A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2020 оны 16 дугаар тогтоолын хавсралт

 

ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ШУУДАНГИЙН ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Дотоодын хэрэглээний шуудангийн үйлчлэгч аж ахуйн нэгж, байгууллага (цаашид үйлчлэгч гэх) нь энэхүү журам, Шуудангийн тухай хууль, Шуудангаар үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм, шуудангийн үйлчилгээний холбогдох стандарт болон холбогдох бусад хууль тогтоомж, Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/-оос баталсан баримт бичгийг мөрдөж ажиллана.

ХОЁР. ҮЙЛЧЛЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2.1.Үйлчлэгч нь Шуудангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.3-т заасны дагуу холбогдох мэдээллийг Зохицуулах хороонд тухай бүр ирүүлнэ.

2.2.Дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь Харилцаа холбооны тухай хуулийн 12.3-т заасны дагуу Зохицуулах хороонд бүртгүүлнэ.

2.3.Үйлчлэгч нь зөвхөн Шуудангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасан үйлчилгээг эрхлэх бөгөөд бусад төрлийн шуудангийн үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

2.4.Үйлчлэгч нь үйлчилгээний хамрах хүрээ, график-маршрутыг баталж, мөрдөнө.

2.5.Баталгаажсан хүргэлтийн график-маршрутыг Шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Зохицуулах хороо, Аймаг, Нийслэлийн засаг даргын тамгын газарт мэдэгдэнэ.

2.6.Зохицуулах хорооноос тогтоосон шуудангийн илгээмж хүргэх хугацааг мөрдөж ажиллана.

2.7.Үйлчлэгч нь ажлын байр, тээврийн хэрэгсэл, хүний нөөцөөр хангагдсан байна.

ГУРАВ. ҮЙЛЧЛЭГЧИЙН ТЕХНОЛОГИ, АЖИЛЛАГАА

3.1.Илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, дамжуулах, тээвэрлэх, гардуулах ажлыг шуудангийн үйлчилгээний стандартын дагуу явуулна.

3.2.Технологи, ажиллагаа нь дараах ажлын иж бүрдэлтэй байна. Үүнд:

3.2.1.Холбогдох байгууллагаар баталгаажсан жин;

3.2.2.Өдрийн тэмдэгт, дардас;

3.2.3.Байгууллагын нэр, логотой хайрцаг, боодол, илгээмжийн наалт;

3.2.4.Хувцас хэрэгсэл;

3.2.5.Шуудангийн илгээмжийн бүртгэлийн цахим программ;

3.2.6.Шуудангийн илгээмжийн дагавар маягтууд:

3.3.Дараах зүйлсийг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын дагуу илгээж болно. Үүнд:

3.3.1.Газрын хөрс, байгалийн эрдэс чулуулагын дээж;

3.3.2.Ургамал, үр тарианы дээж;

3.3.3.Ан, амьтны гаралтай түүхий эд түүгээр хийсэн эдлэл;

3.3.4.Түүхт дурсгалын үнэт зүйлс, эртний эдлэл;

3.3.5.Гэмт хэргийн шинж чанартай хэргийн нотлох баримт бичиг, сорьц, дээжийг зориулалтын битүүмжлэл бүхий хайрцагт тээвэрлэнэ.

ДӨРӨВ.ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

4.1.Үйлчлэгчийн технологи ажиллагаа, горимын хэрэгжилтэд Зохицуулах хороо болон Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч хяналт тавьж ажиллана.

4.2.Үйлчлэгч нь хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай болон бусад хуульд заасан хариуцлага хүлээнэ.