A

A

A

Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 А/24 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Зорилго, үйлчлэх хүрээ

1.1.1 Энэхүү дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр автотээврийн хэрэгслээр зорчигч, зорчигчийн тээш, шуудан, илгээмжийн тээврийн ажил, үйлчилгээг аюулгүй, шуурхай зохицуулж, зохион байгуулахад оршино.

1.1.2. Энэ дүрмээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр автотээврийн хэрэгслээр зорчигч тээврийн ажил, үйлчилгээг зохицуулж, зохион байгуулах эрх олгогдсон байгууллага /цаашид “эрх олгогдсон байгуулага” гэх/, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага /цаашид “тээвэрлэгч” гэх/, тээврийн үйлчилгээг хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /цаашид “тээвэрлүүлэгч” гэх/-д тавигдах шаардлага,  хүлээх үүргийг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.1.3. Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн хэрэгслээр зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй гадаад улсын хуулийн этгээд, иргэн энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.

1.1.4. Энэхүү дүрэмд тусгагдсан нэр томьёо нь Иргэний хууль, Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад эрх зүйн актуудад нийцсэн байна.

Хоёр. Зорчигч тээврийн үйлчилгээний ангилал

2.1. Зорчигч тээврийн үйлчилгээг дараах байдлаар ангилна.

2.1.1. зорчигчийн тогтмол тээвэр;

2.1.2. зорчигчийн тогтмол бус тээвэр.

2.2. Зорчигчийн тогтмол тээвэр гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон үйлчилгээний чиглэл, замнал, цагийн хуваарийн дагуу хийгдэж байгаа нийтийн тээврийн үйлчилгээ, зорчигчийн тогтмол бус тээвэр гэж тогтмол тээвэрлэлтээс бусад зорчигч тээврийн үйлчилгээ хамаарна.

Гурав. Зорчигч тээврийн үйлчилгээний зохицуулалт

3.1. Зорчигч тээврийн төлөвлөлт:

3.1.1. зорчигч тээврийн үйлчилгээг зорчигчийн эрэлт хэрэгцээ, дэд бүтэц, орон сууцны хороолол болон үйлдвэр, үйлчилгээний газруудын байршлаас хамааруулан бусад төрлийн тээврийн үйлчилгээтэй уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгааны арга аргачлалын (зорчигч урсгалын хэмжээ, техник ашиглалтын үзүүлэлт, зардал, үр ашгийн тооцоог.м) дагуу төлөвлөх ба төлөвлөлтөд олон улсын жишигт нийцсэн програм хангамж, техник технологийг ашиглана.

3.1.2. Улс хооронд, хотын доторх болон хот орчмын зорчигч тээврийн үйлчилгээг стандартын шаардлагад нийцсэн зориулалтын их болон дунд багтаамжийн автобусаар, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг иргэдийн зорчих эрэлт хэрэгцээ, шаардлагыг харгалзан их, дунд, бага багтаамжийн автобусаар үзүүлнэ.ЗТХС-ын 2023 оны А/298-р тушаалаар өөрчилсөн.

3.1.3.Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн, хотын доторх болон хот орчим, аймгийн төвийн нийтийн тээврийн, таксийн болон бусад захиалгат, дуудлагын үйлчилгээг зөвхөн Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэн удирддаг зорчигч тээвэр, логистикийн мэдээллийн нэгдсэн сантай холбогдож, харилцан мэдээлэл солилцох бололцоотой мэдээллийн систем, програм хангамж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан зохион байгуулна.ЗТХС-ын 2021 оны А/124-р тушаалаар нэмсэн.

3.2. Зорчигч тээврийн үйлчилгээний чиглэл ба цагийн хуваарь:

3.2.1. энэхүү дүрмийн 3.1-д заасан төлөвлөлтөд үндэслэн зорчигч тээврийн үйлчилгээний батлагдсан замнал, үйлчилгээний цагийн хуваарийн дагуу тээвэрлэнэ.

3.2.2. зорчигчийн тогтмол тээвэрт 3.1-д заасан тооцоо судалгааг хийж, тээвэрлэлтийн эрэлт, хэрэгцээг тооцолгүйгээр цагийн давтамж, тээвэрлэгчийг шинээр нэмэхгүй.

3.2.3. зорчигчийн тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг улирлын, баяр ёслолын, амралтын өдрүүдээр ялган нийтэд мэдээлнэ. Зорчигчийн тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тээвэрлэлт эхлэхээс өмнө болон улс, хот хооронд, орон нутгийн чиглэлийн хуваарьт өөрчлөлт орохоор бол 10-аас доошгүй хоногийн өмнө, хотын доторх болон хот орчмын чиглэлийн хуваарьт өөрчлөлт орохоор бол 3-аас доошгүй хоногийн өмнө зорчигчдод мэдээлсэн байна.

3.3. Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээвэр:

3.3.1. улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг Олон улсын гэрээ, Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд оролцогч талуудын эрх бүхий байгууллагуудын хэлэлцэн тохиролцсон тээврийн замнал, тээвэрлэлтийн датамж, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ.

3.3.2. улс хоорондын зорчигчдын тогтмол бус тээврийн үйлчилгээг Олон улсын гэрээ, Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд оролцогч талуудын эрх бүхий байгууллагуудын хэлэлцэн тохиролцсон тээврийн маршрутын дагуу гүйцэтгэнэ.

3.3.3. хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг батлагдсан замнал, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ.

3.3.4. Тухайн чиглэлд зорчигч урсгалын хэмжээ нэмэгдсэн тохиолдолд энэхүү журмын 3.1-т заасан тооцоо судалгааг үндэслэн, эрх ашиг нь хөндөгдөх байгууллагуудтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр цагийн давтамжид өөрчлөлт оруулж болноЗТХС-ын 2023 оны А/298-р тушаалаар өөрчилсөн.

3.3.5. тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээнд үндэслэн цагийн давтамжийг нэмэгдүүлсэн нь уг чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэх үндэслэл болохгүй.

3.3.6. тээвэрлэгч нь тухайн чиглэлийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйг хууль тогтоомжийн хүрээнд үндэслэлтэй тогтоосон бол тус чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэх асуудлыг шийдвэрлэнэ.  

3.3.7. улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч нь хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг эрхэлсэн ажлын туршлагатай байна. ЗТХС-ын 2023 оны А/298-р тушаалаар зарим хэсгийг хассан.

3.3.8. улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээний зогсоол, бүртгэлийн цэгүүдэд тасалбар түгээврийг /цахим болон бусад/ ажиллуулах ба автобусны ирэх, явах үйлчилгээний цагийн хуваарь, тээш тээвэрлэлтийн тариф, энэхүү дүрмийн зарим гол заалтыг зорчигчдод үзэгдэх газар байрлуулна.

3.3.9. тээвэрлэлтийн явцад жолооч зорчих тасалбарыг олгож болох ба ийм тохиолдолд хамгийн ойр хүрэх тасалбар түгээврийн газарт мэдээлж, тасалбарыг бичүүлэн зорчигчид олгоно.

3.3.10. зорчигч тээврийн үйлчилгээг эрхлэхдээ зорчих замд түр бууж амрах, авто замын дагуух үйлчилгээний байгууламж, автобуудал, бүртгэлийн цэгүүдэд бүртгүүлнэ.

 3.3.11. тээвэрлэлтийн туршид байгаль орчинд сөрөг үр дагавар учруулахгүй байх ба энэ талаар тээвэрлэгчийн зүгээс зорчигчдод мэдээлэх ба сурталчлан таниулна.

3.3.12. улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг 600 километрээс дээш зайд болон шөнийн цагаар тээвэрлэлт гүйцэтгэх шаардлага гарсан тохиолдолд ээлжийн жолоочтой гүйцэтгүүлэх эсвэл өртөөчилсөн байдлаар зохион байгуулна. 

3.4. Хотын доторх ба хот орчим, аймгийн төвийн доторх зорчигч тээвэр:

3.4.1. хотын доторх болон хот орчмын, аймгийн төвийн доторх зорчигч тээврийн үйлчилгээг хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан тээврийн эрэлт хэрэгцээг үндэслэн зорчигч урсгалын хэмжээ, тухайн зорчих хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, дэд бүтцийг судлан үзсэний үндсэн дээр төлөвлөнө.

3.4.2. хотын доторх ба хот орчим, аймгийн төвийн доторх зорчигч тээврийн үйлчилгээг батлагдсан замнал, үйлчилгээний цагийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ.

3.4.3. хотын доторх болон хот орчим, аймгийн төвийн доторх зорчигч тээврийн үйлчилгээнд 30 хүртэл хоног болон улирлын хугацаатай цахим төлбөрийн картыг урьдчилан авч болно. Энэ тохиолдолд хөнгөлөлтийг эдлэх ба хөнгөлөлтийн хувийг эрх олгогдсон байгуулагатай хийсэн гэрээгээр тогтооно.

3.4.4. хотын доторх болон хот орчим, аймгийн төвийн дотор нийтийн тээврийн автобусны зогсоолд үйлчилгээний цагийн хуваарийг зорчигчдод харагдахуйцаар байрлуулна.

3.4.5. тээврийн эрэлт хэрэгцээнд үндэслэн хотын доторх болон хот орчимд шөнийн зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлэх ба тогтоосон замнал, үйлчилгээний цагийн хуваарийн дагуу зохион байгуулна.   

3.5. Таксийн үйлчилгээ:

       3.5.1.Тээвэрлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:

                 3.5.1.1.“Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS5122:2013 Монгол Улсын стандартад тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна.

                 3.5.1.2. такси үйлчилгээ нь тогтоосон чиглэл, цагийн хуваарь харгалзахгүй, зөвхөн хотын дотор, хот орчимд, мөн аймаг, сумдын төвд үйлчилнэ.

                 3.5.1.3. таксийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь эрх олгогдсон байгууллагатай хийсэн тээвэрлэлтийн гэрээний дагуу зорчигчдод үйлчилнэ.

                 3.5.1.4. таксийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл нь зөвхөн тухайн үйлчилгээг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн нь өмчлөлд байх бөгөөд Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн системд бүртгэлтэй байна.

                 3.5.1.5. таксийн үйлчилгээний захиалгыг дуудлагын төвөөр дамжуулан авч, үйлчилнэ. Таксийн үйлчилгээний дуудлагын төв нь дангаар буюу тээвэрлэгч байгууллагыг түшиглэн ажиллуулж болно.

       3.5.2.Таксийн үйлчилгээний дуудлагын төв нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

                 3.5.2.1.эрх олгогдсон байгуулагатай гэрээ байгуулан ажиллана.

                 3.5.2.2. эрх олгогдсон байгуулагатай таксийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллага болон дуудлагын жолоочоор ажиллах иргэнтэй гэрээ байгуулан ажиллана.

             3.5.2.3. эрх олгогдсон байгууллагатай таксийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулаагүй, Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэн удирддаг зорчигч тээвэр, логистикийн мэдээллийн нэгдсэн сантай холбогдож, харилцан мэдээлэл солилцох бололцоотой мэдээллийн систем, програм хангамж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглаагүй, эсхүл таксийн үйлчилгээг хууль бусаар зохион байгуулж буй этгээдэд үйлчлэхгүй. ЗТХС-ын 2021 оны А/124-р тушаалаар өөрчилсөн.                 

                 3.5.2.4. дуудлагын төвийн үйлчилгээний 80 хувьд нь таксийн үйлчилгээний дуудлагыг хүлээн авч жолооч, хэрэглэгчдэд хүргэх ба үлдсэн 20 хувьд нь хүргэлтийн үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйлчилгээг эрхэлнэ.

                 3.5.2.5. дуудлагын төв нь лавлах үйлчилгээ эрхлэхгүй.

                 3.5.2.6. дуудлагын үйлчилгээг хүлээн авах, мэдээлэх олон улсын жишигт нийцсэн харилцаа холбоо, мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, програм хангамжтай байх ба үйлчилгээ явуулах байртай байна.

                 3.5.2.7. дуудлагын төвд дуудлага хүлээн авах, жолооч, үйлчүүлэгчтэй харилцах үүрэг бүхий дуудлага хүлээн авагч нар ажиллана. Дуудлага хүлээн авагч нь захиалгыг хүлээн авч, жолоочид очих газрын байршил, цаг хугацааг тодорхой өгсний дараа үйлчлүүлэгчид мэдэгдэнэ. Мөн цахимаар дуудлагын үйлчилгээг хүлээн авна.

                 3.5.2.8. дуудлагын үйлчилгээнд ашиглаж буй програм хангамжийн талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагатай хийсэн гэрээнд нарийвчлан тусгаж, програм хангамжийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалан ажиллана.

                 3.5.2.9. таксийн үйлчилгээнд Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэн удирддаг зорчигч тээвэр, логистикийн мэдээллийн нэгдсэн сантай холбогдож, харилцан мэдээлэл солилцох бололцоотой хэд хэдэн мэдээллийн систем, програм хангамж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглаж болох ба эдгээрийг таксийн үйлчилгээний нэгдсэн удирдлага, хяналт, зохицуулалтын дор хэрэгжүүлнэ.ЗТХС-ын 2021 оны А/124-р тушаалаар өөрчилсөн.

       3.5.3. такси үйлчилгээний тээврийн хэрэгслийн тоолуурт заасан заалт, баримтыг үндэслэн зорчигч нь үйлчилгээний хөлсийг төлөх бөгөөд тээш тээвэрлэсний хөлсийг давхардуулан төлөхгүй.

          3.5.4. такси дуудлагын хүлээлгийн хугацаа, төлбөр нь тоолуурын заалтаар гарах бөгөөд төлбөрийг заалтын дагуу зорчигч төлнө. Хүлээлгийн хугацааны төлбөр нь 1 километрт зорчих төлбөрөөс бага байна.

          3.5.5.таксийн үйлчилгээний жолооч нь дараах үүргийг хүлээнэ:

                 3.5.5.1. үйлчилгээний явцад зорчигч болон түүний тээшийн аюулгүй байдлыг ханган ажиллана.

                 3.5.5.2. зорчигчийг хүргэхдээ аль болох дөт замыг сонгон явна.

                 3.5.5.3. таксийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд зорчигчийн хаясан, гээсэн эд зүйлийг зорчигчид өөрт нь эсвэл таксийн үйлчилгээний дуудлагын төвд хүлээлгэн өгнө.

                 3.5.5.4. дуудлагын жолоочийн үйлчилгээ эрхлэх иргэн нь таксийн үйлчилгээний дуудлагын төвд бүртгэлтэй байна.

          3.6. Жуулчин тээврийн үйлчилгээ:

                 3.6.1. Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь эрх олгогдсон байгууллагатай тээвэрлэлтийн гэрээ байгуулснаар жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулна.

                    3.6.2. Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь “Жуулчны автотээврийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5231:2003 Монгол Улсын үндэсний стандартад тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна

                     3.6.3. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журмын дагуу ангилал тогтоолгосон байгууллага нь жуулчин тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

                     3.6.4. Жуулчин тээврийн үйлчилгээг жуулчдын аяллын хөтөлбөрийн дагуу гүйцэтгэнэ.

            3.6.5. Жуулчин тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага нь дараах нэмэлт шаардлагыг хангасан байна. Үүнд:

                   3.6.5.1. эрх бүхий байгууллагаас тогтоосон ангиллын хүрээнд тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

                 3.6.5.2. аялал жуулчлалын байгууллагын захиалга, гадаадын жуулчны хүсэлтээр автотээврийн хэрэгслийг сонгож, үйлчилгээг авахыг хүссэн тохиолдолд тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй гэрээ байгуулсан байна.

                  3.6.5.3. тээвэрлэлтийн явцад байнгын мэдээлэл, холбоотой ажиллах, техникийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулна;

                 3.6.5.4. тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэл болон жолоочийн бэлэн байдлыг шалгасан баримтыг бүрдүүлэх, аяллын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгнө.

          3.6.6. Жуулчин тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нь дараах үүргийг хүлээнэ:

3.6.6.1. гадаад хэлний зохих мэдлэгтэй байх ба эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, чадвартай байна.

3.6.6.2. жуулчдыг суудалдаа бүрэн суусны дараа аялал эхлэхээс өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгыг хөтөчийн тусламжтайгаар өгнө.

    3.6.6.3. жуулчдад аяллын дагуух газар, нутгийн мэдээлэл, аяллын замын талаар холбогдох мэдээллийг өгнө.

                        3.6.6.4. жуулчин тээвэрт хөтөчгүйгээр тээвэрлэлт гүйцэтгэхгүй.

                        3.6.6.5. шөнийн цаг /22:00-06:00/-аар тээвэрлэлт эрхлэхгүй.

3.6.6.6. хил дамнан хийх зорилготой жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг олон улсын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу эрхэлнэ.

3.6.6.7. жуулчин тээврийн үйлчилгээг батлагдсан замнал, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэж, дамжин өнгөрөх хяналтын цэгүүдэд бүртгүүлнэ.

3.7. Хүүхэд тээвэрлэх үйлчилгээ:

            3.7.1. Хүүхэд тээвэрлэх үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь хүүхдийг тээвэрлэх тээвэрлэлтийн чиглэл, чиглэлийн зураглал, автотээврийн хэрэгслийн тоо, улсын дугаар, жолоочийн нэр, байгууллагын үйл ажиллагааны товч танилцуулга зэргийг бүрдүүлэн эрх олгогдсон байгуулагад албан хүсэлтээ тавьж, бүртгүүлнэ.

3.7.2. Хүүхэд тээвэрлэх үйлчилгээг Иргэний хуулийн 35 дугаар бүлгийн 381 дүгээр зүйлд заасны дагуу тээвэрлэлтийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

3.7.3. Хүүхэд тээвэрлэх үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь “Хүүхэд тээвэрлэх автобус. Автобус ба үйлчилгээнд тавих шаардлага” MNS 6440:2014 стандартын шаардлагыг бүрэн хангасан байна.

3.7.4. Хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан зааврын дагуу хүүхэд тээвэрлэлтийн үед ажиллах зохион байгуулагч, туслах зохион байгуулагч, хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, тавигдах шаардлагыг хангана. Ерөнхий боловсролын тусгай дунд сургуулийн хүүхдийн автобусанд тавигдах нэмэлт шаардлагыг тээвэрлэлтийн гэрээнд тусгасан байна.

3.7.5. Тээвэрлэлтийн явцад хүүхдүүдэд зөвлөмж, зааварчилгаа өгөх, хяналт тавих, хүүхдэд туслах үүрэг бүхий насанд хүрсэн хүн ажиллана.

3.7.6. Хүүхэд тээвэрлэх үйлчилгээнд ажиллах жолооч нь дараах үүргийг хүлээнэ:

3.7.6.1. тээвэрлэлтийн гэрээгээр тогтоосон чиглэл, чиглэлийн дагуух зогсоол болон цагийн хуваарийн дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

3.7.6.2. хөдөлгөөнд оролцох үед техникийн эвдрэл саатал гарсан тохиолдолд нэн даруй холбогдох байгууллагад мэдэгдэж, дараагийн автобус иртэл хүүхдийг автобуснаас буулгахгүй байна.

3.7.6.3. хөдөлгөөн эхлэхийн өмнө тээвэрлэлтийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх, хүүхэд болон зохион байгуулагчийн үүргийг танилцуулах, жолооч, зохион байгуулагч нар хүүхэд автобуснаас суух, буух үед хяналт тавьж ажиллана.

3.7.6.4. хүүхэд тээвэрлэх тээврийн хэрэгсэл дотор замналын зураг болон бусад санамжуудыг зохих стандартын дагуу бичиж байрлуулсан байх ба уг автобусаар зөвхөн хүүхэд тээвэрлэнэ.

3.8. Ажилчдыг тээвэрлэх үйлчилгээ ба бусад захиалгат үйлчилгээ:

3.8.1. Хотын дотор ажилчдыг тээвэрлэх үйлчилгээг эрхлэхдээ тээвэрлэлтийн чиглэл, чиглэлийн зураглал, автотээврийн хэрэгслийн тоо, улсын дугаар, жолоочийн нэр, байгууллагын үйл ажиллагааны товч танилцуулга зэргийг бүрдүүлэн эрх олгогдсон байгуулагад албан хүсэлтээ тавьж, бүртгүүлнэ.

3.8.2. Хот хоорондод ажилчдын болон захиалгат үйлчилгээг хүсэлт гаргасан байгууллагатай байгуулсан гэрээний дагуу замын хуудастай эрхлэх ба дамжин өнгөрөх автотээврийн  бүртгэлийн цэгт бүртгүүлж, тээвэрлэлт гүйцэтгэнэ.

3.8.3. Ажилчдыг тээвэрлэх үйлчилгээ ба бусад захиалгат үйлчилгээг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах эрх олгогдсон байгуулагатай хийсэн тээвэрлэлтийн гэрээний дагуу нийтэд үйлчилнэ.

3.8.4. Эрх бүхий байгууллага нь иргэн, байгууллагын захиалгыг албан бичгээр болон утсаар хүлээн авч бүртгэх ба захиалгын дагуу тээвэрлэлтийг зохион байгуулна.

3.8.5. Ажилчдыг тээвэрлэж байгаа болон бусад захиалгат үйлчилгээнд ажиллаж буй жолооч нь нийтийн тээврийн үйлчилгээний жолоочид тавигдах шаардлагыг нэгэн адил мөрдөгдөнө.

Дөрөв. Зорчигч тээврийн үйл ажиллагаанд

 оролцогч талууд

4.1. Эрх олгогдсон байгуулага:

4.1.1. “Эрх олгогдсон байгуулага” нь  тээврийн үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж, Автотээврийн тухай хууль тогтоомж болон энэхүү дүрэмд заасны дагуу тээвэрлэлтийг зохион байгуулах чиг үүрэгтэй, эрх бүхий байгууллагаас эрх олгогдсон байгууллага болно.

4.1.2. Эрх олгогдсон байгуулага нь дараах нийтлэг үүрэгтэй:

4.1.2.1. улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх ба байгууллагын дүрэмд тухайн чиг үүргийг тусгасан байна;

4.1.2.2. эрх олгосон байгууллагатай гэрээ байгуулж, гэрээний үүргийн биелэлтийг хангаж ажиллана;

4.1.2.3. Автотээврийн тухай хууль тогтоомж, дүрэм, журам болон тэдгээрийг хэрэгжүүлэхээр эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулна;

4.1.2.4. авто аж ахуйн зэрэглэл бүхий байгууллагатай Иргэний хуулийн 381 дүгээр зүйлд заасны дагуу тээвэрлэлтийн гэрээ байгуулж, энэхүү дүрэмд заасны дагуу зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулна;

4.1.2.5. улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн нэг чиглэлийн нэг эргэлтэнд нэг тээвэрлэгчийг ажиллуулна.

4.1.2.6. зорчигч тээврийн үйлчилгээний зөвшөөрөгдсөн чиглэлд энэхүү дүрмийн 3.1-д заасан тооцоо, судалгаа, тээврийн эрэлт, хэрэгцээг тооцолгүйгээр цагийн давтамж болон тээвэрлэгчийг нэмэх зэргээр аливаа өөрчлөлт хийхгүй;

4.1.2.7. улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн тухайн чиглэлд тээвэрлэлтийн эрэлт нэмэгдээгүй, суудал ашиглалтын коэффициентийн дундаж 0,90 доош тохиолдолд цагийн давтамжийг нэмэгдүүлэхгүй; ЗТХС-ын 2023 оны А/298-р тушаалаар хассан.

4.1.2.8. улс, хот хооронд, орон нутгийн зорчигч үйлчилгээнд тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээнд үндэслэн цагийн давтамжийг нэмэгдүүлсэн тохиолдолд уг чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэхгүй;

4.1.2.9. зорчигч тээврийн үйлчилгээг тээврийн төлөвлөлтөд үндэслэн зорчигчдоос бага хугацаа зарцуулж, ая тохитой, аюулгүй зорчих нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолоочийн хөдөлмөрийн хэвийн нөхцөл, автотээврийн хэрэгслийг оновчтой, үр ашигтай байх боломжийг бүрдүүлэх замаар зохион байгуулна;

4.1.2.10. зорчигч тээврийн үйлчилгээг зохицуулах, зохион байгуулах мэргэжлийн хүний нөөцтэй байна;

4.1.2.11. Олон улсын гэрээ, хэлэлцээр, Автотээврийн тухай хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөнө;

4.1.2.12. зорчигч тээврийн үйлчилгээний аюулгүй, найдвартай, хүртээмжтэй байдлыг хангана;

4.1.2.13. зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх болон ослын дараах тусламж, үйлчилгээг яаралтай үзүүлэх арга хэмжээг тухай бүр авна;

4.1.2.14. зорчигч тээврийн үйлчилгээнд итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулалт хийлгэн, “тохирлын гэрчилгээ” авсан аж ахуйн нэгж, байгууллагыг сонгох, үйлчилгээг гүйцэтгүүлнэ;

4.1.2.15. шаардлага хангасан тээвэрлэгч байгууллагатай Иргэний хуулийн 381 дүгээр зүйлд заасны дагуу тээвэрлэлтийн гэрээ байгуулж, энэхүү дүрэмд заасны дагуу зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулна.

4.1.2.16. зорчигч тээврийн үйлчилгээг энэхүү дүрмийн 3.1-д заасны дагуу төлөвлөх, зохион байгуулана;

4.1.2.17. зорчигч тээврийн үйлчилгээг үйлчилгээний батлагдсан замнал, цагийн хуваарийн дагуу зохион байгуулах;

4.1.2.18. зорчигч тээврийн үйлчилгээг тээврийн бусад төрлүүд (төмөр зам, агаарын тээвэр, усан замын тээвэр)-тэй уялдуулан зохион байгуулана;

4.1.2.19 үйл ажиллагааны орлогын тодорхой хэсгийг зорчигч тээврийн үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад зарцуулана;

4.1.2.20. зорчигч тээврийн үйлчилгээний гүйцэтгэлийн мэдээ, тайланг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад сар, улирал, хагас жил, жил тутамд гаргаж өгнө;

4.1.2.21. зорчигч тээврийн үйлчилгээний орлого, зарлагын мэдээ, тайланг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад сар, улирал, хагас жил, жил тутамд гаргаж өгнө;

4.1.2.22. тээвэрлэлтийн гэрээ болон үйлчилгээтэй холбоотой асуудлаар тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигчоос гомдол, саналыг хүлээн авч, хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.

4.2.Тээвэрлэгч нь дараах үүргийг хүлээнэ:

4.2.1. Иргэний хууль, Автотээврийн тухай хууль болон Шуудангийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн тээвэрлэлтийн гэрээг эрх олгогдсон байгуулагатай байгуулсны үндсэн дээр зорчигч тээврийн үйлчилгээг гүйцэтгэнэ.

4.2.2.Үйлчилгээний нөхцөл, тээвэрлэгч-жолоочийн үйлчилгээнд гарах, буух, түр зогсох нөхцөл, шалгах механик, инженер, засварын инженер, техникийн ажилчдын ажлын нөхцөлийг багтаасан ажлын байрны тодорхойлолт боловсруулан, батлуулж, мөрдөж ажиллана.

4.2.3. Инженер, техникийн ажилтан, мэргэшсэн жолооч, засварын ажилтан ажилтан зэрэг мэргэжлийн хүний нөөцтэй байна.

4.2.4. Инженер, механик нь автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцлийг хэрхэн хангасныг шалгаж, замын хуудсыг баталгаажуулна.

4.2.5. Ажилд гарахын өмнө жолоочийг эмчийн үзлэгт заавал хамруулж, замын хуудаст зохих тэмдэглэгээг хийнэ.

4.2.6. Зорчигч тээврийн үйлчилгээг ая тохитой, аюулгүй байдлыг ханган гүйцэтгэх ба жолоочийн хөдөлмөрийн хэвийн нөхцлийг хангана.

4.2.7. Улс, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд бага насны хүүхдийг тээвэрлэхдээ хүүхдийн суудлыг ашиглан тээвэрлэх ба тээвэрлэгч нь хүүхдийг аюулгүйн суудлаар хангана.

4.2.8. Жолоочид аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, үйлчилгээнд гаргах, үйлчилгээний явцад зорчигчдод тээвэрлэлтийн талаарх болон эрх, үүрэг, аюул осолгүй тээвэрлэлтэд оролцох талаар шаардлагатай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулна.

4.2.9. Тээвэрлэлтийн гэрээ болон үйлчилгээтэй холбоотой асуудлаар хууль ёсны шаардлага тавьж, шийдвэрлүүлнэ.

4.2.10. Тээвэрлэлтэд гарсан хүндрэл, бэрхшээлийн талаар тухай бүр эрх олгогдсон байгуулагад мэдэгдэж, шаардлагатай туслалцаа авна.

4.2.11. Тээвэр зохион байгуулалтын чиглэлээр санал гаргана.

4.2.12. Автотээврийн асуудал эрхэлсэн төв болон орон нутгийн байгууллагаас үйлчилгээтэй холбоотой хууль, эрх зүйн зөвлөгөө авна.

4.2.13. Байгалийн гамшиг болон хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, гал түймэр унтраах, улсын аюулгүй байдлыг хангахтай холбоотой хойшлуулшгүй ажилд автотээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд хурдан шуурхай гаргаж өгнө.

4.2.14. Автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засварыг тогтоосон горимын дагуу гүйцэтгэж, ашиглалтын хувийн хэрэг хөтөлнө.

4.2.15. Тээвэрлэлтийн хөдөлгөөний бүртгэл хөтлөн, хөдлөх бүрэлдэхүүний техникийн ашиглалт, бэлэн байдлын коеффициентийг гаргаж, шугам замын хуваарийг төлөвлөнө.

4.2.16. Зорчигч тээвэрлэж яваа автотээврийн хэрэгсэл замд эвдэрч саатвал зорчигчдыг зохих газар нь хүргэх, автотээврийн хэрэгсэлд техникийн тусламж үзүүлэх арга хэмжээг яаралтай авна.

4.2.17. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдын амь нас, эрүүл мэнд, эд зүйл болон тээврийн хэрэгсэлд аюул хохирол учруулж болзошгүй химийн болон аюултай бодис, түүнчлэн буу зэвсэг, мал, тэжээвэр амьтан тээвэрлэхгүй.

4.3. Тээвэрлүүлэгч нь дараах эрх, үүрэгтэй:

4.3.1. Тээвэрлүүлэгчийн дараах эрхтэй:

4.3.1.1. зорчигч тээврийн хэрэгслийг бэлэн байлгахыг тээвэрлэгчээс шаардана.

4.3.1.2. тээвэрлэлтийн гэрээ болон үйлчилгээтэй холбоотой асуудлаар хууль ёсны шаардлага тавьж, шийдвэрлүүлнэ.

4.3.1.3. автотээврийн асуудал эрхэлсэн төв болон орон нутгийн байгууллагаас үйлчилгээтэй холбоотой хууль, эрх зүйн зөвлөгөө авна.

4.3.1.4. улс, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд зорчигч нь урьдчилан худалдан авсан зорчих тасалбарыг буцаах бол тээвэрлэгчээс тогтоосон үйлчилгээний хөлсийг суутган, тасалбарын үнийг эргүүлэн авч болно.

4.3.2. Тээвэрлүүлэгч дараах үүрэгтэй:

4.3.2.1. орчигч тээврийн үйлчилгээний хөлсийг төлнө.

4.3.2.2. тээвэрлэгчийн хөдөлмөрийг хүндэтгэх, тэднээс үүргээ биелүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүст суудал тавьж өгөх, бууж суухад нь тусална.

4.3.2.3. улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд зорчигч нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчин явах хугацаандаа иргэний үнэмлэх, холбогдох бусад бичиг баримт, зорчигчийн тасалбарыг биедээ авч явах ба жолооч болон шалгах эрх бүхий хүмүүсийн анхны шаардлагаар үзүүлнэ.

4.3.2.4. хотын дотор болон хот орчим, аймгийн төвийн доторх зорчигч тээврийн үйлчилгээнд зорчигч нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчин явах хугацаандаа цахим карт, дагалдах бичиг баримтыг биедээ авч явах ба жолооч болон шалгах эрх бүхий хүмүүсийн анхны шаардлагаар үзүүлнэ.

4.3.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдын амь нас, эрүүл мэнд, эд зүйл болон тээврийн хэрэгсэлд аюул хохирол учруулж болзошгүй химийн болон аюултай бодис, түүнчлэн буу зэвсэг, мал, тэжээвэр амьтан тээвэрлүүлэхгүй.

4.3.2.6. нийтийн тээврийн хэрэгсэл дотор тамхи татах, хог хаях, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, жолооч, кондукторын зөвшөөрөлгүй цонх, хаалга онгойлгох, хөдөлгөөний үеэр жолоочтой ярих болон хөдөлгөөний аюулгүй байдалд харшлах үйлдэл хийхгүй.

4.3.2.7. зорчих замд түр бууж амрах, буудал товчоонд бүртгүүлэх, хоноглох үед байгаль орчныг бохирдуулах зөрчил гаргахгүй байна.

4.4. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний жолооч нь дараах үүргийг хүлээнэ:

4.4.1. Үйлчилгээний явцад жолооч нь тээврийн хэрэгслийн техникийн болон хөдөлгөөний, мөн зорчигчийн аюулгүй байдлыг хангана.

4.4.2. Батлагдсан тээвэрлэлтийн чиглэлийг /замнал/ зөрчихгүй.

4.4.3. Автобусанд багтаамжаас илүү зорчигч тээвэрлэх, зорчигчийн танхимд зорчигч байх үед автобусыг эзгүй орхих, замналын дагууд тогтоосон автобусны буудлаас өөр газар зогсоох, хөдөлгөөний үед огцом тоормослох, тамхи татах, хөдөлгөөнд оролцох үедээ гар утсаар ярих зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй.

4.4.4. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдын амь нас, эрүүл мэнд, эд зүйл болон тээврийн хэрэгсэлд аюул, хохирол учруулж болзошгүй химийн болон аюултай бодис тээвэрлэхгүй.

4.4.5. Нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн зорчигчийн зааланд мал, тэжээвэр амьтан, шувуу тээвэрлэхгүй.

4.4.6. Жолооч нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг батлагдсан замнал, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэж, дамжин өнгөрөх хяналтын цэгүүдэд бүртгүүлнэ.

4.4.7. Жолооч нь үйлчилгээнээс буухдаа тээврийн хэрэгсэлд шаардлагатай түлш, тослох материалыг авч, тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг инженер, механикаар шалгуулж, тэмдэглэлийг хөтөлж, баталгаажуулна.

 

Тав. Шуудан тээвэрлэлт

5.1. Тээвэрлэгч нь шуудангийн байгууллагатай хийсэн гэрээний үндсэн дээр шууданг хот хоорондын болон орон нутгийн нийтийн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

5.2. Шуудан тээврийн хөлсийг гэрээгээр тогтооно.

5.3. Тээвэрлэж байгаа шууданг хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, саатуулсны хариуцлагыг гэм буруутай ажилтан холбогдох хууль тогтоомж болон тээвэрлэгч, шуудангийн байгууллагын хооронд байгуулсан шуудан тээвэрлэлтийн гэрээний үндсэн дээр хүлээнэ.

Зургаа. Тээвэрлэлтийн гэрээ

6.1. Тээвэрлэлтийн гэрээг Автотээврийн тухай хууль, Иргэний хуульд нийцүүлэн эрх олгогдсон байгууллага, тээвэрлэгчтэй байгуулна.

6.2. Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд тээвэрлэлтийн гэрээг зорчигчийн тогтмол тээвэрт 5 буюу түүнээс дээш жилээр, зорчигчийн тогтмол бус тээвэрт тээвэрлэлт гүйцэтгэх хугацаанд нийцүүлэн тус тус хийнэ.

6.3. Хотын доторх болон хот орчимд, аймгийн төвийн доторх зорчигч тээврийн үйлчилгээнд тээвэрлэлтийн гэрээг 3 хүртэлх жилийн хугацаагаар хийнэ.

6.4. Тээвэрлэлтийн гэрээг тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч (эрх олгогдсон байгууллага, тээвэрлэгч, автобуудлын захиргаа, тээвэрлүүлэгч г.м.) талуудыг хамруулан дүгнэж, тайлангийн хурлыг жил бүр зохион байгуулна.

 

Долоо. Зорчигч тээврийн дэд бүтэц

7.1. Зорчигч тогтмол тээврийн үйлчилгээг дараах дэд бүтцийн байгууламжуудыг ашигланзохион байгуулж,гүйцэтгэнэ.

7.1.1. зорчигч тээврийн автобуудал;

7.1.2. зорчигч тээврийн терминал;

7.1.3. авто замын дагуух үйлчилгээний байгууламж;

7.1.4. Нийтийн тээврийн автобусны зогсоол.

 

            Найм. Зорчигч тээврийн хөлс, хөнгөлөлт, нөхөн олговор, тасалбар түгээлт, буцаан олголт

8.1. Зорчигч тээврийн хөлс, хөнгөлөлт, нөхөн олговор

8.1.1. Зорчигч нь тээврийн хөлсийг дараах байдлаар төлнө.

8.1.1.1. бэлнээр;

8.1.1.2. цахимаар;

8.1.1.3. картаар;

8.1.1.4. бусад хэлбэрээр.

8.1.2. Зорчигч тээврийн үйлчилгээний төлбөрийн цахим систем нь улсын хэмжээнд нэгдмэл байна.

8.1.3. Нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчих хөлс төлсөн төлбөрийн баримт нь тээвэрлэгч, зорчигч хоёрын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулсныг нотлох бичиг баримт бөгөөд эрх бүхий байгууллагаас батлагдсан загварын дагуу үйлдэгдсэн байна.

8.1.4. Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн хөлсийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жишиг тарифт нийцүүлэн тээвэрлэлтийн гэрээгээр тогтооно.

8.1.5. Жуулчин болон захиалгат тээврийн хөлсийг тээвэрлэгч, тээвэрлүүлэгч хоорондын тээвэрлэлтийн гэрээгээр зохицуулна.

8.1.6. Аймаг, нийслэлийн доторх нийтийн тээврийн хэрэгслээр хүүхэд, оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэхдээ Автотээврийн тухай, Боловсролын тухай хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль ба Цагдаагийн албаны тухай хууль эдгээр хуультай нийцүүлэн гарсан холбогдох журмуудыг тус тус баримтална.

8.1.7. Аймаг, нийслэлийн доторх нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр зорчих иргэдийн нөхөн олговор олгох журам, нөхөн олговрын төсвийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн дагуу аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлнэ.

8.1.8. Хотын доторх  болон хот орчим, аймгийн төвднийтийн зорчигч тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг хөнгөлөлттэй үнээр тээвэрлэнэ.

8.1.9. Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд 0-5 насны хүүхдийг үнэ төлбөргүйгээр эцэг эхийн асрамжинд, мөн 6-12 хүртэлх насны хүүхдийг том хүний 50 хувийн тарифаар  суудал эзэмшүүлж тээвэрлэнэ. 

8.1.10. Нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр харааны бэрхшээлтэй иргэдийн хөтөч нохойг үнэ төлбөргүй тээвэрлэнэ.

8.2. Тасалбар түгээлт ба буцаан олголт

8.2.1. Улс, хот хооронд, орон нутгийн болон хотын доторх, хот орчмын зорчигч тээврийн үйлчилгээний зорчих тасалбар (төлбөрийн цахим карт)-ыг иргэдийн эрэлтэд нийцүүлж авто буудал, зорчигчийн терминал, автобусны зогсоол болон худалдаа үйлчилгээний төв, бусад газруудад худалдаалах, цэнэглэх, эсхүл цахим шуудангаар урьдчилан худалдаалах зэргээр зохион байгуулна.

8.2.2. Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд автобусаар зорчих тасалбарт явах, хүрэх буудал, зорчих суудлын дугаар, явах огноо, цаг минут, зорчигчийн тоо, тариф үнэлгээ, зорчигчийн нэр, регистрийн дугаар, олгосон огноо, цаг минутыг тус тус бичнэ. Тасалбарын ар талд зорчигчид зориулсан санамж байна. Тухайн тээвэрлэгчээс нийтэд зарласан нэмэлт үйлчилгээний мэдээлэл байж болно.

8.2.3. Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд сул суудал байгаа тохиолдолд энэ талаарх мэдээллийг хүлээн авсны үндсэн дээр тухайн чиглэлийн дагуух дундын зогсоол дээр зорчигчдод зорчих тасалбар бичиж үйлчилж болно.

8.2.4. Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд тасалбар худалдаалах үйл ажиллагааг автобус хөдлөхөөс 15 минутын өмнө зогсооно. Тасалбар худалдаалах газрын байршлаас хамаарч авто буудлын дарга энэхүү хугацааг өөрчилж болно.

8.2.5. Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд зорчигч тээвэрлэлтийн гэрээг цуцалсан тохиолдолд дор дурдсанаас ихгүй үйлчилгээний хөлсийг суутган авна.

8.2.5.1. автобус хөдлөхөөс өмнө 2-24 цагийн дотор буцаавал нийт төлбөрийн 10 хувь,

8.2.5.2. автобус хөдлөхөөс өмнө 2 хүртэл цагийн  дотор буцаавал нийт төлбөрийн 20 хувь,

8.2.5.3. автобус хөдөлснөөс хойш зорчигч тасалбараа буцаах тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.ЗТХС-ын 2023 оны А/298-р тушаалаар өөрчилсөн

8.2.5.4. төлбөрийн буцаалтыг тасалбар борлуулсан газраас, цахимаар тасалбар авсан тохиолдолд төлбөр хийгдсэн байгууллагаас ажлын 3 хоногт багтаан зорчигчдод олгоно.

8.2.6. Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлэхээр тасалбар худалдан авсан зорчигч нь хуваарьт цагаас хоцорсон бол 8 цагийн дотор тээвэрлэгчээс тогтоосон үйлчилгээний хөлсийг нэмж төлөн дараагийн хуваарьт тээврийн хэрэгслээр зорчих, эсхүл тээвэрлэгчээс дээр тогтоосон үйлчилгээний хөлсийг суутган, зорчих тасалбарын үнийн үлдсэн хэсгийг буцаан авч болно.

8.2.7. Хэрэв зорчигч нь замдаа өвдөх зэрэг хүндэтгэх шалтгаанаар цааш явж чадахгүйд хүрвэл замын үлдсэн зайд ногдох зардлыг буцаан авна.

8.2.8. Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд зорчигч тасалбараа үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тохиолдолд тасалбар худалдан авсан зорчигчийн талаарх мэдээлэл тасалбар түгээлтийн мэдээллийн санд бүртгэгдсэн эсэхийг баталсны үндсэн дээр иргэний биеийн байцаалттай тулган тасалбарын үнийг дахин төлүүлэхгүйгээр, тасалбар нөхөн олгохтой холбоотой үйлчилгээний нэмэлт хураамжийг төлүүлэн, зорчигчид зорчих тасалбарыг нөхөн олгож болно.

8.2.9. Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд зорчих тасалбарт нэр нь бичигдсэн зорчигч уг тасалбараар үйлчлүүлнэ. Аяллын дундуур зорчих тасалбарыг дур мэдэн бусдад шилжүүлэхгүй ба хэрэв шилжүүлсэн бол хүчингүйд тооцно.

8.2.10. Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд зорчих тасалбар түгээлтийн цэг нь доорх тохиолдолд зорчих тасалбар худалдахаас татгалзах эрхтэй:

8.2.10.1. нийтийн зорчигч тээврийн хэрэгсэлд сул суудал байхгүй бол;

8.2.10.2. иргэний үнэмлэхгүй болон биеийн байцаалтгүй бол;

8.2.10.3. согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн этгээд;

8.2.10.4. асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй дараах этгээд:

  • 0-11 насны хүүхэд;
  • хүнд өвчтэй зорчигч.

 

Ес. Зорчигчийн гар тээш, тээш, шуудан, илгээмжийг

 хүлээн авах, бүртгэх, хадгалах, тээвэрлэх, олгох

9.1. Автобуудал болон авто замын дагуух үйлчилгээний байгууламж нь зорчигчийн тээш, илгээмжийн ачаа хүлээн авах, хадгалах, олгох стандартын шаардлага хангасан тусгайлсан байртай байна. Уг байраар дамжуулан дараах ачааг хүлээн авах, бүртгэх, хадгалах, тээвэрлэх, хүлээн авагчид олгох үйлчилгээг зохицуулна. Үүнд:

9.1.1. зорчигчийн гар тээш;

9.1.2. зорчигчийн тээш;

9.1.3. илгээмж;

9.1.4. шуудан.

9.2. Зорчигчийн тээш, илгээмж хүлээн авах, хадгалах, олгох байрны ажиллах цагийн хуваарь, тээш, илгээмж хүлээн авах, хадгалах нөхцөл шаардлагын талаарх мэдээллийг нийтэд үзэгдэхүйц газарт байрлуулна.

9.3. Зорчигчийн тээш, илгээмжийг зорчигч болон илгээгчээс хүлээн авах, бүртгэх, тээвэрлэлтэд бэлтгэх, хүлээн авагчид олгохдоо QR болон зураасан код зэрэг үйлчилгээний хялбаршуулсан нөхцөл, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг ашиглана.

9.4. Зорчигчийн тээш, илгээмж хүлээн авах, хадгалах, олгохдоо зорчигч болон иргэний биеийн байцаалтыг үндэслэн сав, баглаа боодлын  битүүмжийг шалгаж, холбогдох бичиг баримтыг үйлдэнэ. Зорчигчийн тээш, илгээмж хүлээн авсан тасалбар, төлбөрийн баримтын хамтаар зорчигч болон илгээгчид олгоно.

9.5. Нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчиж яваа зорчигчийн тээш нь тухайн тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт тээвэрлэж болох зөвшөөрөгдөх хэмжээнээс овор хэмжээ, жингийн хувьд их бол тусгайлсан тээш тээвэрлэх автомашинаар тээвэрлэн хүргэнэ. 

9.6. Гар тээш тээвэрлэх:

9.6.1. Зорчигчийн гар тээш нь 60х30х20 см-ээс илүүгүй овор хэмжээтэй, 15 кг –аас хэтрэхгүй жинтэй байна.

9.6.2. Гар тээш нь сав, баглаа, боодлын байдлаас үл хамааран хэмжээгээр автобусны доторх гар тээшний байранд хялбар багтах, бусад зорчигчдод саад болохооргүй байна.

9.6.3. Гар тээшинд зорчигчийн аяллын туршид хэрэглэх хүнсний болон хувийн хэрэгцээний эд зүйлс, ариун цэврийн хэрэглэл, ахуйн зориулалттай бараа орно.

9.6.4. Гар тээшний бүрэн бүтэн байдлыг зорчигч өөрөө хариуцна.

9.6.5. Зорчигчдын амь нас, эрүүл мэнд, эд зүйл болон тээврийн хэрэгсэлд аюул хохирол учруулж болзошгүй химийн болон аюултай бодисыг гар тээшинд авч явахыг зөвшөөрөхгүй.

9.7. Зорчигчийн тээш хүлээн авах ба тээвэрлэх

9.7.1. Бүх автобуудлууд, зорчигчийн терминал болон авто замын дагуух үйлчилгээний байгууламжинд зорчигчийн тээш хүлээн авах, бүртгэх, тээвэрлэх, хадгалах, олгох үйл ажиллагаа явагдана.

9.7.2. Зорчигчоос хүлээн авах тээш нь ачих, буулгах, зөөвөрлөхөд хялбар бариултай, сав, баглаа, боодол нь тээвэрлэлтийн явцад тээшийн бүрэн бүтэн байдлыг найдвартай хангахаар зохих дүрэм, журам, зааврын дагуу бэлтгэгдсэн байна.

9.7.3. Зорчигчийн тээшийн сав, баглаа, боодол нь бат бэх, цоож нь гэмтэлгүй байх шаардлагыг хангасан байна.

9.7.4. улс хооронд зорчигч тээврийн хэрэгслээр Олон улсын хэлэлцээрт тусгагдсны дагуу зорчиж буй зорчигчийн тээш нь 60х40х20 см-ээс илүүгүй овор хэмжээтэй, 30 кг-аас хэтрэхгүй жинтэй байна.

9.7.5. хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчиж буй зорчигчийн тээш нь 60х40х20 см-ээс илүүгүй овор хэмжээтэй, 20 кг-аас хэтрэхгүй жинтэй байна. Зорчигч нь энэхүү хэмжээнээс хэтэрсэн тээш авч явбал тогтоосон тарифын дагуу ачааны хөлсийг төлнө.

9.7.6. Зориулалтын бус, шаардлага хангаагүй сав, баглаа, боодолтой тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй. Зорчигчдын амь нас, эрүүл мэнд, эд зүйл болон тээврийн хэрэгсэлд аюул хохирол учруулж болзошгүй химийн болон аюултай бодис, мал, тэжээвэр амьтан, шувуу, амьтны гаралтай түүхий эд авч явахыг зөвшөөрөхгүй.

9.7.7. Зорчигчийн зорчих тасалбарт заасан эцсийн цэг хүртэл тээшийг тээвэрлэх ба хүлээн авах цэгийн байршлаас хамаарч автобус хөдлөхөөс нэг цагийн өмнө тээшийг тээвэрлэлтэд хүлээн авна.

9.7.8. Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээвэрлэлтэд зорчигчийн тээшийг тухайн зорчигчийг тээвэрлэж буй автобусаар тээвэрлэнэ. Зорчигчийн тээш хүргэх хугацааг нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн үйлчилгээний цагийн хуваарьт нийцүүлэн тогтооно.

9.7.9. Тээшийн сав баглаа, боодол нь тухайн эд зүйлийн аюулгүй тээвэрлэх шаардлагыг хангасан байх, ачилтын үед бүрэн бүтэн байдлыг хангасан байна. Хагарч эвдрэх эд зүйлс бүхий тээшинд тухайлсан тэмдэг наах ба наалт бүхий тээш, илгээмжийг тээвэрлэгч анхаарал болгоомжтой тээвэрлэх үүргийг хүлээнэ.

9.7.10. Тээвэрлэлтийн явцад тээшний бүрэн бүтэн, аюулгүй байдлыг тээвэрлэгч хариуцна.

9.7.11. Улс, хот хооронд, орон нутгийн тээвэрлэлтэд нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчигчийн авч яваа 0-2 насны нялх хүүхдийн хэрэглэж буй хүүхдийн тэрэг, хөлд оруулагч зэрэг шаардлагатай зүйлс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэрийг үнэ төлбөргүй тээвэрлэнэ.

9.7.12. Тээшийн хүндийн жин ачааны дагалдах бичигт зааснаас илүү байвал аяллын замд ба хүрэх газрын автобуудал, зорчигчийн терминал, авто замын дагуух үйлчилгээний байгууламжид акт үйлдэн, тээврийн хөлсний зөрүүг зорчигчоос шаардаж авна.

9.7.13. Зорчигч тээшийг хадгалуулахдаа тогтоосон тарифын дагуу зохих хөлсийг төлнө.

9.7.14. Зорчигчдод тээшний тасалбарыг зорчигчийн тасалбараас тусад нь олгох бөгөөд уг тасалбарыг үндэслэн ачааг олгоно. Хэрэв зорчигч тээшний тасалбарыг гээгдүүлсэн үед тээшийг хүлээн авах эрх бүхий этгээд мөн гэдгийг нотолсны үндсэн дээр тухайн иргэнд тээшийг олгоно.

9.8. Илгээмж хүлээн авах ба тээвэрлэх

9.8.1. Автобуудал, зорчигчийн терминал болон авто замын дагуух үйлчилгээний байгууламжинд илгээмжийг хүлээн авах, бүртгэх, тээвэрлэх, хадгалах, олгох үйл ажиллагаа явагдана.

9.8.2. Илгээмж хүлээн авагч нь илгээмжийг 3 хувь баримт үйлдэн авах ба баримтын нэг хувийг илгээмж илгээгчид, нөгөө хувийг илгээмжийн хамтаар нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн жолоочид хүлээлгэн өгнө.

9.8.3. Энэхүү дүрмийн 9.8.1.-д заасан байгууламжаар бүртгэгдээгүй илгээмжийг нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн жолооч шууд хүлээн авахгүй.

9.8.4. Илгээмж нь сав, баглаа, боодол нь тэдгээрийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцлийг хангасан байна. Хагарч эвдрэх илгээмжинд тухайлсан тэмдэг наах ба уг наалт бүхий илгээмжийг тээвэрлэгч анхаарал болгоомжтой тээвэрлэх үүрэгтэй.

9.8.5. Илгээмжийн хүндийн жин 30 кг-аас, хэмжээ нь 0, 144 м3-ээс хэтрэхгүй байна. Энэхүү хэмжээнээс хэтэрсэн илгээмжийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй. 

9.8.6. Тээвэрлэлтийн явцад илгээмжийн бүрэн бүтэн байдлыг тээвэрлэгч хариуцна.

9.8.7. Илгээмжийг тээш хүлээн авагч 72 цагаас дээш хугацаагаар хадгалахгүй.

9.8.8. Илгээмжийг хүрэх газарт хүрмэгц хүлээн авагч нь шалгаж, хүлээн авах ба харилцаа холбооны хэрэгслээр хүлээн авагчид мэдэгдэн, хүлээн авагчийн мөн эсэхийг нотлох бичиг баримт эсвэл иргэний үнэмлэхийг шалган, дагалдах бичиг баримтыг тулган үзсэний үндсэн дээр олгоно.

9.9. Тээш, илгээмж үрэгдэх:

9.9.1. Хадгалуулахаар өгсөн гар тээш, тээш илгээмж үрэгдвэл автобуудал болон авто замын дагуух үйлчилгээний байгууламжийн дарга тэмдэглэл үйлдэж, тээш хадгалуулсан эзэнд хохирлыг барагдуулна. Барагдуулсан хохирлыг иргэн хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.

9.9.2. Алдагдсанд тооцсон гар тээш, тээш, илгээмжийн ачаа олдвол өмнө нь эзэнд нь төлсөн төлбөрөө эргүүлэн авч, гар тээш, тээшийг олгоно.

9.9.3. Гар тээш, тээш, илгээмжийн ачаа хадгалуулсан баримтыг зорчигч, иргэн нь үрэгдүүлсэн тохиолдолд өөрийн эд зүйл болохыг нотолсон баримт бичгийг бүрдүүлэх бөгөөд түүнийг хянан үзсэний үндсэн дээр олгож болно. Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг тээвэрлэгч өөрийн дотоод журмаар зохицуулна.

9.9.4. Илгээмжээс бусад зорчигчийн гар тээш, тээшийг 5 хүртэлх хоногийн хугацаатайгаар хадгалах байранд хүлээн авах ба 30 хоногийн дотор авахгүй тохиолдолд мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөх ба автотээврийн байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран комиссыг томилж, уг гар тээш, тээш, мөн илгээмжийн ачааг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдан борлуулж, хадгалалтын гэрээний хөлсийг нөхөн төлүүлнэ.

Арав. Зорчигч тээврийн үйлчилгээний даатгал,

аюулгүй байдал

10.1. Тээвэрлэгч нь зорчигчийн амь нас, эрүүл мэнд болон тээшинд учирч болзошгүй хохирлыг хариуцах зорилгоор Иргэний хууль, Даатгалын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль, Автотээврийн тухай хуультай нийцүүлэн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж ажиллана.

10.2. Улс хооронд, хот хооронд, орон нутгийн зорчигч тээвэр, жуулчин тээвэр, захиалгат үйлчилгээгээр үйлчлүүлж буй зорчигч нь өөрийн амь нас, эрүүл мэнд, тээшийг даатгалд даатгуулсан байна.

 

Арван нэг. Зорчигч тээврийн үйлчилгээний хяналт шалгалт, гомдол шийдвэрлэх

11.1. Зорчигч тээврийн үйлчилгээтэй холбоотой тээвэрлэгч, тээвэрлүүлэгч болон зорчигчийн гомдол, санал, хүсэлтийг эрх олгогдсон байгууллагууд болон автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага нь дараах байдлаар хүлээн авна.

11.1.1. биечлэн ирж мэдүүлэх;

11.1.2. утсаар мэдүүлэх;

11.1.3. албан бичиг, өргөдлөөр мэдүүлэх;

11.1.4. цахимаар мэдүүлэх.

11.2. Тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн болон тээврийн хэрэгслийн жолоочийн ёс зүй, үйлчилгээний доголдолтой холбоотой зорчигчийн гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, хянан үзэж, 3-7 хоногийн дотор барагдуулна.

11.3. Зорчигчийн тээш хадгалалт, үрэгдүүлсэнтэй холбоотой гомдлыг хүлээн авч, хянан үзэж, үүссэн гомдлыг 7 хоногт барагдуулна.

11.4. Аливаа гомдлын дагуу автотээврийн хяналтын улсын байцаагч хяналт,  шалгалтыг явуулж, холбогдох этгээдэд хариуцлага тооцож, энэ тухай 14 хоногийн дотор гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.

11.5. Автотээврийн хяналтын улсын байцаагч нь энэхүү дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг илрүүлж таслан зогсоох,  илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авна.

 

Арван хоёр. Зорчигч тээврийн үйлчилгээний мэдээлэл,

удирдлага хяналтын нэгдсэн систем

12.1. Нийслэл, аймаг, орон нутгийн автотээврийн байгууллагууд нь зорчигч тээврийн үйлчилгээний цахим мэдээлэл, удирдлага хяналтын тээврийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байна.

12.2. Зорчигч тээврийн үйлчилгээний цахим мэдээлэл, удирдлага хяналтын нэгдсэн сүлжээ нь нэгдмэл байх ба үйл ажиллагааг удирдлага хяналтын нэгдсэн төв хэрэгжүүлнэ.

12.3. Мэдээллийн нэгдсэн системийн тусламжтайгаар зорчигч тээврийн үйлчилгээний мэдээллийг цуглуулан, бүртгэлжүүлнэ.

12.4. Удирдлага хяналтын нэгдсэн системийн тусламжтайгаар дараах үйл ажиллагааг зохицуулна.

12.4.1. тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалт (автобуудал, авто замын дагуух үйлчилгээний байгууламж, зорчигчийн терминалаас явах, ирэх, тээвэрлэлтийн явцад)-ыг хянах;

12.4.2. нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн батлагдсан замнал, үйлчилгээний цагийн хуваарийг хянах;

12.4.3. тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хянах, аяллын туршид тээврийн хэрэгслийн хурдны мэдээллийг тээврийн хэрэгслийн жолооч нарт мэдээлэх, холбогдох арга хэмжээг авах;

12.4.4. тээврийн хэрэгслийн саатлыг хянах, мэдээлэх, холбогдох арга хэмжээг авах;

12.4.5. авто замын болон цаг агаарын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн техникийн болон зорчигчдын аюулгүй байдал, тээвэрлэлтийн талаарх мэдээллийг шаардлагатай тохиолдолд тээвэрлэгч болон жолооч, зорчигчдоос авах;

12.4.6. тээврийн хэрэгслийн жолоочид зам тээврийн осол, саатлаас урьдчилан сэргийлэх тухай зөвлөмжийг аяллын туршид өгөх;

12.4.7. тээврийн хэрэгслийн жолооч аяллын замын дагууд зорчигч буух, суух тохиолдолд энэ талаарх мэдээллийг системийн ажилтанд тухай бүр мэдээлэх;

12.4.8. автотээврээр гүйцэтгэж буй жуулчин тээврийн үйлчилгээг хянах, шаардлагатай тохиолдолд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр хангах;

12.4.9. удирдлага хяналтын нэгдсэн системээр тээвэрлэгч өөрийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний мэдээллийг харах, хянах.

12.5. Удирдлага хяналтын нэгдсэн төв нь цаг агаар, замын нөхцөл байдал хүндрэх, осол саатал, байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдоход улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд шуурхай зохицуулалт хийнэ.

12.6. Удирдлага хяналтын нэгдсэн төв нь зорчигч тээврийн үйлчилгээний мэдээлэл, үйл ажиллагааны тайланг сар тутам автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

Арван гурав. Дүрэм зөрчигчдөд хүлээх хариуцлага

Энэ дүрмийн зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

---оОо---