A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 129 дүгээр
  тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДҮРЭМ

(Засгийн газрын 2021 оны 252 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилт нь Монгол Улсын Хөгжлийн банк (цаашид “Банк” гэх)-ны үйл ажиллагаа, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, дүрмийн сан, хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Банкны оноосон нэр

2.1. Банкны оноосон нэрийг монгол хэлээр “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК (товчоор “МУХБ”), англи хэлээр “Development Bank of Mongolia” LLC (товчоор “DBM”) гэнэ.

Гурав. Банкны тэмдэг, бэлгэдэл

3.1. Банк нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

3.2. Банк өөрийн бэлгэдэлтэй байх бөгөөд түүний загвар, тодорхойлолтыг төлөөлөн удирдах зөвлөл батална.

Дөрөв. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө

4.1. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 1,000,000,000,000 (нэг их наяд) төгрөг байх бөгөөд нэг бүр нь 100,000 (нэг зуун мянган) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,000,000 (арван сая) ширхэг энгийн хувьцаанд хуваагдана.

Тав. Банкны эрхлэх үйл ажиллагаа

5.1. Банк нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан үйл ажиллагаа эрхэлнэ.

5.2. Банк нь өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, бусад хуулийн этгээдтэй харилцаж, хамтран ажиллах гэрээ, хэлцэл байгуулна.

5.3. Банк нь төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөө, тухайн жилийн бизнес төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулна.

5.4. Банк нь ил тод байдлыг хангах зорилгоор холбогдох мэдээллийг хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд гаргаж өгөх бөгөөд мэдээлэл гаргах журмыг төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрснөөр Гүйцэтгэх захирал батална.

Зургаа. Банкны үйл ажиллагаанд хориглох зүйл

6.1. Банк дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

       6.1.1. хууль тогтоомж болон Банкны дотоод журамд заасны дагуу өөрийн банкны ажилтанд санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэхээс бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх;

       6.1.2. улс төрийн нам, эвсэл, иргэн, хуулийн этгээдэд хандив өгөх.

Долоо. Банкны эрх барих дээд байгууллага

7.1. Банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна.

Найм. Төлөөлөн удирдах зөвлөл

8.1. Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд үүнээс дөрвөн гишүүн хараат бус гишүүн байна.

8.2. Төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

8.3. Төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 9.1-д заасан зээл авах, 13.1-д заасан үнэт цаас гаргах болон өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээш үнийн дүнтэй гэрээ, хэлцэл хийх шийдвэрийг гаргана.

8.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 19.2, 19.3-т заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.

8.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн удаан хугацаагаар үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсонтой холбогдуулан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нас барсан бол түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлнө. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг хувьцаа эзэмшигч шийдвэрлэнэ.

8.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрснөөр Банкийг төлөөлөн гадаад, дотоодын банк, санхүүгийн болон бусад байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж болно.

8.7. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд олгох урамшууллын хэмжээг хувьцаа эзэмшигч тогтооно.

8.8. Банкны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал болон газрын захирлыг сонгон шалгаруулж томилох хүртэлх хугацаанд тэдгээрийн үүрэг гүйцэтгэгчийг хувьцаа эзэмшигчийн саналыг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөл томилж болно.

8.9. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг албан томилолтоор ажиллуулах шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гаргана.

8.10. Төлөөлөн удирдах зөвлөлийн тухайн жилийн ээлжит болон ээлжит бус хурлын гуравны нэгээс дээш хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, санал өгөөгүй нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх үндэслэл болно.

8.11. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Хурал нь ээлжит болон ээлжит бус байна.

8.12. Банкны үйл ажиллагаатай холбоотой шуурхай шийдвэрлэх асуудал гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигч эсхүл Гүйцэтгэх захирлын саналыг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.

8.13. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.

8.14. Төлөөлөн удирдах зөвлөл бичгээр санал авч шийдвэр гаргаж болно. Банкны зохион байгуулалтын бүтэц, стратеги төлөвлөгөө, төсөв батлах, гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх, санхүүгийн тайлан хэлэлцэх, энэ дүрмийн              8.3-т заасан гэрээ, хэлцэл хийх асуудлыг бичгээр санал авч шийдвэрлэхийг хориглоно.

8.15. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд түүнд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурна.

8.16. Төлөөлөн удирдах зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

8.17. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Банкны жил бүрийн төсөвт тусгана.

8.18. Төлөөлөн удирдах зөвлөл нь дэргэдээ аудитын, нэр дэвшүүлэх, цалин, урамшууллын, эрсдэлийн хороодтой байна.

Ес. Банкны гүйцэтгэх удирдлага

9.1. Банкны удирдлагыг Гүйцэтгэх захирал хэрэгжүүлэх бөгөөд түүнийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21.3-т зааснаар томилж, чөлөөлнө.

9.2. Гүйцэтгэх захирал Монгол Улсын хууль тогтоомж, Банкны дүрэмд заасан хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулж ажиллана.

9.3. Гүйцэтгэх захирал нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21.5, 21.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь тушаал хэлбэртэй байна.

9.4. Гүйцэтгэх захирал нь энэ дүрмийн 8.3-т зааснаас бусад гэрээ, хэлцэлд хамаарах төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах, гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх, экспорт, импортын санхүүжилт хийх, төлбөрийн чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор богино, дунд хугацаатай санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх зэрэг шийдвэрийг хуульд заасан хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх замаар гаргана.
9.5. Гүйцэтгэх захирал нь банкны дотоод аудитын нэгжээс бусад нэгжийн захирлуудтай ёс зүйн болон гүйцэтгэлийн үр дүнг тусгасан гэрээг байгуулж, гэрээний хэрэгжилт, дүгнэлтийг хагас жил тутам Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шаардлагатай тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлөөс гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авч болно.

9.6. Банкны нийт ажилтнууд үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцүүлэн гаргасан төлөөлөн удирдах зөвлөл  болон Гүйцэтгэх захирлын аливаа шийдвэр, нэгжийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллана.

9.7. Гүйцэтгэх захирлын дэргэд түүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, зөвлөх чиг үүрэг бүхий Захирлуудын зөвлөл ажиллана.

9.8. Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг төлөөлөн удирдах зөвлөл тогтооно.

9.9. Гүйцэтгэх захирал төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх асуудлыг Захирлуудын зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцүүлсэн байна.

Арав. Эрх бүхий албан тушаалтан

10.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал, нэгжийн дарга, захирал, мэргэжлийн хороодын гишүүд, ерөнхий нягтлан бодогч, аудитор нь Банкны эрх бүхий албан тушаалтанд хамаарна.

Арван нэг. Банкны зохион байгуулалтын бүтэц

11.1. Банкны зохион байгуулалтын бүтцийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20.1.5-д заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл батална.

11.2. Банк нь Хөрөнгийн, Зээлийн, Эрсдэлийн удирдлагын мэргэжлийн хороотой байна. Хороодын бүрэлдэхүүн, үйл ажиллагааны шийдвэр гаргах журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална.

11.3. Энэ дүрмийн 11.2-т заасан хороод нь холбогдох тооцоо, судалгаа, шинжилгээнд суурилсан мэргэжлийн, бие даасан дүгнэлтийг гаргана. Дүгнэлтийг хорооны нийт гишүүдийн  дийлэнх олонхын саналыг үндэслэн гаргана.

11.4. Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал нь холбогдох хууль, дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд  зээл авах, үнэт цаас гаргах, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалттай холбоотой шийдвэр болон бусад шийдвэр гаргахад энэ дүрмийн 11.3-т  заасан дүгнэлтийг үндэслэнэ.

Арван хоёр. Банкны ажилтан

12.1. Гүйцэтгэх захирал хөдөлмөрийн харилцаатай холбоотой банкны дотоод журмыг хууль тогтоомж болон энэ дүрэмд нийцүүлэн батлуулж мөрдүүлнэ.

12.2. Гүйцэтгэх захирал баталсан бүтэц, төсвийн хүрээнд ажилтан, албан хаагчидтай холбогдох гэрээг байгуулан ажиллуулна.
12.3. Банкны ажилтнууд дараахь шаардлагыг хангаж ажиллана:

       12.3.1. Аливаа байгууллага, аж ахуйн нэгжийн ашиг сонирхлыг төлөөлөхгүй байх;

       12.3.2. Албан үүрэгтээ үнэнч шударга хандаж, банкны үйл ажиллагаа, дүрэм, журамд харш байдлаар өөртөө, гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон нэгдмэл сонирхолтой этгээдэд давуу байдал олгохгүй байх;

       12.3.3. Харилцагчийн данс, зээл, төлбөр тооцоо, бизнесийн ажиллагаатай холбоотой албан материал, тоон үзүүлэлт, дотоод дүрэм, журам, заавар нөхцөлүүдийг хууль тогтоомж, дотоод заавар, журамд зааснаас бусад тохиолдолд бусдад танилцуулах, ашиглуулах, нууцлалыг алдагдуулах, хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх;

       12.3.4. Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захирлаас тогтоосон бусад.

Арван гурав. Хяналт, шалгалт

13.1. Банкны үйл ажиллагаанд хийх хяналт, шалгалтыг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 25.2, 25.3-т заасны дагуу хэрэгжүүлнэ.

13.2. Засгийн газраас хэрэгжүүлэх хяналт, шалгалтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газраас баталсан Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх журмын дагуу хийж гүйцэтгэнэ.

Арван дөрөв. Дотоод аудит

14.1. Төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 26.2-т заасан чиг үүрэг бүхий Дотоод аудитын албатай байна. 

14.2. Энэ дүрмийн 14.1-д заасан Дотоод аудитын алба нь холбогдох хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх банкны бодлого, тухайн жилийн бизнес төлөвлөгөө, төсөв, банкны үйл ажиллагаанд мөрдөх журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан, банкны актив хөрөнгийг хамгаалах, үр ашгийг дээшлүүлэх асуудал бүрд мэргэжлийн санал дүгнэлтийг гаргаж, төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлж, тайлагнах зарчмаар ажиллана.

Арван тав. Хянан шалгагч

15.1. Банкны эх үүсвэрийг ашиглаж байгаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгагчийг төлөөлөн удирдах зөвлөл томилж, чөлөөлнө.

15.2. Хянан шалгагчийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна.

15.3. Хянан шалгагч нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн      27.2-т зааснаас гадна дараахь эрхтэй байна:
       15.3.1. хяналт, шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Банкны бусад нэгжийн албан тушаалтныг татан оролцуулах, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;

       15.3.2. хуульд өөрөөр заагаагүй бол хяналт, шалгалт хийх зорилгоор банкны эх үүсвэрийг ашиглаж байгаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчийн объектод саадгүй нэвтрэх.

15.4. Хянан шалгагч дараахь үүрэгтэй байна:

       15.4.1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх;

       15.4.2. хяналт, шалгалт хийхдээ аливаа байгууллага, албан тушаалтан, иргэний ашиг сонирхол, нөлөөнд автахгүй, хараат бусаар хэрэгжүүлэх;

       15.4.3. хяналт, шалгалтын тайлан мэдээ, санал, дүгнэлтийг үнэн зөв, бодитой гаргах.

15.5. Хянан шалгагч нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд түүнд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

Арван зургадугаар зүйл. Банкны санхүү, тайлан

16.1. Банк нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна. Гүйцэтгэх захирал компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.

16.2. Гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчид дараахь тайлан мэдээллийг гаргаж хүргүүлэх үүрэгтэй:

       16.2.1. Жилийн орлогын болон хөрөнгийн төсвийг санхүүгийн жил эхлэхээс өмнө бэлтгэж, хувьцаа эзэмшигчдэд илгээх;

       16.2.2. Хувьцаа эзэмшигчид болон тэдгээрийн эрх олгосон төлөөлөгчдөд Банкны тайлан тооцоонд, нягтлан бодох бүртгэлд хяналт, шалгалт хийх, өөрийн зардлаар хувилах, баримт авах боломж олгох;

       16.2.3. Хувьцаа эзэмшигчдийг шаардсан тухай бүрт нь Банкны менежментийн болон санхүүгийн мэдээллээр хангах;

       16.2.4. Банкны улирал тутмын, жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан болон хувьцаа эзэмшигчээс шаардсан мэдээллийг, хүссэн хэлбэрээр (файлаар, хэвлэмлээр, факсаар, мэйлээр гэх мэт) гаргаж хүргүүлэх;

       16.2.5. Тайлангийн хугацаанд Банкны эрхлэн явуулсан үндсэн үйл ажиллагааны үр дүн болон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн талаарх танилцуулга;

       16.2.6. тайлангийн хугацаанд эрх бүхий албан тушаалтанд олгосон шагнал урамшуулал, удирдлагын зардлын хэмжээ.


Арван долдугаар зүйл. Бусад

17.1. Энэ дүрэм нь Банкны үндсэн баримт бичиг байна.

17.2. Энэ дүрмээр зохицуулаагүй бусад харилцааг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

 

 

---о0о---