A

A

A

Бүлэг: 1979

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

 2020 оны 04 дүгээр тогтоолын хавсралт

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь тус сумын бэлчээрийг нөөц, даацад нь тохируулан зохистой ашиглаж байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, бэлчээрийн ашиглалтыг экологийн чадавхид суурилсан аргачлалаар төлөвлөх, уг төлөвлөгөөний дагуу улирлын хуваарьтайгаар, зүй зохистой ашиглаж, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд сумын нутгийн удирдлага, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.Монгол Улсын Үндсэн хуулийн (6), Иргэний хуулийн (36.1, 36.2, 36.4), Төсвийн тухай хуулийн (58.4, 58.5), Газрын тухай хуулийн (29, 30.2, 30.1, 31-33, 33.1.2, 50.1.1, 53.4,5, 27.6, 52.2, 52.3, 52.5, 63.1.8 ), Малын генетик нөөцийн тухай хуулийн ( 8.3.6 ), Газрын төлбөрийн тухай хуулийн (4-р зүйл, 6.1.1, 6.2, 6.4, 7.1.1), Тариалангийн тухай хуулийн (24 дүгээр зүйл), Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хуулийн (4.4.2.), Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн (37), МУ-ын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоол (тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай) болон холбогдох бусад хууль тогтоомжууд, түүнтэй нийцүүлэн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-т заасныг үндэслэн энэхүү журмыг боловсруулав.

1.3.Энэхүү журмыг сумын хэмжээнд дагаж мөрднө.

1.4.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдох арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг “Төсвийн тухай хууль”-ийн 58.4.5, 58.4.6-д заасны дагуу сумын төсөвт жил бүр тусгана.

1.5.Газрын тухай хуулийн 50.1.1-т заасны дагуу бэлчээрийн төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, бэлчээрийн ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тодорхой хувийг бэлчээр ашиглагч хариуцна.

1.6.Журмыг хэрэгжүүлснээр Улсын Их Хурлын 2009 оны 39 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын 3 дугаар зүйлийн 3.1.2, 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол мал хөтөлбөрийн 3.4.1, 3.4.2, 2015 оны 104 дүгээр тотоолоор баталсан “Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого-ын 2.1.10, 2.1.11 дэх зорилтууд хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

ХОЁР. Бэлчээр ашиглалтыг төлөвлөх.

2.1.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд бэлчээрийг улирлаар ашиглах, зун-намрын бэлчээрийг сар, улирлаар сэлгэх, ашиглах, өнжөөх, хуваарь, отор нүүдэл хийх, худаг ус гаргах засварлах, хадлангийн талбайг ашиглах, хамгаалах, сайжруулах, бэлчээрийн хортон мэргэчидтэй тэмцэх, доройтсон бэлчээрийг сайжруулах, бэлчээрийг ашиглах зэрэг арга хэмжээг тусгана.

2.2. Бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө дараахь зарчмыг баримтална:

2.2.1.Бэлчээрийн экологийн чадавхид суурилах;

2.2.2.Бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах.

2.3.Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө (цаашид “бэлчээр ашиглалтын төлөвлөгөө” гэх) нь дараах шаардлагыг хангасан байна:

2.3.1.Бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ (цаашид “фотомониторинг” гэх)-ний дүнд үндэслэсэн байх;

2.3.2.Бэлчээрийг улирлын хуваарьтай ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг гаргасан байх;

2.3.3.Бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаар нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байх;

2.3.4.Бэлчээрийн ургац сайтай хэсгээс хадлан бэлтгэх, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцлийг бүрдүүлсэн байх.

2.3.5.Сумын газрын даамал бэлчээрийн даацад үндэслэн тухайн баг, бэлчээр ашиглагчдын хэсгийн бэлчээр нутагт өвөлжих малын тоог гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор багийн Засаг даргад хүргүүлнэ.

2.3.6.Багийн Засаг дарга тус багийн иргэдийн Нийтийн Хурлаар энэ журмын 2.3.5-д заасан малын тоо, бэлчээр ашиглагчдын хэсгийн /цаашид БАХ гэх/ саналд тулгуурлан дараа жилийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хэлэлцүүлж сумын Засаг даргад хүргүүлнэ.

2.3.7.Газрын тухай хуулийн 52.1-д заасны дагуу Сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасаг /цаашид ХАА-н тасаг гэх/, газрын даамал нь баг бүрийн иргэдийн Нийтийн Хурлаар батлагдсан бэлчээрийн ашиглалтын төлөвлөгөөний саналыг нэгтгэж сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө /цаашид СГЗБТЖТ гэх/-нд тусган жил бүрийн 12 сард багтаан батлуулна.

2.3.8.Тухайн сумын нутаг дэвсгэрт газар эзэмшигч, ашиглагч болон төсөл хэрэгжүүлэгч нэгж, бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд баг, сумын Засаг даргатай хамтран ажиллана.

ГУРАВ. Бэлчээр ашиглалтын хуваарийг зохицуулах.

3.1.Бэлчээр ашиглалтыг тухайн сумын бэлчээрийн экологийн чадавхи, бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн байдал болон фотомониторингийн тухайн жилийн дүн мэдээлэлд үндэслэн улирлаар, тодорхой хугацаагаар төлөвлөх зарчмаар зохицуулна.

3.2.Өвөлжөөний бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан бэлчээр ашиглах гэрээ /цаашид БАГ гэх/-ний үндсэн дээр талуудын хүлээх үүргийн дагуу ашиглах ерөнхий зохицуулалтыг баримтална.

3.3.Зуслан-намаржааны бэлчээрийг СГЗБТЖТ-ний дагуу өрх, хот айлаар нийтээр зүй зохистой ашиглана. Нийтээр ашиглах зуслан-намаржааны бэлчээрт гадны аймаг, сумдын мал оруулахыг хориглоно.

3.4.Бэлчээр ашиглагчдад гэрээгээр ашиглуулж байгаа болон уламжлалт зохицуулалтаар ашиглаж байгаа бэлчээрээр мал дайран өнгөрөх, тууварлах, түр буудаллах хугацааг хоёр хоногоос илүүгүйгээр тогтооно.

3.5.Өвөлжөөний бэлчээрээс бүх өрх 5 дугаар сарын 15-ны дотор зусланд гарч, малаас бүрэн чөлөөлнө.

3.6.Тариалангийн газрын бүс орчмын бэлчээрийг зөвхөн тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 5 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд ашиглана.

3.7.Зуслан-намаржааны бэлчээрийг тариалангийн талбайгаас 5 км-ээс доошгүй зайд байрлахаар зохион байгуулалт хийж, бэлчээр ашиглалтыг зохицуулна.

3.8.Улирлаар ашиглах бэлчээрээс нүүх, буух хугацааг газарзүйн онцлог ба цаг агаарын нөхцлөөс хамааруулан өөрчилж болох бөгөөд энэ өөрчлөлт нь зөвхөн тухайн улирал, жилд мөрдөгдөнө.

ДӨРӨВ. Бэлчээрийн төлөв байдлыг хянах, даац тогтоох.

4.1.Бэлчээрийн төлөвлөлт, төлөвлөгөөний хэрэгжилт болон бэлчээр ашиглалтын үр нөлөөг фото мониторингийн үр дүнгээр үнэлнэ.

4.2.Бэлчээрийн төлөв байдлыг үнэлж, ургац тооцохдоо улирлын бэлчээрийг төлөөлөхүйц мониторингийн цэг дээр тогтсон аргачлалыг баримтлан гүйцэтгэнэ.

4.3.Мониторингийн цэгийг сонгохдоо БАХ-ийн улирлын бэлчээр болон бэлчээрийн нийтлэг хэв шинжийг төлөөлөх чадварыг нь харгалзан тогтоох ба энэ ажилд малчдын бүлэг, БАХ, хэсгийн малчдын төлөөллийг оролцуулна.

4.4.Мониторингийн цэгийн байршлыг Засаг даргын захирамжаар баталгаажуулж. сумын бэлчээр ашиглалтын зурагт нэг бүрчлэн тэмдэглэнэ.

4.5.Фотомониторингийн аргачлалын дагуу буулгасан зурган мэдээлэлд боловсруулалт хийж, төлөв байдлыг тодорхойлох, ургацын мэдээ гаргах ажлыг сумын газрын даамал гүйцэтгэнэ.

4.6.Бэлчээрийн ашиглалт, байршил, зааг өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар цэгийг солих буюу шинээр нэмж болно.

4.7.Байгаль орчны хяналтын улсын байцаагч бэлчээрийн ургацын мэдээг хянаж, албан ёсны дүгнэлт гаргана.

4.8.ХАА-н тасаг, газрын даамал ургацын мэдээг үндэслэн бэлчээрийн даацыг сум, баг, БАХ-ийн түвшинд тооцно.

4.9.Бэлчээрийн даацыг хонин толгойгоор тооцож илэрхийлнэ. Малын тоог хонин толойд шилжүүлэхдээ хонь-1, ямаа-1,5, үхэр-5, тэмээ-5, адуу-7 гэсэн итгэлцүүрээр тооцно.

ТАВ . Бэлчээр ашиглагчдын эрх, үүрэг

5.1.Сумын малчин, мал бүхий иргэд, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж нь бэлчээр ашиглалтын талаар дараах нийтлэг эрх, үүрэгтэй.

5.1.1.Бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх, ашиг шим сайтай үүлдэрийн малаар сүргийг сэлбэх .

5.1.2.Багийн бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулах, бэлчээрийн даацыг фотомониторингийн аргаар тодорхойлох ажилд оролцох;

5.1.3.Бэлчээрийг өнжөөх, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гарсан шийдвэрийг дагаж биелүүлэх;

5.1.4.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан бэлчээр ашиглалтын улирлын хуваарьт бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх, мөн өвөлжөөний хороо дур мэдэн барихгүй байх; /Барих тохиолдолд тухайн БАХ зөвшөөрсөн тохиолдолд барих/

5.1.5.Бэлчээр, усны эх үүсвэрийг хог хаягдал, хортой зүйлс, малын шавхай бууц, сэг зэмээр бохирдуулахгүй байх, тухай бүр цэвэрлэх;

5.1.6.Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх, цөлжсөн бэлчээр хамгаалах сайжруулахаас бусад зорилгоор бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх;

5.1.7.Энэ журмын 5.3-т заасан Бэлчээрийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал гаргах, уг арга хэмжээний явц, гүйцэтгэлд болон сангийн зарцуулалтын байдалд хяналт тавих.

5.2.Иргэний хуулийн 481.1-т заасны дагуу зохион байгуулалтад орсон малчид (цаашид “Бэлчээр ашиглагчдын хэсэг буюу БАХ” гэх)-д сумын Засаг дарга бэлчээрийг Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу болзол, гэрээ (цаашид “бэлчээр ашиглалтын гэрээ” гэх)-гээр ашиглуулна.

5.3.Эрчимжсэн мал аж ахуйн кластераар хөгжүүлж буй иргэн аж ахуйн нэгжид өвөлжөө, зуслан-намаржааны бэлчээрийг гэрээгээр ашиглуулна.

5.4.Энэ журмын 5.2, 5.3-д зааснаас бусад малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжтэй бэлчээр ашиглалтын гэрээ байгуулахгүй

5.5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх бэлчээр хамгаалах сантай байж болно. Бэлчээр хамгаалах санг тусгай журмаар зохицуулна.

5.6.Өвөлжөө, зуслан-намаржааны бэлчээр, хашаа хороо, худаг уст цэгт өөр аймаг, сум дүүргийн малыг дур мэдэн оруулах, бусдад дамжуулан ашиглуулах, түрээслүүлэх, худалдаалахыг хориглоно.

 ЗУРГАА. Бэлчээр ашиглалтын талаар сум, багийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа

6.1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

6.1.1.Сумын тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг батлах, биелэлтийг хэлэлцэж чиглэл өгөх;

6.1.2.Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон хагас суурин мал аж ахуй, зөгийн аж ахуй зэрэг бэлчээр ашиглагч бусад аж ахуйг хөгжүүлэхдээ бэлчээрийн экологийн чадавхи, тохиромжтой болон хэрэгцээт байдлыг үндэслэн бүсчлэн тогтоох .

6.2. Багийн иргэдийн Нийтийн Хурал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

6.2.1.Жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор хуралдаж өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх;

6.2.2.Бэлчээр хамгаалах сангийн хөрөнгөөр тухайн жилд хийж гүйцэтгэх арга хэмжээний саналыг хэлэлцэж батлах;

6.2.3.Бэлчээрт усан хангамжийг нэмэгдүүлэх саналыг сумын Засаг даргад уламжлах

6.2.4.Бэлчээрийн даацыг фотомониторингийн аргаар тодорхойлох болон бэлчээр ашиглалтын төлөвлөлтөд БАХ, малчныг татан оролцуулах;

6.2.5.Бэлчээрийн сан бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хяналт тавих.

6.3.Сумын Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

6.3.1.Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн ургац, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг тогтоох;

6.3.2.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;

6.3.3.Багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон энэ журмын хэрэгжилтийг нэг үзүүлэлт болгох,

6.3.4.Энэ журмын хүрээнд үлгэр жишээ ажиллаж буй БАХ, малчин, мал бүхий өрхийг давуу эрхээр улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төв, орон нутгийн төрийн байгууллагын шагналд тодорхойлох.

6.3.5.Гол, горхи, булаг шандны эх ундаргыг хамгаалах, эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх, цөлжсөн бэлчээр хамгаалах, сайжруулахаас бусад тохиолдолд бэлчээр хашихыг хориглох арга хэмжээ авах;

6.3.6.БАХ, малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулах, бэлчээрийг зөв ашиглах дадлыг бий болгоход туслах;

6.3.7.Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг бэлчээр БАХ, малчдын оролцоотой зохион байгуулах.

6.3.8.Өвөлжөө, худаг уст цэгийн байршлыг шийдвэрлэх.

6.3.9.Бэлчээрийн даацыг тодорхойлох фото-мониторингийн цэгийн тоог нэмэгдүүлэх.

6.3.10.Бэлчээрийн сангийн зарцуулалтын байдалд хяналт-үнэлгээ хийх.

6.4. Сумын газрын даамал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

6.4.1.Сумын бэлчээрийн хэмжээ, байршлыг зураглан сумын газрын мэдээллийн санд бүртгэх.

6.4.2.Сумын Засаг даргын БАХ-тай байгуулсан бэлчээр ашиглуулах гэрээг бүртгэх, гэрээг сумын газрын мэдээллийн нэгдсэн санд оруулах.

6.4.3.Бэлчээр ашиглуулах гэрээ боловсруулах хэрэгжилтийг дүгнэх чиглэлээр холбогдох албан тушаалтан, байгууллага нь БАХ-ийг мэдээллээр хангах.

6.4.4.Энэ журмын 6.3.8-т заасан өвөлжөө, худаг, уст цэгийн байршлыг сумын газрын мэдээллийн санд оруулах, тогтмол шинэчлэх.

6.5. Багийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

6.5.1.Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;

6.5.2.Энэ журамд заасан Бэлчээрийн сангийн хөрөнгийг төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах;

6.5.3.Тухайн жилд Бэлчээрийн санд төвлөрсөн хөрөнгөөр багийн иргэдийн Нийтийн Хурлаас шийдвэрлэсэн ажлыг хэрэгжүүлэх, тайлагнах.

ДОЛОО. Маргаан шийдвэрлэх, хохирол нөхөн төлүүлэх.

7.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52.10-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

7.2.Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

НАЙМ. Журам хүчин төгөлдөр болох.

8.1.Энэхүү журмыг захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.