- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Төлөөний газрыг бүртгэх, бүртгэлээс хасах, албан татвар төлөх, тайлагнах журам
Татварын ерөнхий газрын даргын
2019 оны А/272 дугаар тушаалын хавсралт
Төлөөний газрыг бүртгэх, бүртгэлээс хасах, албан татвар төлөх, тайлагнах журам
1 дүгээр зүйл.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл, Монгол Улсаас гадаад улстай байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын хэлэлцээр” /цаашид “Давхар татварын гэрээ” гэх/-ийн 5, 7 дугаар зүйлд заасны дагуу төлөөний газрыг албан татвар төлөгчөөр бүртгэх, бүртгэлээс хасах, албан татвар төлөх, тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Давхар татварын гэрээ байгуулаагүй улсын албан татвар төлөгчийг төлөөний газарт хамааруулахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг баримтална.
1.3.Давхар татварын гэрээ байгуулсан улсын албан татвар төлөгчийг төлөөний газарт хамааруулахад уг гэрээнд өөрөөр заагаагүй бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг баримтална.
1.4.Монгол улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа Монгол Улсад байрладаггүй этгээд нь Монгол Улсад төлөөний газрын шаардлага хангасан буюу төлөөний газартай эсэхийг тогтоохдоо холбогдох баримт бичиг, бодит байдлыг харгалзан үзэж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн эсхүл гэрээ байгуулсан хугацааны аль түрүүлж хийгдсэн өдрөөр төлөөний газартай болсон гэж үзнэ.
1.5.Энэ журмаар зохицуулаагүй харилцаанд тухайн Давхар татварын гэрээний холбогдох заалтуудад хэрхэн заасныг харгалзан Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага /цаашид “ЭЗХАХБ” гэх/ болон Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргадаг “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай загвар конвенц”-ийн тайлбарыг хэрэглэж болно.
1.6.Төлөөний газарт хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхдээ “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам”-ыг, татварын тайлангаар гарсан алдагдлыг шилжүүлэн тооцохдоо “Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, баталгаажуулах журам”-ыг тус тус баримтална.
2 дугаар зүйл. Албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, хасалт хийх
2.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд хамаарах этгээд нь үйл ажиллагаа явуулж эхлэхээс ажлын 10 хоногийн өмнө дараах материалыг бүрдүүлж, татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ цахимаар болон цаасаар татварын албанд гаргана:
2.1.1.татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийн маягт;
2.1.2.гадаад улсын аж ахуйн нэгжийн Монгол Улсад төлөөний газраа байгуулах, үйл ажиллагааны чиглэл, ажиллах хугацаа, удирдлагын нэр, ажиллагсдын тоо зэргийг тусгасан шийдвэр;
2.1.3.гадаад Улсад татвар төлөгчөөр бүртгүүлснийг нотлох татвар төлөгчийн гэрчилгээ;
2.1.4.толгой компанийн хуулийн этгээдээр бүртгүүлснийг нотлох баримт бичиг /хуулбар/, компанийн дүрэм; /хуулбар/
2.1.5.Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олохыг нотлох Монгол Улсын этгээдтэй байгуулсан гэрээний хуулбар
2.1.6.төлөөний газрын хаяг байршлыг нотлох баримт
2.1.7.төлөөний газрыг удирдах этгээдийг томилсон шийдвэр, итгэмжлэл;
2.1.8.төлөөний газрын удирдлагын анкет, баримт бичгийн хуулбар /удирдлага нь Монгол Улсын иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлсэн харьяалалгүй хүний түр үнэмлэх, гадаад паспортын хуулбар/;
2.1.9.төлөөний газрын эхлэлтийн санхүүгийн тайлан
2.2.Татварын алба нь энэ журмын 2.1-д зааснаар бүртгүүлээгүй этгээдийг татварын бүртгэл, мэдээллийн сан болон бусад холбогдох мэдээлэлд үндэслэн татвар төлөгчөөр бүртгүүлэх тухай мэдэгдэл хүргүүлнэ.
2.3.Төлөөний газар нь цахим татварын системд бүртгэлийн мэдээллээ баталгаажуулснаар татварын алба татвар төлөгчийн дугаар, цахим гэрчилгээ олгоно.
2.4.Татварын алба нь энэ журмын 2.1, 2.2-т заасан үндэслэлээр төлөөний газрыг Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан /цаашид “ТБМНС” гэх/-д бүртгэж, татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үгийг бүртгэлтэй гар утас, цахим хаягаар илгээнэ.
2.5.Төлөөний газарт татвар төлөгчийн дугаар олгох, хувийн хэргийг бүрдүүлэх, шилжүүлэх, бүртгэлийн өөрчлөлт, бүртгэлээс хасах харилцаанд “Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ыг баримтална.
2.6.Төлөөний газраар бүртгүүлэх үүрэг бүхий этгээд төлөөний газраар бүртгүүлээгүй болон өөр бусад хуулийн этгээдийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа нь татвар төлөх хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
2.7.Энэ журмын 2.6-д заасан татвар төлөгч нь төлөөний газраар бүртгүүлээгүй эсвэл төлөөний газрын татвар ногдуулах орлогыг тодорхойлоход шаардагдах нотлох баримтаа татварын албанд гаргаж өгөөгүй тохиолдолд татварын алба төлөөний газрыг бүртгэн Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу татварын ногдлыг “Жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-д заасны дагуу тодорхойлж , татварыг нөхөн төлүүлнэ.
3 дугаар зүйл. Албан татвар ногдуулах, төсөвт төлөх
3.1.Төлөөний газрын татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.12, 14.7, 16.1.6-д заасныг баримтална.
3.2.Албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, санхүүгийн тайлан гаргадаггүй төлөөний газрын хувьд татвар ногдуулах орлогыг нийт орлогын дүнгээр тодорхойлж албан татвар ногдуулна.
3.3.Төлөөний газрын толгой компанитай, толгой компанийн бусад нэгжтэй, эсвэл түүний харилцан хамааралтай талуудтай хийсэн ажил гүйлгээний бодит үнийг тодорхойлоход Татварын ерөнхий хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлд заасныг дагаж мөрдөнө.
3.4.Төлөөний газар нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 25.1, 25.2-т заасны дагуу албан татвараа өөрөө тодорхойлон ногдуулж, төсөвт төлнө.
3.5.Төлөөний газар нь ашгаа өөрийн толгой аж ахуйн нэгжид шилжүүлсэн тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2.4-т заасан хувь хэмжээгээр ногдуулж, мөн хуулийн 24.2-т заасны дагуу суутгана.
3.6.Төлөөний газар нь өөрийн үйл ажиллагаатай холбогдох Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.6, 4.1.7.а, 4.1.7.г, 4.1.7.д, 4.1.7.ж, 4.1.7.з, 4.1.7.и, 4.1.7.к-д заасан орлогыг Монгол Улсад байрладаггүй этгээдэд шилжүүлсэн тохиолдолд мөн хуулийн 20.2.4-т заасан хувь хэмжээгээр 24.3-т заасны дагуу албан татвар ногдуулж, суутгана.
3.7.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24.1, 24.3-т заасан суутган төлөгч нь мөн хуулийн 4.1.6, 4.1.7-д заасан орлогыг Монгол Улсад байрладаггүй татвар төлөгчид шилжүүлэхдээ хуулийн дагуу төлөөний газраар бүртгүүлсэн этгээдэд шилжүүлснээс бусад тохиолдолд тухайн орлогод 20 хувиар албан татвар ногдуулж, суутгана.
3.8.Суутган төлөгч нь тухайн татвар төлөгчийг Монгол Улсад татвар төлөх үүргээс чөлөөлөх, бага хувь хэмжээгээр татвар ногдуулах асуудлыг энэ журмын 3.9-д заасны дагуу хэрэгжүүлнэ.
3.9.Суутган төлөгч нь энэ журмын 3.7-д заасны дагуу татвар суутгахдаа дараах нөхцөл нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд Давхар татварын гэрээний холбогдох заалтаар татварын хувь хэмжээг бууруулж эсхүл тухайн орлогыг албан татвараас чөлөөлж болно:
3.9.1.тухайн татвар төлөгчийн үйл ажиллагаа нь Монгол Улсад төлөөний газарт хамаарах эсэхийг нягтлан үзэж, төлөөний газарт хамаарахгүй бол;
3.9.2.Давхар татварын гэрээтэй улсад байнга байрладаг татвар төлөгч болохыг нотлох тухайн улсын эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан оршин суугч татвар төлөгчийн гэрчилгээг авсан бол;
3.10.Давхар татварын гэрээтэй улсад байрладаг татвар төлөгчийн хувьд Төлөөний газрын татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно:
3.10.1.Монгол Улс дахь төлөөний газрын татвар ногдох орлого нь Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон бараа, үйлчилгээний борлуулалтын орлого болон бусад ашиг олох зорилгоор гүйцэтгэсэн үйл ажиллагаанд хамаарах орлогоос бүрдэнэ.
3.10.2.Төлөөний газрын татвар ногдуулах орлого нь түүнтэй ижил төстэй үйл ажиллагааг, ижил төстэй нөхцөлд, бие даасан байдлаар гүйцэтгэн олж болох этгээдийн татвар ногдуулах орлогоос багагүй байна.
3.10.3.Татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо төлөөний газрын хийж гүйцэтгэсэн ажил, үүрэг, ашигласан хөрөнгө, хүлээсэн эрсдэл болон бусад холбогдох мэдээлэлд үндэслэнэ. Хэрэв төлөөний газар нь Үнэ шилжилтийн тайлан болон төлөөний газрын татвар ногдуулах орлогыг тодорхойлоход ашиглагдах нотлох баримтууд, шаардлагатай мэдээллийг татварын албанд гаргаж өгөөгүй бол бүх үйл ажиллагааг гүйцэтгэсэн, хөрөнгийг ашигласан, эрсдэлийг хариуцдаг гэж үзэн татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
3.10.4.Төлөөний газрын татвар ногдох орлогоос хасагдах гадаад улсад гарсан зардлыг тодорхойлохдоо нь бодитой, хуваарилалт нь үндэслэлтэй эсэхийг нотлох баримтад үндэслэнэ.
3.10.5.Төлөөний газрын татвар ногдуулах орлогыг тодорхойлох харилцааг Монгол Улсын татварын хууль тогтоомж болон энэ журмаар зохицуулаагүй бол Давхар татварын гэрээнд заасныг баримтална.
3.11.Тухайн татварын жилд төлөөний газарт хамаарах татвар ногдох орлогоос албан татвар суутгуулан төлсөн татвар төлөгч нь төлөөний газраа бүртгүүлсэн бол уг суутгуулан төлсөн албан татварыг урьдчилж төлсөн татвар гэж үзэж, төлбөл зохих албан албан татвараас хасаж тооцож болно.
3.12.Суутган татвар төлөгч нь суутгах үүргээ биелүүлээгүй эсхүл энэ журмын 3.9-д заасны дагуу татвар суутгахдаа Давхар татварын гэрээний холбогдох заалтыг буруу хэрэглэсэн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 83 дугаар зүйлд заасны дагуу татварыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэнэ.
3.13.Төлөөний газрын татвар ногдуулах орлогыг тодорхойлоход Татварын хууль болон энэ журамтай зөрчилдөөгүй тохиолдолд ЭЗХАХБ-аас гаргасан "Төлөөний газарт хамаарах ашгийг тодорхойлох тайлан" болон "Төлөөний газарт хамаарах ашгийг тодорхойлох нэмэлт заавар"-ыг ашиглаж болно.
4 дүгээр зүйл.Татварын тайлан үйлдэх, тушаах
4.1.Төлөөний газар нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.1-д заасны дагуу бүртгэлээ хөтөлж, 14.1-д заасны дагуу санхүүгийн тайлан гаргана.
4.2.Төлөөний газар, төлөөний газраар бүртгүүлбэл зохих этгээд нь нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй эсхүл татварын ногдлыг тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд заасныг баримтлан татварын ногдлыг тодорхойлно.
4.3.Төлөөний газар нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг үйлдэж тушаахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг, үнэ шилжилтийн тайланг үйлдэж тушаахдаа Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийг дагаж мөрдөнө.
4.4.Монгол Улсад болон хилийн гадна гарсан төлөөний газрын үйл ажиллагаатай холбоотой анхан шатны баримт, гэрээ хэлцэл, данс бүртгэл, бэлэн мөнгөний баримт, зарлагын баримт зэрэг санхүүгийн баримтуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгална.
4.5.Төлөөний газрын үйл ажиллагаатай холбоотой гэрээний эх хувь болон бусад баримт бичгийг гадаад улсад байрлах толгой компанийн байранд хадгалдаг бол нотариатаар баталгаажуулсан хуулбарыг Монгол Улсад байрладаг төлөөний газарт хадгална. Тухайн баримт бичгийг нь гадаад хэл дээр үйлдсэн бол монгол хэл дээр орчуулсан байна.
Текст томруулах
A
A
A