A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Ойн тухай хууль тогтоомжийн зөрчлийн талаар мэдээлэл өгсөн, зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн этгээдэд урамшуулал олгох журам
Бүлэг: 1979

Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын

сайдын 2020 оны 02 дугаар сарын 11 өдрийн

33/А/63 дугаар хамтарсан тушаалын хавсралт

 

Ойн тухай хууль тогтоомжийн зөрчлийн талаар мэдээлэл өгсөн, зөрчлийг илрүүлсэн,

илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн этгээдэд урамшуулал олгох журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар ойн тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийн талаар үнэн бодит мэдээлэл өгсөн, илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд болон зөрчил илрүүлсэн байгаль хамгаалагч, улсын байцаагчид урамшуулал олгох харилцааг зохицуулна.

1.2.Энэ журамд заасан ойн тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчил гэдэгт ойн тухай хууль тогтоомж зөрчсөнтэй холбогдуулан Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээх зөрчил, гэмт хэргийг хамааруулан ойлгоно.

Хоёр. Иргэнээс ирүүлсэн мэдээллийг хүлээн авах,
хянан шалгах, урамшуулал олгох журам

2.1.Иргэний гаргаж өгсөн мэдээллийн үндсэн дээр тухайн зөрчил, гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд Зөрчлийн тухай, Эрүүгийн хуульд заасны дагуу торгууль, нөхөн төлбөр ногдуулсан эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруйд сум, дүүргийн Засаг дарга тухайн торгууль, нөхөн төлбөрийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг зөрчлийн талаар анх мэдээлэл өгсөн, илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгоно.

2.2.Ойн тухай хууль тогтоомжийн зөрчлийн талаарх мэдээллийг дараах байгууллагын аль нэгэнд ирүүлнэ.

2.2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын яам;

2.2.2.Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар;

2.2.3.Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар;

2.2.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга;

2.2.5.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар;

2.2.6.тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа;

2.2.7.сав газрын захиргаа;

2.2.8.сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч.

2.2.9.цагдаагийн байгууллага;

2.3.Мэдээллийг дараах хэлбэрээр гаргаж өгнө.

2.3.1.бичгээр;

2.3.2.амаар;

2.3.3.харилцаа холбооны хэрэгслээр.

2.4.Мэдээлэл өгөгч нь өөрт нь эрсдэлтэй гэж үзвэл байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-аар дамжуулан мэдээлэл гаргах эрхтэй.

2.5.Мэдээллийг хүлээн авах эрх бүхий этгээд бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохоор гүтгэсэн, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн болон иргэний нэр хүндийг гутаан доромжилсон нь шалгалтын явцад тогтоогдвол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, холбогдох материалыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх талаар мэдээлэл өгөх иргэнд урьдчилан сануулж, баталгаажуулах арга хэмжээ авна.

2.6.Энэ журмын 2.5 дахь хэсгийг сануулсны дараа мэдээлэл өгөгчөөс ирүүлсэн мэдээллийг хүлээн авсан байгууллага бичиг хэрэгтээ төлбөртэй мэдээлэл гэж бүртгэн удирдлагадаа танилцуулна.

2.7.Мэдээлэл хүлээн авсан холбогдох байгууллага, албан тушаалтан нь мэдээллийг нягтлан шалгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд яаралтай шилжүүлнэ.

2.8.Мэдээлэл анх хүлээн авагч болон мэдээллийг дамжуулан хүлээн авсан аливаа этгээд нь мэдээллийн агуулга, түүнд нэр дурдсан мэдээлэгчийн нэр, хаяг болон бусад холбогдох мэдээллийг чандлан нууцална.

2.9.Шаардлагатай бол мэдээллийн нууцыг хадгалах гэрээг бичгээр эсхүл цахимаар байгуулна.

2.10.Энэ журмын 2.9-д заасан гэрээг бичгээр байгуулах боломжгүй тохиолдолд мэдээлэл хүлээн авсан этгээд мэдээлэл өгсөн этгээдэд гэрээний нөхцөлийг холбогдох харилцаа холбооны хэрэгслээр танилцуулна. Мэдээлэл өгөгч энэхүү нөхцлийг зөвшөөрсөн тохиолдолд гэрээг амаар байгуулсанд тооцно.

2.11.Мэдээллийг энэ журмын 2.4-т заасан этгээдээр дамжуулан гаргасан тохиолдолд энэхүү журмын холбогдох зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.

2.12.Мэдээллийг хүлээн авахдаа дараах асуулт бүхий тэмдэглэлийн хуудас ашиглана.

2.12.1.зөрчил буй болсон газар, аймаг, сум, дүүрэг, баг, хороо, хот, тосгоны нэр, байршил;

2.12.2.зөрчлийг илрүүлэгч, мэдээлэгч, гэрчийн овог, нэр, гэрийн хаяг, ажлын газар, эрхэлдэг ажил, харилцах утасны дугаар;

2.12.3.зөрчил үйлдэгчийг таних бол тэдэнтэй холбоо барих хаяг,  утасны дугаар;

2.12.4.зөрчил үйлдсэн арга, хэлбэр;

2.12.5.тээврийн хэрэгсэл ашигласан бол түүний марк, дугаар, өнгө, содон тэмдэг;

2.12.6.зөрчил гаргасан газарт учирсан хохирол, хууль бус үйлдэлдээ ашигласан техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл;

2.12.7.мод, модон материал, түүхий эд, бүтээгдэхүүн, ойн дагалт баялаг зэрэг биет зүйлийн талаар;

2.12.8.тээвэрлэсэн, хадгалсан, ашигласан, худалдаалж байгаа орон байр, агуулах, граж, талбай, контейнерийн байршил ;

2.12.9.ойн баялгийг бэлтгэх, тээвэрлэхэд ашигласан ердийн хөсөг, уналга, ачилгад хэрэглэсэн унаа, мал амьтан;

2.12.10.кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг зэргийг аль болох тодорхой, ойлгомжтой дурдсан байна.

2.13.Энэ журмын 2.1-д заасан тохиолдол бий болсон бол холбогдох шүүхийн болон улсын байцаагчийн шийдвэр, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тухай нотлох баримтыг үндэслэн тухайн сум, дүүргийн Засаг дарга урамшууллыг мэдээлэл өгсөн этгээдэд саадгүй олгох ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

2.14.Иргэний ирүүлсэн мэдээллийн мөрөөр хяналт, шалгалт хийх явцад тухайн мэдээлэлд дурдагдаагүй бусад зөрчил илэрсэн тохиолдолд уг зөрчилтэй холбогдуулан ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогоос мэдээлэл өгсөн этгээдэд урамшуулал олгохгүй.

2.15.Нэг зөрчлийн талаар хэд хэдэн мэдээлэл ирсэн бол хамгийн түрүүнд мэдээлэл өгсөн хүнд урамшууллыг олгоно.

2.16.Энэ зүйлийн дагуу урамшуулал олгоход шүүхийн шийдвэр, тогтоол, эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийн дагуу буруутай этгээд торгууль, нөхөн төлбөрөө төлсөн байхыг шаардахгүй.

 

Гурав. Байгаль хамгаалагч, улсын байцаагчид урамшуулал олгох үндэслэл, журам

3.1.Байгаль хамгаалагч, улсын байцаагчийн илрүүлсэн Ойн тухай хууль тогтоомжийн зөрчилтэй холбогдуулан хураасан гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээ зэрэг мод, модон материал, түүнчлэн ойн дагалт баялгийг борлуулж улсын орлого болгосон бол борлуулалтын орлогын 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос зөрчил илрүүлсэн байгаль хамгаалагч, улсын байцаагчид олгоно.

3.2.Энэ зүйлийн дагуу урамшуулал авах хүсэлтийг ойн тухай хууль тогтоомжийн зөрчлийг анх илрүүлсэн буюу хэн нэг мэдээлэгчийн оролцоогүйгээр өөрөө илрүүлж, холбогдох хяналт шалгалтыг хийсэн, гэмт үйлдлийг таслан зогсоосон, мэдээлсэн байгаль хамгаалагч, улсын байцаагч гаргах эрхтэй байна.

3.3.Энэ журмын 3.2-т зааснаар зөрчлийг анх илрүүлэхэд хэд хэдэн байгаль хамгаалагч, улсын байцаагч нэгэн зэрэг ажилласан бол тэдгээр нь урамшууллыг тэнцүү хуваан олгоно.

3.4.Энэ зүйлд зааснаар урамшуулал авах хүсэлтэй улсын байцаагч, байгаль хамгаалагч нь хүсэлтээ холбогдох аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргана.

3.5.Энэ зүйлийн дагуу гаргасан хүсэлтийг хүлээн авсан этгээд хууль бусаар бэлтгэсэн ойн баялгийг худалдан борлуулж улсын орлого болгосон тухай баримтыг үндэслэн зөрчил илрүүлсэн этгээдэд урамшууллыг саадгүй олгох ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

 

Дөрөв.Бусад зүйл

           4.1.Мэдээллийг хүлээн авснаас хойш хууль тогтоомжид заасан хугацаанд шалгаж шийдвэрлээгүй, хариу өгөөгүй, мэдээлэл шалгах ажилд хариуцлагагүй хандсан, мэдээллийн нууцыг задруулсан, мэдээлэл өгсөн этгээдэд олгох урамшууллыг олгоогүй, дутуу, буруу олгосон албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.

 

 

-оОо-