- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААД УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛ ОЛГОХ ЖУРАМ (Засгийн газрын 2021 оны 347 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2020 оны 70 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ГАДААД УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД
СУРАЛЦАГЧИД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН
ЗЭЭЛ ОЛГОХ ЖУРАМ
(Засгийн газрын 2021 оны 347 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр магистр, докторын зэргийн боловсрол эзэмших суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгоход энэ журмыг мөрдөнө.
1.2. Суралцагч нь Монгол Улсын иргэн байна. Суралцагч нь гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн журмын дагуу элсэж, албан ёсны суралцах урилга авсан байна.
Хоёр. Cуралцагчид олгох сургалтын төлбөрийн зээл
2.1. Сургалтын төлбөрийн зээлийн хэмжээг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн, тухайн улсын амьжиргааны түвшинтэй харьцуулсны үндсэн дээр Засгийн газар жил бүр ялгавартайгаар тогтооно.
2.2. Сургалтын төлбөрийн зээлийг суралцагчид энэ журмын 2.3-т заасан хугацаанд олгоно. Зэргийн боловсрол ахиулах, өөрчлөх тохиолдолд тухайн суралцагчид дахин зээл олгохгүй.
2.3. Сургалтын төлбөрийн зээл (цаашид “зээл” гэх)-ийг магистрын зэргийн боловсрол эзэмших суралцагчид 2.5 жил, докторын зэргийн боловсрол эзэмших суралцагчид 3 жил хүртэлх хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгоно.
2.4. Зээлд хамрагдах суралцагчийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан комисс, удирдамжийн дагуу сонгон шалгаруулна.
2.5. Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөрт суралцаж байгаа сургуулиас нь нэхэмжилсэн хичээлийн багц цагийн төлбөр, эрүүл мэндийн даатгал, гадаад суралцагчийн хураамж, номын сангийн үйлчилгээний төлбөр хураамжийг оруулж тооцно.
Гурав. Бүрдүүлэх бичиг баримт
3.1. Суралцагч дараахь бичиг баримтыг бүрдүүлж, Боловсролын зээлийн санд хүсэлтээ гаргана:
3.1.1. зээл хүссэн өргөдөл;
3.1.2. боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зээлээр суралцуулах тухай шийдвэрийн хуулбар;
3.1.3. итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай итгэмжлэл;
3.1.4. боловсролын бичиг баримтуудын хуулбар;
3.1.5. зээлийн барьцааны гэрээ;
3.1.6. дээд боловсролын сургалтын байгууллагад суралцуулах урилга, сургалтын төлбөрийн нэхэмжлэл, харилцах данс.
Дөрөв. Зээлийн гэрээ, санхүүжилт
4.1. Боловсролын зээлийн сан нь зээл авах суралцагчтай зээлийн гэрээ байгуулна.
4.2. Зээлийн гэрээний загварыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. Зээлийн гэрээнд суралцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдээлэл, суралцах хугацаа, тухайн сургалтын байгууллага, мэргэжлийн чиглэл, талуудын үүрэг, эрх, хариуцлагыг тодорхой тусгана.
4.3. Зээлийн санхүүжилтийг суралцагчийн суралцаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагын нэхэмжлэлийн дагуу тухайн сургуулийн дансанд шилжүүлнэ.
4.4. Сургалтын төлбөрийн зээлд хамрагдаж байгаа суралцагчийн сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх тохиолдолд энэ журмын 4.1-д заасан гэрээг сунгаж, санхүүжилтийг үргэлжлүүлэн олгоно.
4.5. Сурлагын голч дүнгийн үзүүлэлтээр зээлийн эрх нь хасагдсан болон энэ журмын 4.7-д заасан нөхцөл үүссэн суралцагчийн оронд тухайн оны шалгаруулалтад онооны дарааллаар тэнцсэн иргэдээс суралцуулах шийдвэрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
4.6. Суралцагчийн сургалтын төлбөрийн зээлийн гэрээг сунгах, санхүүжилтийг олгох, зогсоох асуудлыг суралцаж байгаа гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагын албан ёсны тодорхойлолт, сурлагын дүнг үндэслэн Боловсролын зээлийн сан шийдвэрлэнэ.
4.7. Суралцагч нь чөлөө авсан, энэ журмын 4.4-т заасан голч дүнгийн шаардлага хангахгүй суралцсан, гэмт хэрэгт холбогдсон, нас барсан тохиолдолд суралцаж байгаа гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагын албан ёсны мэдэгдэл, саналыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, санхүүжилтийг зогсооно.
Тав. Бусад
5.1. Боловсролын зээлийн сан нь сургалтын төлбөрийн зээл авсан суралцагчдын нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлнэ.
5.2. Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ, зээлийн санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A