- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, АНГИЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ
Барилга, хот байгуулалтын сайдын
2020 оны 48 дугаар тушаалын хавсралт
БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, АНГИЛАХ,
ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ,
УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү журам (цаашид “Журам” гэх) нь барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, явган хүний зам талбай, ногоон байгууламж шинээр барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах, буулгахад үүсэх хог хаягдал болон барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлээс гарах хог хаягдлыг цуглуулах, ангилах, цэвэрлэх, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг эрхлэх харилцааг зохицуулна.
1.2.Журмын зорилго нь барилгын хог хаягдлын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгалийн нөөц баялгийг хэмнэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад оршино.
1.3.Журам нь Хог хаягдлын тухай хууль, Барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан баримт бичгүүдээс бүрдэнэ.
1.4.Барилгын хог хаягдлыг үүсгэгч иргэн, хуулийн этгээд, хог хаягдал цуглуулах, ангилах, цэвэрлэх, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага (цаашид “эрх бүхий этгээд” гэх)-ын үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдөнө.
1.5.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/349 дүгээр тушаалаар батлагдсан Эх үүсвэрээс гарах хог хаягдлын кодчилсон жагсаалтын “аюултай” зэрэглэлд хамрагдсан хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-аар зохицуулна.
1.6.Барилгын хог хаягдлыг үүсгэгч иргэн, хуулийн этгээд нь цуглуулах, ангилах, цэвэрлэх, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаандаа дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
1.6.1.барилгын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах боломжийг бүрдүүлэх;
1.6.2.орон нутгийн онцлог, нөхцөл байдалд тулгуурлан шинэ санаа, шинэ арга, олон улсын дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар хог хаягдлын хэмжээг бууруулах, дахин ашиглах боломжийг бүрдүүлэх;
1.6.3.барилгын хог хаягдлыг тус журмын 2.3-т заасны дагуу ангилан ялгах ажлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй нөхцөлөөр хийж хэрэгжүүлэх;
1.6.4.хог хаягдлын мэргэжлийн ажилтан ажиллуулах;
1.6.5.барилгын аюултай хог хаягдлыг тус журмын 1.10-т заасны дагуу шийдвэрлэх;
1.6.6.барилгын энгийн хог хаягдлыг энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагаар тээвэрлүүлэх, тээврийн зардлыг бүрэн хариуцах.
1.7.Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааг Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасан тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, байгууллага 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан барилгын ажлын зөвшөөрөл авсны үндсэн дээр гүйцэтгэнэ.
1.8.Барилга байгууламжийн буулгалтаас үүсэх хог хаягдлын норматив хэмжээг “Барилгын төсөв зохиох дүрэм” БНбД 81-95-12*/2020/-ийн дагуу тооцно.
1.9.Айл, өрхийн нийтийн болон амины орон сууцны засвараас үүссэн хог хаягдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/443 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага”-ын дагуу зохицуулах ба “Барилга доторх хог хаягдлын менежмент-Ашиглалтын дүрэм” MNS BS 5906:2018 стандартыг мөрдлөг болгоно.
1.10.Барилгын хог хаягдлын мэдээллийн санг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/428 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хог хаягдлын улсын мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоо, бүрдэл болон мэдээлэл төвлөрүүлэх журам”-ын дагуу бүрдүүлнэ.
1.11.Барилга байгууламжийг ашиглалтад оруулахдаа энэ журмын дагуу барилгын хог хаягдлыг мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн эсэхийг харгалзан Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд тусгана.
ХОЁР. БАРИЛГЫН ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ, ХАДГАЛАХ
2.1.Барилгын хог хаягдал үүсгэгч нь хог хаягдлыг ангилах, хадгалах, цуглуулах байршлыг талбайн зохион байгуулалтын зураг төсөлд тодорхой заасан байна.
2.2.Иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь үүсгэж буй барилгын хог хаягдлаа эх үүсвэр дээр нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх шинж чанараар тодорхойлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/349 дүгээр тушаалаар батлагдсан Эх үүсвэрээс гарах хог хаягдлын кодчилсон жагсаалт, тэдгээрийн “аюултай”, “хяналттай”, “энгийн” зэрэглэлд хамрагдсанаар нь ангилан ялгана.
2.3.“Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө”-тэй ажиллаж, төлөвлөгөөний тайланг ажил дууссанаас хойш нэг сарын дотор аймаг, Нийслэлийн барилгын салбарын төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
2.4.Эх үүсвэрээс гарах хог хаягдлын кодчилсон жагсаалтад “хяналттай” болон “энгийн” зэрэглэлд хамрагдсан барилга, барилгын материалын хог хаягдлыг дахин ашиглах, дахин боловсруулах хэрэгцээ, орон нутгийн шаардлагад нийцүүлэн эх үүсвэр, төрлөөр нь ангилан ялгана.
2.4.1.дахин боловсруулах боломжтой барилгын хог хаягдал гэж дараах хог хаягдлыг хэлнэ.
2.4.1.1.цаас /обой, төрөл бүрийн боодлын цаас, картон цаас, хаягдал цаас/;
2.4.1.2.хуванцар /төрөл бүрийн гялгар уут, баглаа боодол, бүх төрлийн шингэн материалын сав, сантехникийн шугам хоолой, цахилгааны тоноглол, кабель, хаалга, цонхны хүрээ PVC/;
2.4.1.3.хөнгөн цагаан, төмөр, металл, зэс, гууль, тэдгээрээр хийсэн бүх төрлийн материал бүтээгдэхүүн/;
2.4.1.4.шил /бүх төрлийн шилэн сав, хийц, эдлэл, шилэн бүтээгдэхүүн/;
2.4.1.5.мод, модон эдлэлийн хаягдал;
2.4.1.6.төрөл бүрийн шуудай, даавуун материалын хаягдал;
2.4.1.7.дуу дулаан тусгаарлах материалууд, хөөсөнцөрийн хаягдал;
2.4.1.8.резин, уур, ус, чийгээс хамгаалах бүх төрлийн хуйлмал материалууд;
2.4.1.9.өвс, мод, чулуу;
2.4.1.10.бүх төрлийн бетон, төмөр бетон эдлэл;
2.4.1.11.тоосго, чулуу, өнгөлгөөний хавтан, керамикийн хаягдал;
2.4.1.12.автозамын асфальт бетон, битумын холимог, замын хайрга, шороо;
2.4.1.13.хаягдал арматур, бүх төрлийн төмөр эдлэл;
2.4.1.14.бүх төрлийн цахилгаан, холбооны кабелийн утас;
2.4.1.15.бүх төрлийн сав, баглаа, боодол;
2.4.1.16.барилгын суурь ба талбайн тэгшилгээ, цэвэрлэгээнээс гарсан хөрс шороо.
2.4.2.дахин ашиглах боломжтой барилгын хог хаягдал гэж дараах хог хаягдлыг хэлнэ.
2.4.2.1.суурийн блок;
2.4.2.2.бүх төрлийн ялуу;
2.4.2.3.хучилтын хавтан, татанга, төмөр бетон дам нуруу;
2.4.2.4.тоосго, ханын блок, угсармал барилгын ханын хавтгайлж;
2.4.2.5.модон эдлэл, эдэлхүүн;
2.4.2.6.бүх төрлийн сав, баглаа, боодол;
2.4.2.7.барилгын суурь ба талбайн тэгшилгээ, цэвэрлэгээнээс гарсан хөрс шороо.
2.4.3.Устгах, булшлах барилгын хог хаягдал гэж дараах хог хаягдлыг хэлнэ.
2.4.3.1.Барилгаас гарсан дахин ашиглах, дахин боловсруулах боломжгүй хаягдал, асбест болон хортой бодис агуулсан, хортой бодисоор бохирдсон, мөнгөн ус агуулсан хаягдлууд;
2.4.3.2.Бохирдсон буюу хортой бодис агуулсан хөрс, шороо, чулуу, нунтаг шороо, бетон, тоосго, өнгөлгөөний хавтан, керамикийн хаягдал, мод, шил, хуванцар.
ГУРАВ. ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ
3.1.Хог хаягдлыг үүсгэгч иргэн, хуулийн этгээд нь барилга, байгууламж, явган хүний зам талбай, ногоон байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах, тоноглох, буулгахад үүсэх хог хаягдал болон барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарсан хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, талбайг чөлөөлнө.
3.2.Барилгын иж бүрэн нураалт хийх үед хог хаягдлыг үүсгэгч иргэн, хуулийн этгээд нь “Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө”-тэй ажиллаж тайланг тухайн төсөл дууссанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэлийн барилгын салбарын төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
3.3.Аймаг, Нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь Хог хаягдлын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд нутаг дэвсгэртээ зөвшөөрөлгүй газар асгасан барилгын хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих арга хэмжээг авч ажиллана.
3.4.Зориулалтын бус газарт барилгын хог хаягдлыг хаясан тохиолдолд баг, хорооны Засаг дарга хяналт тавьж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний гаргасан хууль бус үйлдлийг буруутай этгээдийн зардлаар бүрэн цэвэрлүүлнэ.
ДӨРӨВ. ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ
4.1.Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын хог хаягдал тээвэрлэх тохиолдолд барилгын хог хаягдал үүссэн байршил бүхий баг, хорооны Засаг даргад мэдэгдэж, сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авч ажиллана.
4.2.Барилгын хог хаягдал тээвэрлэх зөвшөөрөлтэй этгээд /тээвэрлэгч/ холбогдох хууль тогтоомжид нийцсэн тээвэрлэлтийн гэрээг барилгын хог хаягдлыг үүсгэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулж тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.
4.3.Хог хаягдал үүсгэгч этгээдтэй гэрээ байгуулсан энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг эрхлэгч эрх бүхий этгээд нь хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэн хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй.
4.4.Барилгын хог хаягдлыг тээвэрлэхэд тавигдах шаардлага:
4.4.1.“Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” МNS4598:2011 стандартын шаардлагыг хангаж, техникийн хяналтын үзлэгт хамрагдан, гэрчилгээг авсан байна;
4.4.2.барилгын хог хаягдал тээвэрлэх машиныг Аймаг, нийслэлийн нэгдсэн GPS-ийн хяналтын системд бүртгүүлсэн байх;
4.4.3.хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газар хаяхгүй байх;
4.4.4.тээвэрлэгч нь замын хөдөлгөөнд аюул учруулахгүйгээр соёлтой оролцож, зам дээр хог хаягдлыг асгахгүй байх арга хэмжээ авсан байх;
4.4.5.барилгын хог хаягдал тээвэрлэх тэвштэй буюу өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл нь хог хаягдлыг гээгдэхээс хамгаалах зориулалтыг хэрэгсэлтэй, өндөрлөгөө, хашлага, бүтээлэгтэй байх;
4.4.6.машин механизм, тоног төхөөрөмж, өргүүрийн эд ангиуд шаардлага хангасан байх.
4.5.Барилгын хог хаягдал тээвэрлэгч нь тээвэрлэсэн хог хаягдлын хэмжээ, тогтоосон чиглэлийн дагуу тээвэрлэлт хийсэн хуваарь, цаг хугацааны талаарх мэдээ тайланг сар бүрийн 25-ны дотор сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын хог хаягдлын асуудал хариуцсан хэлтэст хүргүүлнэ.
4.6.Барилгын болон газар шорооны ажлын үед гарсан шимт хөрсийг хот тохижуулах байгууллагад тээвэрлэж хүргэнэ.
4.7.Барилгын сууриас гарсан шороог газрын нөхөн сэргээлтэд дүүргэгчээр ашиглахын тулд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн хадгалах талбайд тээвэрлэж хүргэнэ.
ТАВ. ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ,
СЭРГЭЭН АШИГЛАХ
5.1.Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагааг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэлтэй, эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.
5.2.Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг тухайн аймаг, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр үйлдвэрлэлийн бүсэд олгогдсон газарт барьж байгуулна.
5.3.Дахин боловсруулж шинээр гарган авсан бүтээгдэхүүн, эдлэхүүн, дахин боловсруулалтаас гарсан хог хаягдлын тоо, тайлан мэдээг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.
5.4.Дахин боловсруулж гаргаж авсан барилгын материал, бүтээгдэхүүн, эдлэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулж, чанар байдалд дүн шинжилгээ хийлгүүлэх, сорьцын дүнг гаргуулан тухайн материал бүтээгдэхүүний холбогдох стандартад нийцүүлсэн байна.
5.5.Дахин боловсруулалтаас үүссэн хог хаягдлыг зөвшөөрөлтэй хог хаягдлын төвлөрсөн цэгт хүргэнэ.
5.6.Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч этгээд нь барилгын хог хаягдал тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд энэхүү журмын 4.1-ийг баримтална.
5.7.Барилгын хог хаягдлыг хүлээн авах үйл ажиллагаанд тавигдах шаардлага:
5.7.1.Хог хаягдлыг хүлээн авах авто пүүтэй байна;
5.7.2.Диспетчерийн байртай байна;
5.7.3.Хог хаягдлын мэдээллийн санг үүсгэсэн байна;
5.7.4.Зориулалтын авто гаражтай байна;
5.7.5.Тусгай зориулалтын машин, техник, хэрэгсэлтэй байна.
ЗУРГАА. ХОГ ХАЯГДЛЫГ УСТГАХ, БУЛШЛАХ
6.1.Барилгаас үүссэн дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг /аюултай хог хаягдал хамаарахгүй./ энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгт булшилж устгана.
6.2.Тогтоосон байршилд устгах, булшлах үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэнэ.
6.3.Хог хаягдал устгах, булшлах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилтыг аймаг, Нийслэлийн төсөвт тусгаж батлуулан ажиллана.
6.4.Барилгын хог хаягдлыг устгах, булшлах зардлыг Хог хаягдлын тухай хуулийн 9.1.4-т заасан энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифаар тооцно.
ДОЛОО. ХАРИУЦЛАГА
7.1.Барилгын хог хаягдлыг зөөх, тээвэрлэх үйл ажиллагааг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зориулалтын бус газарт барилгын хог хаягдлыг хаясан тохиолдолд анхны төлөв байдалд оруулахад шаардагдах зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
7.3.Хог хаягдлын тухай хууль зөрчигчдөд Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйл, Хог хаягдлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.4.Барилга буулгаж буй хуулийн этгээд “Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө” хийгээгүй, тайлан өгөөгүй, хууль бус хог хаягдал үүсгэсэн бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
------ // -------
Текст томруулах
A
A
A