A

A

A

Бүлэг: 1979

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 32/03

 дугаар тогтоолын хавсралт

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ,

ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ журмаар нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас үүсэх хог хаягдлыг эх үүсвэр дээр багасгах, ангилан ялгах, ангиллын дагуу хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх, нийтийн эдэлбэр газрыг цэвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагааг эрхлэхэд үүсэх харилцааг зохицуулна.

1.2.Энэхүү журам нь Хог хаягдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

1.3.Энэхүү журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа оршин суугч иргэд, үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд дагаж мөрдөнө.

1.4.Энэ журмаар аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулахгүй.

1.5.Журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга, цагдаа, хог хаягдлын олон нийтийн байцаагч болон хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан, гэрээгээр эрх олгосон төрийн бус байгууллага, олон нийтийн хяналтыг иргэдийн бүлэг, иргэн тавина.

1.6.Энэхүү журамд заасан хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, ангилан ялгах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллага Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлж, Нийслэлийн хог хаягдлын хяналт удирдлагын нэгдсэн цахим системд орсноор сонгон шалгаруулалтанд оролцох, гэрээ байгуулах эрх нээгдэнэ.

ХОЁР. НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА, ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫН ЧИГ ҮҮРЭГ

2.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг

2.1.1.Журмын хэрэгжилтэд хяналт тавих.

2.2.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн чиг үүрэг

2.2.1.Журмын хэрэгжилтийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцаж, тайлагнах;

2.2.2.Энгийн хог хаягдал булшлах, устгах үйл ажиллагаа эрхлэх байгууллагатай гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох;

2.2.3.Гэнэтийн болон Байгалийн давагдашгүй хүчин зүйлс тохиолдсон үед хуваарьт бус бүх нийтийн их цэвэрлэгээг зарлах;

2.2.4.Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, булшлахад шаардагдах төсөв, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

2.2.5.Энгийн хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх байгууллагын үйл ажиллагааны хүчин чадал, менежментийг үнэлэх аргачлалыг батлах;

2.3.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны чиг үүрэг

2.3.1.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, ангилан ялгах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил арга зүйгээр хангах, хяналт тавих, бүртгэх чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах;

2.3.2.Дүүргийн хилийн цэс харгалзахгүйгээр нэгдсэн удирдлага зохион байгуулалттайгаар цэвэрлэгээ хийх нийтийн эдэлбэр газарт хамаарах гудамж, зам талбай, хотоос алслагдсан зам, замын байгууламжийн жагсаалтыг батлах;

2.3.3.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах,тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болох ба хяналтын төрийн бус байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж ажиллуулах;

2.3.4.Нийслэлийн хэмжээнд хог хаягдлын талаарх сургалт, сурталчилгааны нэгдсэн арга зүйг боловсруулах;

2.3.5.“Дүүргийн нутаг дэвсгэрт энгийн хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний гэрээ”-г Дүүргийн Засаг дарга, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагатай хамтран байгуулах;

2.3.6.Нийслэлийн хог хаягдлын менежментийн хяналт, удирдлагын нэгдсэн цахим системийг ажиллуулах;

2.3.7.Журмын 2.2.5-д заасан үнэлгээнд улирал бүр хяналт тавьж, үнэлгээний бодит байдалд дүгнэлт гаргах.

2.4.Дүүргийн Засаг даргын чиг үүрэг

2.4.1.Журмын 2.3.2-д зааснаас бусад дүүргийн хилийн цэс доторх нийтийн эдэлбэр газарт хамаарах гудамж, зам талбайн жагсаалтыг батлах;

2.4.2.Журмын 2.2.5-д заасан аргачлалын дагуу энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх байгууллагын үйл ажиллагааны хүчин чадал, менежментийн үнэлгээг улирал тутамд хийж, үр дүнг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тайлагнах;

2.4.3.Бүх нийтийн их цэвэрлэгээнд хамрагдах дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж, зам, талбай, ногоон бүсийн зураглалыг гаргаж төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуульд зураглалаар хариуцуулан, хуваарь гарган батлах;

2.4.4.Дүүргийн нутаг дэвсгэр дэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоодод хог хаягдлын талаарх сургалт, сурталчилгааг журмын 2.3.4-д заасан арга зүйн дагуу улиралд хоёроос доошгүй удаа тогтмол зохион байгуулах;

2.4.5.Дүүргийн нийтийн эдэлбэр газар, гудамж талбайд хоёроос доошгүй төрлөөр ангилан хогийн савыг журмын 6.7-д заасан байршлуудад байршуулах ба шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгуулах;

2.4.6.Дүүргийн нутаг дэвсгэрт журмын хэрэгжилтийг хангах, нийтийн эдэлбэр газарт ил задгай хог хаягдал үүсгэхгүй байх арга хэмжээг авч ажиллах;

2.4.7.Дүүргийн нийт айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын ачилт, цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээг өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан байгууллагатай “Дүүргийн нутаг дэвсгэрт хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулан гүйцэтгүүлэх;

2.4.8.Дүүргийн нутаг дэвсгэр хог ачиж, цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх хог хаягдлын үйлчилгээний байгууллагыг журмын 7.4-т заасан сар бүрийн гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэн Хог хаягдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 41.10 дахь хэсэгт заасны дагуу санхүүжүүлэх ба чанаргүй гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээгээр санхүүжилтийг хасаж олгоно.

2.4.9.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний төлөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийг Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2-д заасан хэмжээгээр тооцож авахад хяналт тавих, үйлчилгээний хураамжийн орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх;

2.4.10.Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 9.4.14-д заасны дагуу хог хаягдлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих хог хаягдлын олон нийтийн байцаагчийг ажиллуулж, шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгаж батлуулах;

2.4.11.Дүүргийн газар нутгийн онцлогоос хамаарч ангилсан хог хаягдлыг худалдан авах, түр хадгалах цэгийн байршлыг тогтоох;

2.4.12.Зам талбайн цэвэрлэгээг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас баталсан тарифыг үндэслэн цэвэрлэгээний зардлыг дүүргийн төсөвт тусгаж, Төсвийн тухай хуульд заасны дагуу зарцуулах.

2.5.Хорооны Засаг даргын чиг үүрэг

2.5.1.Хорооны иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дүүргээс зохион байгуулж буй хог хаягдлын талаарх сургалт, сурталчилгаанд хамруулах;

2.5.2.Хог ачиж, цуглуулах, тээвэрлэх хуваарийн хэрэгжилтэд хяналт тавих;

2.5.3.Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;

2.5.4.Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг ангилуулах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, бүртгэл хөтлөх;

2.5.5.Орон сууц, гэр хорооллын оршин суугч иргэдийн бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцсон талаар бүртгэл хөтөлж, өрхийн дэвтэрт тэмдэглэгээ хийх.

ГУРАВ. АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО, ИРГЭДИЙН ЧИГ ҮҮРЭГ

3.1.Аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, иргэдийн чиг үүрэг

3.1.1.Аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо нь Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т заасны дагуу орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газар, зам талбайн хог хаягдал, шарилж, лууль зэрэг ургамал, цас мөсийг өдөр бүр тогтмол цэвэрлэх;

3.1.2.Журмын 3.1.1-д заасан үүргийг гүйцэтгэхгүй тохиолдолд дүүргийн Засаг дарга мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гарсан зардлыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо хариуцах;

3.1.3.Аж ахуйн нэгж, байгууллага нь бүх нийтийн их цэвэрлэгээнд ажилтан, албан хаагчдыг хамруулах, холбогдох зардлыг гаргаж цэвэрлэгээний багаж хэрэгслээр хангах;

3.1.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь журмын 2.4.4-т заасан дүүрэг, хорооноос зохион байгуулж буй хог хаягдлын талаарх сургалтад хамрагдах;

3.1.5.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нь хог хаягдлаа журмын 6.2-т заасны дагуу эх үүсвэр дээр ангилан ялгах;

3.1.6.Аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо нь гадна талбайдаа энэхүү журмын 6.2-т заасан төрлөөр хог хаягдал хадгалах сав, бункертэй байх ба доорх шаардлагыг хангасан байх;

а.Хогийн сав нь Хог хаягдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагаас гадна шавьж, мэрэгч, шувуу, амьтан орох боломжгүй хамгаалалт, хаалт, тагтай байна;

б.Журмын 6.3-д заасан ангиллын төрлийг заасан таних тэмдэг, өнгөтэй байна;

в.Хог хаягдлыг ангилж хийх, хадгалахад хялбар хийц загвартай, өнгө үзэмжтэй байна;

г.Хогийн савыг тогтмол цэвэрлэн, сард нэгээс доошгүй удаа ариутгана;

3.1.7.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь картон цааснаас бусад төрлийн ангилсан хаягдлыг зориулалтын уутанд хийж, уутны амыг боож битүүмжлэн энэхүү журмын 3.1.6-д заасан хогийн сав, бункерт байршуулан, хадгалах ба хог ачиж цуглуулах хуваарийн дагуу ангиллын төрөл тус бүрээр хог тээврийн авто машинд ачуулах;

3.1.8.Барилга, байгууламжийг өргөтгөх, шинээр барихдаа түүний зориулалт, хүн амын нягтрал, хог хаягдлын үүсэх хэмжээ, ангиллын төрлөөс хамаарч хог хаягдал хадгалах байр, талбайн байршлыг барилга, байгууламжийн зураг, төсөлд тусгасан байх;

3.1.9.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 0,75м.кубээс дээш эзлэхүүнтэй овор хэмжээ их энгийн болон барилгын хог хаягдлыг Хог хаягдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д заасны дагуу нэмэлт үйлчилгээний хөлс төлж эрх бүхий мэргэжлийн байгууллагаар тээвэрлүүлэх;

3.1.10.Аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, айл өрхүүд хог хаягдлаа эрх бүхий мэргэжлийн байгууллагатай “Хог ачиж, тээвэрлүүлэх гэрээ” байгуулж, ангиллын төрөл тус бүрээр хогоо ачуулах ба уг гэрээнд хог ачих өдөр, цаг, давтамжийг тодорхой заах;

3.1.11.Хог хаягдал ачиж цуглуулах эрх бүхий мэргэжлийн байгууллага нь хуваарийн дагуу ангиллын төрөл тус бүрээр хогоо ачаагүй тохиолдолд дүүргийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Засаг даргад уг байгууллагын үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авах, 3-аас дээш удаа хуваарийн дагуу хогоо ачаагүй тохиолдолд журмын 2.4.7-д заасан гэрээг нь цуцлуулах, хүчин чадал бүхий өөр байгууллагаар тээвэрлэлт хийлгүүлэхийг шаардах;

3.1.12.Бүх нийтийн их цэвэрлэгээний өдрүүдэд дүүргээс зураглалаар хариуцуулсан нийтийн эдэлбэр газар, гудамж, зам, талбайн хог хаягдлыг цэвэрлэж, холбогдох байгууллагад хүлээлгэж өгөх;

3.1.13.Хүнсний зах, супермаркет, худалдаа үйлчилгээний төвүүд иргэдэд авсан бараагаа савлах цэгийг байгуулж, цаасан хайрцгаар хангах;

3.1.14.Нийслэлд үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь дараах бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагааг хариуцах;

а. PET төрлийн хуванцар сав;

б. Шилэн лонх, сав;

в. Авто тээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн дугуй;

г. Хөнгөн цагаан болон металл лааз, сав;

3.1.15.Нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд нийт борлуулсан согтууруулах ундааны шилэн лонхныхоо 30-аас доошгүй хувийг эргүүлэн татаж, дахин ашиглах;

3.1.16.Хог хаягдлыг үүсгэгч нь журмын 3.1.14, 3.1.15 дахь заалтыг дангаар болон хамтран хэрэгжүүлж болно.

ДӨРӨВ. НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗАР, ХОТЫН ГУДАМЖ, ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭХ

4.1.Нийтийн эдэлбэр газар, хотын гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг энэхүү журмын 1.6-д заасны дагуу нийслэлийн хог хаягдлын менежментийн бүртгэл, хяналтын нэгдсэн цахим санд бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэнэ.

4.2.Зам талбайн цэвэрлэгээний өдөр тутмын хөндлөнгийн хяналтыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болох ба цэвэрлэгээний ажлын зардлын 2 хувиар санхүүжүүлнэ.

4.3.Нийтийн эдэлбэр газар, хотын гудамж, зам талбайн цэвэрлэгээг зам, талбайн онцлог, улирлын байдлаас шалтгаалан гараар болон тусгай зориулалтын машин техникээр гүйцэтгэнэ.

4.4.Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эдэлбэр газар, хотын гудамж, зам талбайн цэвэрлэгээг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.

4.4.1.Нийтийн эдэлбэр газарт хамаарах гудамж, зам талбайн хог хаягдлыг механикаар цэвэрлэгч жижиг оврын тусгай зориулалтын авто машинтай байх;

4.4.2.Ажилчдын ажлын хувцас солих өрөө, бие засах газар, халуун усанд орох нөхцөлийг бүрдүүлсэн түрээсийн болон өөрийн ажлын байртай байх;

4.4.3.Зам талбай цэвэрлэгээнд ажиллах шүүрт болон давс бодис цацах тусгай зориулалтын автомашинтай байх ба автомашин нь стандарт шаардлага хангаж, тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоонд хамрагдсан, байгаль орчин, агаарын чанарт сөрөг нөлөөгүй байх.

4.4.4.Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд ажиллах автомашин нь 5-аас дээш жилийн насжилттай бол агаарын бохирдлоос сэргийлэх зорилгоор автомашины түлш, яндангийн системд тусгай зориулалтын шүүлтүүр, тоног төхөөрөмж суурилуулсан байх;

4.4.5.Цас мөс хайлуулах зориулалт бүхий бодис нөөцлөх шаардлага хангасан агуулахтай байх;

4.4.6.Санхүүгийн чадавхтай байх, нийгмийн даатгал, татварын хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх;

4.4.7.Нийтийн эдэлбэр газар, хотын гудамж, зам талбайн цэвэрлэгээнд ажиллах машин техник нь газар зүйн мэдээллийн (GPS) систем бүхий тоног төхөөрөмжтэй байх ба Нийслэлийн хог хаягдлын хяналт удирдлагын нэгдсэн цахим системд холбогдсон байх.

4.5.Нийтийн эдэлбэр газар, хотын гудамж, зам талбайд дараах зам, талбайг хамруулна.

4.5.1.Олон улс, улс, нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж, гүүр, гүүрэн гарц, явган хүний зам, ногоон байгууламж, хайс, хашлага;

4.5.2.Үндэсний болон нийслэл, дүүргийн хэмжээний цэцэрлэгт хүрээлэн, зорчих хэсгийн тусгаарлах зурвас, талбай, хөшөө баримал, түүхийн дурсгалт газар;

4.5.3.Орон сууц, гэр хороолол доторх гол болон туслах авто зам, замын байгууламж, явган хүний зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, талбай, авто зогсоол;

4.5.4.Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн авто болон явган зам, голын эрэг, гольдрол, амралт, зугаалгын бүсийн ой мод, амралтын талбай, авто болон явган зам.

4.6.Нийтийн эдэлбэр газар, зам талбайн цэвэрлэгээний үйл ажиллагаанд тавигдах шаардлага.

4.6.1.Журмын 2.3.2-т заасан гудамж, зам талбайн цэвэрлэгээ хийх аж ахуйн нэгж, байгууллагын зам талбайн үйлчлэгч нь улбар шар, 2.4.1-д заасан гудамж, зам талбайн цэвэрлэгээ хийх зам талбайн үйлчлэгчид нь цэнхэр өнгийн хантаазтай байх;

4.6.2.Хотын гол гудамж, зам, талбай, туслах зам, хорооллын доторх зам талбайн цэвэрлэгээг өдөр бүр, хотоос алслагдсан зам, замын байгууламжийн цэвэрлэгээг долоо хоногт хоёроос доошгүй удаагийн давтамжтайгаар цэвэрлэх;

4.6.3.Зам талбайн үйлчлэгчийн нэг удаагийн цэвэрлэх талбай 10000 м2-аас ихгүй байх;

4.6.4.Авто зам, автобусны буудал, авто зогсоолын цэвэрлэгээг зуны улиралд өглөөний цэвэрлэгээг 05:00-07:00 цаг, өвлийн улиралд 06:00-08.00 цагийн хооронд бүрэн хийж авто машин, явган зорчигч саадгүй зорчих нөхцөлийг хангах;

4.6.5.Гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед ажлын цаг харгалзахгүй ээлжээр цэвэрлэгээг хийх;

4.6.6.Авто замын зорчих хэсгийн цэвэрлэгээг гүйцэтгэхдээ ослоос сэргийлсэн цацруулагч бүхий түмбийг цэвэрлэгээний талбайгаас 10 хүртэлх метрийн зайнд байрлуулан аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;

4.6.7.Нийтийн эдэлбэр газар, авто замын цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг авто замын борооны ус зайлуулах ил болон далд шугам сүлжээ, шүүрт худаг, үерийн хамгаалалтын далан сувагт хаяж болохгүй ба ил задгай овоолж салхиар тархах, хийсэхээс сэргийлэн зориулалтын хогийн саванд хадгалж, тээвэрлэгчид хүлээлгэн өгөх;

4.6.8.Нийтийн эдэлбэр газар, зам, талбайд байрлуулсан хогийн савны хог хаягдлыг хогийн сав дүүрч, халихаас өмнө давтамж харгалзахгүй суллаж цэвэрлэх;

4.6.9.Өвлийн улиралд цас, мөсийг хайлуулах зориулалтаар цацсан давс, тусгай зориулалтын бодис бүхий цас, мөсийг ногоон байгууламжид хийхгүй байх ба хариуцсан гудамж, зам, талбайн цас мөсийг цас орсон өдрөөс хойш 72 цагийн дотор бүрэн цэвэрлэх;

4.6.10.Авто болон явган хүний замын хайс, хашлага, нийтийн эдэлбэр газар, зам талбайн хогийн сав, сандал бусад архитектурын байгууламжийг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд сард хоёроос доошгүй, 10 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд сард нэгээс доошгүй удаа цэвэрлэх;

4.6.11.Хатуу хучилттай авто болон явган хүний замыг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд гар болон механикаар чийгшүүлэн цэвэрлэх.

4.7.Нийтийн эдэлбэр газар, хотын гудамж, зам талбайн цэвэрлэгээг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

4.7.1.Нийтийн эдэлбэр газар, зам, талбайн үйлчлэгчид болон жолооч, ачигчдад энэхүү журмын 4.6.1-д заасан өнгө бүхий өвөл, зуны ажлын хувцас, хэрэгсэл, багаж, материалаар хангах;

4.7.2.Зам талбайн цэвэрлэгээний дараалал, хуваарь, аргачлалыг батлуулж ажиллах;

4.7.3.Өвлийн улиралд хариуцсан авто зам болон зам талбайн халтиргаа гулгааг цас орсон даруйд дагтаршиж, мөстөхөөс өмнө халтиргаа, гулгаа арилгах тусгай зориулалтын бодис, давсыг цацаж, замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлэх;

4.7.4.Гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлс болох цас, зуд, үер усны аюулын үед ажиллах шуурхай ажиллагааны төлөвлөгөө, нөөц авто машин, багаж, тоног төхөөрөмж, материалын тоо, хэмжээг гарган байгууллагын даргаар батлуулж, нийслэл, дүүргийн онцгой комисст жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан хүргүүлэх;

4.7.5.Ажилд гарахын өмнө хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг тогтмол танилцуулан, ажлын хувцас, хэрэглэлийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, тухайн өдрийн ажил гүйцэтгэх даалгаврыг өгч, ажилтан бүрээр гарын үсэг зуруулж, тэмдэглэл хөтлөх;

4.7.6.Хууль, журам, ажил үүргийн тодорхойлолт, хуваарь, цэвэрлэгээний арга зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, харилцаа, ёс зүйн хэм хэмжээг багтаасан чиглүүлэх сургалтад хамрагдсан зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч, ажилтнуудыг ажиллуулах;

4.7.7.Зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигчийг өвчтэй, хэт ядарсан болон согтууруулах ундаа хэрэглэсэн үед ажилд гаргахгүй байх;

4.7.8.Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг зориулалтын саванд хийж нийтийн эдэлбэр газар, зам талбайн хог хаягдал тээвэрлэх авто машинд ачуулах;

4.7.9.Журмын 3.1.2-д заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газар, зам талбайн хог хаягдал, шарилж, лууль зэрэг ургамал, цас мөсийг төлбөртэйгээр цэвэрлэж, зардлыг гаргуулах.

ТАВ. НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ

5.1.Бүх нийтийн их цэвэрлэгээнд дараах нийтийн эдэлбэр газар, гудамж, талбай, ногоон бүсийг хамруулна. Үүнд:

5.1.1.Олон улсын болон улс, орон нутгийн чанартай авто зам, явган замын дагуух 50 хүртэлх метрийн өргөн зурвас;

5.1.2.Төмөр замын хамгаалалтын бүс болон бүсээс гадагш 50 хүртэлх метрийн өргөн зурвас;

5.1.3.Голын гольдрол, эрэг түүний хамгаалалтын бүс;

5.1.4.Зуслангийн ногоон бүс;

5.1.5.Орон сууцны хороолол, гэр хорооны доторх авто болон явган зам, ногоон байгууламж, бичил цэцэрлэг, гудамж, амралт, тоглоомын талбай, жалга, суваг, үерийн усны далан, шуудуу;

5.1.6.Нийтийн эдэлбэр газар, зам талбайн цэвэрлэгээнд тогтмол хамрагддаггүй авто болон явган хүний зам, замын байгууламж, гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, амралт, зугаалгын бүс, бичил тохижилт.

5.2.Нийтийн их цэвэрлэгээнд тавигдах шаардлага

5.2.1.Цэвэрлэсэн хог хаягдлыг ил задгай овоолон орхих, шатаахгүй байх;

5.2.2.Цэвэрлэгээнээс гарсан хог, хаягдлыг тусгайлсан уутанд хийж, уутны амыг боон хог хаягдал ачихаар тодорхойлсон байршилд хүргэх;

5.2.3.Хөдөлмөр, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааг ханган цэвэрлэгээнд оролцож байгаа иргэдэд амны хаалт, бээлий хэрэглүүлэх;

5.2.4.Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг багш, эцэг эхийн хараа, хяналтын дор бүх нийтийн цэвэрлэгээнд оролцуулах.

5.3.Бүх нийтийн их цэвэрлэгээг улирлын онцлогийг харгалзан дараах төрлөөр гүйцэтгэнэ.

5.3.1.Хур хог цэвэрлэх, ачиж, тээвэрлэх;

5.3.2.Цас, мөс цэвэрлэх, халтиргаа гулгаа арилгах;

5.3.3.Шарилж, лууль зэрэг ургамлыг цэвэрлэх;

5.3.4.Нийтийн эдэлбэр газар, гудамж талбайн хайс хашлага, архитектурын жижиг байгууламжийг угааж, цэвэрлэх, будаж, өнгийг сэргээх;

5.3.5.Авто зам, төмөр зам дагуух хог хаягдлын түүвэр цэвэрлэгээ;

5.3.6.Орон сууц, нийтийн байрны орц, шатны хонгил, цонх, хаалгыг угааж цэвэрлэх;

5.3.7.Гэр хорооны гудамж, жалга, далан сувагт үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, ачиж, тээвэрлэх;

5.3.8.Зуслан, ногоон бүсийн ой мод, голын эрэг, гольдролд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, ачиж тээвэрлэх.

ЗУРГАА. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ

6.1.Хог хаягдлыг ангилах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.7 дахь заалтад заасныг ойлгоно.

6.2.Энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр дараах байдлаар ангилна.

6.2.1.Орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага энгийн хог хаягдлыг хамгийн багадаа дараах төрлөөр ангилна.

а. Дахин боловсруулах боломжтой хог хаягдал;

б. Дахин боловсруулах боломжгүй хог хаягдал;

в. Хүнсний органик хог хаягдал;

6.2.2.Гэр хорооны айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага энгийн хог хаягдлыг хамгийн багадаа дараах төрлөөр ангилна.

а. Дахин боловсруулах боломжтой хог хаягдал;

б. Дахин боловсруулах боломжгүй хог хаягдал;

в. Үнс буюу шаарга[1];

г. Хүнсний органик хог хаягдал

6.3.Хог хаягдлын төрлийг дараах өнгөөр илэрхийлнэ.

а. Хуванцар, гялгар уут – Ногоон;

б. Хөнгөн цагаан лааз, металл хаягдал – Улбар шар;

в. Цаас – Цэнхэр;

г. Шил – Цагаан;

д. Хүнсний органик хаягдал – Бор;

е. Бусад хог хаягдал – Хар;

ж. Ахуйн аюултай хог хаягдал – Шар.

6.4.Энэхүү журмын 6.2 дахь заалтад заасан энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах төрлийг хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэлтэй уялдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, өөрсдийн санаачлагаар нэмэгдүүлж болно.

6.5.Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг худалдан авах, түр хадгалах цэг нь үйл ажиллагаандаа холбогдох стандартыг мөрдөж ажиллана.

6.6.Дахин боловсруулах боломжтой энгийн хог хаягдлыг худалдан авах, түр хадгалах цэг нь орчны аюулгүй байдлыг хангасан, журмын 6.3 дахь заалтад заасны дагуу хог хаягдлыг төрөлжүүлэн, агуулахад эмх цэгцтэй хадгалж, хог хаягдлыг овор хэмжээг багасгах нягтруулах төхөөрөмжтэй байна.

6.7.Нийтийн эдэлбэр газар, хотын гудамж талбайд байршуулах хогийн савыг хүн ихээр төвлөрдөг, энгийн хог хаягдал их хэмжээгээр үүсдэг дараах байршлуудад орчны өнгө шийдэл, хог хаягдлын гарц хэмжээнд нийцүүлэн байршуулна.

6.7.1.Төрөлжсөн зах, худалдааны төв;

6.7.2.Үзвэр үйлчилгээний газар;

6.7.3.Нисэх онгоцны буудал;

6.7.4.Төмөр замын буудал;

6.7.5.Автобусны буудал;

6.7.6.Таксины зогсоол;

6.7.7.Цэцэрлэгт хүрээлэн;

6.7.8.Тохижилт бүхий амралтын талбай;

6.7.9.Хүүхдийн соёл амралтын хүрээлэн.

ДОЛОО. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ

7.1.Дүүргийн нутаг дэвсгэрт айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг ачиж, цуглуулах, тээвэрлэх үйл ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа тендерийн баримт бичигт журмын 7.5-д заасан шаардлага, хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх байгууллагын сар бүр ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тусгана.

7.2.“Дүүргийн нутаг дэвсгэрт хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний гэрээ”-г Улаанбаатар хотын Захирагчийн алба, Дүүргийн Засаг дарга, Хог хаягдлын үйлчилгээний байгууллага хамтран байгуулна.

7.3.Дүүргийн нутаг дэвсгэрт энгийн хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээ эрхлэх гэрээний үүргийг аль нэг тал зөрчсөн эсхүл журмын 2.3.7, 2.4.2-т заасан үнэлгээнээс хамаарч гэрээ цуцлах дүгнэлт гарсан тохиолдолд гэрээг нэг талын санаачлагаар хэдийд ч цуцална.

7.4.Хөндлөнгийн хяналтын төрийн бус байгууллага “Дүүргийн нутаг дэвсгэрт хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээ эрхлэх гэрээ”-нд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу хог хаягдлын үйлчилгээний байгууллагад хяналт тавьж, сар бүрийн ажлын гүйцэтгэлд үнэлгээ өгнө.

7.5.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараах шалгуурыг хангасан байна.

7.5.1.Орон сууцны хороолол, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх үйлчилгээ эрхлэх тохиолдолд хог ачиж тээвэрлэх өөрийн эзэмшлийн тусгай зориулалтын авто машинтай байх;

7.5.2.Гэр хорооны хог хаягдал, үнс тээвэрлэх үйлчилгээ эрхлэх тохиолдолд хог ачиж тээвэрлэх зориулалттай задгай тэвштэй, өөрөө буулгагч төхөөрөмжтэй өөрийн эзэмшлийн авто машинтай байх;

7.5.3.Машин техникийн засварын тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл бүхий өөрийн эсвэл түрээсийн дулаан граж, авто баазтай байх;

7.5.4.Хог хаягдлын менежмент, ачаа тээврийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай инженер, техникийн 2-оос доошгүй ажилтантай байх;

7.5.5.“Санхүүгийн чадавхтай байх, нийгмийн даатгал, татварт хугацаа хэтэрсэн өргүй байх;

7.5.6.Хог ачиж, тээвэрлэх үйл ажиллагаанд ажиллах машин техник нь газар зүйн мэдээллийн (GPS) систем бүхий тоног төхөөрөмжтэй байх ба Нийслэлийн хог хаягдлын менежментийн хяналт, удирдлагын нэгдсэн цахим системд холбогдох боломжтой байх;

7.5.7.Хог тээвэрлэх автомашин нь стандарт шаардлага хангаж, тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоонд хамрагдсан, байгаль орчин, агаарын чанарт сөрөг нөлөөгүй байх,

7.5.8.Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд ажиллах автомашин 5-аас дээш жилийн насжилттай бол агаарын бохирдлоос сэргийлэх зорилгоор автомашины түлш, яндангийн системд тусгай зориулалтын шүүлтүүр, тоног төхөөрөмж суурилуулсан байх;

7.5.9.Хог тээврийн зориулалттай 3 авто машин тутамд ангилсан хог хаягдлыг тээвэрлэх зориулалтаар 1-ээс доошгүй шахдаг тэвштэй тусгай зориулалтын машин, үнс тээвэрлэх бол задгай тэвштэй хог тээврийн тоноглож бэлтгэсэн автомашинтай байх.

7.5.10.Хог тээвэрлэх тусгай зориулалтын машин бүрт салоны болон урд, хойд талыг хардаг хар хайрцагны камер, мэдрэгч суурилуулсан байх.

7.6.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

7.6.1.Энгийн хог хаягдал цуглуулалт тээвэрлэлтийн хуваарь, статистик тоо, мэдээ, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого, түүний зарцуулалт, маршрут, хүний нөөц, машин техник, тоног төхөөрөмжийн мэдээлэл, хог хаягдлын талаарх хууль, эрх зүйн мэдээлэл, иргэдэд чиглэсэн хог хаягдлын боловсрол олгох сурталчилгааны мэдээлэл бүхий байгууллагын цахим хуудсыг ажиллуулах;

7.6.2.Энгийн хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээнд гарч буй жолооч, ачигчдыг хог хаягдлын талаарх хууль тогтоомж, харилцааны соёл, хог ачиж, цуглуулах тээвэрлэх арга зүй, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны талаар сургалтад жилд 1-ээс доошгүй удаа хамруулах;

7.6.3.Энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд ажиллаж байгаа жолооч, ачигчийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан өвөл, зуны ажлын хувцсаар жилд нэг удаа хангах;

7.6.4.Өвчтэй, хэт ядарсан болон архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн жолооч, ачигчийг ажилд гаргахгүй байх;

7.6.5.Цуглуулж, тээвэрлэсэн энгийн хог хаягдлын төрөл, эх үүсвэр, тоо хэмжээний талаарх тайлан мэдээг батлагдсан тайлангийн маягтын дагуу гаргаж, тогтоосон хугацаанд дүүргийн Засаг даргад хүргүүлэх;

7.6.6.Энгийн хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний орлогын хоёроос доошгүй хувийг иргэдийн хог хаягдлын боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны үйл ажиллагаанд зарцуулах;

7.6.7.Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшгийн үед хог хаягдал цуглуулах, тээвэрлэх төлөвлөгөөг харьяа дүүргийн онцгой байдлын албатай зөвшилцөн боловсруулж, дүүргийн Засаг даргаар батлуулан мөрдлөг болгон ажиллах;

7.6.8.Монгол Улсын болон олон улсын хог хаягдал цуглуулж, тээвэрлэх норм, стандарт, шаардлагыг мөрдөж ажиллах;

7.6.9.Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх хуваарь, чиглэлийг замын хөдөлгөөний нягтрал, авто замын нөхцөл байдал, цуглуулах, ачих арга, хэлбэр, түүний хэмжээ, эх үүсвэрийн төрөл, эдийн засгийн үр ашиг, улирлын онцлогийг харгалзан өдөр, шөнийн хуваарьтай байна;

7.6.10.Хог ачих өдөр, хогоо гаргах цагийн хуваарийг мөрдүүлэх, хэвшүүлэх үйл ажиллагааг тухайн хорооны Засаг даргатай хамтран зохион байгуулах;

7.6.11.Энгийн хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх бүх авто машиныг даатгал, үзлэг оношлогоонд бүрэн хамруулж, авто тээврийн хэрэгслийн техник ашиглалтын хувийн хэрэг хөтлөх;

7.6.12.Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг баримтлан ажиллахаас гадна олон улсын болон үндэсний стандартыг дагаж, мөрдөнө;

7.6.13.Хог тээврийн авто машины бүрэн, бүтэн байдлыг ажилд гарахаас өмнө шалгаж, ажилд гарах зөвшөөрөл өгөх бөгөөд бүрэн бус тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй байх;

7.6.14.Техникийн саатал болон бусад тодорхой шалтгааны улмаас цуглуулах, тээвэрлэх хуваарийг зөрчихгүйн тулд нөөц машин техник, жолооч, ачигчтай байх;

7.6.15.Энгийн хог хаягдлыг авто машины даац, тэвшний өндөрт тохируулан ачиж, битүүмжлэн тээвэрлэх ба тээвэрлэлтийн явцад хог хаягдал хийсэх, тархах, асгарахаас сэргийлэх арга хэмжээ авах;

7.6.16.Энгийн хог хаягдал ачиж, цуглуулах үйлчилгээнд ажиллаж байхдаа тэвшний шахах төхөөрөмжийн хавхлагыг нээхгүй байх, авто машиныг эзэнгүй орхихгүй, хог нягтруулагч төхөөрөмж ажиллаж байхад өөрөө буулгагчийн тэвшийг өргөөтэй явах, даралтын клапанг оролдож тохируулахгүй байх зэрэг аюулгүйн ажиллагааг хангаж ажиллах;

7.6.17.Энгийн хог хаягдлыг ачиж, тээвэрлэсний дараа тээврийн хэрэгсэл болон тэвшийг тогтмол цэвэрлэж, сард хоёроос доошгүй удаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийх;

7.6.18.Энгийн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, хуваарь, чиглэлийг хянах, мониторинг хийх зорилгоор хог хаягдлын авто машинд суулгасан мэдрэгч, тоног төхөөрөмжийг зориуд гэмтээх, эвдлэхгүй байх;

7.6.19.Шахаж нягтруулах төхөөрөмж бүхий авто машиныг байгалийн давагдашгүй хүчин зүйлээс бусад тохиолдолд энгийн хог хаягдал тээвэрлэхээс бусад зориулалтаар ашиглахгүй байх;

7.6.20.Дараах нөхцөлд хог тээврийн авто машиныг үйлчилгээнд гаргахгүй байх арга хэмжээ авч ажиллах.

а. Тоног төхөөрөмж, нягтруулах механизмуудын болон өргүүрийн эд ангиас шингэн алдагдсан;

б. Хог тээвэрлэх чингэлэг цоорсон, битүүмжлэл алдагдсан, өнцгийн бэхэлгээ, гогцоо, тулгуур эвдэрсэн, өргөх механизмын тогтоох чадвар, нягтруулагчийн явалт ажиллахгүй болсон.

7.6.21.Хог хаягдлын төвлөрсөн цэгт тээвэрлэсэн энгийн хог хаягдлыг бүртгүүлж, жинлүүлэн, зөвхөн төвлөрсөн цэгийн чиглүүлэгчийн заасан хог хаягдал хүлээн авах талбайд буулгахдаа аюулгүй байдлыг хангаж ажиллах;

7.6.22.Хог хаягдал ачсан үед ачаан дээр хүн тээвэрлэхгүй байх;

7.6.23.Хог хаягдлын төвлөрсөн цэгт хүлээж авах хог хаягдлын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хог тээврийн авто машины даацыг зориудаар нэмэгдүүлэх, нэмэлт тоноглол, хэрэгсэл байрлуулах, пүүн дээр давхарлан зогсоохгүй байх, диспетчерийн дохиогоор пүүг голлон зогсоно;

7.6.24.Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад хог ачиж тээвэрлэх хуваарийг хэвэлмэл болон цахим хэлбэрээр хүргүүлэх;

7.6.25.Хог ачиж цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд мэдээллийн технологи, шинэ иновацийг нэвтрүүлж ажиллах.

7.7.Нийслэлийн нутаг дэвсгэрт хог хаягдал ачиж, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд дараах доод шаардлагыг баримтална.

7.7.1.Орон сууц, аж ахуйн нэгжээс дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг долоо хоногт нэгээс доошгүй, дахин боловсруулах боломжгүй болон хүнсний органик хаягдлыг 7 хоногт 3-аас доошгүй удаа, гэр хорооны хог хаягдлыг ангиллын төрөл харгалзахгүйгээр сард 2-оос доошгүй удаа цуглуулж, ачиж тээвэрлэх;

7.7.2.Айл, өрх, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг хугацаа бага зарцуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, жолооч, ачигчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах байдлаар ачиж, цуглуулах арга, хэлбэр, технологийг сонгох бөгөөд хог хаягдал ачих, цуглуулах, ангилах төрлөөс шалтгаалан зориулалтын уут, хогийн савыг ашиглах;

7.7.3.Хог хаягдлыг ачих, цуглуулахад дуут дохио, чанга яригч, хөгжмийг 9.00 цагаас 18.00 цагийн хооронд эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн орчинд ашиглахгүй байх;

7.7.4.Аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны байр, нийтийн эдэлбэр газар, гудамж талбайн хогийн сав, бункерт дүүргэлтийн дохиолол бүхий мэдрэгч суурилуулж болох ба дүүргэлтийг 90 хувиас хэтрүүлэхгүйгээр тогтмол хуваарийн дагуу тухай бүр ачиж тээвэрлэх;

7.7.5.Энгийн хог хаягдлыг холихгүйгээр ангиллын төрлийн дагуу ачиж, тээвэрлэх;

7.7.6.Энгийн хог хаягдлыг ачиж, цуглуулах үед галын аюулгүй байдлыг хангаж, хог ачих цэгээс 10 метрээс дотогш гал гаргахгүй байх;

7.7.7.Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлыг ачиж цуглуулах цагийн хуваарийг хоёроос илүү цагаар хэтрүүлэхгүйгээр ажиллах;

7.7.8.Энгийн хог хаягдлыг ачиж, цуглуулах үед ууталсан хог хаягдлыг уутнаас задлахгүйгээр, хог хаягдлыг ил задгай тархааж хийсгэхгүйгээр ачиж тээвэрлэх;

7.7.9.Энгийн хог хаягдлыг ачсаны дараа хогийн сав, бункер болон орчныг цэвэрлэн эзэмшигчид хүлээлгэж өгөх;

7.7.10.Хогийн сав, бункер эзэмшигч, өмчлөгч, ашиглагч дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд хоёр сард нэг удаа угааж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх;

7.7.11.Нийтийн эдэлбэр газар гудамж талбайн хогийн сав болон орон сууцны бункер, аж ахуйн нэгжийн хогийн цэгээс хог хаягдлыг шөнийн цагаар цуглуулж, тээвэрлэж болох бөгөөд хөдөлмөрийн болон замын хөдөлгөөний аюулгүй ажиллагааг ханган, хангалттай гэрэлтүүлэгтэй орчин гүйцэтгэх;

7.7.12.Шөнийн цагаар ачилт, цуглуулалт, тээвэрлэлт хийхдээ иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан дуут дохио өгөх, чанга дуу авиа гаргахгүй байх;

7.7.13.Хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг жолоочийн хариуцлагын даатгал, авто тээврийн хэрэгслийн даатгал, үзлэг оношлогоонд бүрэн хамруулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашинаар гүйцэтгэх;

7.7.14.Хог тээврийн авто машины жолооч 3-аас доошгүй жил тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх;

7.7.15.Энгийн хог хаягдал тээвэрлэх хуваарь, чиглэл өөрчлөх тохиолдолд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид 72 цагийн өмнө мэдэгдэх;

7.7.16.Энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээг тухайн дүүргийн нэр, байгууллагын лого, бүртгэлийн дугаар бүхий харагдахуйц таних тэмдэгтэй авто машинаар гүйцэтгэх.

7.8.Аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.1 дэх заалтад заасан аргачлалын дагуу эзлэхүүнд суурилж тооцож авна.

7.9.Хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага тээвэрлэж байгаа хог хаягдлын төрөл ангиллаас хамааран хог дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагатай хог хаягдал нийлүүлэх гэрээ байгуулж ажиллана.

НАЙМ. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ

8.1.Энгийн хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагааг Хог хаягдлын тухай хуулийн 9.3.2 дахь заалтад заасан зөвшөөрөл авсан, 8.1.9.б-д заасны дагуу бүртгүүлж, журмын 1.6 дахь заалтад заасны дагуу нийслэлийн хог хаягдлын менежментийн бүртгэл, хяналтын нэгдсэн цахим санд бүртгүүлсэн хуулийн этгээд гүйцэтгэнэ.

8.2.Энгийн хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч Хог хаягдлын тухай хуулийн 8.1.3-д заасан журмын дагуу дахин боловсруулсан болон сэргээн ашигласан хог хаягдлын мэдээ, тайланг тогтоосон хугацаанд Улаанбаатар хотын Захирагчийн албанд ирүүлнэ.

8.3.Энгийн хог хаягдал дахин ашиглах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэнэ.

8.4.Энгийн хог хаягдал дахин ашиглах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь заалтад заасан ерөнхий шаардлагыг удирдлага болгоно.

8.5.Хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч сэргээн ашиглах хог хаягдлаа төрөлжүүлэн цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын гэрээ болон журмын 2.4.7-д заасны дагуу дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулан гүйцэтгэж болно.

8.6.Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгчид тавигдах нэмэлт шаардлага.

8.6.1.Хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах технологи хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх;

8.6.2.Хог хаягдал дахин боловсруулсан бүтээгдэхүүн байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчинд аюулгүй, Монгол Улсын болон олон улсын стандартад нийцсэн, хүний хэрэгцээ шаардлагыг хангасан байх;

8.6.3.Хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч Хог хаягдлын тухай хууль, тогтоомж, стандарт, шаардлага, хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд аюулгүй ажиллагаа, сэргээн ашиглах технологи, арга ажиллагааны талаар сургалтын хөтөлбөр боловсруулж, ажилтан албан хаагчдад сургалт зохион байгуулах;

8.6.4.Техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ хийх заавар, дүрэм, аргачлал боловсруулах;

8.6.5.Хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйлдвэрт гамшгийн эрсдэлийн нөлөөллийн үнэлгээ хийлгэж, тухайн дүүргийн онцгой байдлын газраар батлуулан, менежментийн төлөвлөгөөг боловсруулан үе шаттай хэрэгжүүлэх;

8.6.6.Дахин боловсруулах, сэргээн ашиглах хог хаягдлын үйлдвэрлэлийн процесс, технологийг харуулсан зураглал, схемийг гаргаж олон нийтэд нээлттэй байршуулах;

8.6.7.Дахин боловсруулах, сэргээн ашиглах хог хаягдал хүлээн авах талбай хатуу хучилттай, дээвэртэй, хог хаягдал салхиар тархах, хийсэхээс сэргийлсэн хашаатай байх ба хог хаягдлын бүтэц, найрлагыг тогтоох, хэмжих, ачиж буулгах, шахаж нягтруулах техник, тоног төхөөрөмжтэй байх;

8.6.8.Эрүүл ахуйн шаардлага хангасан, лабораторийн шинжилгээгээр хүлээн зөвшөөрөгдсөн хог хаягдлаар дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх;

8.6.9.Хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч 30 хоногийн хугацаанд туршилтын үйлдвэрлэлийг явуулан, үйл ажиллагааны горим, технологийн үзүүлэлт, агаар ялгарах ялгарлын хэмжээг тогтоож стандарт, шаардлага хангасан тохиолдолд үйл ажиллагааг эхлэх.

8.7.Төвлөрсөн хот, суурин газарт энгийн хог хаягдлыг шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барьж болох ба хог хаягдлыг тээвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэх боломжгүй алслагдсан газар нутаг, суурин газарт өндөр даралт болон битүүмжлэл бүхий хог хаягдал шатаах зориулалтын, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, байгаль орчны холбогдох байгууллага хүлээн зөвшөөрсөн жижиг оврын хог хаягдал шатаах байгууламж ашиглан дулаан, халуун ус үйлдвэрлэж хог хаягдлыг сэргээн ашиглаж болно.

8.8.Шатаах зуухны хог хаягдлын ачаалал хүчин чадлаас илүү гарсан болон зуухны бүтцэд өөрчлөлт гарах, зуухны үйл ажиллагааны үзүүлэлт зөвшөөрөгдсөн хязгаараас давсан тохиолдолд шатаах зуухны үйл ажиллагааг зогсоож хэвийн нөхцөлд орсон тохиолдолд дахин ажиллуулна.

8.9.Хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжид Газрын тухай хууль, бусад хууль тогтоомжид заасны дагуу газар олголт болон дэд бүтцээр дэмжлэг үзүүлнэ.

8.10.Төрийн болон төрийн өмчийн оролцоотой, хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүд бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа хог хаягдлыг дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд сонгоно.

ЕС. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ УСТГАХ, БУЛШЛАХ

9.1.Энгийн хог хаягдлыг устгах, булшлах үйл ажиллагааны өдөр тутмын хөндлөнгийн хяналтыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болох ба захиалагч хяналтын төрийн бус байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж ажиллуулна.

9.2.Хөндлөнгийн хяналтын үйл ажиллагааг устгах, булшлах үйл ажиллагааны зардлын 2 хувиар санхүүжүүлнэ.

9.3.Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг дараах байдлаар төлөвлөнө.

9.3.1.Хог хаягдлын төвлөрсөн цэгийг төлөвлөхдөө хог хаягдлын суурь судалгааг үндэслэн хог хаягдлын бүтэц, нягт, үүсэх хэмжээг харгалзан булшлах технологийг сонгох;

9.3.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө, олон улсын зээл, тусламжаар байгуулах хог хаягдал булшлах, устгах байгууламжийн газар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны эзэмшилд байх ба нэг, хоёрдугаар зэрэглэлийн төвлөрсөн цэгийг хаасны дараа арван жилийн турш байгаль орчны хяналт, мониторинг хийх;

9.3.3.Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн хог хаягдлыг хүлээн авч устгах, булшлах хог хаягдлын төвлөрсөн цэгийг Хог хаягдлын тухай хуулийн 17.1,17.4,17.5 дахь заалтуудад заасан шаардлагуудыг хангасан нэг болон хоёр зэрэглэлд хамааруулсан байдлаар төлөвлөж, хамгаалалтын бүсийг тогтоох;

9.3.4.Алслагдсан дүүргийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг 3 зэрэглэлд хамааруулан Хог хаягдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь заалтад заасан шаардлагуудыг хангасан байдлаар төлөвлөх;

9.3.5.Хог хаягдлын төвлөрсөн цэгийн байршлыг сонгох, төлөвлөхөд тухайн орон нутгийн иргэдийн оролцоог хангаж ажиллах;

9.3.6.Нэг, хоёрдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг төлөвлөх тохиолдолд хөрсний болон гүний усны шинжилгээ хийж, төлөвлөсөн талбайн хамгийн өндөрлөг цэг, хог хаягдал булшлах талбай /ландфил/, хог хаягдлын төвлөрсөн цэгийн хамгийн нам цэгт өрөмдлөг хийж дээж авах;

9.4.Нэг, хоёрдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг төлөвлөх, зураг, төслийг хийхэд доорх хүчин зүйлсийг харгалзана.

9.4.1.Тухайн сонгосон нутаг дэвсгэрт арваас дээш жил хог хаягдал хүлээн авах нөөцтэй эсэх;

9.4.2.Хөрсөөр хучих шороо, хөрс олборлох боломжтой;

9.4.3.Хууль тогтоомжоор хориглосон байршил болон хог хаягдлын төвлөрсөн цэгийн хил, хязгаарын зааг шаардлагад нийцсэн;

9.4.4.Салхины зонхилох чиглэл;

9.4.5.Дэд бүтэц, авто замын сүлжээ, харилцаа холбоо;

9.4.6.Бусад эрсдэл.

9.5.Хог хаягдлын төвлөрсөн цэгийн ландфилын талбайг төлөвлөхдөө дараах шаардлагыг харгалзана. Үүнд

9.5.1.Шимт хөрсийг нөөцлөн хог хаягдлын төвлөрсөн цэгийн ногоон байгууламж болон нөхөн сэргээлтэд ашиглах;

9.5.2.Мод, бут сөөгийг шилжүүлэн суулгах;

9.5.3.Хог хаягдлын төвлөрсөн цэгийн үүрийг ухаж бэлтгэх, гарсан шороог үерийн хамгаалалтын далан эсвэл хучилтад нөөцлөх;

9.5.4.Суурийг бэлтгэхдээ 2 градусаас доошгүй налуутай шүүрлийн ус цуглуулах боломжтойгоор бэлтгэх;

9.5.5.Хог хаягдлын бүтэц, жилийн дундаж хур тунадас-ны хэмжээ, хогийн цэгт устгаж, булшлах хог хаягдлын хэмжээ, хими, физикийн шинж чанараас шалтгаалан суурийн хучилтын технологийг сонгох;

9.5.6.Ландфилын талбайд мембран дэвсгэр шаардлагагүй тохиолдолд ус нэвчих хурд 1х10-6 смсек доошгүй байхаар шавар хөрсийг нягтруулан суурийг бэлтгэх ба мембран давхарга шаардлагатай тохиолдолд 2 мм-ээс багагүй зузаантай (+40 өөс -40 хэм) тэсвэрлэх чадалтай, уян HDPE материал сонгох.

9.6.Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн алслагдсан дүүргүүдэд хог хаягдал булшлах хог хаягдлын төвлөрсөн цэгийг барьж байгуулах тохиолдолд Нийслэлийн Засаг даргаас зөвшөөрөл авч, гэрээ байгуулан ажиллана.

9.7.Энгийн хог хаягдал устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгч байгууллага нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

9.7.1.Энгийн хог хаягдал устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг ажилтнуудыг ажилд гарахын өмнө өдөр бүр өгөх ба хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийн бүрэн, бүтэн байдлыг шалгаж ажилд гаргах;

9.7.2.Ажилтан, албан хаагчдыг өвөл болон зуны улирлын хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэл, ажлын хувцас, гутлаар хангах;

9.7.3.Ажилтан, албан хаагчдыг хог хаягдлын хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт, шаардлага болон хог хаягдлыг устгах, булшлахтай холбоотой мэргэжлийн сургалтад хамруулан мэргэшүүлж ажиллуулах;

9.7.4.Хог хаягдлын төвлөрсөн цэгийн үүр болон хог хаягдал хүлээн авч буй талбайд ил гал гаргах, тамхи татах болон шатах, тослох материал агуулахгүй байх;

9.7.5.Хог хаягдлын төвлөрөн цэгт мал, амьтан оруулах, бэлчээх, тэжээхгүй байх;

9.7.6.Хог хаягдлын төвлөрсөн цэгт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалд хамруулах;

9.7.7.Хог хаягдлын төвлөрсөн цэгт хүлээн авч устгаж булшилсан хог хаягдлын дэлгэрэнгүй бүртгэл бүхий мэдээллийн сантай байх бөгөөд энэхүү мэдээллийн санг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ эрхэлдэг эрх бүхий байгууллагад тухай бүр ашиглуулах;

9.7.8.Хог хаягдлын төвлөрсөн цэгт хог хаягдал хүлээн авах ландфилын талбай, аюул, осол, байгалийн гамшгийн үед хог хаягдал хүлээн авах нөөц талбай, хог дарж бушлах хөрс бэлтгэж нөөцлөх талбайг тус тус төлөвлөх ба энэхүү төлөвлөлтийг жил бүр гаргаж, байгууллагын даргаар батлуулах;

9.7.9.Хог хаягдлын төвлөрсөн цэгийн диспетчер нь бүртгэлийн программ хангамж болон компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн, дундаас дээш боловсролтой хүнийг ажиллуулах;

9.7.10.Дахин боловсруулах хог хаягдал түүгч иргэдийг хог хаягдлын төвлөрсөн цэгийн талбайд нэвтрүүлэхгүй, хог түүх үйл ажиллагааг эрхлүүлэхгүй байх;

9.7.11.Төвлөрсөн хогийн цэгийн харуул, хамгаалалтыг мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх;

9.7.12.Хог хаягдлын төвлөрсөн цэгийн дотоод дүрмийн заалтыг зөрчсөн, диспетчер болон чиглүүлэгчийн шаардлагыг биелүүлээгүй тээвэрлэгч байгууллагын жолооч, ачигчдад эрх бүхий байгууллагад хандаж арга хэмжээ авахуулах.

9.7.13.Хог хаягдлын төвлөрсөн цэгт хог хаягдал тээвэрлэж ирсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухай хог хаягдлыг ландфилд дарж булах зардлыг Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад заасан энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифаар тооцож авах;

9.8.Энгийн хог хаягдал устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах шаардлага

9.8.1.Хог хаягдлыг зөвхөн төлөвлөж, батлагдсан талбайд хүлээж авах бөгөөд байгалийн гамшигт үзэгдэл, давагдашгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай зөвшилцөн нөөц талбайд хог хаягдлыг хүлээн авах;

9.8.2.Хог хаягдал хүлээн авах ажлын талбайд хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах үйл ажиллагаа эрхлэхгүй байх;

9.8.3.Нэг болон хоёрдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгт өдөр бүр, гуравдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгт хог хаягдлыг долоо хоногт 3-аас доошгүй удаа шороон хөрсөөр хучиж, нягтаршуулах ба хог хаягдлын хөрсөөр хучих зузаан 15 см багагүй байх;

9.8.4.Хог хаягдлыг дарж нягтруулах, хөрсөөр хучихдаа байгууламжийн тоног төхөөрөмж, бохир шингэн болон хий зайлуулах хоолойг гэмтээх, эвдрэл үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллах.

9.8.5.Нэг болон хоёрдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгт хог хаягдлыг хүлээн авах, дарж, нягтруулах үйл ажиллагааг шөнийн цагт хангалттай гэрэлтүүлэгтэй орчинд талбайн чиглүүлэгчийн удирдлага дор гүйцэтгэж, осол, аваар гарахаас сэргийлэх арга хэмжээг авч ажиллах;

9.8.6.Биологийн болон хими, физикийн аргаар хог хаягдлыг устгахдаа ашиглах бодис, технологийн талаарх мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, дүгнэлт гаргуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл авсны дараа гүйцэтгэх;

9.8.7.Хэт хуурайшилттай, халуун, салхи, шуургатай үед хог хаягдал хийсэх, агаарт тоосонцор үүсэхээс сэргийлэн хог хаягдал хүлээн авч байгаа талбайг усаар норгож чийглэх, хог хаягдал шатаж, гал гарсан тохиолдолд шуурхай унтраах зорилгоор усан сан болон ус шүрших төхөөрөмж бүхий усны машинтай байх бөгөөд гал унтраах ажиллагаанд оролцох ажилтнууд гал унтраах сургалтад хамрагдах;

9.8.8.Хог хаягдал булшлах, устгах байгууламж уруу орох замыг хөрсөөр хучиж, нягтруулан хог тээврийн авто машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх;

9.8.9.Өвчтэй буюу ядарсан үед булшлах байгууламжид ажиллах техник, хэрэгслийн жолооч, туслах ажилтнууд, чиглүүлэгчийг ажиллуулахгүй байх;

9.8.10.Хог хаягдал хучих хөрсийг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хоёр сарын, 10 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 31-ний  хооронд дөрвөн сарын хэрэглээнээс доошгүй хэмжээгээр нөөцөлж хадгалах;

9.8.11.Хог хаягдлын төвлөрсөн цэгт ажиллах машин, техникүүд нь олон улсын болон үндэсний стандарт шаардлагыг хангасан байх;

9.8.12.Хог хаягдал дарж булах, нягтруулах, хөрсөөр хучих үйл ажиллагаанд ашиглах хүнд даац-ийн машин, механизмуудыг засах, үйлчилгээ хийх засварын төвийг хог хаягдлын төвлөрсөн цэгүүдэд байгуулах ба дугуй солих, нөхөх төхөөрөмж, агаарын шүүр цэвэрлэх компрессор болон шаардлагатай сэлбэг, хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх;

9.8.13.Хог хаягдлын төвлөрсөн цэг дээр ажиллаж байгаа хүнд даацын техник хэрэгсэл болон авто машинууд үйл ажиллагаанд хяналт, мониторинг хийх боломжтой газар зүйн мэдээллийн (GPS) систем, хог хүлээн авч байгаа талбайд камер суурилуулах ба нийслэлийн хог хаягдлын менежментийн нэгдсэн хяналтын цахим системд холбогдох;

9.8.14.Нөөц бүрдүүлэх шаардлагатай тоног, төхөөрөмж сэлбэг хэрэгслийн жагсаалтын тухайн байгууллагын дарга батлах;

9.8.15.Хог хаягдал тээвэрлэн ирж байгаа авто машиныг ачаатай үед хог хаягдлын төвлөрсөн цэгт орох пүүн дээр жигнэж, бүртгэн, хэмжилт хийн, ачиж, тээвэрлэсэн хог хаягдлын эх үүсвэр, хог хаягдлын төрлийг тодорхойлж, шаардлагатай тохиолдолд хяналтын ажилтан ачиж, тээвэрлэсэн хог хаягдлыг шалгаж, нягтлан биологийн, химийн болон аюултай, шатах, дэлбэрэх эрсдэлтэй хог хаягдал илэрвэл хог хаягдлын төвлөрсөн цэгт нэвтрүүлэхгүй байх;

9.8.16.Хог хаягдал асгаж, буулгасны дараа хог хаягдлын төвлөрсөн цэгээс авто машин гарахад ачаагүй үеийн авто машины жинг хэмжиж, пүүлэх бөгөөд ачаатай үеийн жингийн зөрүүгээр хог хаягдлын төвлөрсөн цэгт тээвэрлэгдэн ирсэн хог хаягдлын хэмжээг тооцон бүртгэж, баталгаажуулах;

9.8.17.Хог хаягдлын төвлөсөн цэгийн бүртгэлийн байр нь дараах тоног төхөөрөмжтэй байна.

а. Авто машины дугаар мэдэрч бүхий хяналтын камер;

б. Авто машиныг жинг харуулсан гадна мэдээллийн дэлгэц;

в. Авто машины хог хаягдлын бүтцийг хянах камер;

г. Бүртгэлийн программ хангамж бүхий иж бүрэн компьютер, хэвлэх машин;

д. Хог хаягдлын төвлөрсөн цэг дээр ирж буй хог тээврийн авто машиныг бүртгэх мэдрэгч;

е. Дотор болон гадна хяналтын камер;

ё. Бүртгэлийн программ хангамжтай холбоотой дижитал авто пүү;

ж. Авто машиныг дугуйг ариутгах, цэвэрлэх төхөөрөмж;

з. Гадна гэрэлтүүлэг.

9.8.18.Хог хаягдлын төвлөрсөн цэгт шингэн хог хаягдал, хүний шарил, эд эрхтэн, тэсэрч дэлбэрэх, химийн, аюултай хог хаягдал булшлахгүй байх.

9.9.Хог хаягдлын төвлөрсөн цэгийн үйл ажиллагаанаас үүсэх агаар, хөрс, усанд ялгарах ялгаралд жилд нэг удаа хяналт, шинжилгээ хийх, ялгарал нь стандарт шаардлагаас өндөр болсон тохиолдолд шалтгаан нөхцөлийг тогтоон, засварлаж ялгарлыг хэвийн хэмжээнд хүргэх ба давтан шинжилгээгээр ялгарал нь дахин стандарт, шаардлагаас өндөр байвал, ялгарал стандарт хэмжээнд хүртэл хог хаягдлын төвлөрсөн цэгийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас түр хаана.

9.10.Хаалтын хучилт хийгдсэн болон нөхөн сэргээлт хийгдсэн талбайг эргүүлэн ухаж, хог хаягдлыг гаргаж, тараахыг хориглох ба зайлшгүй тохиолдолд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл авч ухаж болох бөгөөд эргүүлэн нөхөн сэргээлтийг хийнэ.

9.11.Нэг, хоёрдугаар зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг нь дараах хүнд даацын машин, механизм, техник, тоног төхөөрөмжтэй байна.

а. Хүнд даацын гинжит бульдозер;

б. Гинжит экскаватор;

в. Хучилтын хөрс, шороо тээвэрлэх авто машин;

г. Ус шүрших тоноглол бүхий усны машин;

д. Гал унтраах иж бүрэн тоног, төхөөрөмж, хувцас, хэрэгсэл.

9.12.Төвлөрсөн хогийн цэгт гамшгийн эрсдэлийн нөлөөллийн үнэлгээ хийлгэж, тухайн дүүргийн онцгой байдлын газраар батлуулан, менежментийн төлөвлөгөөг боловсруулна.

9.13.Хог хаягдлыг төвлөрсөн цэгт дарж, булшлах үйл ажиллагааг Хог хаягдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.11-д заасны дагуу булшилсан хог хаягдлын хэмжээгээр тооцож санхүүжүүлнэ.

АРАВ. ХАРИУЦЛАГА

10.1.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

10.2.Хог хаягдлын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх холбоотой маргааныг хоёр тал харилцан зөвшилцөж шийдвэрлэх ба зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ.

10.3.Журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.

 

-------------îÎî------------



[1] Шаарга гэж сайжруулсан, шахмал түлшнээс гарсан хаягдлыг хэлнэ