A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны

А/51 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт

 

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХ БОРЛУУЛСАН, ШИЛЖҮҮЛСНИЙ

ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТАЙЛАНГИЙН МАЯГТЫГ НӨХӨХ ЗААВАР

 

Энэхүү тайлангийн маягтаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсэн татвар төлөгч хувь хүн эрх борлуулсан, шилжүүлсэн тухай бүр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.

Нэг. Тайлангийн маягт:

Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”, Сангийн сайдын тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам”-ыг баримтална. Тайлангийн 3 дугаар баганад тухайн үзүүлэлтийн дүнг төгрөгөөр бөглөнө.

1.Татвар ногдох орлого буюу 1 дүгээр мөрийн дүн нь 2 ба 3 дугаар мөрийн аль их дүнгээр тодорхойлогдоно.

    1.1.Дуудлага худалдааны анхны үнэ буюу 2 дугаар мөрийн дүн нь Газрын тухай хуулийн 19.1.5-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ын дагуу тодорхойлсон үнэ байна.

    1.2.Гэрээний үнэ буюу 3 дугаар мөрийн дүн нь газрын эрх борлуулах, шилжүүлэх гэрээнд тусгасан үнээр тодорхойлогдоно.

2.Чөлөөлөх орлого буюу 4 дүгээр мөрийн дүн нь 5, 6 дугаар мөрийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

    2.1.Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого буюу 5 дугаар мөрөнд газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсэн татвар төлөгч нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1 дэх заалтад хамаарах бол хуулийн 22.1.2-д заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогын мэдээ /ХМ-06Г(1)/-ний 14 дүгээр баганын дүнтэй тэнцүү байна.

   2.2.Гэр бүлийн гишүүд хоорондоо газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлого буюу 6 дугаар мөрөнд Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүд хоорондоо газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлогын дүн байна. Энэ дүн нь Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогын мэдээ /ХМ-06Г(1)/-ний 15 дугаар баганын дүнтэй тэнцүү байна.

3.Хасагдах зардал буюу 7 дугаар мөрийн дүн нь 8, 9 дүгээр мөрийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

   3.1.Эрх авахтай холбогдуулан төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох зардал буюу 8 дугаар мөрийн дүн нь хуулийн 17.1.2.а-д заасан зардлын дүн байна.

   3.2.Хөрөнгийг худалдаж, шилжүүлж авах болон тэдгээртэй холбогдуулан төлсөн баримтаар нотлогдох зардал буюу 9 дүгээр мөрийн дүн нь хуулийн 17.1.2.б-д заасан зардлын дүн байна.

4.Татвар ногдуулах орлого буюу 10 дугаар мөрийн дүнг 1 дүгээр мөрийн дүнгээс 4, 7 дугаар мөрийн дүнг хасаж тодорхойлно. Энэ дүн нь хасах тэмдэгтэй гарвал 10 дугаар мөрийн дүн тэг “0” утгатай байна.

5.Төлбөл зохих татвар буюу 11 дүгээр мөрийн дүн нь 10 дугаар мөрийн дүнг 10 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

Хоёр. Тайлангийн хавсралт мэдээ:

1.Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэн авсан татвар төлөгчийн мэдээллийг энэ хэсэгт тусгана.

   1.1.ТТД буюу 2 дугаар баганад газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэн авсан татвар төлөгчийн “Татвар төлөгчийг бүртгэх журам”-ын 2.5-д заасны дагуу олгосон дугаарыг;

   1.2.Регистрийн дугаар буюу 3 дугаар баганад газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэн авсан татвар төлөгчийн регистрийн дугаарыг;

   1.3.Овог буюу 4 дүгээр баганад газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэн авсан татвар төлөгчийн эцэг /эх/-ийн нэрийг;

   1.4.Нэр /аж ахуйн нэгжийн хувьд оноосон нэр/ буюу 5 дугаар баганад газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэн авсан татвар төлөгчийн нэрийг, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэрийг;

2.Эзэмших, ашиглах эрх шилжүүлсэн газрын мэдээлэл хэсэгт эрх бүхий байгууллагаас олгосон газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээн дэх мэдээллийг тусгана.

   2.1.Газрын гэрчилгээний дугаар буюу 6 дугаар баганад Газрын тухай хуулийн 23.6-д заасан эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээний дугаарыг;

   2.2.Газрын байршлын хаяг, нэр буюу 7, 8 дугаар баганад газар эзэмших, ашиглах гэрчилгээн дэх байршлын хаяг, нэрийг;

   2.3.Нэгж талбарын дугаар буюу 9 дүгээр баганад Барилга хот байгуулалтын яамны сайдын тушаалаар батлагдсан “Нэгж талбар дугаарлах журам”-ын 1.3-т заасан газар эзэмших, ашиглах гэрчилгээн дэх дугаарыг;

   2.4.Газар ашиглах зориулалт буюу 10 дугаар баганад газар эзэмших, ашиглах гэрчилгээн дэх зориулалтыг;

   2.5.Газрын хэмжээ буюу 11 дүгээр баганад газар эзэмших, ашиглах гэрчилгээн дэх газрын хэмжээг;

   2.6.Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн дугаар буюу 12 дугаар баганад Газрын тухай хуулийн 19.1.5-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ын 1.3-т заасан дагуу газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн дугаарыг тус тус оруулна.

3.Татвар ногдох орлого буюу 13 дугаар баганын дүн нь дуудлага худалдааны анхны үнэ буюу гэрээний үнийн аль их дүнгээр тодорхойлогдоно.

4.Хуулийн 22.1.2-т заасан хувь хүний орлого буюу 14 дүгээр баганын дүн нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1 дэх заалтад хамаарах хувь хүний орлогын дүн байна.

5.Хуулийн 22.1.6-д заасан орлого буюу 15 дугаар баганын дүн нь Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4 дэх заалтад хамаарах гэр бүлийн гишүүнд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлогын дүн байна.

 

 

 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР