A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ НИЙТЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАТВАР ТӨЛӨГЧ ХҮЧ ХЭРЭГЛЭЖ, ЭСХҮЛ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ЭСЭРГҮҮЦЭЛ ҮЗҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2020 оны 56, А/48 тоот

хамтарсан тушаалын хавсралт

 

ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ НИЙТЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАТВАР ТӨЛӨГЧ ХҮЧ ХЭРЭГЛЭЖ, ЭСХҮЛ

ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ЭСЭРГҮҮЦЭЛ ҮЗҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

           

Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1.Энэ журмын зорилго нь татварын улсын байцаагчийн хэрэгжүүлэх нийтлэг үйл ажиллагаанд татвар төлөгч хүч хэрэглэж, эсхүл зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд татварын алба цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах харилцааг зохицуулахад  оршино.

 1.2.Татварын улсын байцаагчаас хэрэгжүүлэх нийтлэг ажиллагаанд туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах үйл ажиллагаанд Татварын ерөнхий хуулийн 19.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 15.1.7 дахь заалт болон энэхүү журмыг баримтална.

 1.3.Татвар төлөгч эсэргүүцэл үзүүлсэн гэдгийг Татварын ерөнхий хуулийн 6.1.46-д заасан үйлдлийг ойлгоно.

 

Хоёр. Дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа

            2.1.Татварын улсын байцаагч татварын ногдлыг тодорхойлох болон татварын өр хураах зорилгоор татвар төлөгчийн байр агуулахад нэвтрэн орж, мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах, үзлэг хийх, тооллого явуулах, ажлын зураг авалт хийх зэрэг нийтлэг үйл ажиллагаанд татвар төлөгч хүч хэрэглэж, эсхүл зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүлнэ.  

 

Гурав. Урьдчилж мэдэгдэх

 3.1.Татварын улсын байцаагчийн хэрэгжүүлэх нийтлэг үйл ажиллагаанд татвар төлөгч хүч хэрэглэж, эсхүл зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн бол тухайн татварын албаны дарга энэ журмын 2.1-д заасан дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг уг үйл ажиллагааг дахин, эсхүл үргэлжлүүлэн хэрэгжүүлж эхлэхээс ажлын тав хоногийн өмнө нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад дэлгэрэнгүй мэдээллийн хамт урьдчилан хүргүүлнэ.

 3.2.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь энэ журмын 3.1-д заасан хүсэлтийг үндэслэн албан хаагчийг томилон ажиллуулна. 

 3.3.Цагдаагийн байгууллага энэ журмын 3.1-д заасан хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзвэл татварын улсын байцаагчаас хэрэгжүүлэх нийтлэг ажиллагаа эхлэхээс 24 цагийн өмнө хүсэлт гаргасан татварын албанд бичгээр мэдэгдэнэ.

  

Дөрөв. Нэн даруй дэмжлэг үзүүлэх

             4.1.Татварын улсын байцаагч нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх явцад татвар төлөгч хүч хэрэглэж, эсхүл зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ. 

4.2.Энэ журмын 4.1-д заасан мэдээллийг хүлээн авсан даруйд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага тухайн ажиллагаа явагдаж буй газарт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх, эмх замбараагүй байдал бий болохоос урьдчилан сэргийлж, хэв журам сахиулах арга хэмжээг холбогдох хуульд заасны дагуу авна.

 4.3.Цагдаагийн байгууллага болон татварын алба энэ журмыг баримтлан ажиллаж, үүссэн асуудлыг тухай бүр хуульд заасан чиг үүргийн хүрээнд шийдвэрлэнэ. 

 

 

---оОо---