- Нүүр
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ХАРИУЦАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ТӨЛБӨР ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны
28 дугаар тогтоолын Дөрөвдүгээр хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ХАРИУЦАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН
ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ТӨЛБӨР ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ (цаашид “тусламж, үйлчилгээ” гэх)-ний төрөл, төлбөрийн арга, оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жин, эрүүл мэндийн байгууллагуудын даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний нийт зардлын хэмжээг тооцон олгохтой холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, нотолгоонд үндэслэсэн “Даатгуулагч төвтэй” эрүүл мэндийн чанартай, аюулгүй, хүртээмжтэй, цогц тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас худалдан авах, даатгуулагчийг санхүүгийн эрсдлээс хамгаалахад оршино.
1.3. Эрүүл мэндийн байгууллага нь даатгуулагчид тусламж, үйлчилгээг үзүүлэх бүртээ тусламж, үйлчилгээ эхэлсэн болон дууссан хугацааг эрүүл мэндийн даатгалын цахим системд холбогдсон хурууны хээ уншигч төхөөрөмжөөр бүртгэж, баталгаажуулна.
1.4. Энэ журмын 3.1-т заасан тусламж, үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар тооцож, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
Хоёр. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний багц, нэр төрөл
2.1. Эрүүл мэндийн даатгалын сан (цаашид даатгалын сан гэх)-аас дараах тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хариуцна. Үүнд:
2.1.1. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ;
2.1.2. Амбулаторийн тусламж, үйлчилгээ;
2.1.3. Оношилгоо, шинжилгээ;
2.1.4. Өдрийн эмчилгээ, үйлчилгээ;
2.1.5. Уламжлалтын тусламж, үйлчилгээ;
2.1.6. Сувиллын тусламж, үйлчилгээ;
2.1.7. Сэргээн засах тусламж, үйлчилгээ;
2.1.8. Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ;
2.1.9. Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ;
2.2. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцахтай холбоотой тусламж, үйлчилгээг дараах утгаар ойлгоно. Үүнд:
2.2.1. “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ” гэж аливаа өвчин эмгэгийн улмаас өвчтөнийг тусгай зөвшөөрөлтэй ор бүхий эрүүл мэндийн байгууллагад хорин дөрвөн цагаас дээш хугацаагаар хэвтүүлэн эмчийн заалтаар эмнэлзүйн удирдамжийн дагуу өвчний түүхэнд бичигдсэн эмчилгээ, оношилгоо, сувилгаа хийх цогц үйл ажиллагааг;
2.2.2. “Амбулаторийн тусламж, үйлчилгээ” гэж аливаа өвчин эмгэг, гэмтэл бэртэл болон, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, ажилбар хийх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусламж, үйлчилгээг өвчтөнд амбулаториор үзүүлэх цогц үйл ажиллагааг;
2.2.3. “Өдрийн эмчилгээ, үйлчилгээ” гэж өвчтөнийг эмнэлэгт хонуулахгүйгээр үзүүлэх мэс заслын болон мэс заслын бус тусламж, үйлчилгээг эмчийн заалтаар эмнэлзүйн удирдамжийн дагуу өвчний түүхэнд бичигдсэн эмчилгээ, оношилгоо, сувилгаа хийх цогц үйл ажиллагааг;
2.2.4. “Оношилгоо, шинжилгээ” гэж оношилгооны болон лабораторийн багаж, тоног төхөөрөмж, урвалж бодис, хэрэгслийг ашиглан өвчний оношийг тодруулах үйл ажиллагааг;
2.2.4.1. “Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ” гэж орчин үеийн өндөр техник, технологи, мэргэжлийн ур чадвар шаардсан оношилгоо шинжилгээг;
2.2.5. “Уламжлалтын тусламж, үйлчилгээ” гэж уламжлалт анагаах ухааны онол, эмнэлзүйн нотолгоонд тулгуурласан эмнэлгийн цогц үйл ажиллагааг;
2.2.6. “Сувиллын тусламж, үйлчилгээ” гэж чанар нөөц нь тогтоогдсон рашаан, ус, шавар, байгалийн бусад хүчин зүйлийг түшиглэн, аливаа өвчин эмгэгийн улмаас эмчийн заалтаар эмнэлзүйн удирдамжийн дагуу хийх цогц үйл ажиллагааг;
2.2.7. “Сэргээн засах тусламж, үйлчилгээ” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн бусад мэргэжилтний хамтын цогц үйл ажиллагааг;
2.2.8. “Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ” гэж архаг, илаарших боломжгүй, хүнд өвчтэй, амьдралын төгсгөлийн шатанд орсон өвчтөний өвдөлт биеийн зовиур, шаналгааг хөнгөвчлөхөд чиглэсэн эмчилгээ, асаргаа сувилгаа, үйлчилгээний цогц үйл ажиллагааг;
2.2.9. “Өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ” гэж орчин үеийн өндөр техник, технологи, мэргэжлийн ур чадвар шаардсан, түүнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийг ашиглан хийх цогц үйл ажиллагааг;
2.2.9.1. “Өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгсэл” гэж өндөр технологи, мэргэжлийн ур чадвар шаардсан мэс заслын тусламж, үйлчилгээ, эмчилгээ, оношилгоонд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгслийг;
2.2.9.2. Протез-хүний эд, эрхтэнийг орлуулах болон эмгэг, согогийг засах зориулалтаар бүтээгдсэн хэрэгслийг;
2.2.9.3. Ортопед-хүний тулгуур эрхтэний бүтцийн болон үйл ажиллагааны алдагдал, гажуудлыг сэргээн засах зорилгоор хийх механик хэрэгслийг;
Гурав. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний төрөл, зардлын төлбөр
3.1. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, зардлын төлбөр
3.1.1. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.3, 15.1.5, 15.1.7, 15.1.11, 15.1.13, 15.1.14-т заасан төрийн өмчийн болон ор бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлнэ.
3.1.2. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан оношийн хамааралтай бүлгийн 1-299 дэх бүлэгт хамаарах оношийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ хамаарна.
3.1.3. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлын хэмжээг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад тооцохдоо Эрүүл мэндийн даатгалын хуулийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагчийн төлөх төлбөрийн хэмжээг хасч тооцсон дүнгээр зардлын төлбөрийг гүйцэтгэнэ.
3.1.4. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, зөвлөгөө, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, шинжилгээ, уламжлалтын болон сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ багтана.
3.1.5. Хэвтүүлэн эмчлэх хугацаанд хийсэн шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээ болон өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний зардлын төлбөрийг даатгалын сангаас олгоно.
3.1.6. Даатгуулагчийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ авах хугацаанд тухайн эмнэлгийн тасаг хооронд шилжсэн тохиолдлыг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэг тохиолдлоор бүртгэж, шилжин хэвтсэн оношийн хамааралтай бүлэг, өртгийн жингээр тооцон зардлын төлбөрийг олгоно.
3.1.7. Хэвтүүлэн эмчлэх үед даатгуулагчийн өвчний түүхэнд бичигдсэн эм, тариаг бүрэн хийж, зайлшгүй шаардлагаар гаднаас авахуулсан тохиолдолд зардлыг даатгуулагчид заавал буцаан олгоно.
3.2. Амбулаторийн тусламж, үйлчилгээ, зардлын төлбөр
3.2.1. Амбулаторийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5, 15.1.7, 15.1.10, 15.1.11, 15.1.12, 15.1.13-т заасан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлнэ.
3.2.2. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлаас давсан, эсхүл өндөр технологи шаардагдах амбулаторийн тусламж, үйлчилгээг ор бүхий хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.
3.2.3. Амбулаторийн тусламж, үйлчилгээнд энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан оношийн хамааралтай бүлгийн 300-302 дахь бүлэгт хамаарах оношийн амбулаторийн тусламж, үйлчилгээ хамаарна.
3.2.4. Амбулаторийн тусламж, үйлчилгээнд эмчийн үзлэг, зөвлөгөө, шархны анхдагч цэгцэлгээ, нэг удаагийн ороох боох хэрэгсэл, эмчилгээний хэрэгслүүд, эмчилгээ, сувилгааны ажилбарын зардал хамаарна.
3.2.5. Даатгуулагчийн тухайн сард, тухайн эмнэлгийн, тухайн кабинетэд өвчний учир онош тогтоолгох зорилгоор үзүүлсэн анхны үзлэгийн тохиолдлыг амбулаторийн нэг тохиолдол гэж, оношилгоо, шинжилгээг бүрдүүлсний дараах нэг удаагийн давтан үзлэгийг мөн амбулаторийн нэг тохиолдол гэж үзэж, даатгалын сангаас зардлыг олгоно.
3.2.6. Даатгуулагч тухайн эмнэлэгт, тухайн сард амбулаторийн өөр өөр кабинетуудаар үйлчлүүлж, өвчний онош тогтоолгосон тохиолдлыг амбулаторийн нэг тохиолдол гэж бүртгэн амбулаторийн тохиолдлын тоонд оруулан тооцно.
3.3. Оношилгоо, шинжилгээ, зардлын төлбөр
3.3.1. Оношилгоо, шинжилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5, 15.1.7, 15.1.10, 15.1.11, 15.1.12, 15.1.13-т заасан төрийн өмчийн болон ор бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлнэ.
3.3.2. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлаас давсан, эсхүл орчин үеийн өндөр техник, технологи шаардагдах оношилгоо, шинжилгээг сонгон шалгаруулалтад тэнцсэн хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллага үзүүлж болно.
3.3.3. Оношилгоо, шинжилгээнд энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан оношийн хамааралтай бүлгийн 303 дахь бүлэгт хамаарах оношийн оношилгоо, шинжилгээ хамаарна.
3.3.4. Даатгуулагч өвчний учир эмчийн заалтаар онош тогтоолгох болон өвчний явцыг хянах зорилгоор тухайн эмнэлэгт, тухайн сард хийгдсэн оношилгоо, шинжилгээнүүдийг нэг багц болгон оношилгоо, шинжилгээний нэг тохиолдол хэмээн бүртгэнэ.
3.3.5. Тухайн эмнэлэгт, тухайн сард, нэг даатгуулагчид үзүүлсэн оношилгоо, шинжилгээний зардлын төлбөрийг даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг баримтлан гүйцэтгэлээр тооцон олгоно.
3.3.6. Журмын 3.3.5-т заасан төлбөрийн хэмжээ нь тухайн даатгуулагчийн тухайн сарын төлбөрийн хэмжээнээс илүү гарсан бол улирлын төлбөрийн хэмжээгээр тооцон даатгалын сангаас олгоно.
3.3.7. Тухайн даатгуулагчийн оношилгоо, шинжилгээний төлбөр нь улирлын төлбөрийн хэмжээнээс илүү гарсан тохиолдолд зөрүү төлбөрийг даатгуулагч өөрөө хариуцан төлнө.
3.4. Өдрийн эмчилгээ, үйлчилгээ, өдрийн мэс заслын зардлын төлбөр
3.4.1. Өдрийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5, 15.1.7, 15.1.10, 15.1.11, 15.1.13-т заасан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлнэ.
3.4.2. Өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээг төрийн өмчийн болон ор бүхий хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ.
3.4.3. Өдрийн эмчилгээ, өдрийн мэс заслын зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, зөвлөгөө, эм, эмнэлгийн хэрэгсэл, өдрөөр хийгдэх мэс ажилбар, оношилгоо, шинжилгээ, уламжлалтын болон сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ багтана.
3.4.4. Энэ тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах өдрийн эмчилгээ, үйлчилгээ, өдрийн мэс заслын тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, оношийн болон үйлдлийн код, өртгийн жин”-г баримтална.
3.5. Уламжлалтын эмчилгээ, зардлын төлбөр
3.5.1. Уламжлалтын эмчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 15.1.11, 15.1.12, 15.1.13-т заасан төрийн өмчийн болон ор бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлнэ.
3.5.2. Журмын 3.5.1-т заасан байгууллагууд нь уламжлалтын тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр холбогдох стандарт, эмнэлзүйн заавар, удирдамж, журам, жагсаалтын дагуу үзүүлнэ.
3.5.3. Уламжлалтын эмчилгээнд энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан оношийн хамааралтай 304 дэх бүлгийн оношийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ хамаарна.
3.6. Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, зардлын төлбөр
3.6.1. Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.7, 15.1.11, 15.1.13, 15.1.14-т заасан төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлнэ.
3.6.2. Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан оношийн хамааралтай бүлгийн 305 дахь бүлэгт хамаарах оношийн хөнгөвчлөх эмчилгээ, үйлчилгээ хамаарна.
3.7. Сувиллын тусламж, үйлчилгээ, зардлын төлбөр
3.7.1. Сувиллын тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-т заасан эрүүл мэндийн байгууллага чанар, нөөц нь тогтоогдсон рашаан, байгалийн бусад хүчин зүйлийн орд газрыг ашиглан сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлнэ.
3.7.2. Сувилал нь сэргээн засах тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх, дагнасан хэлбэрээр холбогдох стандарт, эмнэлзүйн заавар, удирдамж, журмын дагуу үзүүлнэ.
3.7.3. Сувиллын тусламж, үйлчилгээнд энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан оношийн хамааралтай бүлгийн 306 дахь бүлэгт хамаарах оношийн сувиллын тусламж, үйлчилгээ хамаарна.
3.8. Сэргээн засах тусламж, үйлчилгээ, зардлын төлбөр
3.8.1. Сэргээн засах тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5, 15.1.7, 15.1.10, 15.1.11, 15.1.13-т заасан төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага нь эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээтэй хамт цогц байдлаар эсвэл дагнасан байдлаар үзүүлнэ.
3.8.2. Журмын 3.8.1-т заасан байгууллагууд нь сэргээн засах тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон өдрийн хэлбэрээр холбогдох стандарт, эмнэлзүйн заавар, удирдамж, журам, жагсаалтын дагуу үзүүлнэ.
3.8.3. Сэргээн засах тусламж, үйлчилгээг даатгуулагчид даатгуулагч бүрийн хувийн онцлогт тохирсон сэргээн засах эмчилгээний төлөвлөгөөний дагуу мэргэшсэн багаар үзүүлж, холбогдох анхан шатны маягт, сэргээн засах эмчилгээний хяналтын хуудас зэргийг бүрэн хөтөлнө.
3.8.4. Сэргээн засахын тусламж, үйлчилгээнд энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан оношийн хамааралтай бүлгийн 307-309 дэх бүлэгт хамаарах оношийн сэргээн засах тусламж, үйлчилгээ хамаарна.
3.9. Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, зардлын төлбөр
3.9.1. Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5, 15.1.7, 15.1.11, 15.1.13-т заасан төрийн өмчийн болон сонгон шалгаруулалтад тэнцсэн ор бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлнэ.
3.9.2. Өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн баталсан тогтоол, журмаар зохицуулна.
3.9.3. Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээг улсын төсвөөс санхүүжих оношоор үзүүлсэн тохиолдолд даатгалын сангаас зардлыг давхардуулан олгохгүй.
3.10. Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээ, зардлын төлбөр
3.10.1. Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.7, 15.1.11, 15.1.13-т заасан төрийн өмчийн болон сонгон шалгаруулалтад тэнцсэн ор бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлнэ.
3.10.2. Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээг энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан оношийн хамааралтай бүлгийн 310 дахь бүлэгт хамаарах оношийн химийн өдрийн эмчилгээ хамаарна.
3.11. Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээ, зардлын төлбөр
3.11.1. Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3. 15.1.7, 15.1.11, 15.1.13-т заасан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлнэ.
3.11.2. Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээг энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан оношийн хамааралтай бүлгийн 311 дэх бүлэгт хамаарах оношийн туяаны өдрийн эмчилгээ хамаарна.
3.12. Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг давхардуулан олгохгүй.
3.12.1. Эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Улсын төсвөөс санхүүжих оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жин”-д хамаарах оношоор үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг даатгалын сангаас давхардуулан олгохгүй.
3.12.2. Хэвтүүлэн эмчлэх хугацаанд энэ журмын 3.1.5-т зааснаас бусад тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй бөгөөд даатгалын сангаас давхардуулан нэхэмжлэхгүй.
3.12.3. Тухайн сард, тухайн эмнэлгийн, ижил үйл ажиллагааны чиглэлийн амбулаторийн кабинетад тухайн оношоор дахин үзүүлсэн тохиолдолд даатгалын сангаас зардлыг давхардуулан олгохгүй.
3.12.4. Хэвтүүлэн эмчлэх хугацаанд үзүүлсэн амбулаторийн тусламж, үйлчилгээ болон амбулаториор хийгдэх мэс засал, ажилбарыг даатгалын сангаас давхардуулан олгохгүй.
3.12.5. Даатгуулагчийн тухайн шатлалын эмнэлэгт, тухайн сардаа хийгдсэн ижил төрлийн оношилгоо, шинжилгээний зардлын төлбөрийг даатгалын сангаас давхардуулан олгохгүй.
Дөрөв. Эрүүл мэндийн байгууллагын даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний нийт зардлын хэмжээг тооцох аргачлал
4.1. Эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний нийт зардал нь тухайн эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл бүрийн зардлын нийлбэрээр тодорхойлогдоно.
4.2. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт зардлыг дараах томьёогоор тооцохдоо эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан орны тоо, орны фонд ашиглалт, дундаж ор хоног, оношийн хамааралтай бүлэг тус бүрт тусламж, үйлчилгээ авах даатгуулагчийн тоо, даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ, оношийн хамааралтай бүлгийн өртгийн жин зэргийг үндэслэнэ.
4.4. Амбулаторийн тусламж, үйлчилгээний зардлыг тооцохдоо тухайн эмнэлгийн кабинетийн тоо, хүчин чадал, сүүлийн 3 жилийн статистик үзүүлэлт, тусламж, үйлчилгээ авах даатгуулагчийн тоо, даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ, оношийн хамааралтай бүлгийн өртгийн жин зэргийг үндэслэнэ.
4.5. Оношилгоо, шинжилгээний зардлыг тооцохдоо тухайн эрүүл мэндийн байгууллагын лабораторийн болон оношилгоо, шинжилгээнд ашиглагдаж буй тоног төхөөрөмж, багажийн тоо, хүчин чадал, тусламж, үйлчилгээ авах даатгуулагчийн тоо, оношилгоо, шинжилгээний дундаж зардал, даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ, оношийн хамааралтай бүлгийн өртгийн жин зэргийг үндэслэнэ.
4.6. Өдрийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг тооцохдоо эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан өдрийн эмчилгээний ор, тухайн эмнэлгийн сүүлийн 3 жилийн дундаж ор хоног, орны фонд ашиглалт, даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ, оношийн хамааралтай бүлгийн өртгийн жин зэргийг үндэслэнэ.
4.7. Уламжлалтын тусламж, үйлчилгээний зардлыг тооцохдоо эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан тухайн эмнэлгийн уламжлалтын ор, сүүлийн 3 жилийн дундаж ор хоног, орны фонд ашиглалт, тусламж, үйлчилгээ авах даатгуулагчийн тоо, даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ, оношийн хамааралтай бүлгийн өртгийн жин зэргийг үндэслэнэ.
4.8. Сувиллын тусламж, үйлчилгээний зардлыг тооцохдоо эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан тухайн эмнэлгийн сувиллын ор, сүүлийн 3 жилийн дундаж ор хоног, орны фонд ашиглалт, тусламж, үйлчилгээ авах даатгуулагчийн тоо, даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ, оношийн хамааралтай бүлгийн өртгийн жин зэргийг үндэслэнэ.
4.9. Сэргээн засах тусламж, үйлчилгээний зардлыг тооцохдоо эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан тухайн эмнэлгийн сэргээн засахын ор, сүүлийн 3 жилийн дундаж ор хоног, орны фонд ашиглалт, тусламж, үйлчилгээ авах даатгуулагчийн тоо, даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ, оношийн хамааралтай бүлгийн өртгийн жин зэргийг үндэслэнэ.
4.10. Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний зардлыг тооцохдоо тухайн эмнэлгийн тухайн тусламж үйлчилгээнд хуваарилан баталсан орны тоо, сүүлийн 3 жилийн статистик үзүүлэлт, тусламж, үйлчилгээ авах даатгуулагчийн тоо, даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ, оношийн хамааралтай бүлгийн өртгийн жин зэргийг үндэслэнэ.
4.11. Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээний зардлыг тооцохдоо тухайн эмнэлгийн тухайн тусламж, үйлчилгээнд хуваарилан баталсан орны тоо, сүүлийн 3 жилийн статистик үзүүлэлт, тусламж, үйлчилгээ авах даатгуулагчийн тоо, даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ, оношийн хамааралтай бүлгийн өртгийн жин зэргийг үндэслэнэ.
4.12. Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээний зардлыг тооцохдоо тухайн эмнэлгийн туяа эмчилгээний аппарат, тусламж, үйлчилгээ авах даатгуулагчийн тоо, даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ, оношийн хамааралтай бүлгийн өртгийн жин зэргийг үндэслэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A