- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Засгийн газрын 2020 оны 37 дугаар
тогтоолын хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ
ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.1-д заасан “Эрүүл мэндийг дэмжих сан” (цаашид “Сан” гэх)-гийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Сан нь үйл ажиллагаандаа Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журмыг баримтална.
Хоёр. Сангийн хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалт
2.1. Сангийн хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
2.1.1. улсын төсвийн хөрөнгө;
2.1.2. хандив, тусламж;
2.1.3. архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь;
2.1.4. эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь;
2.1.5. тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө.
2.2. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.3 дахь хэсэгт заасан дараахь арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
2.2.1. халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх;
2.2.2. халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх;
2.2.3. орчны эрүүл мэндийг хамгаалах;
2.2.4. осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй амьдралын орчныг бүрдүүлэх;
2.2.5. сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх;
2.2.6. эмийн зохистой хэрэглээг сурталчлан таниулах;
2.2.7. эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх.
2.3. Сангийн хөрөнгөөс аливаа татаас, урамшуулал, тусламж олгохыг хориглоно.
Гурав. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр
арга хэмжээг шалгаруулах, санхүүжүүлэх
3.1. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санал нь энэ журмын 2.2-т заасан чиглэлээс гадна дараахь шаардлагад нийцсэн байна:
3.1.1. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дэвшүүлсэн зорилтод нийцсэн;
3.1.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тусгасан зорилтод нийцсэн;
3.1.3. төсөл, хөтөрбөр, арга хэмжээ хэрэгжих боломжтой, үр дүнгийн урьдчилсан төсөөлөлтэй;
3.1.4. төсөл хэрэгжүүлэгчийн хүний нөөц, санхүүгийн чадавхын талаарх мэдээллийг хавсаргасан;
3.1.5. төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, санхүүгийн тооцоололтой.
3.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Cангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний сонгон шалгаруулалтын талаар 14-өөс доошгүй хоногийн өмнө болон сонгон шалгаруулах үйл явц, шалгарсан төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 323 дугаар тогтоолоор нэмсэн)
3.3. Иргэн, хуулийн этгээд нь Cангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний төсөл, хүсэлтийг тухайн төсвийн жилд улирал бүрийн эхний 20 хоногийн дотор (жилд 4 удаа) эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр хүргүүлнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 323 дугаар тогтоолоор нэмсэн)
3.4. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг 2-оос доошгүй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо болон холбогдох салбар зөвлөлийн төлөөллөөс оролцуулан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар байгуулна. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 323 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
3.5. Энэ журмын 3.4-т заасан ажлын хэсэг нь Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нийт төслийг хүсэлтийн хамт хүлээн авч дууссан хугацаанаас хойш ажлын 30 хоногт багтаан сонгон шалгаруулна. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 323 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.6. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг үндэслэн дараахь хэлбэрээр олгоно:
3.6.1. урьдчилгаа олгож гүйцэтгэлээр санхүүжүүлэх буюу тухайн ажил, үйлчилгээний онцлог, шаардагдах хөрөнгийн хэмжээтэй уялдуулан үе шаттайгаар санхүүжүүлэх;
3.6.2. шууд санхүүжүүлэх буюу ажил, үйлчилгээг гүйцэтгэсний дараа санхүүжилтийг бүрэн хэмжээгээр нэг удаа олгох.
3.7. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх олгосон удирдах албан тушаалтан Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдтэй холбогдох гэрээг байгуулж, хяналт тавина. Гэрээнд дараахь зүйлийг заавал тусгана:
3.7.1. үйл ажиллагааны явцын тайлан ирүүлэх хугацаа;
3.7.2. Сангаас санхүүжилт олгох хэлбэр болон хуваарь;
3.7.3. санхүүгийн тайлан ирүүлэх хугацаа;
3.7.4. ажлын үр дүн, гүйцэтгэлийн тайлан ирүүлэх хугацаа.
3.8. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Дөрөв. Сангийн хөрөнгийн тайлагнал, ил тод байдал,
түүнд тавих хяналт
4.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, Төсвийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан тайланд тусган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.2. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
4.3. Сангийн хөрөнгийн жилийн эцсийн зарцуулалтын тайланг аудитын дүгнэлтийн хамт уг тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор байгууллагын шилэн данс, цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
Тав. Бусад
5.1. Сангийн хөрөнгийг хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрт зааснаас бусад зориулалтаар болон хэтрүүлэн зарцуулахыг хориглоно.
5.2. Сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно.
5.3. Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, ашигласан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A