A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны

А/50 дугаар тушаалын 3 дугаар хавсралт

 

МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН БОЛОН ХАРИЛЦАХ ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛД ОЛГОСОН

ХҮҮГИЙН ОРЛОГОД НОГДУУЛЖ СУУТГАСАН  АЛБАН ТАТВАРЫН ТАЙЛАНГИЙН

МАЯГТЫГ НӨХӨХ ЗААВАР

Энэхүү тайлангийн маягтаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэлд хүүгийн орлого олгож буй банк, банк бус санхүүгийн байгууллага улирал бүр өссөн дүнгээр хувь хүнд олгосон хүүгийн орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор оны эхнээс өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ. Татвар төлөгч хувь хүн хуулийн 27.2-т заасны дагуу тайлангаа татварын албанд хүргүүлж хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхэд тайлан боловсруулалт хийх боломжоор хангах үүднээс суутган төлөгч нь 4 дүгээр улирлын тайлангийн хавсралт мэдээг дараа оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор ирүүлнэ.

Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ыг баримтална. Тайлангийн 3 дугаар баганад тухайн үзүүлэлтийн татвар төлөгчийн тоог, 4 дүгээр баганад тухайн үзүүлэлтийн дүнг оны эхнээс өссөн дүнгээр, төгрөгөөр бөглөнө.

1.Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгчийн хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогод ногдуулан суутгасан албан татвар буюу 1 дүгээр мөрийн дүн нь 2, 3 дугаар мөрийн дүнгийн нийлбэрийг 10 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

    1.1.Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлого буюу 2 дугаар мөрийн дүн нь оршин суугч татвар төлөгчид олгосон, хуулийн 16.1.4-т заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12А(1)/-ний 8 дугаар баганын мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

      1.2.Харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлого буюу 3 дугаар мөрийн дүн нь оршин суугч татвар төлөгчид олгосон, хуулийн 16.1.4-т заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12А(1)/-ний 8 дугаар баганын харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

     1.3.Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлого буюу 4 дүгээр мөрийн дүн нь хуулийн 22.1.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хувь хүнд олгосон мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогын дүн байна. Энэ дүн нь Мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12А(1)/-ний 9 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

2.Оршин суугч бус татвар төлөгчийн мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогод ногдуулан суутгасан албан татвар буюу 5 дугаар мөрийн дүн нь 6, 7 дугаар мөрийн дүнгийн нийлбэрийг 20 хувиар үржүүлж гаргасан дүнгээс 8 дугаар мөрийн дүнг хасаж тодорхойлогдоно. Энэ дүн нь Оршин суугч бус татвар төлөгчийн мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12А(2)/-ний 14 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

   2.1.Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлого буюу 6 дугаар мөрөнд оршин суугч бус татвар төлөгчид олгосон, хуулийн 16.1.4-т заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Оршин суугч бус татвар төлөгчийн мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12А(2)/-ний 9 дүгээр баганын хадгаламжийн хүүгийн орлогын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

   2.2.Харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлого буюу 7 дугаар мөрөнд оршин суугч бус татвар төлөгчид олгосон, хуулийн 16.1.4-т заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Оршин суугч бус татвар төлөгчийн мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12А(2)/-ний 9 дүгээр баганын харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

   2.3.Давхар татварын гэрээний дагуу хөнгөлөх татвар буюу 8 дугаар мөрөнд Монгол Улсаас бусад улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр бүхий улс орны татвар төлөгчийн уг хэлэлцээрийн дагуу хөнгөлөх татварыг оруулна. Энэ дүн нь Оршин суугч бус татвар төлөгчийн мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /ХМ-12А(2)/-ний 13 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

3.Суутгасан нийт албан татвар буюу 9 дүгээр мөрийн дүн нь 1, 5 дугаар мөрийн дүнгийн нийлбэрээр тодорхойлогдоно.

4.Өмнөх тайлант хугацаанд ногдуулан суутгаж төлсөн албан татварын залруулга буюу 10 дугаар мөрөнд хугацаатай мөнгөн хадгаламжийн хугацааг цуцалсны улмаас үүсэн гарсан болон бусад залруулгыг тайлагнана. Энэ дүн нь Хадгаламж эзэмшигчид олгосон хүүгийн орлогод ногдуулан суутгаж төлсөн албан татварын залруулгын мэдээ /ХМ-12А(3)/-ний 13 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

5.Төлбөл зохих албан татвар буюу 11 дүгээр мөрийн дүнг 9 дүгээр мөрийн дүнгээс 10 дугаар мөрийн дүнг хасаж тодорхойлно.

 

 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР