A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн

А/266 дугаар тушаалын хавсралт

 

Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус албан татвар төлөгчийг тодорхойлох, бүртгэх,

бүртгэлээс хасах, албан татварын тооцоо хийх журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл, Монгол Улсаас гадаад улстай байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр” /цаашид “Давхар татварын гэрээ” гэх/-ийн 4 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгч болон Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийг тодорхойлох, бүртгэх, бүртгэлээс хасах, албан татварын тооцоо хийхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасахтай холбогдсон нийтлэг харилцаанд татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан “Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ыг баримтална.

1.3.Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус албан татвар төлөгчийн албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах, хасалт хийх, буцаан олгохтой холбогдсон харилцааг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20, 25, 26, 27, 28 дугаар зүйлд зааснаар зохицуулна.

Хоёр. Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчийг тодорхойлох

2.1.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчид Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.3.1, 5.3.2-т заасан нөхцөлийг хангасан хувь хүнийг хамааруулна.

2.2.Энэ журмын 2.1-д заасан Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгчийг дараах байдлаар тодорхойлно:

2.2.1.Монгол Улсад үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног оршин суусан гэдгийг тухайн татварын жил болон түүний өмнөх татварын жилийг хамааруулан тооцох бөгөөд Монгол Улсын хилээр олон удаа орж гарсан тохиолдолд Монгол Улсад байсан хоногийн нийлбэрээр;

2.2.2.Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого нь тухайн жилийн албан татвар ногдох орлогын 50 ба түүнээс дээш хувийг эзэлж байгааг татвар төлөгч өөрөө нотолсон баримтад үндэслэн;

2.2.3.энэ журмын 2.2.1-д заасныг үл харгалзан гадаад улсад томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагчийг эрх бүхий байгууллагын томилолт, шийдвэрийг үндэслэн;

2.2.4.энэ журмын 2.2.1-д заасныг үл харгалзан үргэлжилсэн 12 сарын хугацаанд Монгол Улсад 183 ба түүнээс дээш хоногоор ажиллах нь хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийг үндэслэн;

2.2.5.Давхар татварын гэрээ байгуулсан улсын иргэний хувьд уг гэрээний 4 дүгээр зүйлд заасныг үндэслэнэ.

2.3.Энэ журмын 2.1-д заасан Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгчийг тодорхойлоход Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.4-т зааснаар үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суусан нөхцөлийг эхэлж баримтална.

2.4.Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчид Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон, энэ журмын 2.2-т зааснаас бусад дараах хувь хүнийг хамааруулна.

2.4.1.Монгол Улсад үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног оршин суугаагүй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

2.4.2.Давхар татварын гэрээ байгуулсан улсын иргэний хувьд энэ журмын 2.2.5-д заасны дагуу тодорхойлсноос бусад хувь хүн;

2.4.3.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.9-т заасан гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн.

Гурав. Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус албан татвар төлөгчийг бүртгэх,  бүртгэлээс хасах

3.1.Хувь хүний орлогын албан татвар төлөх, суутгах үүрэг хүлээсэн Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг албан татвар төлөгчөөр бүртгэхдээ “Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ын 1.2.1, 1.2.3, 1.2.5-д заасан мэдээлэлд үндэслэнэ.

3.2.Татвар төлөх, суутган төлөх үүрэг бүхий иргэнийг татварын алба татвар төлөгчөөр бүртгэхдээ “Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ын 2-т заасны дагуу татвар төлөгчийн дугаар, цахим гэрчилгээ олгож, хувийн хэрэг нээнэ.

3.3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчөөр бүртгэхдээ дараах баримт бичигт үндэслэнэ:

3.3.1.журмын 2.2.1-д заасны дагуу тодорхойлсон татвар төлөгчийн хувьд паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг, Монгол Улсын хилээр орж, гарсныг нотлох баримт, эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух зөвшөөрөл;

3.3.2.Монгол Улсад 183 хоног болон түүнээс дээш хоног оршин суугаагүй боловч энэ журмын 2.2.2-т заасны дагуу тодорхойлсон татвар төлөгчийн Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэйгээр олсон орлогыг нотлох санхүүгийн баримт, татвар төлөгчийн паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг, хүсэлт;

3.3.3.энэ журмын 2.2.4-т заасны дагуу тодорхойлсон татвар төлөгчийн хувьд Монгол Улсад үргэлжилсэн 12 сарын хугацаанд 183 ба түүнээс дээш хоногоор ажиллахыг нотолсон хөдөлмөрийн гэрээ, эрх байгууллагын зөвшөөрөл, паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг, хүсэлт.

3.4.Татварын алба Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн энэ журмын 2.2.1-д заасан шаардлага хангасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгүүлэх мэдэгдлийг хүргүүлнэ.

3.5.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ журмын 3.4-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгүүлж, татварын алба гэрчилгээ олгоно.

3.6.Татварын алба Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгчийг бүртгэхдээ дараах баримт бичигт үндэслэнэ:

3.6.1.гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.11-д заасан суутган төлөгчийн татварын тайлангаар ирүүлсэн холбогдох мэдээлэл, оршин суугчийн гэрчилгээ;

3.6.2.энэ журмын 2.4.1-д зааснаар тодорхойлсон Монгол Улсын иргэнийг эрх бүхий байгууллагын мэдээлэл, паспорт, түүнтэй адилтгах баримт бичигт, татвар төлөгчийн хүсэлт.

3.7.Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус албан татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах харилцааг “Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ын 3, 4-т заасны дагуу зохицуулна.

3.8.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь татварын өргүй, цаашид Монгол Улсад татвар ногдох зүйлгүй болох нь нотлогдсон тохиолдолд Монгол Улсаас гарсан өдрөөс хойш үргэлжилсэн 12 сарын хугацаа дууссаны дараа татвар төлөгчийн бүртгэлээс хасна.

Дөрөв. Албан татварын тооцоо хийх

4.1.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу албан татварын тооцоо хийнэ.

4.2.Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасныг баримтална.

4.3.Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгч нь энэ журмын 2.2, Давхар татварын гэрээний 4 дүгээр зүйлд заасан нөхцөл, шалгуурыг хангахгүй болсон тохиолдолд Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчид шилжиж, оршин суугч бус татвар төлөгч болсон өдрөөс эхлэн энэ журмын 4.2-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.

4.4.Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгч нь энэ журмын 2.2, Давхар татварын гэрээний 4 дүгээр зүйлд заасан нөхцөл, шалгуурыг хангасан тохиолдолд байнга оршин суугч албан татвар төлөгчид шилжиж, байнга оршин суугч албан татвар төлөгч болсон өдрөөс эхлэн энэ журмын 4.1-д заасны дагуу албан татварын тооцоо хийнэ.

4.5.Энэ журмын 3.3.3-т заасны дагуу бүртгүүлсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүн үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоногоор Монгол Улсад оршин суугаагүй тохиолдолд буцах шийдвэр гарснаас хойш ажлын 5 өдөрт багтаан суутган төлөгч нь мөн журмын 4.2-т заасны дагуу холбогдох татварын тооцоог хийж, залруулга хийн татварыг суутган авч, төсөвт төлнө.

4.6.Энэ журмын 4.5-д заасан нөхцөл үүссэн гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан өөрөө тодорхойлж, тайлагнах орлого олсон тохиолдолд Монгол Улсаас буцах шийдвэр гарснаас хойш ажлын 5 өдөрт багтаан мөн журмын 4.2-т заасны дагуу холбогдох татварын тооцоо хийж, төсөвт төлнө.

4.7.Оршин суугч бус албан татвар төлөгч болсон өдөр гэж үргэлжилсэн 12 сарын хугацаанд Монгол Улсад 183 хоногоос дээш хоног оршин суугаагүй бол Монгол Улсаас гарсан өдрөөр, тухайн тайлант жилийн татвар ногдох орлого нь энэ журмын 2.2.2-д заасан нөхцөлийг хангаагүй тухайн тайлант жилийн эхний өдрөөр тус тус тооцно.

4.8.Байнга оршин суугч албан татвар төлөгч болсон өдөр гэж үргэлжилсэн 12 сарын хугацаанд Монгол улсад 183 хоногоос дээш хоног оршин суусан бол 184 дэх өдрөөр, тухайн тайлант жилийн татвар ногдох орлого нь энэ журмын 2.2.2-д заасан нөхцөлийг хангасан бол  тухайн тайлант жилийн эхний өдрөөр тус тус тооцно.