- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ДҮРС БИЧЛЭГИЙН ТЕХНИК, ХЭРЭГСЛИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД ХОЛБОХ ЖУРАМ
Цагдаагийн ерөнхий газрын даргын
2020 оны А/48 дугаар тушаалын хавсралт
ДҮРС БИЧЛЭГИЙН ТЕХНИК, ХЭРЭГСЛИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД ХОЛБОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээ /цаашид “теле хяналтын нэгдсэн сүлжээ” гэх/-нд холбох харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, стандартуудыг мөрдлөг болгоно.
Хоёр. Дүрс бичлэгийн техник, хэрэгсэлд тавигдах шаардлага
2.1.Теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбох дүрс бичлэгийн техник, хэрэгсэл нь хууль сахиулах ажиллагаанд шаардлагатай нотлох баримт болох дууны, дүрсний, дуу-дүрсний мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах боломжтой, Монгол Улсын стандарт “Теле хяналтын системийн ерөнхий шаардлага MNS 6423:2019”-ыг хангасан байна.
Гурав. Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбох
3.1.Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн технологи, холбоо хариуцсан нэгж нь барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбоход дор дурдсан эрх, үүрэгтэй:
3.1.1.тухайн барилга, байгууламж байрлаж байгаа нутаг дэвсгэрийн онцлог, теле хяналтын нэгдсэн сүлжээний тархалтыг харгалзан дүгнэж, холболтын техникийн шийдлийг гаргах, дүрс бичлэгийн техник, хэрэгслийг теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбох ажлыг зохион байгуулж, хяналт тавих;
3.1.2.теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбогдсон барилга байгууламжийн дотоод сүлжээний төхөөрөмжийн хаягжилтыг өөрчлөх, тохируулах;
3.1.3.энэ журмын 2.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах талаар барилга байгууламжийг эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага /цаашид “этгээд” гэх/-д шаардлага тавих.
Тайлбар: Энэ журамд заасан “Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээ” гэдгийг 24 цагаар тасралтгүй ажиллах, цагдаагийн байгууллага, алба хаагчийн албаны компьютер нь цагдаагийн байгууллагын сервер компьютерт хандалт хийх боломжтой байхаар байгуулсан сүлжээг ойлгоно.
3.1.4.тухайн дүрс бичлэгийн техник, хэрэгслийн үйлдвэрлэгчээс олгосон нэвтрэх нэр, нууц үгийг өөрчлөх.
3.2.Барилга байгууламжийг эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа этгээд дор дурдсан үүрэгтэй:
3.2.1.энэ журмын 2.1-д заасан шаардлагыг бүрэн биелүүлэх;
3.2.2.Цагдаагийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу үүрэг, туслалцаа үзүүлэх;
3.2.3.барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн аюулгүй байдал, засвар үйлчилгээ бусад холбогдох зардлыг хариуцах;
3.2.4.дүрс бичлэгийн техник, хэрэгсэл гэмтэх, эвдрэх, ашиглалтын шаардлага хангахгүй тохиолдолд даруй засах, солих.
3.3.Барилга байгууламжийг эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа этгээд сүлжээнд холбогдсон тоног төхөөрөмжийн цахилгаан тэжээлийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангана.
Дөрөв. Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг хэрэглэх
4.1.Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөн зохицуулах үүрэг гүйцэтгэхэд ашиглана.
4.2.Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг ашигласан тохиолдол бүрт тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлд аль байгууллагын, ямар дүрс бичлэгийн техник, хэрэгслийг ямар зорилгоор ашигласан, мэдээлэл бичигдсэн огноо, цаг, минут, багтаамж, мэдээллийг авсан этгээдийн албан тушаал, овог, нэр, хувийн дугаарыг заавал тусгана. Тэмдэглэлийг тухайн хяналт хийлгэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хариуцаж, тоног төхөөрөмжийн бүртгэлтэй техникийн дэвтэр хөтөлнө.
4.3.Төхөөрөмжийн мэдээлэл нь хэрэг, зөрчлийн шинжтэй, дахин ашиглах хэрэгцээ шаардлагатай бол хэрэгт хавсаргах нэг хувийг дахин бичих боломжгүй мэдээлэл зөөвөрлөх хэрэгсэлд /DVD-R/ болон тухайн байгууллагын төв сервер компьютерт давхар хадгална.
4.4.Эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр хяналтын төхөөрөмжийн мэдээллийг дараах хэлбэрээр ашиглаж болно:
4.4.1.мэдээллийг харилцан солилцох;
4.4.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор сэрэмжлүүлэг мэдээлэл бэлтгэх;
4.4.3.сургалтад ашиглах.
Тайлбар: Энэ зүйлд заасан эрх бүхий албан тушаалтанд цагдаагийн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, гэмт хэрэг, зөрчлийг шалгах хуулиар эрх олгогдсон алба хаагч, тэдгээрийн удирдах албан тушаалтан хамаарна.
4.5.Мэдээллийг хадгалах, хуулбарлах, олшруулах үед мэдээлэл болон мэдээллийн системд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг ашиглах, ил болгох, өөрчлөх, хуулах, устгах, мэдээллийн системийн үйл ажиллагааг тасалдуулах, хянахаас хамгаалах зэргээр мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах арга хэмжээг заавал авна.
4.6.Эрх бүхий албан тушаалтан дүрс бичлэгийн техник, хэрэгслийг бүртгэх, олгох, буцаан авах, хадгалалт, хамгаалалтад хяналт тавина.
4.7.Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг ашиглаж байгаа этгээд дор дурдсан тохиолдолд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ:
4.7.1.теле хяналтын системд хандах, давуу эрхийг хязгаарлах, хандалтыг таслах, тоног төхөөрөмжийн холболт, тохиргоог өөрчлөх;
4.7.2.камер, бичлэгийн тоног төхөөрөмжийн сүлжээний хаягжилтыг өөрчлөх, зөвшөөрөлгүй иргэнээр хандалт тохируулах;
4.7.3.нэгдсэн сүлжээнд камер, бичлэгийн төхөөрөмжөөс бусад сүлжээний тоног төхөөрөмжийг залгах.
Тав. Бусад
5.1.Мэдээллийг Архивын ерөнхий газрын даргын 2012 оны А/34 дүгээр тушаалаар баталсан “Кино, дуу, дүрсний баримтын хадгалалт, хамгаалалтын заавар”-ын дагуу архивлан, хадгална.
5.2.Мэдээлэлтэй танилцсан эрх бүхий албан тушаалтан төрийн болон албаны, хувь хүний, байгууллагын нууцыг задруулахыг хориглоно.
5.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбуулах үүрэгтэй.
Текст томруулах
A
A
A