A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн

А/267 дугаар тушаалын хавсралт

Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас

хасаж тооцуулах хүсэлт гаргах, баталгаажуулах журам

1 дүгээр зүйл.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан албан татвар төлөгчийн гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах /цаашид “албан татварыг хасаж тооцуулах” гэх/, баталгаажуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэ журам нь Монгол Улсад байрладаг аж ахуйн нэгж, Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч хувь хүнд хамаарна.

1.3.“Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын хэлэлцээр” /цаашид “Давхар татварын гэрээ” гэх/-т хууль болон энэ журмаас өөрөөр заасан бол уг гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

1.4.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 23.4-т заасны дагуу гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг улс бүрээр тусад нь тооцно.

1.5.Татвар төлөгч нь албан татварыг хасаж тооцуулах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичиг, тайлан, мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг өөрөө хариуцна.

2 дугаар зүйл.Албан татварыг хасаж тооцуулах хүсэлт гаргах

2.1.Албан татвар төлөгч нь албан татварыг хасаж тооцуулах хүсэлтийг татварын тайлангийн хамт хуульд заасан албан татварын тайлан тушаах хугацаанд багтаан татварын албанд ирүүлнэ.

2.2.Журмын 2.1-д заасан хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

2.2.1.тайлант хугацаанд гадаад улсад албан татвар төлсөн тухай тухайн улсын татварын албанаас гаргасан тодорхойлолт, албан ёсны орчуулгын хамт;

2.2.2.тодорхойлолт нь татварын төрөл, албан татвар ногдуулах орлогын дүн, төлсөн албан татварын дүн, хугацаа зэргийг агуулсан байх;

2.2.3.гадаад улсын татвар төлөгчийн гэрчилгээ, нотлох баримт бичиг;

2.2.4.гадаад улсын эрх бүхий байгууллагад тайлагнасан албан татварын тайлан /албан татварын ногдуулалт, төлөлтийн дүн/;

2.2.5.гадаад улсад албан татвар төлсөн баримтын хуулбар.

3 дугаар зүйл. Албан татварыг хасаж тооцох, баталгаажуулах

3.1.Татвар төлөгчийн албан татварыг хасаж тооцохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 23.3-т заасны дагуу төлбөл зохих албан татварын дүнгээс хэтрүүлэхгүй.

3.2.Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн гадаад улсад төлсөн албан татварыг хасаж тооцохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 31.7-д заасныг үндэслэнэ.

3.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 23.2-т заасан албан татварыг төлбөл зохих албан татварын дүнгээс хасаж тооцохгүй.

3.4.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.1-д заасны дагуу татварын хялбаршуулсан горим ашиглаж буй албан татвар төлөгч гадаад улсад ногдуулан төлсөн албан татвараа төлбөл зохих албан татвараас хасаж тооцохгүй.

3.5.Татварын алба нь татвар төлөгчийн хүсэлтийг хүлээн авч баталгаажуулахдаа “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ыг баримтална.

3.6.Татварын ерөнхий хуулийн 6.1.28-д заасан татварын жилээс гадаад улсын татварын жил ялгаатай тохиолдолд албан татварыг хасаж тооцуулахдаа мөн хуулийн 31.1-д заасан хугацаанд багтаан эцсийн тооцоог хийнэ.

3.7.Албан татварын хасалтыг татварын жилд нэг удаа хийх бөгөөд тухайн аж ахуйн нэгж болон хувь хүний орлогын албан татварын жилийн эцсийн тайлан, хавсралт баримт бичигт үндэслэн харьяалах татварын алба нь энэ журмын 3.5-д заасны дагуу хянаж баталгаажуулна.