- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СОЁЛ, УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Засгийн газрын 2020 оны 120 дугаар
тогтоолын хавсралт
СОЁЛ, УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ
ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан “Соёл, урлагийг дэмжих сан” (цаашид “сан” гэх)-гийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. Сан нь үйл ажиллагаандаа Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль тогтоомж болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.
Хоёр. Сангийн удирдлага, зохион байгуулалт
2.1. Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 13.3-т заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
2.2. Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг хэлэлцэн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг (цаашид “Ажлын хэсэг” гэх)-ийг байгуулна.
2.3. Ажлын хэсэг нь соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.
2.4. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын соёл, урлагийн бодлогын зохицуулалтын нэгж сангийн үйл ажиллагааг дараахь чиг үүргийн дагуу хэрэгжүүлнэ:
2.4.1. тухайн жилд шалгаруулах төсөл, арга хэмжээний төрөл, сэдэв, хувь хэмжээг тодорхойлох;
2.4.2. төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зарлах, саналыг хүлээн авах;
2.4.3. Ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 13.3-т нийцсэн арга хэмжээний саналыг танилцуулах;
2.4.4. энэ журмын 3.7-д заасан шийдвэрийн дагуу төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулан ажиллах, гүйцэтгэлийг хангуулах;
2.4.5. соёл, урлагийн арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж, үр дүнг тооцох, эдгээртэй холбогдсон мэдээ, тайлан гаргах;
2.4.6. шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын хөндлөнгийн дүгнэлт гаргуулах;
2.4.7. сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүжилт авсан төсөл, арга хэмжээний мэдээллийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.2-т заасны дагуу олон нийтэд мэдээлэх, тогтмол шинэчлэх.
Гурав. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл,
арга хэмжээг сонгон шалгаруулах
3.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний санал хүлээн авах хугацаанаас нэг сараас багагүй хугацааны өмнө жил бүрийн I улиралд багтаан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахимаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ. Төслийг хүлээн авахаар зарлагдсанаас бусад хугацаанд төсөл хүлээн авахгүй.
3.2. Сонгон шалгаруулалтад оролцох иргэн, хуулийн этгээдийн төсөл, арга хэмжээний санал нь дараахь мэдээллийг агуулсан байна:
3.2.1. төрөөс соёлын талаар баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх;
3.2.2. төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цар хүрээ, ач холбогдол, урьдчилсан үр дүнгийн төсөөллийг гаргасан байх;
3.2.3. төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх туршлагатай байх;
3.2.4. төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын болон санхүүгийн төлөвлөгөө, тооцоолол хийсэн байх;
3.2.5. өмнө нь сангаас санхүүжилт авч байсан бол гэрээний биелэлт, үр дүнгийн талаарх тайланг хавсаргасан байх.
3.3. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын соёл, урлагийн бодлогын зохицуулалтын нэгж нь энэ журмын 3.1-д заасан хугацаанаас хойш ажлын 10 хоногийн дотор энэ журмын 2.2-т заасан ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, төсөл, арга хэмжээг хэлэлцүүлнэ.
3.4. Ажлын хэсгийн хурлыг гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хүчинтэйд тооцох бөгөөд санал, дүгнэлтийг хуралд оролцож байгаа гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
3.5. Ажлын хэсгийн хурлаас гаргах дүгнэлт нь тэмдэглэл хэлбэртэй байна. Тэмдэглэлд ажлын хэсгийн дарга, хуралд оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
3.6. Ажлын хэсэг нь сангаас санхүүжүүжилт авахаар ирүүлсэн төсөл, арга хэмжээнээс сонгон шалгаруулалт хийж, гаргасан дүгнэлтээ соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.
3.7. Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 3.6-д заасан дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.1-д нийцүүлэн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх шийдвэр гаргана.
3.8. Энэ журмын 3.7-д заасан шийдвэрийн дагуу төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч иргэн, байгууллагатай байгуулах гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:
3.8.1. төсөл, арга хэмжээний үр дүн, гүйцэтгэлийн тайлан ирүүлэх хугацаа;
3.8.2. санхүүжилтийг олгох хуваарь;
3.8.3. санхүүгийн тайлан ирүүлэх хугацаа.
3.9. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, шалгарсан төсөл, арга хэмжээний үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах зардлыг сангаас санхүүжүүлнэ.
3.10. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Дөрөв. Сангийн хөрөнгийн зарцуулалтад
хяналт тавих
4.1. Сангийн хөрөнгийн зарцуулалтад соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана.
4.2. Сангийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй нь тогтоогдож гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй, зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгийг эргэн төлүүлэх арга хэмжээ авна.
4.3. Санхүүжилтийг буцаан шилжүүлэх арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгж хэрэгжүүлнэ.
4.4. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
4.5. Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд гүйцэтгэсэн ажлын үр дүн, төсвийн зарцуулалтын нэгдсэн тайланг энэ журмын 2.4-т заасан байгууллагад гэрээнд заасан хугацаанд танилцуулна.
4.6. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гарган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Тав. Бусад
5.1. Сангийн хөрөнгөнөөс аливаа татаас, урамшуулал, тусламж олгохыг хориглоно.
5.2. Сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглан зарцуулахыг хориглоно.
5.3. Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, сонгон шалгаруулах, хяналт тавих журам зөрчсөн холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A