A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын

даргын 2019 оны А/268, А/1345 дугаар хамтарсан тушаалын хавсралт

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Татварын ерөнхий хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан татвар төлөх, эсхүл суутгах үүрэг бүхий этгээдийг татвар төлөгчөөр бүртгэх, татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Татварын алба татвар төлөгчийг бүртгэхэд дараах мэдээлэл, журмыг баримтална:

1.2.1.хуулийн этгээд, иргэнийг татвар төлөгчөөр бүртгэхдээ Засгийн газраас баталсан “Төрийн байгууллагаас төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам”-д заасны дагуу Үндэсний дата төвд байршуулсан улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээний системээр дамжуулан хүлээн авсан суурь мэдээлэл;

1.2.2.хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг бүртгэхэд төрийн захиргааны төв байгууллага, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын төрөлжсөн мэдээлэл;

1.2.3.гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэхэд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төрөлжсөн мэдээлэл;

1.2.4.Монгол Улсын хуулийн этгээдийн гадаад улсад байгуулсан салбар, төлөөлөгчийн болон төлөөний газрыг бүртгэхэд татвар төлөгчийн мэдүүлсэн мэдээлэл;

1.2.5.гадаад улсын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, түүнд ажиллаж байгаа дипломат эрх бүхий иргэнийг татвар төлөгчөөр бүртгэх асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд заасан мэдээллийн дагуу;

1.2.6.төлөөний газрыг татвар төлөгчөөр бүртгэхэд татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан “Төлөөний газрыг бүртгэх, бүртгэлээс хасах, албан татвар төлөх, тайлагнах журам”-д зааснаар;

1.2.7.Монгол Улсад байнга болон түр оршин суугч татвар төлөгч иргэнийг бүртгэхдээ татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан “Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч болон Монгол Улсын оршин суугч бус албан татвар төлөгчийг тодорхойлох, бүртгэх, бүртгэлээс хасах, албан татварын тооцоо хийх журам”-д зааснаар.

1.3.Татвар төлөх, суутган төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, иргэнийг татварын алба татвар төлөгчөөр бүртгэхдээ энэ журмын 2 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн дугаар, цахим гэрчилгээ олгож, хувийн хэрэг нээнэ.

1.4.Татварын алба нь татвар төлөгчийн бүртгэлийн үйл ажиллагааны цахим программ хангамжтай байна.

1.5.Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 26.5-д заасны дагуу мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.

1.6.Улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийн цахим шуудангийн хаяг, ажлын болон гар утасны дугаар, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа албан ёсны, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газрын хаяг, түүний өөрчлөлтийг бүртгэнэ.

1.7.Татвар төлөх, эсхүл суутгах үүрэг бүхий этгээд нь Татварын ерөнхий хуулийн 25.1-д заасны дагуу бүртгүүлэх ба энэ дагуу бүртгүүлээгүй бол татварын улсын байцаагч түүнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, татвар төлөгчөөр бүртгэх ажлыг энэ журмын дагуу зохион байгуулна.

1.8.Татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасан эсхүл Татварын ерөнхий хуулийн 26.1-д заасны дагуу татварын алба нь татвар төлөх үүрэг бүхий иргэний мэдээллийг Үндэсний дата төвд байршуулсан улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээний системээс мэдээлэл авах үндэслэл болно.

Хоёр.Татвар төлөгчийг бүртгэж, татвар төлөгчийн дугаар, гэрчилгээ олгох, хувийн хэрэг хөтлөх

2.1.Хуулийн этгээдийг татвар төлөгчөөр бүртгэхдээ дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.1.1.татварын алба нь энэ журмын 1.2.1-д заасан мэдээлэлд үндэслэн хуулийн этгээдийн татвар төлөгчийн бүртгэлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан /цаашид ТБМНС гэх/-д үүсгэнэ;

2.1.2.татварын алба нь бүртгэх эрх бүхий байгууллагад шинээр бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын мэдээллийн нэгдсэн системд нэвтрэх нэр, нууц үгийг бүртгэлтэй гар утас, цахим хаягаар илгээнэ;

2.1.3.татвар төлөгч татварын нэгдсэн мэдээллийн системд бүртгэлийн мэдээллээ баталгаажуулснаар татварын алба ТБМНС-д бүртгэж, татвар төлөгчийн дугаар, цахим гэрчилгээ олгоно;

2.1.4.газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээд Татварын ерөнхий хуулийн 26.10-д заасны дагуу татварын албанд бүртгүүлэх бөгөөд мөн хуулийн 26.11-д заасны дагуу өөрийн болон эцсийн эзэмшигчийн өөрчлөлтийн мэдээллийг хуульд заасан хугацаанд харьяалах татварын албанд энэ журмын долдугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу бүртгүүлнэ;

2.1.5.ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд Татварын ерөнхий хуулийн 26.10-д заасны дагуу татварын албанд бүртгүүлэх бөгөөд мөн хуулийн 26.11-д заасны дагуу өөрийн болон эцсийн эзэмшигчийн өөрчлөлтийн мэдээллийг хуульд заасан хугацаанд харьяалах татварын албанд энэ журмын зургадугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу бүртгүүлнэ;

2.1.6.хуулийн этгээдийг нийлүүлэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулах тохиолдолд шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь энэ журмын 2.1.1, 2.1.2, 2.1.3-т заасны дагуу бүртгүүлнэ.

2.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д зааснаас бусад татварын хуулийн дагуу татвар төлөх, эсхүл суутган төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг бүртгэхдээ дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.2.1.хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага, төлөөлөх эрх бүхий албан тушаалтны ирүүлсэн хүсэлтийг татварын алба хянан шийдвэрлэж, ТБМНС-д бүртгэлийн мэдээллийг үүсгэн татвар төлөгчийн татварын нэгдсэн мэдээллийн системд нэвтрэх нэр, нууц үгийг бүртгэлтэй гар утас, цахим хаягаар илгээнэ;

2.2.2.татварын нэгдсэн мэдээллийн системд татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулснаар татварын алба ТБМНС-д бүртгэж, татвар төлөгчийн дугаар, цахим гэрчилгээ олгоно;

2.2.3.бүртгэх эрх бүхий байгууллага, ТБМНС-ийн мэдээллийг үндэслэн хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад татвар төлөгчөөр бүртгүүлэх мэдэгдэл хүргүүлж болно;

2.2.4.хуулийн этгээдийн эрхгүй байгууллага мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор энэхүү журмын 2.2.1, 2.2.2-т заасны дагуу татвар төлөгчөөр бүртгүүлнэ.

2.3.Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгж /цаашид “гадаадын аж ахуйн нэгж” гэх/-ийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.4, мөн хуулийн 31.1-д заасан нөхцөлийг хангасан этгээдийг татвар төлөгчөөр бүртгэхдээ дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.3.1.гадаадын аж ахуйн нэгжийн харилцан хамаарал бүхий Монгол Улсад байнга оршин суугч иргэн, хуулийн этгээд нь өөрийн эзэмшдэг гадаадын аж ахуйн нэгжийн мэдээллийг татварын албанд бүртгүүлнэ;

2.3.2.татварын алба нь мэдээлэл солилцооны хүрээнд авсан мэдээлэлд үндэслэн энэ журмын 2.3.1-д заасан этгээдэд татвар төлөгчөөр бүртгүүлэх мэдэгдэл хүргүүлнэ;

2.3.3.энэ журмын 2.3.2-т заасан этгээд нь мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол татварын алба энэ журмын 2.2.1, 2.2.2-т зааснаар татвар төлөгчөөр бүртгэнэ.

2.4.Иргэнийг татвар төлөгчөөр бүртгэхдээ дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.4.1.иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ татварын албанд гаргана;

2.4.2.татварын алба татвар төлөгчийн хүсэлтийг ажлын 3 хоногт багтаан Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн мэдээлэлтэй тулган шийдвэрлэж, иргэний татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үгийг бүртгэлтэй гар утас, цахим хаягаар илгээнэ;

2.4.3.татварын нэгдсэн мэдээллийн системд татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулснаар татварын алба ТБМНС-д бүртгэж, татвар төлөгчийн дугаар, цахим татвар төлөгчийн гэрчилгээ олгоно;

2.4.4.татварын алба нь ТБМНС дахь мэдээлэлд үндэслэн татвар төлөгчөөр бүртгүүлэх мэдэгдэл илгээнэ;

2.4.5.Иргэн мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор энэхүү журмын 2.4.2, 2.4.3-т заасны дагуу татвар төлөгчөөр бүртгүүлнэ;

2.4.6.Татварын ерөнхий хуулийн 26.1-д заасны дагуу татварын алба татвар төлөх үүрэг бүхий иргэнийг ТБМНС-д бүртгэнэ;

2.4.7.гадаадын иргэнийг Татварын ерөнхий хуулийн 25.2, 25.5, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24.5-д заасныг баримтлан татвар төлөгчөөр бүртгэж, татвар төлөгчийн дугаар, цахим татвар төлөгчийн гэрчилгээ олгоно.

2.5.Татвар төлөгчийн дугаарыг нэг удаа олгох бөгөөд хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын хувьд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.1.1-д заасан “хуулийн этгээдийн регистрийн дугаар”, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болон гадаадын иргэний хувьд татварын албанаас олгосон 11 оронтой дахин давтагдашгүй дугаар, иргэний хувьд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан иргэний бүртгэлийн дугаар байна.

2.6.Татвар төлөгчийг шинээр бүртгэсэн өдрөөс хувийн хэргийг цахим эсхүл цаасан хэлбэрээр хөтөлж, хувийн хэрэг нээнэ.

2.7.Татвар төлөгчийн хувийн хэрэг нь татвар төлөгчийн бүртгэл, тайлан, татвар төлөлт, буцаан олголт, суутган тооцоолол, хяналт шалгалт, эрсдэлийн тооцоолол, татварын албанд гаргасан санал, хүсэлт, гомдол, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материал, татвар төлөгчийн талаарх бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс ирүүлсэн тодорхойлолт, лавлагаа, мэдээлэл зэрэг татварын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгээс бүрдэнэ.

2.8.Татвар төлөгч өөр татварын албанд шилжихэд түүний хувийн хэргийг тухайн албанд шилжүүлж өгнө.

2.9.Татвар алба нь “Татвар төлөгчийн гэрчилгээ”-г энэ журмын нэг болон хоёр дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу цахим хэлбэрээр олгох бөгөөд татвар төлөгч хэвлэн авах боломжтойгоор татварын нэгдсэн мэдээллийн системд байршуулна.

2.10.Татвар төлөгч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т заасан анхан шатны баримт, гэрээ хэлцэл зэрэгт татвар төлөгчийн дугаарыг тусгана.

2.11.Татвар төлөгчийн гэрчилгээнд дараах тэмдэглэгээ хийж, өөрчлөлтийг ТБМНС-д бүртгэнэ:

2.11.1.татвар төлөгчийн бүртгэл, татварын төрлийн бүртгэлд бүртгэгдсэн, хасагдсан, өөрчлөлт орсон тухай бүр;

2.11.2.татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан тохиолдолд гэрчилгээг хүчингүй болгох;

2.11.3.хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварын төрлөөр тусгайлсан гэрчилгээг олгож болно.

2.12.Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 7.2 дахь хэсгийг үндэслэн татвар төлөгчийн татварын төрлийн бүртгэл, түүний өөрчлөлт, хасалтыг дараах байдлаар ТБМНС-д бүртгэнэ:

2.12.1.хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь татвар төлөгчөөр бүртгүүлж, татвар төлөгчийн дугаар олгогдсон өдрөөс эхлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчөөр, мөн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар суутган төлөгчөөр, иргэн нь хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр;

2.12.2.энэ журмын 1.2.1, 1.2.2-т заасан мэдээллийг үндэслэн татвар төлөгчийг хөрөнгийн албан татвар төлөгчөөр;

2.12.3.татвар төлөгчийн өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн мэдээллийг үндэслэн шинэ эзэмшигчийг хөрөнгийн албан татвар төлөгчөөр бүртгэх ба хуучин эзэмшигч нь өөр төрлийн хөрөнгөгүй бол тухайн төрлийн татвар төлөгчийн бүртгэлийн хасалтыг ТБМНС-д;

2.12.4.төлбөр, хураамжийг төсөвт төвлөрүүлэх, тайлагнах үүрэг бүхий төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага нь төлбөр, хураамж суутган төлөгчөөр;

2.12.5.ашигт малтмалын нөөц ашигласны, агаарын бохирдол, ус бохирдуулсны, үйлдвэрлэлийн зориулалттай ус ашигласны болон зам ашигласны зэрэг төлбөр, хураамжийг төлөх, тайлагнах үүргийг хуулиар хүлээсэн этгээд тухайн төрлийн төлбөр, хураамж төлөгчөөр тус тус бүртгүүлнэ;

2.12.6.нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх татвар төлөгчийг “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журам”-аар зохицуулах;

2.12.7.энэ журмын 2.12.2, 2.12.3, 2.12.4, 2.12.5, 2.12.6-д зааснаас бусад татварын хувьд тухайн төрлийн татварын хуулиар татвар төлөх үүрэг үүссэн өдрөөс эхлэн татвар төлөгч нь тухайн төрлөөр бүртгүүлэх хүсэлт гаргана;

2.12.8.татвар төлөгч нь нэг татварын албанд үндсэн татварын төрлөөр бүртгэлтэй байх бөгөөд бусад татварын албанд Төсвийн тухай хуульд заасан орон нутгийн татварын орлогын төрлөөс хамаарч тухайн татварын төрлөөр;

2.12.9.татвар төлөгч нь тухайн татварын хуулиар татвар төлөх үүрэг үүссэн бол татварын төрлөөр бүртгүүлэх хүсэлтээ цахим, эсхүл цаасан хэлбэрээр харьяалах татварын албанд гаргана. Хүсэлт ирүүлээгүй татвар төлөгчид татварын албанаас татварын төрлөөр бүртгүүлэх мэдэгдэл хүргүүлэх;

2.12.10Татварын ерөнхий хуулийн 14.1-д заасан үндэслэлээр тухайн төрлийн татвар төлөх үүрэг дуусгавар болсон тохиолдолд холбогдох баримт бичгийн бүрдлийг үндэслэн тухайн татварын төрлийн бүртгэлээс хасах;

2.12.11.энэ журмын 2.12.10-д заасны дагуу тухайн татварын төрлөөс хасагдсан татвар төлөгч нь татвар ногдох зүйлтэй болсон, эсхүл татвар ногдох зүйл өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүсвэл хасагдсан татварын төрлөөр дахин бүртгүүлэх;

2.12.12.татвар төлөгч нь хуулиар хүлээсэн үүргийн дагуу татварын төрлийн бүртгэлд бүртгүүлээгүй нь тухайн татварыг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй;

2.12.13.татвар төлөгчийг татварын төрлийн бүртгэлээс хасахдаа “Татварын төрлийн бүртгэлээс хасах карт”-ыг энэ журмын тавдугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу хөтөлнө.

2.13.Татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийн сан нь Засгийн газрын 2018 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглах журам”-ын дагуу цахимаар солилцсон мэдээлэл, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу төрийн болон бусад үүрэг бүхий байгууллагаас гаргуулан авсан болон татварын албанд бүрдүүлсэн дараах мэдээллээс бүрдэх бөгөөд энэ сан нь ТБМНС-ийн бүрэлдэхүүн байна:

2.13.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл:

2.13.1.1.хуулийн этгээдийн оноосон нэр, регистрийн дугаар, бүртгүүлсэн он, сар, өдөр, шинээр болон өөрчлөн байгуулсан, хариуцлагын хэлбэр, өмчийн хэлбэр;

2.13.1.2.хөрөнгийн хэмжээ буюу дүрмийн сан /мөнгөн хөрөнгийн дүн /төгрөгөөр/, биет хөрөнгийн дүн /төгрөгөөр/, биет бус хөрөнгийн дүн /төгрөгөөр/;

2.13.1.3.үүсгэн байгуулагчийн мэдээлэл /иргэний регистрийн дугаар, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оруулсан хөрөнгийн хэмжээ /төгрөгөөр/, хөрөнгийн эзлэх хувь/;

2.13.1.4.эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын дагуу эрхлэх үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрөл, тэдгээрийн өөрчлөлтийн мэдээлэл;

2.13.1.5.хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн нэр, тэдгээрийн хаяг, байршил, харилцах утасны дугаар, түүний өөрчлөлтийн мэдээлэл;

2.13.1.6.гүйцэтгэх удирдлага, эрх бүхий этгээдийн мэдээлэл /иргэний регистрийн дугаар, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал/;

2.13.1.7.хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа хаягийн мэдээлэл /аймаг, дүүргийн нэр, сум, хорооны нэр, баг, гудамж, хорооллын нэр, байр, хаалга, хашааны дугаар/, харилцах утасны дугаар, факс, шуудангийн хаяг, цахим шуудангийн хаяг;

2.13.1.8.хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээлэл, тэдгээрийн өөрчлөлтийн мэдээлэл;

2.13.1.9.хуулийн этгээд татан буугдсан тухай мэдээлэл /Татан буугдсан тухай шийдвэрийн нэр, он, сар, өдөр/;

2.13.1.10.холбогдох бусад мэдээлэл.

2.13.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний улсын бүртгэлийн мэдээлэл:

2.13.2.1.бүртгэсэн байгууллагын мэдээлэл, иргэний регистрийн дугаар, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр;

2.13.2.2.иргэний оршин суугаа хаягийн мэдээлэл /аймаг, дүүрэг, сум, хороо, баг, гудамж, хорооллын нэр, байр, хаалга, хашааны дугаар/;

2.13.2.3.иргэний нас барсан тухай мэдээлэл /нас барсан он, сар, өдөр/;

2.13.3.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэл:

2.13.3.1.үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, түүний өөрчлөлтийн мэдээлэл /өмчлөгчийн мэдээлэл, гэрчилгээний дугаар, хөрөнгийн үнэлгээ, хэмжээ /метр квадратаар/, эзэмшиж эхэлсэн он, сар, өдөр, хамтран өмчлөгчийн мэдээлэл, өмчлөх эрх бүртгэх үндэслэл, шийдвэр, гэрээ хэлцэл, барьцаа, битүүмжлэлийн талаарх мэдээлэл/;

2.13.3.2.газрын эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэл /эзэмшигч, ашиглагчийн мэдээлэл, газрын хэмжээ, эзэмших, ашиглах эрхийг бүртгэсэн он, сар, өдөр, улсын бүртгэлийн дугаар/.

2.14.хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэл:

2.14.1.бүртгэсэн байгууллагын мэдээлэл, бүртгэсэн гэрчилгээний дугаар, бүртгүүлсэн он, сар, өдөр;

2.14.2.хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын оноосон нэр, бүртгэлийн дугаар, бүртгүүлсэн он, сар, өдөр, хариуцлагын хэлбэр, өмчийн хэлбэр, салбарын мэдээлэл;

2.14.3.хөрөнгийн дүн буюу дүрмийн сан /мөнгөн хөрөнгийн дүн /төгрөгөөр/, биет хөрөнгийн дүн /төгрөгөөр/, биет бус хөрөнгийн дүн /төгрөгөөр/;

2.14.4.удирдлагын мэдээлэл /иргэний регистрийн дугаар, овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал/;

2.14.5.үүсгэн байгуулагч гишүүдийн мэдээлэл /иргэний регистрийн дугаар, овог, эцэг, эхийн нэр, нэр, хөрөнгө оруулалтын хэмжээ /төгрөгөөр/, хөрөнгө оруулалтын хувь/;

2.14.6.эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар эрхлэх үйл ажиллагааны чиглэл, үндсэн болон туслах үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн дугаар, тэдгээрийн өөрчлөлтийн мэдээлэл;

2.14.7.хөрөнгө оруулагч болон харьяа салбар нэгжийн нэр, тэдгээрийн хаяг, байршил, харилцах утасны дугаар;

2.14.8.байгууллагын ерөнхий захиргаа оршин байгаа хаягийн мэдээлэл /аймаг, хот, сум, дүүрэг, баг, хороо, гудамж, хорооллын нэр, байр, хаалга, хашааны дугаар/, харилцах утасны дугаар, факс, шуудангийн хаяг, цахим шуудангийн хаяг;

2.14.9.үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаад аж ахуйн нэгжийн мэдээлэл;

2.14.10.хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг татан буулгасан мэдээлэл./Татан буугдсан тухай шийдвэрийн нэр, он, сар, өдөр, эрх бүхий байгууллагын татан буулгасан тухай бичиг баримт/

2.15.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээлэл:

2.15.1.гадаадын иргэн, харьяалалгүй хүний паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг;

2.15.2.бүртгэсэн эрх бүхий байгууллагын мэдээлэл, оршин суух үнэмлэхийн мэдээлэл;

2.15.3.Монгол Улсад харилцагч банкны нэр, дансны нэр, харилцах дансны дугаар, дансны төрөл, валютын төрөл;

2.15.4.оршин суугаа хаягийн мэдээлэл /аймаг, дүүрэг, сум, хороо, баг, гудамж, хорооллын нэр, байр, хаалга, хашааны дугаар/, харилцах утасны дугаар, факс, шуудангийн хаяг, цахим шуудангийн хаяг.

2.16.Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээлэл:

2.16.1.автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэл, түүний өөрчлөлтийн мэдээлэл /өмчлөгчийн мэдээлэл, улсын бүртгэлийн дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаар, төрөл, марк, арлын дугаар, ангилал, хөдөлгүүрийн багтаамж, даац /тонноор/, эзэмшиж эхэлсэн он, сар, өдөр/.

2.17.Цагдаагийн байгууллагын мэдээлэл:

2.17.1.галт зэвсгийн мэдээлэл /Өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл, галт зэвсгийн гэрчилгээний дугаар, галт зэвсгийн дугаар, төрөл, марк, зориулалт, гол төмрийн голч хэмжээ /миллиметрээр/, эзэмшиж эхэлсэн он, сар, өдөр/.

2.18.Статистикийн байгууллагын мэдээлэл:

2.18.1.малын мэдээлэл /Бүртгэгдсэн эрх бүхий этгээдийн мэдээлэл, малчин өрх, мал бүхий этгээдийн нэр, регистрийн дугаар, байршил, аймаг, сум, дүүрэг, баг, хорооны нэр, малын тоо толгой, адуу, үхэр, тэмээ, хонь, ямааны тоо, мөн эдгээрийг хонин толгойд шилжүүлсэн тоо/.

2.19.Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээлэл:

2.19.1.Биет бус хөрөнгийн мэдээлэл /Бүртгэгдсэн эрх бүхий этгээдийн мэдээлэл, гэрчилгээний дугаар, хөрөнгийн нэр, ангилал, тоо, ширхэг, хөрөнгө эзэмших хугацаа /жилээр/, эзэмшиж эхэлсэн он, сар, өдөр/.

2.20.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээлэл: 

2.20.1.газрын бүртгэлийн мэдээлэл /газрын кадастр, газрын нэгдмэл сангийн мэдээлэл, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн мэдээлэл, газрын нэгж талбарын мэдээлэл, газрын хэмжээ, байрлал, үнэлгээ, гэрээ, хэлцэл, газрын татвар, төлбөрийн ногдуулалтын мэдээлэл, бүртгэлийн дугаар, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн мэдээллийн өөрчлөлт/.

20.21.Төрийн захиргааны болон бусад байгууллагын мэдээлэл:

20.21.1.бусад хөрөнгийн холбогдох мэдээлэл /хөрөнгө оруулалт, үнэт цаас, хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл, тэдгээрийн хэмжээ, үнэ, тархалтын тухай мэдээлэл/.

20.22.Татварын албаны мэдээлэл:

20.22.1.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн он, сар, өдөр, татвар төлөгчийн эрхэлж буй үйл ажиллагааны хаяг, байршлын мэдээлэл, харилцах утасны дугаар, факс, шуудангийн хаяг, цахим шуудангийн хаяг;

20.22.2.энэхүү журмын 2.13.1.6-д зааснаас бусад удирдлагын мэдээлэл, нягтлан бодогчийн мэдээлэл;

20.22.3.ажлын байрны мэдээлэл /ажлын байрны тоо, ажлын байрны хаяг, газрын зурагт байрлах байршлын цэгийн мэдээлэл, ажилчдын тоо, ажилтны татвар төлөгчийн дугаар, иргэний регистрийн дугаар, овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр/;

20.22.4.Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан татвар төлөгчийн харилцан хамааралтай этгээдийн мэдээлэл;

20.22.5.татвар төлөгчийн хуулийн дагуу эдэлсэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн мэдээлэл;

20.22.6.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчийн мэдээлэл;

20.22.7.татварын тайлан, татварын хяналт шалгалтын нөхөн ногдуулалтын акт, түүний хамааралтай баримт бичгүүд, өрийн барагдуулалт, буцаан олголт, суутган тооцоолол, урамшуулалтай холбоотой татварын албанаас үйлдэх баримт бичиг;

20.22.8.татвар төлөгчийн татварын төрөл, татварын ногдуулалт, төлөлт, татварын тооцооллын мэдээлэл;

20.22.9.татварын албанаас олгосон шагналын мэдээлэл;

20.22.10.хөрөнгө оруулалтын гэрчилгээ, гэрээ болон тогтвортой байдлын гэрээ байгуулсан мэдээлэл;

20.22.11.татварын албанаас авсан тодорхойлолтын мэдээлэл;

20.22.12.гадаадын аж ахуйн нэгжийн төлөөний газрын мэдээлэл;

20.22.13.татвар ногдуулах зорилгоор бусад байгууллагаас ирүүлсэн мэдээлэл.

20.23.Татвар төлөгчөөс ирүүлсэн мэдээлэл:

20.23.1.энэ журмын 2.12, 2.13, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.18, 2.19, 2.20-д заасан мэдээллийн нэмэлт, өөрчлөлт;

20.23.2.татварын албанд ирүүлсэн санал, хүсэлт, мэдээлэл, гомдол;

20.23.3.татварын албанд өөрчлөн мэдүүлсэн хаяг, байршил, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг;

20.23.4.бусад мэдээлэл.

20.24.Татварын төрлөөс түдгэлзүүлэх гэдгийг эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тодорхой хугацаанд тухайн татварын төрлөөр тайлагнах үүргээс чөлөөлөгдсөнийг ойлгох бөгөөд татварын алба шийдвэрт заасан хугацаагаар дараах байдлаар татварын төрлөөс түдгэлзүүлнэ:

20.24.1.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23.2-т заасны дагуу 2-6 сар хүлээгдэж буй татвар төлөгчдийг холбогдох баримт бичгийн бүрдлийг үндэслэн тухайн татварын төрлийг түдгэлзүүлэх өөрчлөлтийг ТБМНС-д оруулах;

20.24.1.2.Хуулийн этгээдийг татан буулгахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд холбогдох баримт бичгийн бүрдлийг үндэслэн тухайн татварын төрлийг түдгэлзүүлэн, ТБМНС-д бүртгэнэ. Хэрэв шүүх тухайн хуулийн этгээдийг татан буулгах үндэслэлгүй гэж үзвэл татвар төлөгчийн бүртгэлийг сэргээх;

20.24.1.3.эрх, тусгай зөвшөөрлийг тухайн байгууллагад олгосон эрх бүхий бүхий байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлсэн хугацаанд тухайн татварын төрлөөс түр түдгэлзүүлэн ТБМНС-д бүртгэнэ;

20.24.1.4.хэрвээ түдгэлзүүлсэн хугацаанд тухайн татварын төрлөөр татвар ногдуулах орлого олсон, эсхүл татвар ногдох зүйлийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч бол татварын тайланг нөхөн тайлагнах бөгөөд татвар төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

20.25.Татвар төлөгчийн ангилал, татварын албаны харьяаллыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга тогтооно.

Гурав.Татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах

3.1.Татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэлд дараах байдлаар өөрчлөлт оруулна:

3.1.1.татвар төлөгчийн хүсэлтээр;

3.1.2.хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн;

3.1.3.эрх бүхий байгууллагын шийдвэрээр;

3.1.4.татварын улсын байцаагч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллээр /Татвар төлөгчийн хаяг, байршлын мэдээлэл, харилцах утасны дугаар, факс, шуудангийн хаяг, цахим шуудангийн хаяг, үйл ажиллагаа эрхэлсэн байдал, үйл ажиллагааны төрөл гэх мэт/;

3.1.5.хуульд заасан бусад үндэслэлээр.

3.2.Татвар төлөгч нь ТБМНС-д бүртгэгдсэн мэдээллийг баталгаажуулах, эсвэл өөрчлөлтийг бүртгүүлэхээр цахим хүсэлт илгээнэ. Татварын алба мэдээллийг нягтлан өөрчлөлтийг ТБМНС-д бүртгэх ба хуучин мэдээллийг хадгална.

3.3.Татвар төлөгч нь бүртгэлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт хийлгэх хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт цаасан хэлбэрээр ирүүлж болно. Татварын алба энэхүү мэдээллийн өөрчлөлтийг ТБМНС-д бүртгэнэ.

3.4.Татварын алба нь хөндлөнгийн мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах талаар татвар төлөгчид бүртгэлтэй гар утас болон цахим шуудангийн хаягаар нь мэдэгдэнэ. Татвар төлөгч нь мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор мэдээллээ баталгаажуулах бөгөөд баталгаажуулаагүй нь аливаа хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

3.5.Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд заасан байгууллагаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг татвар төлөгчид мэдэгдэнэ.

3.6.Татварын ерөнхий хуулийн 26.6-д заасан хугацаанд татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийн өөрчлөлтийг баталгаажуулаагүй тохиолдолд эрсдэлтэй гэж үзэн хувийн хэрэгт бүртгэнэ.

3.7.Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 26.3-т заасан мэдээллийн өөрчлөлтийг 7 хоногийн дотор ТБМНС-д өөрөө бүртгүүлэх, эсхүл татварын албанаас мэдэгдсэнээр мөн хугацаанд баталгаажуулах үүргийг хүлээж татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ.

3.8.Энэ журмын 2.1.4, 2.1.5-д заасан мэдээллийн өөрчлөлтийг Татварын ерөнхий хуулийн 26.12-т заасан хугацаанд татварын албанд бүртгүүлнэ.

3.9.Татвар төлөгчийн болон татвар ногдох эд зүйлсийн тооллогыг статистикийн байгууллагаас хэрэгжүүлэх аж ахуйн нэгж байгууллагын тооллоготой уялдуулан татварын алба, улсын бүртгэлийн байгууллага хамтран зохион байгуулна.

Дөрөв.Татвар төлөгчийг бүртгэлээс хасах

4.1.Татварын алба нь татвар төлөгчийг дараах үндэслэлээр татвар төлөгчийн бүртгэлээс хасна:

4.1.1.Монгол Улсын иргэн нас барсан болон нас барсанд тооцож татвар төлөх үүрэг дуусгавар болсон нь баримтаар нотлогдсон, Монгол Улсын харьяатаас гарах шийдвэр гарсан;

4.1.2.татвар төлөгч хуулийн этгээдийг татан буугдсан, дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарч, татвар төлөх үүрэг дуусгавар болсон, улсын бүртгэлээс хасагдсан;

4.1.3.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу улсын бүртгэлээс хасагдсан;

4.1.4.татвар төлөгч хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын хувьд уг байгууллагыг байгуулах шийдвэр гаргасан төрийн болон орон нутгийн байгууллага, гишүүдийн татан буулгах тухай шийдвэр.

4.2.Энэ журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т заасан нөхцөл үүссэн хуулийн этгээд, байгууллага нь татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ цахим, эсхүл цаасан хэлбэрээр гаргах бөгөөд татварын алба дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.2.1.татвар төлөгчийн татварын эрсдэлийг тооцож, эрсдэлтэй тохиолдолд татварын хяналт шалгалтад хамруулах;

4.2.2.татварын өр, илүү үлдэгдлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

4.2.3.татан буулгах тухай эрх бүхий байгууллага, гишүүдийн шийдвэр, шүүхийн шийдвэр, хяналт шалгалт, эрсдэлийн тооцооллын баримт бичиг, данс хаасан тухай мэдээлэл, санхүүгийн хаалтын тайлан зэрэг мэдээллийг бүрдүүлж хувийн хэрэгт хадгалах;

4.2.4.харьяалах татварын албаны бүртгэлийн асуудал хариуцсан нэгж нь “Татвар төлөгчийн хасалтын карт”-ыг хөтлөн, уг шийдвэрийг хянан баталгаажуулж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

4.2.5.татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан тухай татвар төлөгчид мэдэгдэх.

4.3.Энэ журмын 4.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, татвар төлөх үүрэг дуусгавар болоогүй тохиолдолд “Татвар төлөгчийн хасалтын карт”-ыг хөтлөхгүй.

4.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.3-т заасан “Татвар төлөгчийн хасалтын карт”-ыг үндэслэн хуулийн этгээдийг бүртгэлээс хасна.

4.5.Шүүхийн шийдвэрийн дагуу татан буугдсан, дампуурсан татвар төлөгчийн хувьд уг шийдвэрийг үндэслэн татвар төлөгчийн бүртгэлээс хасах ажлыг харьяалах татварын алба зохион байгуулна.

4.6.Хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд татвар төлөгчийн эрсдэлийг тооцож, эрсдэлтэй тохиолдолд татварын хяналт шалгалтад хамруулан, татварын үлдэгдэл, татвар төлөх үүрэг өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлнэ.

4.7.Татварын ерөнхий хуулийн 14.3-т заасан нэгтгэх, нийлүүлэх замаар өөрчлөн байгуулсан хуулийн этгээдийг татвар төлөгчөөс хасах, Мөн хуулийн 14.4-т заасан тусгаарлах, хуваах замаар өөрчлөн байгуулсан хуулийн этгээдийг татвар төлөгчөөр бүртгэхдээ татвар төлөгчийн татварын эрсдэлийг тооцож, эрсдэлтэй тохиолдолд татварын хяналт шалгалтад хамруулан, татварын үлдэгдлийг өөрчлөн байгуулсны үр дүнд бий болсон хуулийн этгээдэд шилжүүлнэ.

4.8.Энэ журмын 4.6, 4.7-д заасан татварын тооцооллын үлдэгдэл шилжүүлэх үйл ажиллагааг харьяалах татварын албаны даргын тушаалаар баталгаажуулан, ТБМНС-д бүртгэнэ.

4.9.Татвар төлөгчийг бүртгэлээс хасахдаа энэхүү журамд заасан үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, холбогдох баримтыг үндэслэн хасалтыг ТБМНС-д бүртгэнэ.