- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, СОНГОГЧ ШИЛЖИХ ЖУРАМ
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны
А/372 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, СОНГОГЧ ШИЛЖИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, давхардал, зөрчлийг арилгах, танилцуулах, түүнд өөрчлөлт оруулах, сонгогч шилжихэд энэ журмыг баримтална.
Хоёр. Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах
2.1.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь хэлтэс /цаашид “Улсын бүртгэлийн хэлтэс” гэх/ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасны дагуу ирүүлсэн сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд заасан сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төвийн мэдээллийг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэл /цаашид “цахим сан” гэх/-д тусгана.
2.2.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.1-д заасан мэдээллийг 5 хоногийн дотор нэгтгэн сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын эх хувийн хамт улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/-д хүргүүлнэ.
2.3.Төрийн захиргааны байгууллага энэ журмын 2.2-т заасан мэдээллийг үндэслэн цахим санд сонгуулийн хэсгийг улсын хэмжээнд давхардахгүй байхаар дугаарлана.
2.4.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.3-т заасан сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй, тухайн сонгуулийн хэсэгт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цахим санд оруулна.
2.5.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.1, 2.4-т заасан мэдээллийг сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн дараах мэдээлэлтэй тулган шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд тухайн зөрчлийг арилгана:
2.5.1.сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэдийг тухайн сонгуулийн хэсэгт бүрэн бүртгэсэн эсэх;
2.5.2.сонгуулийн эрх бүхий иргэний мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд бүртгэсэн эсэх;
2.5.3.сонгуулийн эрх бүхий иргэний иргэний улсын бүртгэл, түүнтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан эсэх;
2.5.4.сонгуулийн эрх бүхий иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг тусгасан эсэх;
2.5.5.сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй иргэн нас барсныг, эсхүл Монгол Улсын харьяатаас гарсныг бүртгэсэн эсэх.
2.6.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.5-д заасан мэдээллийг цахим санд үнэн зөв, бүрэн гүйцэд оруулсан тухай илтгэх хуудсыг төрийн захиргааны байгууллагад сонгуулийн жилийн 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүргүүлнэ.
2.7.Төрийн захиргааны байгууллага энэ журмын 2.3-т заасан мэдээллийг сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолтой, энэ журмын 2.5-д заасан мэдээллийг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн мэдээлэлтэй нягтлан шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг арилгах арга хэмжээ авна.
2.8.Төрийн захиргааны байгууллагын дарга сонгуулийн хэсгийн дугаарыг тогтоож, холбогдох шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
2.9.Төрийн захиргааны байгууллага энэ журмын 2.7-д заасны дагуу холбогдох мэдээллийг нягтлан шалгасны дараа сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо болон сонгуулийн хэсэг тус бүрээр нэгтгэн сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэнэ.
Гурав. Сонгогчдын нэрийн жагсаалтыг танилцуулах, түүнд өөрчлөлт оруулах
3.1.Төрийн захиргааны байгууллага энэ журмын 2.9-д заасны дагуу үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тухайн сонгууль дуустал өөрийн байгууллагын цахим хуудаст байршуулна.
3.2.Төрийн захиргааны байгууллага энэ журмын 3.1-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулахдаа тухайн сонгогч өөрийн регистрийн дугаарыг ашиглан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах боломжийг хангасан байна.
3.3.Төрийн захиргааны байгууллага Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6.1-20.6.3, 20.6.7, 20.6.8 дахь заалтад заасан мэдээллийг үндэслэн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалгүйгээр “Тайлбар” хэсэгт “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээг хийнэ.
3.4.Төрийн захиргааны байгууллага Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6.4-20.6.6 дахь заалтад заасан мэдээллийг үндэслэн тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяа тусгай анги, салбарт, зэвсэгт хүчний болон дотоодын цэргийн анги, нэгтгэлд, цагдаагийн байгууллагад алба хааж байгаа албан хаагч, ажилтны мэдээллийг байнга оршин суугаа газрын хаягийн дагуу бүртгэгдсэн сонгуулийн хэсэгт санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтаас хасаж, санал авах өдөр тухайн нутаг дэвсгэрийн сонгуулийн хэсэгт саналаа өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад нэмж бүртгэнэ.
3.5.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын холбогдох мэдээлэлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9.1-20.9.4 дэх заалтад заасан өөрчлөлтийг цахим санд тусгана.
3.6.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 3.5-д заасан өөрчлөлтийн талаарх мэдээ, тайланг төрийн захиргааны байгууллагын иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид санал авах өдрөөс 20 хоногийн өмнө цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.
3.7.Төрийн захиргааны байгууллага энэ журмын 3.3-3.5-д заасны дагуу өөрчлөлт оруулсан сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас 3 хувь хэвлэж, Улсын бүртгэлийн хэлтсээр дамжуулан 1 хувийг сонгуулийн хэсгийн хороонд, 1 хувийг улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан /“цаашид “итгэмжлэгдсэн ажилтан” гэх/-д тус тус хүргүүлэх ба үлдсэн 1 хувийг Улсын бүртгэлийн хэлтэс өөрт авч үлдэнэ.
3.8.Улсын бүртгэлийн хэлтэс, итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 3.5-д заасан өөрчлөлтөөс гадна дараах өөрчлөлтийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө цахим санд тусгаж, энэ тухай итгэмжлэгдсэн ажилтан Улсын бүртгэлийн хэлтэст, Улсын бүртгэлийн хэлтэс төрийн захиргааны байгууллагад тухай бүр мэдэгдэнэ:
3.8.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан гомдлын дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэнийг нэмсэн өөрчлөлт;
3.8.2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан гомдлын дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад буруу бүртгэсэн сонгогчийн мэдээллийг Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сангийн мэдээлэл, эх нотлох баримтыг үндэслэсэн өөрчлөлт;
3.8.3.сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагчийн сонгогчийн шилжилттэй холбоотой өөрчлөлт.
3.9.Төрийн захиргааны байгууллага энэ журмын 3.8-д заасан өөрчлөлтийг сонгогчдын нэрийн жагсаалтад санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө оруулна.
3.10.Улсын бүртгэлийн хэлтэс өөрчлөлт оруулсан сонгогчдын нэрийн жагсаалтыг /Маягт 1/-ийн дагуу Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас 3 хувь хэвлэж, 1 хувийг сонгуулийн хэсгийн хороонд, 1 хувийг итгэмжлэгдсэн ажилтанд хүлээлгэн өгөх ба үлдсэн 1 хувийг Улсын бүртгэлийн хэлтэс өөрт авч үлдэнэ.
Дөрөв. Сонгогч шилжих
4.1.Дараах этгээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих тохиолдолд байнга оршин суугаа газрынхаа харьяа сонгуулийн хэсгийн хороонд санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө энэ журмын 4.2-т заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлж сонгогч шилжих хүсэлт /Маягт 4/-ийг гаргана:
4.1.1.сонгуулийн байгууллагын ажилтан;
4.1.2.итгэмжлэгдсэн ажилтан;
4.1.3.мэдээллийн технологийн багийн гишүүн;
4.1.4.мэдээллийн технологийн даамал;
4.1.5.санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч;
4.1.6.нэр дэвшигч;
4.1.7.нэр дэвшигчийн менежер;
4.1.8.нэр дэвшигчийн шадар туслагч.
4.2.Сонгуулийн хэсгийн хороо энэ журмын 4.1-д заасан сонгогчид иргэний үнэмлэх, томилсон байгууллагын албан бичиг, аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос ирүүлсэн нэр дэвшигчийн менежер, шадар туслагчийн бүртгэлийг үндэслэн Сонгогч шилжих хуудас /Маягт 5/-ыг олгоно.
4.3.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 4.2-т заасан Сонгогч шилжих хуудас /Маягт 5/-ыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтын “Тайлбар” хэсэгт сонгогч шилжсэн тухай тэмдэглэл хийж, Сонгогч шилжих хуудас /Маягт 5/-ын сонгогчид холбогдох хэсгийг олгоно.
4.4.Энэ журмын 4.3-т заасан сонгогчийн шилжин очиж байгаа сонгуулийн хэсгийн хороо Сонгогч шилжих хуудас /Маягт 5/-ыг үндэслэн тухайн сонгогчид Сонгогч шилжин ирсэн хуудас /Маягт 6/-ыг олгоно.
4.5.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 4.4-т заасан Сонгогч шилжих хуудас /Маягт 5/, Сонгогч шилжин ирсэн хуудас /Маягт 6/, иргэний үнэмлэхийг нь үндэслэн тухайн сонгогчийг санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад нэмж бүртгэж, “Тайлбар” хэсэгт тухайн жагсаалтын ... дугаарт бүртгэсэн тухай тэмдэглэж, Сонгогч шилжих хуудас /Маягт 5/-ийг хураан авна.
4.6.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 4.3, 4.5-д заасан сонгогчийн шилжилтийн талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн хэлтэст нэн даруй хүргүүлнэ.
4.7.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 4.6-д заасан мэдээллийг үндэслэн цахим санд холбогдох өөрчлөлтийг тухай бүр тусгаж, цахим сангаас Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа /Маягт 7/-г хэвлэж итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй хүргүүлнэ.
4.8.Энэ журмын 3.7-д заасны дагуу итгэмжлэгдсэн ажилтанд олгосон сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн итгэмжлэгдсэн ажилтны тэмдэглэсэн өөрчлөлт нь энэ журмын 4.7-д заасны дагуу Улсын бүртгэлийн хэлтсийн хэвлэсэн лавлагааны тоотой тэнцүү байна.
Тав. Сонгогчийн мэдээллийг тулган шалгах
5.1.Итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн санал авах өдөр саналаа өгөхөөр ирсэн сонгогчийн мэдээллийг тухайн сонгуулийн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбар буюу Сонгогчийн цахим бүртгэлийн сантай тулган шалгаж, сонгогчид сонгогчийн бүртгэлийн хуудас олгох бөгөөд дараах ажиллагааг гүйцэтгэнэ:
5.1.1.төрийн захиргааны байгууллагаас сонгуулийн хэсгийн хорооны дарга болон итгэмжлэгдсэн ажилтанд олгосон нэвтрэх кодоор Сонгогчийн цахим бүртгэлийн санд нэвтэрч, тухайн сонгуулийн хэсгийн нээлтийн тайланг 3 хувь хэвлэж, 1 хувийг сонгуулийн хэсгийн хорооны даргад, 2 хувийг өөрт үлдээх;
5.1.2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт заасны дагуу санал авах ажиллагаа эхэлмэгц тухайн сонгуулийн хэсэгт зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн мэдээллийг сонгуулийн хэсгийн хорооны даргаас авч, саналын хуудас хүлээн авсан гарын үсэг зурсан нийт сонгогчийн тоог сонгуулийн хэсгийн хорооны даргын мэдээлсэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоотой тулгах;
5.1.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийг Сонгогчийн цахим бүртгэлийн санд регистрийн дугаараар бүртгэж, Сонгогчийн бүртгэлийн хуудсыг 2 хувь хэвлэж, 1 хувийг сонгуулийн хэсгийн хорооны даргад, 1 хувийг өөрт үлдээх;
5.1.4.энэ журмын 5.1.3-т заасан ажиллагааг хийсний дараа санал авах байранд ирсэн сонгогчийн бүртгэлийг эхлүүлэх;
5.1.5.сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг сонгогчийн бүртгэлийн төхөөрөмжид уншуулан таниулж, Сонгогчийн цахим бүртгэлийн сан дахь зураг, бусад мэдээлэлтэй тулгах;
5.1.6.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7-65.9 дэх хэсэгт заасан сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсхүл ажиллах боломжгүй болсон, тухайн сонгогчийг гарын хурууны хээгээр таних боломжгүй тохиолдолд тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээлэл, эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа дахь мэдээлэл буюу эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг, зургийг Сонгогчийн цахим бүртгэлийн сангийн мэдээлэлтэй тулгаж, тусад нь жагсаалт гарган тэмдэглэл үйлдэх;
5.1.7.Сонгогчийн цахим бүртгэлийн сангаас сонгогчийн бүртгэлийн хуудсыг 2 хувь хэвлэж, 1 хувийг сонгуулийн хэсгийн хороонд өгч, 1 хувийг өөрт үлдээх.
5.2.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 5.1-д заасны дагуу сонгогчийн мэдээллийг тулган шалгахад тухайн сонгогч Сонгогчийн цахим бүртгэлийн санд бүртгэгдээгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгохгүй.
5.3.Сонгогчийн иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагааны хаягийн бичвэр нь сонгогчдын нэрийн жагсаалт дахь хаягийн бичвэрээс бичилт өөр боловч нэг утгыг илэрхийлж байвал хаягийн бүртгэлийн зөрүү гэж үзэхгүй.
5.4.Итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн шалтгаан арилсан тохиолдолд тухайн сонгогчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний үндэсний энгийн гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн төрийн захиргааны байгууллагаас сонгуулийн хэсгийн хорооны дарга болон түүнд олгосон кодоор Сонгогчийн цахим бүртгэлийн санд нэвтэрч сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг уншуулан таниулж, холбогдох мэдээллийг тулгаж, сонгогчдын нэрийн жагсаалт дахь “Түр хасав” нэмэлт тэмдэглэгээг хүчингүй болгон “Тайлбар” хэсэгт энэ тухай тэмдэглэнэ.
5.5.Энэ журмын 5.4-т заасан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” нэмэлт тэмдэглэгээг хүчингүй болгосныг баталгаажуулж гарын үсэг зурна.
5.6.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 5.5-д заасан сонгогчид сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
5.7.Төрийн захиргааны байгууллага сонгуулийн хэсгийн хорооны дарга болон итгэмжлэгдсэн ажилтанд энэ журмын 5.1.1, 5.4-т заасан болон Сонгогчийн цахим бүртгэлийн санг түгжих кодыг сонгуулийн санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө хүлээлгэн өгсөн байна.
5.8.Итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн санал авах өдөр сонгогчийн бүртгэлийн нээлтийн, явцын, хаалтын тайланг эрх бүхий төрийн байгууллагаас тогтоосон хугацаанд хэвлэж, Улсын бүртгэлийн хэлтэст мэдээлнэ.
Зургаа. Бусад
6.1.Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа нь бар код, давтагдашгүй дугаар бүхий үнэт цаасан дээр хэвлэгдсэн байна.
6.2.Улсын бүртгэлийн хэлтэс сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг хадгаламжийн нэгж болгон бүрдүүлж, байгууллагын архивт холбогдох журмын дагуу хүлээлгэн өгнө.
- - оОо - -
Текст томруулах
A
A
A