- Нүүр
- Сайдын тушаал
- АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ /ЗТХС-ын 2022 оны А/113-р тушаалаар өөрчлөлт орсон/.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалын
нэгдүгээр хавсралт
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Ачаа тээвэрлэх дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн хэрэгслийг ашиглан ачаа тээврийн ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /цаашид “тээвэрлэгч” гэх/ ачаа тээврийн үйлчилгээг хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /цаашид “ачаа илгээгч” гэх/-ий хүлээх үүргийг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр автотээврийн хэрэгслээр ачаа тээвэр гүйцэтгэж байгаа гадаадын иргэн, хуулийн этгээдэд энэхүү дүрэм нэгэн адил үйлчилнэ.
1.3. Энэхүү дүрэм байлдааны тусгай зориулалттай болон дотоодын цэрэг, мөрдөх алба, цагдаа, тагнуул, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллага зэрэг хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэдэг автотээврийн хэрэгсэл болон үйлдвэрлэлийн дотоод үйл ажиллагаанд хамааралтай /уул уурхайн, үйлдвэрийн талбай зэрэг газар/ технологийн тээвэрт хамаарахгүй.
1.4. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тээврийн үйл ажиллагааг зохион байгуулах орон нутгийн автотээврийн байгууллага нь автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, Автотээврийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулан, тээвэрлэлтийг зохицуулан зохион байгуулж, хяналт тавих эрх бүхий байгууллагуудын ажлын харилцан уялдааг хангана.
Хоёр. Ачаа тээвэрлэлт
2.1. Ачаа тээврийн үйлчилгээ нь тээврийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн ачааны чанар, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр, цаг хугацаанд нь аюулгүй тээвэрлэхэд чиглэгдэнэ.
2.2. Ачаа тээврийн үйлчилгээнд зөвхөн Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэн удирддаг ачаа тээвэр, логистикийн мэдээллийн нэгдсэн сантай холбогдож, харилцан мэдээлэл солилцох бололцоотой мэдээллийн систем, програм хангамж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглах ба эдгээр нь нэгдсэн нэр, дугаар, таних тэмдэг, бүртгэл мэдээлэл, агуулга бүхий мэдээллийн сан бүрдүүлж, тээвэрлэлттэй холбоотой баримт бичгийг боловсруулах, цахим сүлжээнд байршуулах, хэрэглэгчийг холбох, тохируулах зэргээр үйлчилгээний хүртээмжтэй, тэгш байдлыг хангаж ажиллана. ЗТХС-ын 2021 оны А/124-р тушаалаар өөрчилсөн.
2.3. Ачаа тээврийн үйл ажиллагааг логистикийн төв болон ачааны терминалаар дамжуулан зохион байгуулна.
2.4. Ачаа тээврийн үйл ажиллагааг Иргэний хууль, Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн тээвэрлэлтийн гэрээний үндсэн дээр эрхэлнэ.
2.5. Аюултай ачаа, овор ихтэй, урт, хүнд ачаа, хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг энэхүү дүрэм болон “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”-ын дагуу тээвэрлэнэ.
2.6. “Аюултай ачаа. Ангилал. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4978:2000 стандартын 5.2-т заасан аюултай ачааг тээвэрлэхдээ холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн актуудад заасан нөхцөл, шаардлагын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.
2.7. Автотээврийн хэрэгслийн оврын зөвшөөрөгдөх дээд хэмжээ стандартаар тогтоосноос хэтэрсэн тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн замын цагдаагийн алба болон авто зам хариуцагч байгууллагатай тээврийн замнал, цагийн хуваарийг тохиролцож баталгаажуулсан байх бөгөөд “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” MNS 5345:2011 стандарт болон бусад эрх зүйн баримт бичгийн дагуу тээвэрлэнэ.
2.8. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг “Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага” MNS 5343:2011” стандартаар тогтоосон шаардлага болон үйлдвэрлэгчээс тээвэрлэлтийн явцад мөрдүүлэхээр тогтоосон горим, эрүүл ахуйн дэглэмийг баримтлан тээвэрлэнэ.
2.9. Тээвэр зуучийн үйл ажиллагааг “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх ба тээвэрлэлтэд зуучлах үйлчилгээ” MNS 5346:2017 стандартын дагуу гүйцэтгэнэ.
2.10. Улс хоорондын ачаа тээвэрлэлтийг холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.
2.11. Ачаа тээвэрлэлтийн хөлсийг тогтоохдоо автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон жишиг тарифийг үндэслэн оролцогч талууд гэрээгээр тогтооно.
2.12. Малыг “Автотээврийн хэрэгслээр мал, амьтан тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага MNS 6688:2017” стандартын дагуу зориулалтын болон тусгайлан тоноглосон автотээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
2.13. Улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар хийгдэх тээвэрлэлтийг захиалагч байгууллага нь шаардагдах автотээврийн хэрэгслийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсны үндсэн дээр тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд мэдээлэн тэдгээрийг чөлөөтэй өрсөлдүүлэн оролцуулах зарчмыг баримтална.
2.14. Тээвэрлэгч нь ачааны шинж чанар, овор хэмжээ, тээвэрлэлтийн нөхцөл, тээвэрлэлтэд тавих шаардлага, тоо хэмжээ зэргээс хамааруулж тухайн төрөл, ангиллын ачаанд тохирсон хөдлөх бүрэлдэхүүний зориулалт, төрлийг сонгож тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.
2.15. Задрах боломжгүй ачаа тээвэрлэх автотээврийн хэрэгслийн бүх жин нь “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2020 стандартаар тогтоосон хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр уг стандартын 14.7-д заасан тэнхлэг дээрх ачааллыг хэтрүүлэхгүйгээр тээвэрлэлт гүйцэтгэж болно. Тээвэрлэлтэд Автотээврийн хяналтын улсын байцаагч тухайн чиглэлийн авто зам хариуцагч байгууллагатай хамтран хяналт тавина. ЗТХС-ын 2021 оны А/124-р тушаалаар өөрчилсөн.
2.16. Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх тээвэрлэгч аж ахуйн нэгжийн автотээврийн хэрэгслийн тоо нь “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх ба тээвэрлэлтэд зуучлах үйлчилгээ. MNS 5346:2017” стандартын “С” зэрэглэлээс доошгүй байна. /энэ заалтыг ЗТХС-ын 2023 оны А/298-р тушаалаар хассан/.
Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх тээвэрлэгч аж ахуйн нэгж нь 10-аас доошгүй тээврийн хэрэгсэлтэй байна. /Энэ заалтыг ЗТХС-ын 2022 оны А/113-р тушаалаар өөрчилсөн ба 2022 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө/.
2.17. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх, түүнчлэн Монгол Улсад урьд нь ашиглагдаж байгаагүй тусгай зориулалтын автотээврийн хэрэгсэл ашиглан улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд энэхүү дүрмийн 2.18-д заасан стандартын “D” зэрэглэлтэй байж болно.
2.18. Соёлын биет өвийг Монгол Улсын Засгийн газраас баталсан холбогдох журмын дагуу тээвэрлэнэ.
2.19. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг бусад төрлийн химийн, хортой бодис болон бараа, материалтай хамт нэг чингэлэг, тэвшинд тээвэрлэхийг хориглоно.
2.20.Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааны үндсэн дараалал, зохион байгуулалтын зураглалыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, мөрдүүлнэ. ЗТХС-ын 2021 оны А/124-р тушаалаар нэмсэн.
Гурав. Логистикийн төв, ачааны терминал
3.1. Логистикийн төв, ачааны терминалын үйлчилгээ эрхлэх байгууллага нь нутаг дэвсгэрийн холбогдох байгууллагад тогтоосон журмын дагуу бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.
3.2. Логистикийн төв, ачааны терминал нь өмчийн ямар ч хэлбэрийн /төрийн, хувийн хэвшлийн, гадаадын г.м./ байж болох бөгөөд тээвэр зуучийн болон агуулахын нэгдмэл үйлчилгээ үзүүлэх зориулалтаар байгуулагдсан тээвэр–агуулахын аж ахуйн бие даасан цогцолбор байна.
3.3. Улс хоорондын ачааны холимог терминал нь ачааг цуглуулах, хүлээн авах, хадгалах, боловсруулах, түгээх, ачиж буулгах, мэдээлэл цуглуулах, дамжуулах ба солилцох, даатгал, гаалийн бүрдүүлэлт хийх зэрэг нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх дотоод бүтэцтэй байна.
3.4. Логистикийн төв нь “Тээвэр. Логистик ба үйлчилгээ. Ачаа тээвэрлэлтийн гинжин хэлхээ. Карго тээврийн үйлчилгээ үзүүлэх дүрэм MNS EN 13876”, ачааны терминал нь “Ачааны терминал. Ангилал. Нийтлэг шаардлага MNS 5832:2007” стандартад заасан шаардлагад нийцсэн байна.
3.5. Ачааны терминалын үйлчилгээ үзүүлэх барилга байгууламж нь Монгол Улсын Засгийн газрын баталсан барилга байгууламжийн ашиглалтын дүрмийн шаардлагыг бүрэн хангасан байна.
3.6. Энэхүү дүрмээр зохицуулаагүй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хоорондын харилцаанд үүсэх бусад асуудлыг хамтын ажиллагааны гэрээгээр зохицуулна.
3.7. Логистикийн төв, ачааны терминал нь тээвэрлэгдэж буй ачааны нэр төрөл, тоо хэмжээг Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэн удирддаг ачаа тээвэр, логистикийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, холбогдох байгууллагыг статистик тоон мэдээллээр хангана. ЗТХС-ын 2021 оны А/124-р тушаалаар өөрчилсөн.
3.8. Логистикийн төв, ачааны терминал болон ачаа илгээгч нь ачаа барааг стандартад заасан даац, оврын хэмжээгээр тээврийн хэрэгсэлд ачуулах, хяналт тавих үүргийг хүлээнэ.
Дөрөв. Ачаа илгээгч, хүлээн авагчийн эрх, үүрэг
- Ачаа илгээгчийн эрх, үүрэг
4.1.1.Тээвэрлэх ачааны төрөл, тээвэрлэлтийн горимд автотээврийн хэрэгслийг нийцүүлэх талаар тээвэрлэгчээс шаардах;
4.1.2.Гэрээнд заасан хугацаанд тухайн ачааны төрөлд тохирсон автотээврийн хэрэгслийг бэлэн байлгахыг тээвэрлэгчээс шаардах;
4.1.3. Тээвэрлэж буй ачааны онцлогоос хамаарч тээвэрлэгчид санамж, зөвлөгөө өгөх;
4.1.4. Автотээврийн хэрэгсэл нь ачааны онцлог, төрөлд тохирохгүй бол тээвэрлүүлэхээс татгалзах;
4.1.5. Тээвэрлэх явцад ачааны бүрэн бүтэн байдал, чанар нь алдагдахгүй байх нөхцөлийг ханган сав баглаа, боодлыг сайтар шалган ачааг тээвэрлэлтэд урьдчилан бэлтгэх;
4.1.6. Ачааны баглаа, боодол, сав, бэхэлгээ, битүүмжлэл /лац/, хаяг, шошгыг холбогдох стандарт, техникийн нөхцөлийн дагуу хийх;
4.1.7. Ачааны дагалдах бичгийг үнэн зөв бүрдүүлэх;
4.1.8. Гэрээгээр ачааг ачих, буулгах үүрэг хүлээсэн бол шаардагдах машин механизм, ажиллах хүчийг бэлэн байлгах;
4.1.9. Ачааг чингэлгээр тээвэрлэх бол чингэлгийн тэвшний талбайд тэгш хэмтэй тэнцүү байрлуулж ачуулах;
4.1.10. Хайрцаг, сав, баглаа, боодол бүхий ачаанд тус бүрд нь тоо, жингийн хэмжээг тавьсан байх;
4.1.11. Гэрээнд заасан бол тээврийн хөлс төлөх;
4.1.12.Тээвэрлэх ачааг гэрээнд заасан газар, хугацаанд бэлэн байлгах;
4.1.13. Аюултай ачаа тээвэрлүүлэх бол ачааны ангилал, аюулын зэрэглэл, ачаа илгээгч, хүлээн авагчийн талаарх үнэн зөв мэдээллээр тээвэрлэгчийг хангаж, шаардлагатай баримтуудыг бүрдүүлэн жолоочид өгөх;
4.1.14. Хүлээн авагчийн гэрээ, захиалгагүй ачааг тээвэрлүүлсэн тохиолдолд түүнээс үүдэн гарах хохирлыг хариуцах.
4.2.Ачаа хүлээн авагчийн эрх, үүрэг
4.2.1.Тээвэрлэгчээс ачаа буулгах цагийг баримтлахыг шаардах;
4.2.2.Тээвэрлэлтийн буруугаас гэмтсэн ачааг бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар хүлээн авахаас татгалзах;
4.2.3. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх;
4.2.4. Ирсэн ачааны ломбо, бүрэн бүтэн байдлыг шалгах;
4.2.5. Уяа, холбоос, бэхэлгээг тайлж ачааг буулган ачааны дагалдах бичигтэй тулгаж хүлээн авах;
4.2.6. Ачааны дагалдах бичигт хүлээн авсан тухай тэмдэглэл хийж гарын үсэг, тэмдгээр баталгаажуулах;
4.2.7. Ачаа хүлээж авсан тухай ачааны дагалдах бичигт тэмдэглэл хийж өөрт 1 хувийг үлдээн, жолоочид үлдсэн хувийг өгнө. Жолооч нь дагалдах бичгийн 1 хувийг тээвэрлэлтийн тооцоонд замын хуудасны хамт өгнө;
4.2.8. Автомашины тэвшийг цэвэрлэх, шаардлагатай тохиолдолд ариутгах;
4.2.9. Тээвэрлүүлэгч нь ачааг дараах байдлаар хүлээн авч, хүлээлгэж өгнө.
Үүнд:
4.2.9.1. Стандартын сав баглаа, боодол, хайрцаг багцалсан ачааг түүний шошгод заасан тоо ширхэг, жингийн хэмжээ, эзлэхүүнээр;
4.2.9.2. Задгай ачааг газар дээр нь хэмжиж тогтоосон жингийн хэмжээгээр;
4.2.9.3. Газар дээр нь жин, хэмжээг тогтоох боломжгүй, стандартын сав, баглаа боодолгүй ачааг тээвэрлүүлэгчтэй тохиролцсон хэмжээгээр;
4.2.9.4. Гэрээний дагуу тээвэрлэж ирсэн ачааг хүлээн авагч нь саадгүй хүлээн авна.
4.2.9.5. Ачааны лац, баглаа, боодол, хайрцаг, сав гэмтсэн жин, хэмжээ нь дагалдах бичигт заасан хэмжээнээс зөрсөн болон гэмтсэн бол актын дагуу хүлээн авна.
4.2.10 .Ачаа буулгах газрыг өөрчлөх зайлшгүй шаардлага гарвал ачаа илгээгч, тээвэрлэгчид мэдэгдэж холбогдох арга хэмжээ авахуулах ба үүнтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна.
4.2.11. Ачааг буулгасны дараа автомашины тэвш, чингэлгийг цэвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд ариутгал хийнэ.
4.2.12. Тээвэрлэгч болон тээвэрлүүлэгч нь гэрээний хариуцлагыг тооцохдоо гэрээ дүгнэсэн баримтыг үндэслэх ба тохиролцоонд хүрч чадаагүй нөхцөлд холбогдох хууль, хяналтын байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлнэ.
Тав. Тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
5.1. Тээвэрлэлтийн гэрээний асуудлаар хууль ёсны шаардлага тавих, гомдлоо тавьж шийдвэрлүүлэх;
5.2. Тээвэрлэлтэд гарсан хүндрэл бэрхшээлийн талаар тухай бүр холбогдох байгууллагад мэдэгдэж шаардлагатай туслалцаа авах;
5.3. Тээвэр зохион байгуулалтын чиглэлээр санал гаргах, түүнд оролцох;
5.4. Автотээврийн асуудал эрхэлсэн төв болон орон нутгийн байгууллагаас хууль, эрх зүйн зөвлөгөө авах;
5.5. Ачааг зориулалтын автотээврийн хэрэгслээр тогтоосон хугацаанд хүлээн авах газарт нь чанар байдлыг алдагдуулахгүй бүрэн бүтэн хүргэх;
5.6. Ачаа илгээгч, ачаа хүлээн авагчид өөрийн хүчин чадал, тээвэрлэлтийн үнэ хөлс зэрэг автотээврийн үйлчилгээтэй холбогдсон үнэн зөв мэдээлэл өгөх;
5.7. Стандартын шаардлага хангасан автотээврийн хэрэгслийг гэрээнд заасан хугацаанд бэлэн байлгах;
5.8. Тээвэрлэлтийн талаарх мэдээллээ тухайн орон нутгийн, эсхүл тээвэрлэлтийн гэрээ байгуулсан автотээврийн байгууллагад сар бүр үнэн зөв гаргаж өгнө. Мэдээлэл нь цахим болон бусад хэлбэрээр байж болно;
5.9. Шалгах механик нь автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг хийж, хяналт тавин замын хуудас баталгаажуулан олгох;
5.10. Стандартын шаардлагад нийцсэн техникийн үйлчилгээ, засварын байр, тоног төхөөрөмжөөр хангагдсан байх;
5.11. Автотээврийн хэрэгслийг хадгалах зориулалтын зогсоол, талбайтай байх;
5.12. Авто инженер, механик, мэргэшсэн жолооч, засварчнаар хангагдсан байх;
5.13.Техник технологи ашиглан хуульд заасны дагуу жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг мөрдүүлэх, хяналт тавих;
5.14. Жолоочийн ажил, амралтын горимыг хянах төхөөрөмж суурилуулах, мөн засвар үйлчилгээний ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.
5.15. Жолоочийн мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх чиглэлээр сургалтын төлөвлөгөө гарган давтан сургах үйл ажиллагааг зохион байгуулах;
5.16. Тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг зөвхөн тухайн ангиллын мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх;
5.17. Тээвэрлэлттэй холбоотой баримт бичгийн бүрдүүлэлтийг хийж, анхан шатны бүртгэл хөтлөх;
5.18. Улс хоорондын байнгын ачаа тээвэр, аюултай ачаа тээвэрлэхдээ автотээврийн хэрэгсэл нь байршил тогтоох хяналтын төхөөрөмжөөр тоноглогдож, тээврийн зохион байгуулалт, зохицуулалтын үйл ажиллагаа хариуцан ажиллаж буй байгууллагын хөдөлгөөний удирдлага хяналтын төвд холбогдсон байна.
5.19. Авто замын байгууллагаас авто зам, гүүрийг автотээврийн хэрэгсэл зорчиход саадгүй байлгахыг шаардах.
5.20. Тээвэрлэгч нь ачааны шинж чанар, овор хэмжээ, тээвэрлэлтийн нөхцөл, тээвэрлэлтэд тавих шаардлага, тоо хэмжээ зэргээс хамааруулж тухайн төрөл, ангиллын ачаанд тохирсон зориулалтын тээврийн хэрэгслийг сонгож тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.
5.21. Байгалийн гамшиг болон хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, гал түймэр унтраах, улсын аюулгүй байдлыг хангахтай холбоотой хойшлуулшгүй ажилд автотээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд хурдан шуурхай гаргаж өгөх
5.22. Авто зам, гүүрийн ашиглалтын нөхцөл хангаагүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй.
Зургаа. Тээвэрлэгч-жолоочийн эрх, үүрэг
6.1. Тээвэрлэгч-жолооч нь дараах тохиолдолд ачааг тээвэрлэхээс татгалзах эрхтэй.
6.1.1. Сав, баглаа, боодол нь тээвэрлэлтийн шаардлага хангахааргүй бол;
6.1.2. Ачаа нь тухайн автотээврийн хэрэгслийн үйлдвэрээс тогтоосон даацаас хэтэрсэн тохиолдолд;
6.1.3. Тухайн тээвэрлэлтийн чиглэлд авто замын хөдөлгөөнийг түр зогсоосон, хязгаарласан;
6.1.4. Ачаа илгээгч нь тээвэрлэлтийн болон бусад дагалдах баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлж өгөөгүй.
6.2. Жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг мөрдөх;
6.3. Ачааны онцлог, авто замын нөхцөлд тохирсон тохиромжтой хурдыг замын хөдөлгөөний дүрэмд зааснаас хэтрүүлэхгүйгээр сонгон явах;
6.4. Ажилд гарахын өмнө эмчийн үзлэгт заавал хамрагдаж замын хуудаст зохих тэмдэглэгээг хийлгэх;
6.5. Ачааг өөрийн буруугаас өөр газарт буулгасан бол уг ачааг өөрийн зардлаар зохих газарт нь хүргэж өгөх;
6.6. Ачааг ачихдаа сайтар бэхлэх, задгай ачаа тээвэрлэхдээ унаж, гээгдэхээс хамгаалсан бүтээлэг хэрэглэх;
6.7. Ачаа нь замын хөдөлгөөний болон тээвэрлэлтийн аюулгүй байдалд нөлөөлөхгүй, автотээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх талаар тээвэрлүүлэгчээс шаардах;
6.8. Ачааг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухайгаа ачааны дагалдах бичигт тэмдэглүүлэх;
6.9. Хөдөлгөөний явцад ачааны байдал нь тээвэрлэлтийн шаардлага хангахгүй байдал илэрвэл ачаа илгээгчид нэн даруй мэдэгдэж холбогдох зөвлөгөөг авах;
6.10.Ачааг хүлээн авснаас хойш хүлээн авагчид хүлээлгэн өгөх хүртэл буюу тээвэрлэлтийн явцад ачааны бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтыг бүрэн хариуцах;
6.11. Гэрээнд заасан цаг, хугацаанд ачааг дагалдах бичигт заасан газарт газарт хүргэх ба ачааг хүлээн авагч нь буулгах газрыг өөрчилсөн тохиолдолд тээвэрлэгч нь энэ тухай ачаа илгээгчид мэдэгдэх ба үүнтэй холбоотой гарах зардлыг буруутай этгээд хариуцна;
6.12. Гэрээнд тодорхой тусгасан бол ачааг ачих, буулгах үйл ажиллагаанд оролцох;
6.13. Авто зам, замын байгууламж, автотээврийн хэрэгслийн даацыг хэтрүүлэхгүй байх;
6.14. Автотээврийн хэрэгслийг зогсоохдоо зөвхөн зориулалтын зогсоол, талбайд байрлуулах;
6.15. Тогтоосон тээвэрлэлтийн чиглэлийг зөрчихгүй байх;
6.16. Тээвэрлэгч-жолооч нь хэмжээ, шинж чанараараа бусад ачаанд нөлөөлөхгүй, автомашинд ачиж байрлуулах боломжтой бүрэн бүтэн сав, баглаа, боодолтой ачааг хүлээн авч тээвэрлэнэ;
6.17. Эрх бүхий байгууллагын хяналт шалгалтын ажилтны шаардлагаар тээвэрлэлт саатсан тохиолдолд энэ талаар замын хуудсанд хяналт шалгалт хийсэн албан тушаалтнаар тэмдэглэл хийлгэж, баталгаажуулна.
Долоо. Ачаа тээвэрлэлтийн баримт бичиг
7.1. Ачаа тээвэрлэлтийн үндсэн баримт бичиг нь ачааны дагалдах бичиг байна.
7.1.1. Ачаа тээвэрлэлтийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу ачааны дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна.
7.1.2. Ачааны дагалдах бичгийг бүрдүүлснээр тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсанд тооцно.
7.1.3. Дагалдах бичиг нь бараа бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг тооцох, ачаа тээврийн байгууллагын ажлын үр дүн, гүйцэтгэлийг тооцоход ашиглагдана.
7.1.4. Ачаа тээвэрлэлтийн гэрээ /ачааны дагалдах бичиг/ нь Иргэний хуулийн 387 дугаар зүйлд заасан агуулгыг багтаасан байна.
7.1.5. Ачааны дагалдах бичиг гэдэгт тээвэрлэж буй ачааны талаарх зайлшгүй шаардлагатай мэдээллийг агуулсан, тухайн ачааг тодорхойлох боломжтой баримт бичгийг ойлгоно
7.1.6. Ачааны шинж чанар, онцлогоос хамаарч ачааны дагалдах бичиг нь хэлбэрийн хувьд, тоон мэдээллийг агуулсан, ачааны чанар байдлыг тодорхойлсон, төлбөр тооцооны зориулалттай болон дээрх бүх мэдээллийг агуулсан бүрэн цогц хэлбэртэй байж болно.
7.1.7. Тээвэрлэж буй ачааны тухай мэдээллийг агуулсан байгууллагын орлого, зарлагын баримт, гаалийн манифест зэрэг баримт бичгүүд нь ачааны дагалдах бичигтэй нэгэн адил хүчинтэй.
7.1.8. Тээвэрлэгч нь тээвэрлэлт гүйцэтгэх тутамдаа тээвэрлэж буй ачааны талаарх мэдээллийг агуулсан дагалдах бичгийг авч явах үүрэгтэй.
7.1.9. Ачааны дагалдах бичигт талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
7.2. Замын хуудас нь автотээврийн байгууллагын анхан шатны бүртгэлийн үндсэн баримт бичиг бөгөөд дагалдах бичгийн хамт тухайн автотээврийн хэрэгслийн ажлын гүйцэтгэл, ашиглалтын норм, цалин хөлс тооцоход ашиглагдана.
7.3. Дараах баримт бичгүүдийн бүрдэл бүхий жолоочид тээвэрлэгч аж ахуйн нэгж нь замын хуудас олгож ажилд гаргана. Үүнд:
7.3.1. Тухайн ангилалд тохирох жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
7.3.2. Хуульд заасан тохиолдолд мэргэшсэн жолоочийн үнэмлэх;
7.3.3. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;
7.3.4. Автотээврийн хэрэгслийн албан татвар төлсөн тухай нотолгоо;
7.3.5. Техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байх
7.3.6. Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх
7.3.7. Шаардлагатай тохиолдолд автотээврийн хэрэгслийн болон ачааны даатгал.
7.3.8. Хүнд болон овор ихтэй ачаа тээвэрлэх бол тухайн чиглэлийн авто замаар явах зөвшөөрөл
7.3.9. Хүнсний түргэн гэмтэх эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх бол тухайн автотээврийн хэрэгсэл шаардлага хангаж буй тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт
7.3.10. Мал тээвэрлэх тохиолдолд мал эмнэлгийн бичиг
7.3.11. Ургамлын хорио, цээрийн гэрчилгээ
Улс хоорондын болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх тээвэрлэгч нь дээр дурдсан баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг нэмэлтээр бүрдүүлсэн байвал зохино. Үүнд:
7.3.12. Улс хоорондын болон дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх тохиолдолд олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагдсан зөвшөөрлийн бичиг
7.3.13. Тодорхой дулаан болон хүйтний тохируулга шаардагдах ачаа тээвэрлэж яваа бол температурын хэмжээг тодорхой цагуудад бүртгэл хөтөлнө.
7.3.14. Ачааны дагалдах бичиг /Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрээр харилцан тохирсон бол/
Тухайн ачааны онцлогтой хамааралтай эрүүл ахуйн, хорио цээрийн, гаалийн болон бусад технологийн баримт бичгүүд
Найм. Улс хоорондын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлт
8.1. Олон улсын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн үндсэн дээр гүйцэтгэнэ.
8.2. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийг зөвхөн олон улсын чанартай хилийн боомтоор гүйцэтгэнэ.
8.3. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа, бараа нь гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бөгөөд тээврийн статистик тоон мэдээллийн сан үүсгэх зорилгоор ачааны төрөл, тоо хэмжээг гаалийн байгууллагад заавал бүртгүүлнэ.
8.4. Эрх бүхий байгууллага нь шаардлагатай тохиолдолд Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн хүрээнд зөвшөөрлийн бичгийн хуваарилалтыг улирлаар болон хилийн боомт бүрээр батлах бөгөөд эрх олгогдсон байгууллага нь батлагдсан хуваарийн дагуу зөвшөөрлийн бичгийг олгоно.
8.5. Олон улсын хэмжээнд ачаа барааг ТИР карней ашиглан тээвэрлэх автотээврийн хэрэгсэл нь тухайн харилцааг зохицуулдаг олон улсын конвенцийн нөхцөл шаардлагыг хангасан байна.
8.6. ачаатай буюу ачаагүй яваа автотээврийн хэрэгслийн овор, хэмжээ, жин хэтэрсэн болон аюултай ачаа тээвэрлэх үед тээвэрлэгч нь олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хэлэлцэн тохирогч нөгөө талын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авна. Энэхүү зөвшөөрөлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний замналыг тогтоосон бол уг заасан замналаар тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.
8.7. Үйл ажиллагаа нь ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр мэргэшсэн, санхүүгийн хувьд чадамжтай, аж ахуйн нэгж, байгууллага улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэнэ; /энэ заалтын зарим хэсгийг ЗТХС-ын 2023 оны А/298-р тушаалаар хассан/.
Үйл ажиллагаа нь ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр мэргэшсэн, санхүүгийн хувьд чадамжтай аж ахуйн нэгж улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэнэ. /Энэ заалтыг ЗТХС-ын 2022 оны А/113-р тушаалаар өөрчилсөн ба 2022 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө/.
Ес. Дотоодын ачаа тээвэрлэлт.
9.1. Дотоодын ачаа тээвэрлэлтэд хот хоорондын, хотын доторх болон хот орчмын, орон нутгийн ачаа тээвэрлэлт хамаарна.
9.2. Дотоодын ачаа тээвэрлэлтийг үйл ажиллагаа нь ачаа тээврийн үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн, автотээврийн асуудал эрхэлсэн холбогдох байгууллагын бүртгэл, мэдээллийн санд бүртгэлтэй тээвэрлэгч гүйцэтгэнэ.
9.3. Хот хоорондын болон хотын доторх ачаа тээврийн үйлчилгээ нь нэгдсэн зохион байгуулалттай байна.
9.4. Хот хоорондын ачаа тээврийн үйлчилгээ нь нэгдсэн мэдээллийн сан, сүлжээг/ачаа тээврийн агент/-ээр дамжин захиалгын дагуу явагдана.
9.5. Хот хоорондын ачаа тээврийн үйлчилгээг зуучлагчийн оролцоотойгоор гүйцэтгэж болно.
9.6. Хот доторх болон хот орчмын ачаа тээврийн үйлчилгээнд байгалийн шатдаг хий, цахилгаанаар ажилладаг, эсхүл автомашинаас ялгарах хорт бодисыг шүүх шүүлтүүр бүхий байгаль орчинд ээлтэй автотээврийн хэрэгсэл ашиглана.
9.7. Хотын доторх болон хот орчмын нутаг дэвсгэрт ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх тээвэрлэгч нь автотээврийн асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагаас тээвэрлэлт гүйцэтгэх авто замын чиглэл, хугацааг агуулсан холбогдох зөвшөөрлийг авсан байна.
9.8. Тээвэрлэгч нь тээвэрлэлтийн гүйцэтгэлийн талаарх үнэн зөв мэдээллийг улирал тутам автотээврийн асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Арав. Үнэ зарласан ачаа тээвэрлэх
10.1. Ачаа илгээгч нь үнэ зарласан ачааг тээвэрлүүлж болно.
10.2. Үнэ зарласан ачааг тээвэрлэлтэд хүлээлгэн өгөхдөө түүний үнийг тодорхой мэдүүлэх үүрэгтэй.
10.3. Үнэ зарласан ачаанд:
10.3.1. Үнэт металл, чулуу болон тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн
10.3.2. Эртний эдлэл, урлаг, уран сайхны ховор бүтээл
10.3.3. Видео, аудио багаж хэрэгсэл
10.3.4. Цахим тооцоолон бодох, хувилах, олшруулах техник хэрэгсэл
10.3.5. Туршилтын загварын машин, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл
10.3.6. Ахуйн хэрэгцээний эд зүйлс зэргийг хамааруулж болно.
10.4. Үнийг худалдааны байгууллагын баримтаар, харилцан тохиролцсоноор, ижил төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэлгээ зэргийг харгалзан тогтооно.
10.5. Үнэ зарласан ачааг тээвэрлэхдээ тээвэрлэгч нь ачаа илгээгчтэй тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр тээвэрлэлтийг гүйцэтгэнэ. Тээвэрлэлтийн нөхцөл, хөлс болон бусад шаардлагуудыг гэрээгээр зохицуулна.
Арван нэг. Хувь хүний ачаа, барааг тээвэрлэх
11.1. Хувь хүний ачаа, барааг Иргэний хууль болон Автотээврийн тухай хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр тээвэрлэнэ.
11.2. Тээвэрлэгч нь хувь хүний ачаа, барааг тээвэрлэхдээ тээвэрлэгчийн хүсэлтээр ачааг боож баглах, шошгожуулах, ачих, буулгах, тогтоосон хаягийн дагуу ачааг хүргэх зэрэг иж бүрэн үйлчилгээг үзүүлж болно.
11.3. Ачаа, барааг хүргэх хугацааг ачаа хүлээн авагчтай тохиролцож тогтооно.
11.4. Хувь хүний дэлгүүрээс худалдан авсан ачаа, бараа нь эвдэрсэн, ямар нэгэн доголдолтой бол тээвэрлэгч барааг шинээр сольж өгөхийг худалдааны байгууллагаас шаардах, сольж өгөөгүй тохиолдолд тухайн иргэнд мэдэгдэж, ачаа, барааг тээвэрлэхээс татгалзаж болно.
11.5. Гэрийн тэжээвэр мал, амьтан, түүнчлэн амьтны гаралтай түүхий эд тээвэрлүүлэх тохиолдолд холбогдох байгууллагын эрүүл ахуйн бичгийг тээвэрлэгчид үзүүлнэ.
11.6. Хэрэв хувь хүний ачаа, барааг тээвэрлэх авто зам нь шаардлага хангахгүй тохиолдолд тээвэрлэлт гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
Арван хоёр. Тээвэрлэлтийн даатгал
12.1. Тээвэрлэгч нь зорчигч болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, ачаа тээшинд учирч болзошгүй хохирлыг арилгах зорилгоор Иргэний хууль, Даатгалын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль, Автотээврийн тухай хуульд нийцүүлсэн гэрээг даатгалын байгууллагатай урьдчилан байгуулж ажиллана.
12.2. Тээвэрлэгч нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр жолоочийн даатгалд заавал даатгуулж тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулна.
12.3. Тээвэрлэгч нь зам тээврийн осолд холбогдсон үед цагдаагийн байгууллага болон жолоочийн даатгалын шуурхай албанд мэдэгдэх үүрэгтэй.
12.4. Тээвэрлэгч нь шаардлагатай тохиолдолд ачааны даатгалд даатгуулсан байна.
Арван гурав. Бусад зүйл
13.1. Ачаа тээвэрлэх дүрмийн хэрэгжилтэд автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагууд, Монгол Улсын бусад хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад төрийн байгууллагууд хяналт тавьж ажиллана.
13.2. Энэхүү дүрмийн заалтыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу эрх бүхий этгээд хариуцлага тооцно.
13.3. Энэхүү дүрэмд дурдсан хууль тогтоомж, стандартын хамгийн сүүлд батлагдсан хувилбарыг мөрдөнө.
-oOo-
Текст томруулах
A
A
A