- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2020 оны 90 дүгээр
тогтоолын хавсралт
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
(Засгийн газрын 2020 оны 231 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, төсвийг төлөвлөх, бодлогын удирдамж болон төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоодын хяналт шалгалт, дотоод аудитын асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэс болгов.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Хууль тогтоомжийн тухай хууль;
-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль;
-Захиргааны ерөнхий хууль;
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Ахмад настны тухай хууль;
-Гэр бүлийн тухай хууль;
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль;
-Хүүхдийн эрхийн тухай хууль;
-Хүүхэд хамгааллын тухай хууль;
-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль;
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль;
-Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль;
-Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль;
-Хөдөлмөрийн тухай хууль;
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль;
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль;
-Нийгмийн даатгалын тухай хууль;
-Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль;
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль;
-Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль;
-Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль;
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль;
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль;
-Нийгмийн халамжийн тухай хууль;
-Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хууль;
-Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль;
-Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүйг ашиглаж, олон улсын туршлага, өмнөх хөтөлбөрүүд боловсруулсан туршлага, сургамжид үндэслэн оролцооны аргыг ашиглав.
1.5. Яамны үүрэг, хариуцлагын хуваарь
Яам нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх талаар үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана. Хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын өргөн хүрээтэй асуудлыг ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамдын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан зохицуулж, Засгийн газрын хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын зөвлөхийн үүрэг, хариуцлага хүлээнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Засгийн газрын танхим байна. Яамны үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн холбогдох бусад байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, гадаад орны болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллага, иргэд байна.
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэглээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусган хэрэгжүүлнэ.
Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн хэрэгцээг мэргэжлийн өндөр түвшинд, шуурхай хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлогын зөвлөгөө, зөвлөмжөөр хангахад оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна:
2.2.1. хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, энэ чиглэлээр салбар хоорондын зохицуулалт хийх;
2.2.2. цалин хөлс, хөдөлмөрийн харилцааны оновчтой тогтолцоо, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэх;
2.2.3. хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажиллах хүчний зохистой нөөцийг бий болгох, ажиллах хүчний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
2.2.4. хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх;
2.2.5. монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлж, хүн амын хөгжлийг хангах нийгмийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн нийгмийн цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
2.2.6. нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хүн амын насны бүтцийн хэтийн төлөвийг харгалзан хүн амын бүлгүүдийн хэрэгцээнд нийцсэн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх замаар хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах;
2.2.7. салбарын хүний нөөц, удирдлагын чадавх, зохион байгуулалтыг сайжруулах замаар үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг тасралтгүй дээшлүүлэх;
2.2.8. салбарын зорилт, зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн нөөц бололцоог оновчтой хуваарилах, зохицуулах, тайлагнах, хяналт тавих.
2.3. Эрхэм зорилго
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхэм зорилго нь хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын харилцан хамаарал бүхий цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчин бий болгох, нийгмийн баталгааг дээшлүүлэх замаар хүний хөгжлийг хангахад оршино.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төслийг боловсруулах, төлөвлөх;
2.4.2. хүн ам, түүний бүлгүүдийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.4.3. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хууль эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
2.4.4. хөдөлмөр эрхлэлтийн талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төслийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;
2.4.5. хөдөлмөрийн харилцааны талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төслийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.4.6. хүн амын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.4.7. мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төслийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжүүлэх.
2.4.8. салбарын санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, тайлагнах;
2.4.9. салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоодын хяналт шалгалт, аудит хийх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 2.4.1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. салбарын хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.2. нийгмийн хамгааллын хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах.
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2.4.2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. хүн ам, түүний бүлгүүдийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;
2.5.2.2. хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.5.2.3. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 2.4.3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
2.5.3.2. хууль тогтоомжийн үзэл баримтлал, төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилган хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, сайд болон аппаратад шийдвэр боловсруулан гаргахад эрх зүйн болон дотоод дэмжлэг үзүүлэх;
2.5.3.3. салбарын гадаад хамтын ажиллагааг эрхэлж, гадаад орон, олон улсын төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг зохицуулах, дэмжлэг үзүүлэх.
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 2.4.4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. хөдөлмөр эрхлэлтийн бодлого, стратеги, хөтөлбөрийг төлөвлөх, хөдөлмөр эрхлэлтийн талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамж, мэргэжил арга зүйгээр хангах;
2.5.4.2. хөдөлмөр эрхлээгүй иргэдийг ажлын байраар хангах, ядуурлыг бууруулах, тогтвортой ажлын байр бий болгохыг дэмжих арга хэмжээний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;
2.5.4.3. ажиллах хүч гадаадаас авах, гаргах бодлогыг зохицуулах, гадаадаас буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохицуулах.
2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 2.4.5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. хөдөлмөрийн харилцааны бодлого, стратеги, хөтөлбөрийг төлөвлөх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт харилцааг зохицуулах, дэмжлэг үзүүлэх;
2.5.5.2. төрийн албаны цалин хөлсний тогтолцоо, ангилал, зэрэглэлийг сайжруулах, нийгмийн баталгааны асуудлаар хууль тогтоомж, шийдвэрийн төслийн санал боловсруулах, уялдуулан зохицуулах;
2.5.5.3. хувийн хэвшлийн цалин хөлсний тогтолцоо, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн норм, нормативын асуудлаар санал боловсруулах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
2.5.5.4. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах.
2.5.6. Үйл ажиллагааны стратегийн 2.4.6 дугаар зорилтын хүрээнд:
2.5.6.1. хүн амын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн нийгмийн хамгааллын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
2.5.6.2. нийгмийн даатгалын хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.5.6.3. нийгмийн халамжийн хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ядуурлыг бууруулах салбар дундын бодлогын уялдааг зохицуулах.
2.5.7. Үйл ажиллагааны стратегийн 2.4.7 дугаар зорилтын хүрээнд:
2.5.7.1. мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, бодлогын удирдамж, мэргэжил арга зүйгээр хангах, зохицуулах, хяналт тавих, статистик мэдээллийн сан бүрдүүлэх;
2.5.7.2. техникийн болон мэргэжлийн боловсролын стандарт, агуулга, хөтөлбөрийг шинэчлэх, үр дүнг төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшингээр тооцох болон мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах;
2.5.7.3. хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх хүний нөөцийг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримтлан хамтран ажиллах;
2.5.7.4. мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төв, бүсийн арга зүйн төв, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, чанарын баталгаажилтын тогтолцоог бэхжүүлэх багш, суралцагчдын судалгаа мэдээлэлд хяналт тавих.
2.5.8. Үйл ажиллагааны стратегийн 2.4.8 дугаар зорилтын хүрээнд:
2.5.8.1. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, салбарын хөрөнгө оруулалтын бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төсвийг зарцуулах, нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, тооцоо гаргах, шаардлагатай мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;
2.5.8.2. төрийн сангийн салбарын үйл ажиллагааг эрхлэх;
2.5.8.3. гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх;
2.5.8.4. яамны дотоод санхүү, нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, тайлагнах.
2.5.9. Үйл ажиллагааны стратегийн 2.4.9 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.9.1. хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн явцад дотоодын хяналт шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх замаар оновчтой бодлого, стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
2.5.9.2. хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэдээллийн технологийг хөгжүүлэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
2.5.9.3. хууль тогтоомжийн хэрэгжилт болон санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган зөвлөгөө, мэдээллээр хангах.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Яам нь үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратеги загвар
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо,
зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн
үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим
Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримталсан:
3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдааг хангах, чадварлаг байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагаа тодорхой илэрхийлэгдэж байх, тухайлбал, яамны бүтэц, нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах);
3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яаманд ажиллагсад нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);
3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд бодитой, үр өгөөжтэй байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг дараахь байдлаар тогтоов:
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загвартай байна:
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна:
3.3.1. бодлого, төлөвлөлт хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төслийг боловсруулах, төлөвлөх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, нийгмийн хамгааллын хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд нийгмийн хамгааллын нэгж ажиллана. Нийгмийн хамгааллын нэгж нь үндсэн нэгжийн чиг үүрэгт заасан чиглэлийнхээ бодлогыг хариуцна.
Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах замаар сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад үндсэн чиг үүргийн болон чиглэлийн яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.
Энэ нэгжийн гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
3.3.2. хүн амын хөгжлийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд хүн ам, түүний бүлгүүдийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хүн ам, түүний бүлгүүдийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах; хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн нэгж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн нэгж ажиллана.
Энэ нэгж нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын чиг үүрэгтэй давхардалгүй, дотоод хэрэгт нь оролцохгүй ажиллана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, төвүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна.
3.3.3. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хууль, эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах; хууль тогтоомжийн үзэл баримтлал, төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилган хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, сайд болон аппаратад шийдвэр боловсруулан гаргахад эрх зүйн болон дотоод дэмжлэг үзүүлэх; салбарын гадаад хамтын ажиллагааг эрхэлж, гадаад орон, олон улсын төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг зохицуулах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, зохицуулах, хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг гаргах, бичиг хэрэг, архивыг эрхлэх, сайдын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах, олон нийттэй харилцах, яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүй болон дотоод үйлчилгээ үзүүлэх, салбарын хууль тогтоомжийн төслийг боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах, мөрдөж байгаа хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох, уялдаа холбоог сайжруулах, бусад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхыг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хүний нөөцийг төлөвлөж, зохион байгуулах, давтан сургалт болон ажлын байранд сургалт явуулж, цомхон, чадварлаг албан хаагч бүхий мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа төвүүд, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам байна.
3.3.4. хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн бодлого, стратеги, хууль тогтоомжийн төсөл, хөтөлбөрийг төлөвлөх, хөдөлмөр эрхлэлтийн талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамж, мэргэжил, арга зүйгээр хангах; хөдөлмөр эрхлээгүй иргэдийг ажлын байраар хангах, ядуурлыг бууруулах, тогтвортой ажлын байр бий болгохыг дэмжих арга хэмжээний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх; ажиллах хүч гадаадаас авах, гаргах бодлогыг зохицуулах, гадаадаас буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохицуулах; бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдыг бодлого, шийдвэрийн хувилбар, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогыг хэрэгжүүлэх, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран ажиллаж зохицуулах, мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогчид байна.
3.3.5. хөдөлмөрийн харилцааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд хөдөлмөрийн харилцааны бодлого, стратеги, хууль тогтоомжийн төсөл, хөтөлбөрийг төлөвлөх, хөдөлмөрийн харилцааны талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт харилцааг зохицуулах, дэмжлэг үзүүлэх; төрийн албаны цалин хөлсний тогтолцоо, ангилал, зэрэглэлийг сайжруулах, нийгмийн баталгааны асуудлаар хууль тогтоомж, шийдвэрийн төслийн санал боловсруулах, уялдуулан зохицуулах; хувийн хэвшлийн цалин хөлсний тогтолцоо, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн норм, нормативын асуудлаар санал боловсруулах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах; хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдыг бодлого, шийдвэрийн хувилбар, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хөдөлмөрийн харилцааны бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран ажиллаж зохицуулах, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, нийгмийн түншлэлийн байгууллагууд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, харьяа төвүүд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам болон бусад яамд байна.
3.3.6. нийгмийн хамгааллын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд хүн амын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн нийгмийн хамгааллын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хүн амын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн нийгмийн хамгааллын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; нийгмийн даатгалын хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; нийгмийн халамжийн хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ядуурлыг бууруулах салбар дундын бодлогын уялдааг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд нийгмийн даатгалын нэгж, нийгмийн халамжийн нэгж ажиллана.
Энэ нэгж нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын чиг үүрэгтэй давхардалгүй, дотоод хэрэгт нь оролцолгүй ажиллах бөгөөд үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь байгууллага, иргэд байна.
3.3.7. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн төсөл боловсруулах,төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын чиг хандлага, хэтийн төлөвийг тодорхойлсон мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамж, мэргэжил, арга зүйгээр хангах, мэргэжлийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн зохицуулах, мэргэжлийн боловсролын стандарт, агуулга, хөтөлбөрийг шинэчлэх, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлүүлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, сурах бичиг, тоног төхөөрөмжөөр хангах, элсэлт, төгсөлт, багш, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх бодлого, шийдвэрийн хувилбар, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр хангах, мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогыг хэрэгжүүлэх, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран ажиллаж зохицуулах, мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бусад яамд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогчид байна.
3.3.8. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүү, хөрөнгө оруулалт, нэгдсэн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд салбарын санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын санхүү, нягтлан бодох бүртгэлийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах; салбарын хөрөнгө оруулалтын бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төсвийг зарцуулах, нягтлан бодох бүртгэл хөтлөх, төрийн сангийн салбарын үйл ажиллагааг эрхлэх, санхүүгийн тайлан, тооцоо гаргах, шаардлагатай мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Санхүү, хөрөнгө оруулалт, нэгдсэн төлөвлөлтийн нэгж нь үндсэн нэгжийн чиг үүрэгт заасан чиглэлийнхээ бодлогыг хариуцахын зэрэгцээ хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогыг төсөв, сангийн бодлоготой уялдуулах, олон улсын байгууллага, салбарын хөрөнгө оруулалтын бодлого, чиглэлийг тодорхойлох, хэрэгжүүлэх; төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, салбарт хэрэгжиж байгаа гадаад орон, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг нэгтгэн зохицуулах хэрэгжилтийг хангах; салбар дундын зохицуулалтыг хэрэгжүүлэх удирдлага, зохицуулалтаар хангах; төсвийг зарцуулах, нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, тооцоо гаргах, шаардлагатай мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хариуцна.
Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, төсөв, санхүүгийн ил тод байдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд мэдээлэх замаар сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад үндсэн чиг үүргийн болон чиглэлийн яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ нэгжийн гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Худалдан авах ажиллагааны газар байна.
3.3.9. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 9 дугаар зорилтын хүрээнд салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоодын хяналт шалгалт, аудит хийх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн явцад дотоодын хяналт шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх замаар оновчтой бодлого, стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх; хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэдээллийн технологийг хөгжүүлэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах; хууль тогтоомжийн хэрэгжилт болон санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган зөвлөгөө, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны болон төсвийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ. Үүнийг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаварт хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнг үнэлж дүгнэн, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг дүгнэлт, зөвлөмжөөр хангаж, бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах үйл ажиллагааг сайжруулах, төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Уг нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төсөвт байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яамны ижил төстэй зохион байгуулалтын бүтцийн нэгж, иргэд байна.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A