бэлчээр, хадлангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ.
4.3.4.Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулахад шаардагдах хавсралт, зурган мэдээлэл гаргах, бэлчээр ашиглалтын гэрээг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, фото мониторингийн дүнд үндэслэн гэрээний хэрэгжилтийг үнэлэн, тайлагнана.
4.3.5.Тухайн жилийн цаг уурын нөхцөл, бэлчээрийн гарцаас үл хамааран фотомониторингийг бэлчээрийн ургамлын дээд ургац гүйцсэн үед хийнэ. /6-8 дугаар сард/
4.3.6.Ургацын мэдээг үндэслэн бэлчээрийн даацыг сум, багийн түвшинд тооцно. Газрын даамал энэ ажлыг биечлэн гүйцэтгэх ба тооцооны үнэн зөв байдлыг сумын Засаг дарга болон сумын Бэлчээр ашиглагчдын холбооны өмнө бүрэн хариуцна.
4.3.7.Өвөлжөө, хаваржаа, худаг уст цэгийн байршлыг тогтоож мэдээллийн сан үүсгэх, тогтмол шинэчлэн сайжруулна.
4.3.8.Сум аймгийн хилийн маргаантай байгаа асуудлыг судлан нэгдсэн ойлголттой болж нэг мөр шийдвэрлүүлнэ.
4.4.Байгаль орчны хяналтын улсын байцаагч:
4.4.1.Монгол Улсын Газрын тухай хуулийн 52.1, 52.2, 52.3, 52.4, 52.5, 52.7, 53.1, 53.2, 53.3, 53.5 дахь заалт, Байгалийн ургамлын тухай хуулийн 14.1, 14.2, 14.3 дахь заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.1 дахь заалтуудад хяналт тавин ажиллана.
4.4.2.Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.4, 10.9.8, 10.9.13, 10.12.1, 10.12.5, 10.12.6 дахь заалтуудыг хэрэгжүүлэн ажиллана.
4.4.3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын захирамжаар бэлчээр, хадлангийн чиглэлээр гаргасан тогтоол, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавина.
4.4.4.Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.7.2, 8.1.6 дахь заалт болон холбогдох хуулийн дагуу зөрчил арилгуулах, торгууль ногдуулах арга хэмжээ авч ажиллана.
Тав.Хурал, Засаг даргын чиг үүрэг.
5.1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг:
5.1.1.Сумын хэмжээнд хэрэгжүүлэх “Бэлчээрийг ашиглалтыг хариуцлагажуулах нэгдсэн журам”-ыг баталж мөрдүүлэх.
5.1.2.Бэлчээр ашиглах журмын хүрээнд үлгэр жишээ ажиллаж буй иргэн, бэлчээр ашиглалтын хэсэгт хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төрийн одон медальд тодорхойлох.
5.1.3.Сумын газар нутгаар дайран өнгөрөх отрын мал, тууварлах, түр буудаллах, бизнесийн зорилгоор олон тооны мал суурилах /хоноглох/ хугацааны хязгаарыг тухайн жилийн цаг агаарын нөхцөл байдал, бэлчээрийн даацтай уялдуулан тогтоох.
5.2.Багийн иргэдийн Нийтийн Хурлын чиг үүрэг:
5.2.1.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмыг хэлэлцүүлж саналаа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилна.
5.2.2. Бизнесийн зорилгоор олон тооны мал суурилсан бол нэг / хонин толгойд шилжүүлсэн/ хоногт тооцож гаргасан мөнгөн дүн
5.2.3.Энэ журмын 5.3.2 дахь заалтыг хэрэгжүүлэхдээ гэрээ байгуулсны дараа газар нутаг, хугацааг зааж өгнө.
5.2.4.Тухайн багийн нутагт фото мониторингийн судалгаа хийж болох оновчтой цэгийг тогтооно.
5.2.5.Тухайн багийн бэлчээрт өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжиж, хаваржиж болох малын тооны дээд хязгаарыг тогтооно.
5.3.Сумын Засаг даргын чиг үүрэг:
5.3.1.Багийн Засаг даргын ажлын үнэлгээг гаргахдаа бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын хэрэгжилтийн үр дүнг үндэслэн тооцдог байна.
5.3.2.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг мөрдөн ажиллаж байгаа баг, малчин өрхөд давуу эрхтэйгээр хөрөнгө санхүү, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана.
5.3.3.Сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулна.
5.3.4.Багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэн малчдын бүлэг, нөхөрлөл, бэлчээр ашиглагчдын хэсэгт Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу бэлчээрийг урт хугацаагаар гэрээгээр ашиглуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэж, хариуцлага үр дүнг тооцож ажиллана.
5.3.5.Гол, горхи, булаг шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахыг зогсооно.
5.3.6.Тухайн сумын бэлчээрт өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжиж, хаваржих малыг оруулахдаа журамд нийцүүлэн төлбөр төлсний дараагаар айл өрхтэй гэрээ байгуулж, бэлчээр нутгийг зааж өгнө нэвтрүүлнэ.
5.3.7.Тухайн багийн нутаг дэвсгэрт олборлолтын үйл ажиллагаа явуулаад газар нутгийг эвдрэлд оруулбал сумын Засаг даргатай зөвшилцөн тодорхой өөр газрыг дүйцүүлэн хамгаалуулна.
5.4. Багийн Засаг даргын чиг үүрэг:
5.4.1.Сумын бэлчээрийн ашиглалтыг хариуцлагажуулах журмыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлнэ.
5.4.2.Хоногт тооцож гаргасан мөнгөн /хонин толгойд шилжүүлсэн /төлбөрийг “Бэлчээрийн сан”-д төвлөрүүлнэ.
5.4.3.Бэлчээр ашиглалтын хэсгүүдийн сумын Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавин ажиллана.
5.4.4.Бэлчээр ашиглалтын хэсгийн ахлагч нарыг удирдлага зохион байгуулалтаар хангана.
5.4.5.Бэлчээр ашиглалтын хэсгүүдийн тухайн жилд хийгдэх ажлын төлөвлөгөө, хурлын тов, сургалтын саналыг нэгтгэн 2 дугаар сарын 15-ны дотор сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасагт гарган өгнө.
5.4.6.Фото мониторингийн хийх ажлыг өөрийн багийн нутаг дэвсгэрт хамтран зохион байгуулна.
5.4.7.Өвөлжөө, хаваржааны бэлчээр нутагт өвөлжөө, хаваржаа шинээр байгуулахад тухайн бэлчээр ашиглалтын хэсгийн гишүүдийн хэмжээнд хэлэлцүүлж, багийн иргэдийн Нийтийн Хурлаар оруулан, сумын Засаг даргад уламжилна.
5.4.8.Өвөлжөө, хаваржааны хашаа, саравч байгууламжийг Бэлчээр ашиглалтын хэсгийн гишүүн, гишүүн бус өрхөд худалдах, худалдан авах бол хөрш өрхтэй зөвшилцөн, бэлчээр ашиглалтын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн, шийдвэрлэх ажлыг зохион байгуулна.
5.4.9.Худаг уст цэг гаргах саналыг авахдаа бэлчээрийн төлөв байдал бод, бог малын бэлчээрийн зайг харгалзан хүлээн авна.
Зургаа.Бэлчээр ашиглалтын хэсэг, хэсгийн ахлагч, малчдын чиг үүрэг
6.1. Бэлчээр ашиглалтын хэсгийн чиг үүрэг:
6.1.1.Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 481.1-д заасан бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон малчид /цаашид “Бэлчээр ашиглалтын хэсэг” гэх/ нь хамтын шийдвэрийн үндсэн дээр аливаа ажлыг зохион байгуулна.
6.1.2.Монгол Улсын Газрын тухай хуульд заасны дагуу өвөлжөө, хаваржааны бэлчээрийг бэлчээр ашиглалтын хэсгийн бүх өрх 6 дугаар сарын 05-20-ны дотор нүүж, бүрэн чөлөөлнө. Энэ хугацааг сунгах, өөрчлөх үндэслэл шалтгаан нөхцөлийг сумын Засаг даргын шийдвэрээр тогтооно
6.1.3.Улирал хоорондын бэлчээрийн зайг тухайн газрын гарц, цаг агаарын нөхцөл байдлаас хамааран Бэлчээр ашиглалтын хэсгийн хурлаар шийдвэрлэнэ.
6.1.4.Намаржаанд буух хугацааг бэлчээр ашиглалтын хэсгээр хэлэлцэж 8 дугаар сарын 20-ноос эхлэн тогтооно.
6.1.5.Есдүгээр сарын 20-ноос хойш намаржаанаас өвөлжөөнд ойртож, шахаж нутаглах, харин 11 дүгээр сарын 1-нийг хүртэл өвөлжөөнд буухгүй байхаар хугацааг зохицуулна. /бэлчээр ашиглалтын онцлогоос шалтгаалж зохицуулалт хийнэ/
6.1.6.Зун, намрын бог мал оторлолтыг 7 дугаар сарын 10-ны дотор, адууг өвлийн оторт 12 дугаар сарын дундуур оторт гаргах ажлыг зохион байгуулна.
6.1.7.Бог малын бэлчээрлэлт хариулгыг өрх, хот айлын бэлчээрээр, бод малын бэлчээрийг бэлчээр ашиглалтын хэсгийн бэлчээрийн аль боломжтой хэсэгт байхаар зохицуулалт хийнэ.
6.2.Бэлчээр ашиглалтын хэсгийн ахлагчийн чиг үүрэг:
6.2.1.Бэлчээр ашиглалтын хэсгийг нэгдсэн зохион байгуулалт, удирдлага, мэдээллээр хангана.
6.2.2.Аймаг, сумын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана.
6.2.3.Бэлчээр ашиглалтын хэсэгтэй холбогдолтой мэдээ, судалгааг тухай бүр холбогдох газарт гарган өгнө.
6.2.4.Бэлчээр ашиглалтын хэсгийн хурлыг удирдан зохион байгуулж, жилд 2-оос доошгүй удаа зарлан хуралдуулна.
6.2.5.Бэлчээрийг зөв зохистой ашиглах чиглэлээр жил болгон төлөвлөгөө боловсруулан бэлчээр ашиглалтын хэсгийн хурлаар батлуулан, хэрэгжүүлэн ажиллана.
6.2.6.Бэлчээр ашиглалтын хэсгийн тухайн жилд хуралдах тов, сургалт мэдээлэл авах чиглэлийн саналыг багийн Засаг дарга нарт тухайн оны 2 дугаар сарын 1-ний дотор гарган өгнө.
6.2.7.Бэлчээр ашиглалтын нутаг дэвсгэрт фото мониторинг хийх ажлыг зохион байгуулна.
6.3. Малчдын чиг үүрэг:
6.3.1.Малчдын бүлэг, нөхөрлөл, Бэлчээр ашиглалтын хэсэг зэрэг хамт олны зохион байгуулалтад нэгдэж бэлчээр ашиглах үйл ажиллагаанд оролцоно.
6.3.2.Бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн, үржүүлэх бөгөөд бэлчээрийн даацаас хэтэрсэн малд оногдох хонин толгойд шилжүүлэн бодож тогтоосон мөнгөн дүнг “Бэлчээрийн сан”д төвлөрүүлнэ.
6.3.3.Сум, Багийн иргэдийн Хурал, өдөрлөг, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, бусад арга хэмжээнд идэвхтэй оролцоно.
6.3.4.Бэлчээрийг өнжөөж, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гарсан шийдвэрийг дагаж биелүүлнэ.
6.3.5.Гаднаас дур мэдэж айл өрх, мал сүрэг оруулж ирэх, өвөлжөө, хаваржаа, хонд бууцыг бусдад дамжуулан ашиглуулахдаа, төлбөр, хураамж авахгүй байна.
6.3.6.Бэлчээрт байгаа малын сэг, зэм, хог хаягдлыг цэвэрлэнэ.
6.3.7.Нэг өрх өвөлжөөний нэг, хаваржааны нэг газрыг тус тус эзэмшинэ.
Долоо. Хөрөнгийн эх үүсвэр, удирдлага зохион байгуулалт,
зарцуулалт тайлагнах
Бэлчээр ашиглагчдын хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 51.1-д заасныг үндэслэн бэлчээрийг нөхөн сэргээх, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон бусад үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, гишүүн, малчин өрхдөө дэмжлэг үзүүлэх зорилгоор Бэлчээрийн сан байгуулж болно.
7.1.Бэлчээрийн сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
7.1.1.Энэ журмын 6.3.2-д заасан хөрөнгө,
7.1.2.Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас бэлчээрийн санд оруулсан хөрөнгө оруулалт,
7.1.3.Мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслийн хөрөнгө,
7.1.4.Журмын 5.3.2 дахь заалтын дагуу төлбөр,
7.1.5.Хандив, тусламж, бусад эх үүсвэрээс тус тус бүрдэнэ.
7.2.Бэлчээрийн сангийн хөрөнгийн удирдлага зохион байгуулалт, зарцуулах, тайлагнах, хяналт тавих.
7.2.1.Бэлчээрийн сангийн хөрөнгийг Бэлчээр ашиглалтын хэсгийн саналыг үндэслэн багийн иргэдийн Нийтийн Хурлаар эрэмбэлэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу зарцуулна.
7.2.2.Бэлчээрийн сангийн нийт хөрөнгийн 20 хувийг сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн бэлчээрийн менежментийг сайжруулах нэгдсэн арга хэмжээнд зарцуулна.
7.2.3.Бэлчээрийн сангийн хөрөнгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу сумын Засаг дарга тухайн багийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр 1 дүгээр гарын үсэг, Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч 2 дугаар гарын үсгийг зурж зарцуулна.
7.2.4.Бэлчээрийн сангийн хөрөнгийн захиран зарцуулалт, үйл ажиллагааны тайланг бүтэн жилээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах ажлыг сумын Засаг дарга хариуцан тайлагнана.
7.3. Бэлчээрийн сангийн хөрөнгийг зөвхөн дараах зүйлд зарцуулна.
7.3.1.Доройтсон, хэт доройтсон бэлчээрийг нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаа /бусад малчдыг эрх ашгийг хөндөхгүйгээр/,
7.3.2.Ашиглагдахгүй бэлчээрийг ашиглах зорилгоор хөв, цөөрөм, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх,
7.3.3.Бэлчээрийн төлөв байдал, ургамлын төрөл зүйлийн судалгаа, мониторинг хийх
7.3.4.Бэлчээрийг хамарсан мод бут, сөөг тариалах
7.3.5.Бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх,
7.3.6.Газрын генератор суурилуулах, түүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд /түлш авах, үүлэнд зориудаар нөлөөлөх/,
Найм. Чөлөөлөгдөх нөхцөл
8.1.Тухайн баг сумын нутаг дэвсгэрийн 50-с доошгүй хувь нь гантай байсан нь тогтоогдсон нөхцөлд нийт малчин өрх,
8.2.Хонин толгойд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд 100 толгой хонь байхаар тооцно.
8.3.Монгол Улсын Газрын төлбөрийн тухай хуулийн 6.1, 6.2 дахь заалтын дагуу төлбөр төлж буй иргэд,
8.4.Тэмээн сүргийн тоо толгойг өсгөж нэмэгдүүлэх, үүлдэрлэг байдал, чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор тус тус чөлөөлнө.
Ес. Хариуцлага
9.1.Бэлчээр ашиглалттай холбоотой зөрчил, хариуцлагын асуудлыг дараах нөхцөлд авч үзнэ. Үүнд:
9.1.1.Энэхүү журам, бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг биелүүлэхээс хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа татгалзаж, зөрчсөн бол зохих хариуцлагыг тооцно.
9.1.2.Бусдын малыг дур мэдэн оруулах, бэлчээр нутаг, хашаа хороо, уст цэгийг үнэлж дамжуулан ашиглуулсан, худалдсан бол холбогдох хууль, журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж хариуцлага хүлээлгэнэ.
9.1.3.Шаардлагатай гэж үзвэл бэлчээрт учирсан хохирлыг тооцож тухайн зах зээлийн ханшаар төлүүлэх арга хэмжээ авна.
9.1.4.Журамтай холбогдсон маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Шаардлагатай нөхцөлд хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.
9.1.5.Журмын хэрэгжилтийг санаатайгаар мушгин гуйвуулж, малчдыг төөрөгдөлд оруулсан ажилтан, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
Текст томруулах
A
A
A