A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ДАМЖУУЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 113 дугаар
  тогтоолын хавсралт

 

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ
ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ДАМЖУУЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ,
ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, инновацийг дэмжих, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (цаашид “Сан” гэх)-гаас хөнгөлөлттэй зээл (цаашид “зээл” гэх) олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх арилжааны банкийг сонгох, эргэн төлүүлэх, хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Төсөл сонгон шалгаруулалтад Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасан шаардлага хангасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж оролцох эрхтэй. (Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

1.3. Санд зээлийн хүсэлт ирүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч (цаашид “ЖДҮҮЭ” гэх)-ийн төсөл (цаашид “төсөл” гэх)-ийг сонгон шалгаруулж, шийдвэр гаргах үүрэг бүхий “төсөл сонгон шалгаруулах хороо” (цаашид “хороо” гэх), аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад ирүүлсэн төслийг сонгон шалгаруулж, шийдвэр гаргах үүрэг бүхий “төсөл сонгон шалгаруулах дэд хороо” (цаашид “дэд хороо” гэх) тус тус ажиллана. Хороо, дэд хороо үйл ажиллагаандаа энэ журмыг мөрдөнө. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

1.4. ЖДҮҮЭ-д дараахь тохиолдолд зээл олгохгүй: 

       1.4.1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11.11-д заасан;

       1.4.2. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23.6-д заасан болон Хоршоог хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй; (Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

       1.4.3. Сангаас авсан зээлээ төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;

       1.4.4. Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй;

       1.4.5. төслийн нийт хөрөнгө оруулалтын тооцоололд өөрийн хөрөнгө оруулалт нь 30 хувьд хүрээгүй;

       1.4.6. байгаль орчин ба хүний эрүүл мэндэд хортой технологи, материал  хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон;

       1.4.7. тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрөөгүй;
  
       1.4.8. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг болон танилцуулдаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирлын албан тушаал эрхэлж байгаа хүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүд хувь эзэмшдэг бол;
  
       1.4.9. ЖДҮҮЭ-ээр бүртгүүлсэн боловч харилцан хамаарал бүхий этгээдүүдийн сүүлийн нэг жилийн нэгтгэн тооцсон борлуулалтын орлого нь 2,5 тэрбум төгрөг болон түүнээс дээш бол;
  
       1.4.10. ЖДҮҮЭ нь нэг төслийг Сан болон аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад давхардуулан ирүүлсэн; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
   
       1.4.11. ЖДҮҮЭ нь Сан болон аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад нэгээс илүү төсөл ирүүлсэн. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

Хоёр. Зээлийн эх үүсвэр, нөхцөл


2.1. Зээлийн эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

2.2. Зээлийн эх үүсвэрийг Төрийн сан дахь Сангийн дансанд төвлөрүүлнэ.

2.3. Төсвийн эх үүсвэрээс бүрдсэн зээлийг төгрөгөөр олгоно.

2.4. Хууль тогтоомж болон Засгийн газрын бодлого, төсөл хөтөлбөртэй уялдуулан, зээл олгох салбар, чиглэл, зээлийн хугацаа, хүү, эх үүсвэрийн багцын хуваарилалт зэргийг болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөл, шаардлагыг (цаашид “Ерөнхий нөхцөл” гэх)-ийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.  

2.5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.3, 16.4-т заасан эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгчийн зорилго, тухайн орон нутагт зориулан зарцуулах бөгөөд үүнтэй холбоотой харилцааг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын газрын гишүүн, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, тухайн орон нутгийн Засаг дарга эсхүл төсөл хэрэгжүүлэгч нарын хооронд байгуулах гурван талт гэрээгээр зохицуулна. Гэрээгээр зохицуулснаас бусад харилцааг энэ журмаар зохицуулна.

Гурав. Зээл олгох хэлбэр, хэмжээ

3.1. Зээлийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн          11.7-д заасны дагуу Сангаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгоно.

3.2. Сангаас шууд болон  арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн доод хэмжээ 20,000,000 (хорин сая) төгрөг, дээд хэмжээ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11.6-д заасны дагуу ЖДҮҮЭ-ийн сүүлийн жилийн борлуулалтын орлогоос хамааруулан дараахь хязгаартай байна: 

Ангилал

Зээл олгох хэлбэр

Борлуулалтын орлого (төгрөг)

Зээлийн дээд хэмжээ (төгрөг)

1.

Бичил

сангаас шууд олгох

0-100,0 сая хүртэл

100,0 сая хүртэл

100,0-200,0 сая хүртэл

200,0 сая хүртэл

200,0 саяас дээш

300,0 сая хүртэл

2.

Жижиг

банкаар дамжуулан олгох

300,0 саяас дээш

1,0 тэрбум хүртэл

3.

Дунд

1,0-2,5 тэрбум хүртэл

2,5 тэрбум хүртэл

3.3. Сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлдэгч нь зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн даатгалд жил бүр заавал даатгуулна.

Дөрөв. Дамжуулан зээл олгох банкийг сонгох, хяналт тавих


4.1. Дамжуулан зээл олгох банкийг сонгон шалгаруулах, хяналт тавих ажлын удирдамж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

4.2. Дамжуулан зээл олгох банк дараахь шаардлагыг хангасан байна:

       4.2.1. Монголбанкнаас тогтоосон арилжааны банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, заавал байлгах нөөцийн шаардлагыг сүүлийн 2 жилийн хугацаанд ханган ажиллаж байгаа, орон нутагт салбартай байх;
   
       4.2.2. Сантай байгуулсан ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гэрээний үүргийг зөрчөөгүй байх;
   
       4.2.3. олгосон зээлийн эрсдэлийг бүрэн хариуцаж, Сантай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгааг тухайн банкны Монголбанкин дахь харилцах данснаас гаргасан байх; 
   
       4.2.4. энэ журмын дагуу олгох хөнгөлөлттэй зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх;
    
       4.2.5. сүүлийн 3 жилийн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар гадаадын зээл, тусламжийн болон төсвийн хөрөнгөөр дамжуулан олгосон зээлийн хугацаа хэтэрсэн зөрчилгүй байх;
    
       4.2.6. сонгон шалгаруулалтын баримт бичигт шаардсан бусад шаардлагыг хангасан байх.

4.3. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.9-д заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэмэлт нөхцөл, шаардлагыг тогтоосон бол энэхүү нэмэлт нөхцөл, шаардлагыг энэ журмын  4.1-д заасан  ажиллах удирдамжид тусгана.

Тав. Зээлд хамрагдах төсөлд тавигдах шаардлага


5.1. Төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байна.
         
5.2. Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараахь зүйлийг тусгана:
          
       5.2.1. төслийн товч агуулга;

       5.2.2. хуулийн этгээдийн нэр;

       5.2.3. а. үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил;

                 б. хуулийн этгээдийн албан ёсны хаяг;

                 в. төсөл хэрэгжих байршил;
         
       5.2.4. төслийн нийт хөрөнгө оруулалтын 30-аас доошгүй хувийг өөрийн эх үүсвэрээс бүрдүүлэхээр санхүүгийн тооцоололд тусгасан байх;
        
       5.2.5. үйлдвэрлэл, үйлчилгээ болон худалдах бүтээгдэхүүний нэр, төрөл, танилцуулга;

       5.2.6. одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээлэл.

5.3. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараахь зүйлийг тусгана:

       5.3.1. үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа; 

       5.3.2. түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;

       5.3.3. үйлдвэрлэлийн хүчин чадал;

       5.3.4. хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт.

5.4. Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараахь зүйлийг тусгана:

       5.4.1. бүтэц, орон тоо;

       5.4.2. ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар;

       5.4.3. шинээр бий болгох ажлын байрны тоо.
      
5.5. Зах зээлийн судалгаанд дараахь мэдээллийг тусгана:

       5.5.1. зах зээлийн судалгаа;

       5.5.2. хэрэглэгчийн судалгаа;

       5.5.3. гадаад, дотоод орчны (SWOT) шинжилгээ.
        
5.6. Эдийн засгийн тооцоонд дараахь мэдээллийг тусгана:

       5.6.1. үндсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний нийт орлого;

       5.6.2. төслийн борлуулалтын орлогын тооцоо;

       5.6.3. үйлдвэрлэлийн зардлын тооцоо;

       5.6.4. бүтээгдэхүүний өртгийн тооцоо;

       5.6.5. бүтээгдэхүүний борлуулалтын төлөвлөгөө;

       5.6.6. үйлдвэр, үйлчилгээ, худалдааны үр ашгийн тооцоо;

       5.6.7. төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

       5.6.8. хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);

       5.6.9. төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа.

5.7. Шинээр бизнес эхэлж байгаа тохиолдолд энэ журмын 5.2.6 дахь заалт хамаарахгүй.

5.8. Төслийн дүгнэлтэд энэ журмын 5.4-5.6-д заасан тооцоо судалгаанд үндэслэн төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн, эрсдэл зэргийг тооцоолсон мэдээллийг тусгана.

5.9. ЖДҮҮЭ нь төсөлд дараахь материалуудыг хавсаргасан байна:

       5.9.1. зээлийн өргөдөл (Сангаас баталсан загварын дагуу);

       5.9.2. захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;

       5.9.3. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

       5.9.4. хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

       5.9.5. барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

       5.9.6. хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

       5.9.7. сүүлийн 2 жилийн санхүүгийн баталгаажсан тайлан (хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших санхүүгийн баталгаажсан тайлан, шинээр үүсгэн байгуулагдсан бол эхлэлтийн баланс);

       5.9.8. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт; (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

       5.9.9. нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;

       5.9.10. төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

       5.9.11. төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;

       5.9.12. энэ журмын 5.2.4-т заасныг нотлох баримт;

       5.9.13. тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

5.10. Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч ЖДҮҮЭ бүрэн хариуцна.

Зургаа. Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны бүрэлдэхүүн

6.1. Хороо, дэд хороо нь дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдсэн найман хүний бүрэлдэхүүнтэй байна.

6.2. Дэд хорооны бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан байгууллагын дарга болон хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл орох бөгөөд нарийн бичгийн даргаар аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн (цаашид “аймаг, нийслэлийн мэргэжилтэн” гэх) байна. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

6.3. Төлөөлөл оролцуулах төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулах бөгөөд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байна. (Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

6.4. Хороо, дэд хорооны бүрэлдэхүүнд 4 төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөлөл  оруулах бөгөөд төлөөлөл нь дараахь ерөнхий шаардлагыг хангасан байна:

       6.4.1. эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй; (Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

       6.4.2. жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;

       6.4.3. сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй;

       6.4.4. Сантай бизнесийн холбоогүй;

       6.4.5. зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

       6.4.6. шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх.

6.5. Хороо, дэд хороо хуралдааны зарчмаар шийдвэр гаргах ба хороо, дэд хорооны дарга, гишүүд нь хуралд тус бүр саналын нэг эрхтэй, нарийн бичгийн дарга саналын эрхгүй байна.

6.6. Хороо, дэд хорооны гишүүдийн дийлэнх олонх ирснээр хурал хүчинтэйд тооцогдох ба хурлын явцыг дуу хураагуур, дүрс бичлэгт хуулах болон цаасан хэлбэрээр тэмдэглэл хөтөлж, хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхын саналаар шийдвэр гаргана.

6.7. Хурлын тэмдэглэлд хуралд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

6.8. Хорооны бүрэлдэхүүнийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, дэд хорооны бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус  батална. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

6.9. Хороо, дэд хорооны шийдвэр нь тухайн төсвийн жилдээ хүчин төгөлдөр байна.

6.10. Хороо, дэд хороо нь өөрийн хуралдааны дэгийг батална.

6.11. Хороо, дэд хорооны үйл ажиллагаатай холбоотой зардлыг Сангаас санхүүжүүлж болно.

Долоо. Хороо, дэд хорооны эрх

7.1. Хороо нь жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын судалсан төслийг хуралдаанаар хэлэлцэх, сонгон шалгаруулах, холбогдох хууль, дүрэм, журам, зааврын дагуу шийдвэр гаргах эрхтэй.

7.2. Дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн мэргэжилтний судалсан төслийг хуралдаанаар хэлэлцэх, сонгон шалгаруулах, холбогдох хууль, дүрэм, журам, зааврын дагуу шийдвэр гаргах эрхтэй. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

Найм. Хороо, дэд хорооны үүрэг

8.1. Хороо, дэд хорооны гишүүн нь дараахь үүрэгтэй байна:

       8.1.1. хороо, дэд хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцох тухай бүрт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1-д заасан мэдэгдлийг гаргах, Албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл бүрт албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай хороо болон дэд хорооны даргад мэдэгдэх;

       8.1.2. хороо, дэд хорооны гишүүд хурлын шийдвэр, зөвлөлдсөн асуудлын талаар бусдад задруулахгүй байх, үнэн зөв шалгаруулах, бусдад давуу байдал бий болгохгүй байх;

       8.1.3. хороо, дэд хорооны гишүүн холбогдох хууль, дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллах;

       8.1.4. хороо, дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга нь олонхын шийдвэрийг баталгаажуулан хурлын шийдвэрт гарын үсэг зурах;

       8.1.5. хороо, дэд хороо нь гаргасан шийдвэрээ болон хорооны гишүүд өгсөн үнэлгээг бүрэн хариуцах.

Ес. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн мэргэжилтний үүрэг, хариуцлага 
(Энэ гарчигт Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

9.1. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн мэргэжилтэн дараахь үүрэгтэй: (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

        9.1.1. Төслийг судлах явцад олж авсан мэдээлэл, баримт бичиг, судалгааны явц, хурлын шийдвэрийн талаар бусдад задруулахгүй байх;

        9.1.2. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн төслийг хувийн болон бусад этгээдийн ашиг сонирхолд үйлчлэх зорилгоор ашиглахгүй байх;

        9.1.3. Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид журам зөрчиж, давуу байдал бий болгохгүй байх;

        9.1.4. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомж, энэ журам болон эдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, зааврыг мөрдлөг болгон ажиллах;

        9.1.5. Ирүүлсэн төслийн мэдээллийг Сангийн зээлийн мэдээллийн санд (SMEF) тогтоосон хугацаанд үнэн зөв бүрэн оруулах.

9.2. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн мэргэжилтэн нь өөрийн судалсан төсөлд өгсөн үнэлгээг бүрэн хариуцна. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)


Арав. Төсөл сонгон шалгаруулалт зарлах, хүлээн авах

10.1. Төсөл хүлээн авах товыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга тогтооно. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

10.2. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд төсөл хүлээн авах зарыг өдөр тутмын мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх үүргийг хүлээнэ. аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь энэхүү зарыг тухайн орон нутагт мэдээлэх үүргийг хүлээнэ. Төсөл хүлээн авах зард төсөл хүлээн авч эхлэх, дуусах хугацаа, байршил, цахим хаяг, зээлийн нөхцөл, холбоо барих утасны дугаар зэрэг мэдээллийг тусгасан байна. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

10.3. Аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь тухайн орон нутагт хэрэгжих 20,000,000 (хорин сая) төгрөгөөс 300,000,000 (гурван зуун сая) хүртэл төгрөгийн санхүүжилт хүссэн, тухайн орон нутгийн бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авна. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

10.4. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь 20,000,000 (хорин сая) төгрөгөөс 2,500,000,000 (хоёр тэрбум таван зуун сая) төгрөг хүртэл санхүүжилт хүссэн, энэ журмын 10.3-т заасан байгууллагад ирүүлснээс бусад бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авна.

10.5. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь төсөл хүлээн авах хугацааг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, тухайн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн хугацаанд  цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авна. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

10.6. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь төсөл хүлээн авах хугацаа зарлагдахаас бусад үед төсөл хүлээн авахгүй. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)


Арван нэг. Төсөл сонгон шалгаруулах үнэлгээний аргачлал, үе шат


11.1. Төслийн урьдчилсан болон нарийвчилсан үнэлгээг төслийн эрсдэлийн үнэлгээний олон улсын арга, аргачлалд суурилан хийнэ. 

11.2. Үнэлгээний арга, аргачлалыг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

11.3. Сангаас шууд олгох зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг дараахь 3 үе шаттайгаар үнэлнэ: (Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

    11.3.1. жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын Ажлын хэсэг төслийн иж бүрдэл хангасан эсэхийг шалгаж, иж бүрдлийг бүрэн хангасан бол төслийн урьдчилсан судалгааг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэнэ. Дүгнэлтээр 70-аас дээш оноо авсан төслийг журмын 11.3.3-т заасан шатанд шилжүүлэх; (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

       11.3.2. төслийн урьдчилсан судалгааг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын мэргэжилтэн хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүлэх; (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

       11.3.3. төсөлд нарийвчилсан судалгааг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын нарийвчилсан судалгааны ажлын хэсэг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүлэх;

       11.3.4. төслийг хороо, дэд хорооны хурлаар хэлэлцэж, гишүүн тус бүр 100 хүртэл оноогоор дүгнэн, дундаж оноог гаргах.

11.4. Хороо нь үе шат бүрт  авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн жагсаалт гаргаж, зээлийн ерөнхий нөхцөлөөр зөвшөөрөгдсөн эх үүсвэрт багтаан тэргүүн ээлжинд санхүүжүүлэх төслүүдийн болон эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тус тус батална. 

11.5. Аймаг, нийслэлийн төсөл сонгон шалгаруулалтыг дараахь үе шаттайгаар онооны системээр үнэлнэ: (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

      11.5.1.тухайн аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага төслийн иж бүрдэл хангасан эсэхийг шалгаж, иж бүрдлийг бүрэн хангасан бол төслийн урьдчилсан судалгааг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэнэ. Дүгнэлтээр 70-аас дээш оноо авсан төслийг журмын 11.5.3-т заасан шатанд шилжүүлэх; (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

       11.5.2. төслийн урьдчилсан судалгааг тухайн аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүлнэ; (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

       11.5.3. төсөлд нарийвчилсан судалгааг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийн жагсаалтыг аймаг, нийслэлийн  жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад шилжүүлнэ;

       11.5.4. төслийг дэд хорооны хурлаар хэлэлцэж, гишүүн тус бүр 100 хүртэл оноогоор дүгнэн, дундаж оноог гаргана;

       11.5.5. дэд хороо нь үе шат бүрт  авсан онооны нийлбэрээр ихээс  бага руу эрэмбэлэн жагсаалт гаргаж, зээлийн ерөнхий нөхцөлөөр зөвшөөрөгдсөн эх үүсвэрт багтаан тэргүүн ээлжинд санхүүжүүлэх төслүүдийн болон эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тус тус батална;

       11.5.6. аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь энэхүү журмын 11.5.3-т заасан шаардлага хангасан төслийг дэд хороогоор яаралтай хэлэлцүүлэх арга хэмжээ авна;

       11.5.7. дэд хорооны шийдвэрийг эрэмбэлсэн жагсаалтын хамт ажлын 5 хоногт багтаан тухайн аймаг, нийслэлийн Засаг даргаар баталгаажуулж жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

11.6. Сангаас банкаар дамжуулан олгох зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг дараахь үе шаттайгаар, онооны системээр үнэлнэ: (Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

        11.6.1. төслийн иж бүрдлийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын ажлын хэсэг шалгах ба иж бүрдлийг бүрэн хангасан төслийг дараагийн шатанд шилжүүлэх;

     11.6.2.төслийг бодлогын баримт бичигт нийцсэн эсэх талаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын Ажлын хэсэг дүгнэлт гарган арилжааны банкинд шилжүүлэх; (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

        11.6.3. төслийг хорооны хурлаар хэлэлцэж  гишүүн тус бүр 50 хүртэл оноогоор дүгнэн дундаж оноог гаргах. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

11.7. Хороо нь үе шат бүрт авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн жагсаалт гаргаж, зээлийн ерөнхий нөхцөлөөр зөвшөөрөгдсөн эх үүсвэрт багтаан тэргүүн ээлжинд санхүүжүүлэх төслийн болон эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн  жагсаалтыг тус тус  батална. 

11.8. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилогдсон мэргэжилтэн тухайн төслийг зөвхөн нэг үе шатанд үнэлнэ. Тухайн төслийг өөр үе шатанд  дахин үнэлэхийг хориглоно.

11.9 Орон нутгийн төслийн сонгон шалгаруулалт, төслийн үнэлгээнд энэ журмын 1.4-т заасан шаардлага, 5.9-д заасан материалын бүрдүүлэлт болон үнэлгээг аргачлалын дагуу хийсэн эсэх, нарийвчилсан үнэлгээ хийхдээ ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавьж дахин үнэлгээ хийх эсэхийг шийдвэрлэнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор нэмсэн)

11.10.Төслийн сонгон шалгаруулалтын үнэлгээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 144.2-т заасны дагуу нийт ажлын байрныхаа 4 хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж байгаа эсэхийг харгалзан үзнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор нэмсэн)


Арван хоёр. Гэрээ байгуулах, санхүүжилт олгох

12.1. Сангаас шууд олгох зээлийг дараахь байдлаар санхүүжүүлнэ:
 
       12.1.1. хороо болон тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга нь шийдвэрээ гарсан даруйд битүүмжлэн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

       12.1.2. жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хорооны шийдвэрийг хүлээн авч нэн даруй жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар баталгаажуулна;

       12.1.3. Сан энэ журмын 11.4, 11.5.7-т заасан хороо, аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн аж ахуйн нэгжтэй Зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, санхүүжилтийг олгоно; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

       12.1.4. Сан нь гарааны бизнесийг дэмжих болон бичил бизнес эрхлэгчдэд итгэл үзүүлэх зорилгоор 20 сая төгрөгийн санхүүжилт хүссэн төслийн зээлд барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн шаардлагыг 30 хүртэл хувиар бууруулан гэрээ байгуулж, санхүүжилтийг олгож болно;

       12.1.5. зээлийн санхүүжилтийг төслийн хэрэгжилттэй уялдуулан зээлдэгчийн худалдан авалт, төслийн гүйцэтгэлээр санхүүжилтийг олгож болно.

12.2. Банкаар дамжуулан олгох зээлийг дараахь байдлаар санхүүжүүлнэ:
 
       12.2.1. хороо нь шийдвэрээ гарсан даруйд битүүмжлэн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ; 

       12.2.2. Сан нь энэ журмын 11.7-т заасан хорооны шийдвэрийг хүлээн авч жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар баталгаажуулж, тухайн ЖДҮҮЭ-ийн сонгосон банкинд хүргүүлнэ;

       12.2.3. банк жагсаалтаар хүргүүлсэн төслийн зээлийн судалгааны материалыг 14 хоногийн дотор төсөл хэрэгжүүлэгчээс бүрэн хүлээн авч, түүнээс хойш хуанлийн 30 хоногт багтаан судалж, шаардлага хангасан төслийн жагсаалт банкны зээлийн хорооны шийдвэр, зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон нэхэмжлэлийн хамт баталгаажуулан жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ;

       12.2.4. банк барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг зээлийн хорооны шийдвэрийн хамт Зээлийн батлан даалтын санд хүргүүлэх ба зээлийн батлан даалтын сан 14 хоногт багтаан батлан даалт гаргах эсэх асуудлаар шийдвэр гаргана. Банк зээлийн батлан даалтын сангийн шийдвэрийг гарсан даруйд баталгаажуулан жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ;

       12.2.5. Сан нь энэ журмын 12.2.3, 12.2.4-т заасан хугацаанд банкнаас ирүүлсэн шийдвэрийг үндэслэн банкинд санхүүжилтийг шилжүүлнэ;

       12.2.6. банк нь Сангаас санхүүжилт шилжүүлснээс хойш ажлын 3 өдөрт багтаан төсөл хэрэгжүүлэгчид зээлийг олгоно;

       12.2.7. банк нь энэ журмын 12.2.3, 12.2.4-т заасан хугацаанд холбогдох шийдвэрийг баталгаажуулж ирүүлээгүй тохиолдолд холбогдох шийдвэрийг хүчингүй болсонд тооцно. Үүнээс үүдэн гарах хохирлыг холбогдох этгээд хариуцна; 

       12.2.8. ЖДҮҮЭ нь 2 хүртэл банкаар төслийн зээлийн судалгааны материалыг судлуулж болох бөгөөд энэ журмын 12.2.3, 12.2.4-т заасан хугацааг нэгэн адил дагаж мөрдөнө.

Арван гурав. Ил тод байдал

13.1. Төсөл сонгон шалгаруулалтын үе шат бүрт шалгараагүй төслүүдийн баримт бичгийг үндэслэл, тайлбарын хамт төсөл ирүүлэгчид буцаана.

13.2. Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.

13.3. Сан, аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь төслийн судалгааны явцыг тухай бүр цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

13.4. Хороо болон дэд хорооны хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгарсан аж ахуйн нэгжийн мэдээллийг Сан болон аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлнэ. Төсөл ирүүлэгчийн хүсэлтийн дагуу албан бичгээр хариуг өгнө. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
         
13.5. Зээл авсан иргэний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу байгууллагын шилэн данс, цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.

Арван дөрөв. Зээлдэгчийн мэдээллийн сан

14.1. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн холбогдох мэдээллийг агуулсан Зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хөтөлнө.

14.2. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зээлийн ангиллыг тогтоохдоо Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан Активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг баримтална.

14.3. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тогтмол нийлүүлнэ.

Арван тав. Зээлийг эргэн төлүүлэх үйл ажиллагаа

15.1. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт, зээлийн хүү, алдангийг тухай бүр төлүүлнэ.

15.2. Зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан хугацааны дотор эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь чанаргүй активын ангилалд оруулж, Монголбанкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчийн ангилалд бүртгэнэ.

15.3. Дамжуулан олгосон банк гэрээний үүргээ биелүүлээгүй, эрсдэл үүссэн тохиолдолд зээлийн хөрөнгийг эргүүлэн татах ажиллагааг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцан зохион байгуулна. Энэхүү зохицуулалтыг Сан, банктай байгуулах гэрээгээр нарийвчлан зохицуулна.

15.4.Холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр зээлдэгчийн барьцаа хөрөнгө, өр төлбөрт санал болгож байгаа хөрөнгө (цаашид “Хөрөнгө” гэх)-ийг сангийн авлагад  тооцон авч болно. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор нэмсэн)

15.5.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тухайн иргэн, хуулийн этгээдээс авах авлагын дүнг зээлдэгчтэй харилцан тохиролцох, хөрөнгийн шинж байдал, түргэн борлогдох нөхцөлийг харгалзан мэргэжлийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгэж, сангийн өр төлбөрт хөрөнгө авах эсэх талаар гаргасан дүгнэлтийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын газрын гишүүнд танилцуулж, хөрөнгө хүлээн авах асуудлыг шийдвэрлүүлнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор нэмсэн)

15.6.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын “Өмч хамгаалах зөвлөл” нь хөрөнгө хүлээн авах үйл ажиллагааг хариуцах бөгөөд энэ журмын 15.5-д заасан хөрөнгө хүлээн авах шийдвэр болон хөрөнгө хүлээлцсэн актыг үндэслэн авлагад тооцон авсан хөрөнгийг сангийн эргэлтийн хөрөнгөд бүртгэнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор нэмсэн)

 15.7.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөрөнгийг бүртгэх, түүнийг удирдах үйл ажиллагаатай холбоотой бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох журам, стандартын дагуу хөтөлж, санхүүгийн тайланд тусгана. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор нэмсэн)

 15.8.Сангийн авлагад тооцон авсан хөрөнгийг дуудлага худалдаагаар болон гэрээгээр худалдан борлуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор нэмсэн)

 15.9.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үйл ажиллагааг Иргэний хуульд заасан журмын дагуу зохион байгуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор нэмсэн)

   15.10.Хөрөнгийг дараах тохиолдолд гэрээгээр худалдан борлуулна: (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор нэмсэн)

          15.10.1.хоёр удаагийн дуудлага худалдаагаар зээлдэгчтэй харилцан тохиролцож санал болгосон үнэд хүрэх санал гараагүй, эсхүл дуудлага худалдаанд оролцогч байхгүй;

          15.10.2.эрх бүхий хөндлөнгийн байгууллагын хөрөнгийн үнэлгээгээр тухайн хөрөнгийн үнэ анх авлагад тооцож авсан дүнг нөхөхөд хүрэлцэхгүй болсон.

   15.11.Хөрөнгийг худалдан борлуулсан мөнгөн орлогыг тухай бүр Санд төвлөрүүлж, санхүүгийн тайлагналын стандартын дагуу бүртгэнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор нэмсэн)

              15.12.Хөрөнгийг худалдан борлуулах хүртэлх хугацаанд тухайн хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны  байгууллага хариуцна. Хөрөнгийн урсгал засвар, дуудлага худалдаа, борлуулалт зэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэн, хуулийн этгээдээр гэрээгээр гүйцэтгүүлж болно. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор нэмсэн)

                  15.13.Хөрөнгийг эрсдэлээс хамгаалах зорилгоор эд хөрөнгийн даатгалд даатгуулж болно. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор нэмсэн)

                  15.14.Санд авлага хэлбэрээр бүртгэгдсэн хөрөнгийг шилжүүлэн авах, худалдан борлуулах, хадгалах, хамгаалахтай холбогдон гарах зардлыг жил бүрийн төсөвт тусгана. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор нэмсэн)

Арван зургаа. Зээлийн зарцуулалтад хяналт тавих

16.1. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавихдаа дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

       16.1.1. зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн төслийн үр дүнгийн тайлан, санхүүгийн буюу мөнгөн гүйлгээ, зээлийн эргэн төлөлтийн талаарх тайланг зээлдэгчээс улирал бүр гаргуулан авах;

       16.1.2. Сангийн үйл ажиллагаа, орлого, зарлагын гүйцэтгэлд жил бүр хөндлөнгийн аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дотоод аудитын хороогоор хэлэлцүүлэх.

16.2. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага жилд нэгээс доошгүй удаа зээлийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд иж бүрэн эсхүл түүвэрчилэн хяналт, шалгалт хийнэ. Хяналт, шалгалтын дүнг тухай бүр нэгтгэн жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

16.3. Дамжуулан зээл олгож буй арилжааны банкны гэрээний биелэлтэд жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтарсан ажлын хэсэг хяналт тавина. 

16.4. Банкаар дамжуулан олгосон зээлийг зориулалт бусаар ашигласан, хууль, журам зөрчиж олгосон нь хяналт, шалгалтаар тогтоогдсон тохиолдолд зээл авсан өдрөөс эхлэн уг зээлийг дамжуулан олгосон банкны арилжааны зээл рүү шилжүүлэх арга хэмжээ авч, тухайн зээлийн эх үүсвэрийг банкны эх үүсвэрээс бүрэн дүнгээр нь Санд буцаан төвлөрүүлнэ. Энэ зохицуулалтыг Сан, банктай хамтран ажиллах гэрээгээр нарийвчлан зохицуулна.

16.5. Сангаас шууд олгосон зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь Сангийн хяналт, шалгалтаар тогтоогдсон бол зээлдэгчийн эх үүсвэрийг буцаан татаж, холбогдох байгууллагад шилжүүлнэ. Энэ зохицуулалтыг Сан, зээлдэгчтэй байгуулах гэрээгээр нарийвчлан зохицуулна.

16.6. Сангаас зээл авсан этгээд зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй нь тогтоогдсон, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Сангаас дахин зээл олгохгүй.

16.7. Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй буюу энэ журамд заасныг зөрчиж төсөл сонгон шалгаруулсан, төслийн хэрэгжилтэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаагүй болох нь эрх бүхий этгээдийн хяналт, шалгалтаар тогтоогдсон бол холбогдох албан тушаалтанд зохих хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

Арван долоо. Мэдээ тайлан гаргах, хүлээн авах

17.1. Банк, аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага олгосон зээлийн тайлан, аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь ирүүлсэн төслийн талаарх мэдээллийг тухай бүр нэгтгэн санд хүргүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

17.2. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд ирүүлсэн төсөл, олгосон зээлийн мэдээллийг нэгтгэн дараа сарын 10-ны дотор жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад болон шаардлагатай тохиолдолд холбогдох газарт тухай бүрт тус тус хүргүүлнэ.

17.3. Энэ журмын 6.9-д заасан хугацаа дуусмагц жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь ажлын 5 хоногт багтаан  аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 251 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

Арван найм.Бусад

18.1.Энэ журмаар зохицуулагдаагүй асуудлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор нэмсэн)

              18.2.Энэ журмыг зөрчсөн этгээдэд  холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 48 дугаар тогтоолоор нэмсэн)

 

---о0о---