A

A

A

Бүлэг: 1979

ТЕГ-ын даргын 2020 оны

А/02 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР СУУТГАН ТӨЛӨГЧИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч /цаашид “албан татвар суутган төлөгч” гэх /-өөр бүртгүүлэх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээдийг татварын алба албан татвар суутган төлөгчөөр бүртгэх, бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасахад энэхүү журмыг баримтална.

1.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5 -д заасан Монгол Улсад оршин суугч бус этгээдийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагчаар бүртгэхгүй бөгөөд тухайн этгээдийн татвар төлөх, тайлагнах үүргийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу уг этгээдээс ажил, үйлчилгээ худалдан авсан хувь хүн, хуулийн этгээд хариуцан гүйцэтгэнэ.

Хоёр. Эрх зүйн үндэслэл

2.1.Татварын алба дараах үндэслэлээр хувь хүн, хуулийн этгээдийг албан татвар суутган төлөгчөөр бүртгэнэ. Үүнд:

2.1.1.Хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны (Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээний болон хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалтаас бусад) борлуулалтын орлогын хэмжээ 50.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн нь анхан шатны баримтаар нотлогдсон;

2.1.2.Татварын хяналт шалгалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн нь нотлогдсон;

2.1.3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу хувь хүн, хуулийн этгээд нь сайн дураар албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ татварын албанд гаргасан;

2.1.4.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасны дагуу зохион байгуулалтын төрөл хэлбэрээ өөрчлөн байгуулагдсаны дүнд бий болсон хуулийн этгээд нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ татварын албанд гаргаж болно.

2.1.5.Хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны борлуулалтын орлогод урьдчилж орсон орлого хамаарахгүй.

2.1.6.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээд нь дараах нотлох баримтыг цахим болон цаасан хэлбэрээр тайлант жилийн дараа сарын 10-ны дотор харьяалах татварын албанд жилд нэг удаа ирүүлнэ: Үүнд: /албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүргээс чөлөөлөгдөх хүсэлт, чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээ эрхэлдэг болохыг нотлох баримт, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, цахим төлбөрийн баримт, гэрээ, анхан шатны баримт гэх мэт/.

2.1.7.Энэ журмын 2.1.6-д зааснаар албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэхгүй хувь хүн, хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээг давхар эрхэлсэн тохиолдолд албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэнэ.

Гурав. Тавигдах шаардлага

3.1.Албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасан хувь хүн, хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.3, 5.6-д заасан;

3.1.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан нөхцөл хангаж сайн дураар албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хувь хүн, хуулийн этгээдийн хувьд зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн нь анхан шатны баримтаар нотлогдсон байх;

3.1.3.Энэ журмын 2.1.4-д заасан этгээдийн хувьд өөрчлөн байгуулсан тухай эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэр, хуваах тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдсан компанийн тухайд хуваах баланс, компанийн дүрэм зэрэг өөрчлөн байгуулалтын дүнд татвар төлөх эрх, үүрэг шилжсэнийг нотлох баримтыг үндэслэнэ.

Дөрөв. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэх, гэрчилгээ олгох

4.1.Хувь хүн, хуулийн этгээд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны баримтаар нотлогдсон өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан харьяалах татварын албанд бичгээр болон цахим хэлбэрээр "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагчаар бүртгүүлэх өргөдөл" / Хавсралт №5 /-ийг бөглөж дараах баримтыг хавсарган харьяалах татварын албанд ирүүлнэ. Үүнд:

Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрснийг нотлох анхан шатны баримт бичиг; /харилцах дансны хуулга, төлбөрийн баримт, нэхэмжлэх, бараа борлуулсан, үйлчилгээний үзүүлсэн орлого, зардлын баримт, шаардлагатай тохиолдолд бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай гэрээ гэх мэт/

4.2.Харьяалах татварын албаны албан татвар суутган төлөгчийн бүртгэл хариуцсан албан хаагч нь хувь хүн, хуулийн этгээдийн бичгээр болон цахимаар ирүүлсэн "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл"-ийг хянан шийдвэрлэх бөгөөд татварын албаны ажил хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулснаар албан татвар суутган төлөгчөөр системд бүртгэгдэж, татвар төлөгчийн гэрчилгээнд өөрчлөлтийн тэмдэглэгээ хийгдэн, бүртгэгдсэн талаар татвар төлөгчид мэдэгдэнэ.

4.3.Энэ журмын 4.2-д заасан шийдвэрийг үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас QR болон бар код бүхий "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ"-г татвар төлөгчийн цахим татварын систем болон цахим хаягаар илгээж, "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл"-ийг татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгална.

4.4.Энэ журмын 2.1.2-т заасан үндэслэлээр албан татвар
суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.2-т заасан шаардах хуудас болон татварын нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид гардуулж, мэдээллийг харьяалагдах татварын албаны нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлийн ажил хариуцсан нэгжид тухай бүр хүргүүлнэ.

4.5.Энэ журмын 4.1-д заасан хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл гаргаагүй хувь хүн, хуулийн этгээдэд татварын албанаас Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.2-т заасны дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх тухай шаардах хуудас хүргүүлнэ.

4.6.Хувь хүн, хуулийн этгээд нь энэ журмын 4.5, 4.6-д заасан шаардах хуудсыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан харьяалах татварын албанд "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл" –ийг ирүүлнэ.

4.7.Шаардлагатай тохиолдолд татварын алба хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үндэслэл, санхүү, татварын тайланд тусгасан борлуулалтын орлогын үнэн зөв, бодитой эсэхийг нягтлан шалгаж болно.

4.8.Энэ журмын 4.7-д заасан нягтлах шалгалтыг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад үндэслэхийн зэрэгцээ Татварын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасан нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх замаар өргөдөл хүлээн авсан татварын алба хэрэгжүүлнэ.

4.9.Албан татвар суутган төлөгчөөр бүртгэх үндэслэлгүй эсхүл
шаардлага хангаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ тухай хуулийн этгээдийн бүртгэлтэй гар утас, цахим хаягаар мэдэгдэх бөгөөд шалтгааныг нь тодорхой дурдсан байна.

4.10.Албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгч болсон өдрийг тодорхойлохдоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19 дахь заалтыг баримтална.

Тав. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлд нэмэлт,

өөрчлөлт оруулах

5.1.Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу албан татвар суутган төлөгчийн бүртгэлийн мэдээлэл татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд өөрчлөгдөх бүрт нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээнд өөрчлөлтийн тэмдэглэгээ хийгдэнэ.

Зургаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасах

6.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д заасны дагуу суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи дараалсан 12 сарын албан татварын тайлангаар албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй, үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон албан татвар суутган төлөгчийг харьяалагдах татварын албаны даргын тушаалаар төрлийн бүртгэлээс хасна.

6.2.Харьяа татварын алба нь албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасахад дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ .

6.2.1.Эрсдэлийн удирдлагын асуудал эрхэлсэн нэгж нь энэ журмын 6.1-д заасан шаардлагад нийцсэн татвар төлөгчийн эрсдэлийн төвшинг тооцон, эрсдэл өндөртэй татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэхээр Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжид шилжүүлж, эрсдэлгүй эсхүл эрсдэл багатай татвар суутган төлөгчийг тухайн татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлийн ажил хариуцсан нэгжид шилжүүлнэ.

6.2.2.Эрсдэлгүй эсхүл эрсдэл багатай албан татвар суутган төлөгчийг эрсдэлийн удирдлагын нэгжээс гаргасан дүгнэлтийг үндэслэн албан татвар суутган төлөгчийн төрлийн бүртгэлээс хасна.

6.2.3.Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь албан татвар суутган төлөгчийг бүртгэлээс хасах ажлыг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан татварын хяналт шалгалт хийж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасны дагуу өөрт үлдээсэн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт" үйлдэнэ.

6.2.4.Татварын хяналт шалгалтаар дараалсан 12 сарын борлуулалтын орлого 50 сая болон түүнээс дээш төгрөг болох нь тогтоогдсон бол татварын төрлийн бүртгэлээс хасахгүй.

6.2.5.Албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасахдаа нэмэгдсэн өртгийн албан татварын илүү, дутуу үлдэгдлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ.

6.2.6.Татвар төлөгчийн харьяалах татварын албаны даргын тушаал гарсан өдрөөс татвар төлөгчийг албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсанд тооцох ба энэ тухай татвар төлөгчийн гэрчилгээ болон албан татвар суутган төлөгчийн гэрчилгээнд хасагдсан тэмдэглэгээ хийгдэнэ.

6.2.7.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээг татвар төлөгчийн цахим хувийн хэрэгт хадгална.

6.3.Албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан нь тухайн этгээдийн албан татвар суутган төлөгч байх үеийн үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд албан татвар суутган төлөгчөөр дахин бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

6.4.Татварын алба улсын хэмжээнд албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн болон бүртгэлээс хасагдсан хувь хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг татварын албаны цахим хуудсаар улирал бүр мэдээлнэ.

Долоо. Маргааныг хянан шийдвэрлэх

7.1.Хувь хүн, хуулийн этгээд нь албан татвар суутган төлөгчөөр бүртгэх, бүртгэлээс хасах үйл ажиллагаатай холбогдсон гомдлоо тухайн татварын албаны дээд шатны татварын албаны даргад гаргана.

7.2.Дээд шатны татварын албаны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.