- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2020 оны 107 дугаар
тогтоолын хавсралт
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ
ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (цаашид “Зохицуулах зөвлөл” гэх)-ийн үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Зохицуулах зөвлөл нь төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангасан төлөөллөөс бүрдсэн үндэсний хэмжээний орон тооны бус зөвлөл мөн.
1.3. Зохицуулах зөвлөл нь үйл ажиллагаандаа Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг удирдлага болгон ажиллана.
1.4. Зохицуулах зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн,
зохион байгуулалт
2.1. Зохицуулах зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
2.2. Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
2.3. Зохицуулах зөвлөл шаардлагатай тохиолдолд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тодорхой асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
2.4. Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдааныг улирал тутам хийнэ. Зохицуулах зөвлөлийн нийт гишүүдийн олонх оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно. Зохицуулах зөвлөлийн ээлжит бус хуралдааныг даргын санаачилгаар, эсхүл Зохицуулах зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар хуралдуулж болно.
2.5. Зохицуулах зөвлөлийн даргын эзгүйд түүний үүргийг даргын эрх олгосноор Зохицуулах зөвлөлийн аль нэг гишүүн гүйцэтгэнэ.
2.6. Зохицуулах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
2.7. Зохицуулах зөвлөл нь чиг үүргийнхээ хүрээнд хуралдаанаас тогтоол, зөвлөмж гаргах ба тогтоол, зөвлөмжид Зохицуулах зөвлөлийн дарга гарын үсэг зурна. Шаардлагатай гэж үзсэн асуудлаар мэдэгдэл гаргаж болно.
2.8. Зохицуулах зөвлөлийн хуралдааныг тэмдэглэл хөтөлж баталгаажуулах бөгөөд түүнд Зохицуулах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
Гурав. Зохицуулах зөвлөлийн бүрэн эрх
3.1. Зохицуулах зөвлөл Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Дөрөв. Зохицуулах зөвлөлийн дарга,
гишүүний бүрэн эрх
4.1. Зохицуулах зөвлөлийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан бүрэн эрх;
4.1.2. Зохицуулах зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тогтоож, хуралдааныг товлох, даргалах;
4.1.3. Зохицуулах зөвлөлийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
4.1.4. Зохицуулах зөвлөлийн гишүүдэд үүрэг, даалгавар өгч, биелэлтэд хяналт тавих;
4.1.5. Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Засгийн газрын хуралдаан, Улсын Их Хуралд танилцуулах;
4.1.6. Зохицуулах зөвлөлийн ажлын албаны орон тоо, бүтэц, дүрмийг батлах; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 101 дүгээр тогтоолоор нэмсэн)
4.1.7. Зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга, ажилтныг зохих журмын дагуу томилж, чөлөөлөх. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 101 дүгээр тогтоолоор нэмсэн)
4.2. Зохицуулах зөвлөлийн гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.2.1. Зохицуулах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг санаачлах, хэлэлцүүлэх;
4.2.2. Зохицуулах зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хариуцсан салбар, чиглэлийн дагуу хяналт тавих;
4.2.3. Зохицуулах зөвлөлийн даргын өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах, хариуцсан салбар, чиглэлийн дагуу Зохицуулах зөвлөлд холбогдох мэдээ, тайлан, статистик тоо баримтыг гаргаж өгөх;
4.2.4. Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд санал өгөх, төлөвлөгөө, тайлантай танилцах, Зохицуулах зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах;
4.2.5. Зохицуулах зөвлөлийн Ажлын албатай үйл ажиллагаагаа уялдуулах, мэдээлэл солилцох зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг өөрийн байгууллагын холбогдох албан хаагчаар хариуцуулан гүйцэтгүүлэх;
4.2.6. байгууллагынхаа дотоодод болон эрхлэх асуудлын хүрээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлан хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр гарган Ажлын албанд ирүүлэх.
4.3. Зохицуулах зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаарх саналаа урьдчилан бичгээр хүргүүлж болно.
Тав. Зохицуулах зөвлөлийн ажлын алба
5.1. Зохицуулах зөвлөл нь ажлын алба (цаашид “Ажлын алба” гэх)-тай байх бөгөөд ажлын алба нь Зохицуулах зөвлөлийн өдөр тутмын ажлыг хариуцан гүйцэтгэнэ. Ажлын албаны дарга, орон тооны ажилтнууд нь төрийн албан хаагч байна. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 101 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
5.2. Ажлын алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.2.1. Зохицуулах зөвлөлийн жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан зөвлөлийн хуралдаанаар батлуулах, хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах;
5.2.2. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр, Зохицуулах зөвлөлийн шийдвэрийг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
5.2.3. Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах тайлан, мэдээ, статистик, тоо баримт, лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах, танилцуулах;
5.2.4. Зохицуулах зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Зохицуулах зөвлөлийн шийдвэрийг албажуулах;
5.2.5. Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах арга хэмжээг зохион байгуулах;
5.2.6. салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;
5.2.7. дэд зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
5.2.8. олон улсын байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үр дүнг Зохицуулах зөвлөлд танилцуулах;
5.2.9. Зохицуулах зөвлөл болон салбар зөвлөл, дэд зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах арга хэмжээ зохион байгуулах.
5.3. Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Ажлын албаны дарга байх бөгөөд Ажлын албаны дарга нь Зохицуулах зөвлөлийн гишүүний болон төсвийн шууд захирагчийн бүрэн эрхээс гадна дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 101 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
5.3.1. Ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
5.3.2. салбар болон дэд зөвлөлийн үйл ажиллагааг удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах;
5.3.3. Зохицуулах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг боловсруулж, Зохицуулах зөвлөлийн даргаар батлуулах;
5.3.4. Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
5.4. Зохицуулах зөвлөл, түүний ажлын албаны үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Зургаа. Салбар зөвлөл
6.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг, нийслэл, сум, дүүрэгт түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар удирдуулсан орон тооны бус зөвлөл (цаашид “салбар зөвлөл” гэх) зохицуулна.
6.2. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Зохицуулах зөвлөлөөс баталсан нийтлэг журамд нийцүүлэн батална.
6.3. Аймаг, нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь орон тооны нарийн бичгийн даргатай байх бөгөөд нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны албан хаагч байна.
6.4. Салбар зөвлөл нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг уялдуулан зохицуулна.
6.5. Салбар зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд хурлын шийдвэр нь тогтоол, зөвлөмж, мэдэгдэл хэлбэртэй байна.
6.6. Аймаг, нийслэлийн салбар зөвлөл нь хариуцсан нутаг дэвсгэрийн гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг жил бүр Ажлын албанд ирүүлнэ.
6.7. Салбар зөвлөл, түүний орон тооны нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
----о0о----
Текст томруулах
A
A
A