A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 97 дугаар
    тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмээр цахилгаан эрчим хүч хэрэглэхтэй холбогдуулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид “үйлдвэрлэгч”, “дамжуулагч”, “түгээгч”, “хангагч” гэх) болон хэрэглэгч иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулна.

1.2. Энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа   үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, дэд станц, шугам тоноглолыг өмчлөгч, эзэмшигч, хэрэглэгч иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

1.3. Цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор дамжуулах, түгээх сүлжээнд шинээр холболт хийх, цахилгаан ачааллыг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох бүрт иргэн, хуулийн этгээд техникийн нөхцөл авна.

1.4. Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл хүссэн хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд 1 мегавольт-ампер (цаашид “МВА” гэх) болон түүнээс дээш цахилгаан ачаалалтай эсхүл цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөлийн хүсэлтийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 1 МВА-аас бага цахилгаан ачаалалтай тохиолдолд техникийн нөхцөлийн хүсэлтийг түгээгч, хангагч эсхүл дамжуулагч тус тус шийдвэрлэнэ. 

Хоёр. Иргэн, хуулийн этгээдэд цахилгаан сүлжээнд
холбох техникийн нөхцөл олгох

2.1. Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл хүссэн хүсэлтээ дараахь баримт бичгийн хамт ирүүлнэ. Үүнд:

       2.1.1. хүсэлт гаргасан этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

       2.1.2. газрын эрхийн гэрчилгээний болон кадастрын зургийн хуулбар;

       2.1.3. техникийн нөхцөл олгох барилга байгууламжийн архитектурын төлөвлөлтийн даалгавар, загвар зураг;

       2.1.4. шаардлагатай ачааллын тооцоо (хүчин чадлыг МВА-аар илэрхийлэх);

       2.1.5. хувийн өмчийн цахилгаан шугам сүлжээнээс холболт хийх тохиолдолд тухайн шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл.

2.2. Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох тохиолдолд энэ дүрмийн 2.1-д заасан баримт бичгээс гадна эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн шийдвэр, Диспетчерийн үндэсний төвийн тухайн жилийн горимын тооцоог тус тус хавсаргана.

2.3. Дараахь тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн техникийн нөхцөл хүссэн хүсэлтийг ажлын хэсгээр хэлэлцүүлэхгүйгээр 2 хоногийн дотор буцаана:

        2.3.1. газрын маргаантай, газрын эрхийн гэрчилгээ, баталгаажсан кадастрын зураг, хүсэлт, бусад баримт бичгийн эзэмшигчийн нэр зөрүүтэй;

        2.3.2. шаардсан бичиг баримтын бүрдэл дутуу.

2.4. Иргэн, хуулийн этгээдийн техникийн нөхцөл хүссэн хүсэлтийг энэ дүрмийн 1.4-т заасан байгууллагын ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.

2.5. Ажлын хэсгийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр, түгээгч, хангагч, дамжуулагчид гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр тус тус байгуулж, ажиллах журмыг батална.

2.6. Ажлын хэсэг техникийн нөхцөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ дараахь саналыг үндэслэнэ:

        2.6.1. тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дамжуулах, түгээх сүлжээний техникийн боломжийн талаарх хангагч байгууллагуудын санал;

        2.6.2. 5 МВА болон түүнээс дээш цахилгаан ачаалалтай тохиолдолд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох талаарх Диспетчерийн үндэсний төвийн тухайн жилийн горимын тооцоо, хангагч байгууллагуудын санал;
 
        2.6.3. цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох тохиолдолд эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн шийдвэр, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл, Диспетчерийн үндэсний төвийн тухайн жилийн горимын тооцоо, хангагч байгууллагуудын санал.

2.7. Ажлын хэсэг техникийн нөхцөл олгохдоо цахилгаан техникийн байгууламжийн угсралтын дүрэм, цахилгаан техникийн байгууламжийн угсралтын аюулгүй ажиллагааны дүрэм болон дараахь шаардлагыг баримтална:

        2.7.1. нийтийн зориулалттай орон сууцны байшингийн зоорийн эсхүл нэгдүгээр давхарт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй тохиолдолд орон сууцны тэжээлийн кабель хэт ачаалагдахгүй байх нөхцөлийг хангаж байвал          10.0 киловольт-ампер (цаашид “кВА” гэх) хүртэл суурилагдсан хүчин чадалтай           3 фазын цахилгаан тоног төхөөрөмжийг тухайн орон сууцны ерөнхий щитнээс, хэрэв суурилагдсан хүчин чадал нь 10.0 кВА-аас дээш эсхүл 10.0 кВА-аас бага боловч тэжээлийн кабель хэт ачаалагдахаар байвал ойролцоох дэд станцаас шугам татаж тус тус холбоно;
        2.7.2. 0.4-35 киловольт (цаашид “кВ” гэх)-ын сүлжээнээс холбоход тухайн шугамын нэвтрүүлэх чадвар, дэд станцын трансформатор, тоноглолын хүчин чадал хүрэлцэхгүй эсхүл шугамын трасс, дэд станцын хийцийг өөрчлөх тохиолдолд гарах зардал (үнийн зөрүү, холбогдох үйлчилгээний төлбөр)-ыг тухайн иргэн, хуулийн этгээд хариуцах бөгөөд тухайн тоног төхөөрөмж нь түгээгчийн өмчлөлд хэвээр үлдэнэ. (Энэ заалт нь хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний дагуу байрласан гэр хорооллын газар эзэмших эрх бүхий иргэдэд хамаарахгүй);

       2.7.3. шугамын дундаас холбогдох тохиолдолд тухайн шугамын трассыг өөрчилж, өөрийн дэд станцаар оруулж гарган тэжээгдэхээр бол тухайн шугамыг түгээгчийн өмчлөлд шууд шилжүүлэх, харин дэд станцын ашиглалт, засварын зардлыг тухайн иргэн, хуулийн этгээд хариуцах ба хэрэв тухайн ашиглалт, засварын зардлыг иргэн, хуулийн этгээд хариуцахгүй хангагч хариуцах тохиолдолд шинээр баригдсан шугам, дэд станцыг үнэ төлбөргүй хангагч байгууллагад шилжүүлнэ;

       2.7.4. шинээр дэд станц, шугам тоноглол холбуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь дамжуулагч, түгээгч, хангагчийн өмчлөлд байгаа шугам, дэд станцыг өргөтгөсөн бол тухайн дэд станц, шугам тоноглолын өмчлөл хэвээр үлдэнэ;

        2.7.5. суурилагдсан нийлбэр хүчин чадал нь 40.0 кВА-аас дээш байх иргэн, хуулийн этгээд өөрийн трансформаторын дэд станц барьж байгуулж болно. Хэрэв тухайн нутаг дэвсгэрийг цахилгаанаар хангаж байгаа 6 (10) кВ-ын хүчдэлийн гол шугам, 35, 110 кВ-ын хүчдэлийн трансформаторын хүчин чадал нь хүрэлцэхгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн хэтийн төлөвтэй уялдуулан шийдвэрлэнэ;

        2.7.6. гэр хорооллын айл өрхийн 10.0 кВА хүртэл суурилагдсан нийлбэр хүчин чадалтай 0.22 кВ, 0.4 кВ-ын хүчдэлийн 3 фазын цахилгаан тоног төхөөрөмжийг холбох асуудлыг түгээгч хариуцна.

2.8. Техникийн нөхцөл хүссэн хүсэлтийг хүлээн авснаас хойш эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түгээгч, хангагч, дамжуулагч 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, хариуг хүргүүлнэ. Хүсэлт гаргагч нь өөрийн хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар цахим системээр мэдээлэл авч болно.

2.9. Техникийн нөхцөлийг гүйцэтгэх ажлын хэмжээнээс хамааруулж 2 жил хүртэл хугацаагаар олгоно. Хугацааг нэг удаа 1 жилээр сунгаж болно.

2.10. Иргэн, хуулийн этгээдэд олгох техникийн нөхцөлд дараахь зүйлийг тусгана. Үүнд:

       2.10.1. техникийн нөхцөл хүссэн иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг;

       2.10.2. техникийн нөхцөл хүссэн байршил;

       2.10.3. ажил, үйлчилгээний зориулалт;

        2.10.4. олгосон буюу суурилагдсан хүчин чадал;

        2.10.5. тоолуур, хэмжих хэрэгсэлд тавигдах шаардлага;

        2.10.6. гүйдлийн трансформаторт тавигдах шаардлага;
        2.10.7. холбогдох цэг (дамжуулах, түгээх сүлжээний шугам, дэд станцын нэр, өргөтгөл хийх хэсгийн хүчдэлийн түвшин, шугамын төрөл, дэд станцын хүчин чадал);

        2.10.8. шинээр холболт хийх, ачаалал нь нэмэгдсэнтэй холбогдуулан дамжуулах, түгээх сүлжээний шугам, дэд станцыг өргөтгөх шаардлага;

        2.10.9. реле хамгаалалт, автоматикийн байгууламжид тавих шаардлага;

        2.10.10. реактив чадлын зохицуулалт;

       2.10.11. цахилгаан эрчим хүчний чанарыг хянах хэрэгсэл, чанарын үзүүлэлтийг тогтворжуулах төхөөрөмжийн хэрэгцээ;

       2.10.12. техникийн нөхцөлийн тусгай заалт хэсэгт нэмэлт шаардлага (ижил маягийн цахилгаан тоног төхөөрөмж, тоноглол суурилуулах, цаашид ухаалаг сүлжээ үүсгэх боломж зэрэг)-ыг тусгах;

       2.10.13. цахилгаан тоног төхөөрөмжийн нэг маягийн зураг төсөл хэрэглэх зөвлөмж;

       2.10.14. хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжид тавих тусгай шаардлага (гэнэтийн гэмтэл саатал, аваарын үед ашиглах бэлтгэл тэжээлийн схем, хэрэглэх цахилгааны бие даасан үүсгүүр (цахилгаан эрчим хүчний суурин (хангагчийн) үүсгүүрээс хамааралгүйгээр хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр тэжээх боломжтой үүсгүүр) гэх мэт);

        2.10.15. хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны байдал;

        2.10.16. сүлжээ төлөвлөлт, горимын онцгой ач холбогдол бүхий нийтийн сүлжээ, магистрал шугам үүсгэхээр хэсэгт иргэн, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр дэд станц, шугам тоноглол барих шаардлага гарч, техникийн нөхцөл олгох тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн дэд станц, шугам, тоноглолыг шилжүүлэх талаар техникийн нөхцөлд тодорхой заах;

        2.10.17. техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаа;

        2.10.18. дагаж мөрдөх хууль, дүрэм, журам.

2.11. Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн өмчлөл, эзэмшлийн цахилгаан сүлжээнд 1 МВА хүртэл хүчин чадалтай техникийн нөхцөл олгох тохиолдолд дамжуулагчаас холбогдох саналыг авсан байна. 

2.12. Техникийн нөхцөлийн шаардлагыг иргэн, хуулийн этгээд, зураг төслийн байгууллага, гүйцэтгэгч болон холбогдох бусад байгууллага биелүүлэх үүрэгтэй.

2.13. Захиалагч иргэн, хуулийн этгээд нь барилга угсралтын ажил эхлэхээс өмнө зураг төслөө зураг төслийн байгууллагатай хамтран олгосон техникийн нөхцөлийн дагуу холбогдох байгууллагаар хянуулж, эрх бүхий байгууллагаар магадлал хийлгэж баталгаажуулсан байна.

2.14. Хангагч, түгээгч, дамжуулагч нь зураг төслийг техникийн нөхцөл, зураг төслийн шийдэл, холбогдох норм, дүрмийн шаардлагыг хангасан байдлыг ажлын 10 хоногийн дотор хянаж, сүлжээнд холбогдох боломжтой эсэхийг мэдэгдэнэ. Нэмэлт шалгалт хийх шаардлагатай бол хянах хугацааг 14 хоног хүртэл хугацаагаар сунгаж болно.

2.15. Дараахь тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгохоос татгалзана. Үүнд:

        2.15.1. эх үүсвэр, холбогдох цэгийн хүчин чадал хүрэлцэхгүй;

        2.15.2. шинээр барих, зөөх дэд станц, шугамын трасс нь тухайн орон нутгийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдахгүй, тухайн орчинд нийтийн зориулалт бүхий цахилгаан сүлжээ үүсгэх боломжийг хаасан эсвэл хаах тохиолдолд;

        2.15.3. тухайн нэгдсэн сүлжээний чадал нэвтрүүлэх болон шингээх чадвар хүрэлцэхгүй, горим ажиллагааны хувьд ажиллах боломжгүй бол;

        2.15.4. цахилгаан эрчим хүчний найдваржилтийн I зэрэглэлийн хэрэглэгчийн эрчим хүчний тасралтгүй ажиллагааг хангахад хүндрэл учруулж болзошгүй тохиолдолд;

        2.15.5. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан болон Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу цахилгаан, дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурвасын зөрчилтэй бол.

2.16. Техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаанд холболт хийгдээгүй тохиолдолд хугацаа дуусахаас 2 сарын өмнө сунгуулах хүсэлтээ энэ дүрмийн     2.13-т заасан баталгаажуулсан зураг төслийн хамт техникийн нөхцөл олгосон байгууллагад ирүүлнэ.

2.17. Дараахь тохиолдолд олгосон техникийн нөхцөлийг хүчингүйд тооцно. Үүнд:

        2.17.1. хүчинтэй хугацаа дууссан;

        2.17.2. техникийн нөхцөл авахдаа шаардлагатай өгөгдлүүдийг буруу тодорхойлсон, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн;

        2.17.3. холбогдох цэгийн хүчин чадлаас хэтрүүлсэн;

        2.17.4. дамжуулагчаас санал аваагүй, өөрийн эзэмшлийн түгээх сүлжээнд иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгохдоо дамжуулах сүлжээнд холбогдох техникийн нөхцөлд заагдсан хүчин чадлаас хэтрүүлсэн.

2.18. Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл шинээр авах, сунгуулах, цахилгаан сүлжээнд холбуулахад эрх бүхий этгээдээс тогтоосон үйлчилгээний төлбөр (хураамж) төлнө.

2.19. Техникийн нөхцөлийг үндэслэл муутай олгосноос учирсан хохирлыг энэ дүрмийн 1.4-т заасан уг техникийн нөхцөлийг олгосон этгээд хариуцна.

Гурав. Иргэн, хуулийн этгээдийн шинээр барьсан цахилгаан
           тоног төхөөрөмжийг сүлжээнд холбох

3.1. Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар гүйцэтгэгчийн шинээр барьсан буюу шинэчилж өөрчилсөн цахилгаан тоног төхөөрөмж нь цахилгаан техникийн байгууламжийн угсралтын дүрэм, цахилгаан техникийн байгууламжийн угсралтын аюулгүй ажиллагааны дүрэм болон барилгын норм, дүрэм, өгөгдсөн техникийн нөхцөлийн шаардлагыг бүрэн хангасан байвал зохино.

3.2. Захиалагч нь холболт хийхийн өмнө эрчим хүчний тоног төхөөрөмж, шугам сүлжээг тус цахилгаан тоног төхөөрөмжийн гүйцэтгэгчтэй хамтран шинэ цахилгаан тоног төхөөрөмжид холбогдох дүрмийн дагуу туршилт, сорилт хийж, акт, протокол үйлдэнэ.

3.3. Захиалагч, хангагч, дамжуулагч буюу түгээгчийн төлөөлөл бүхий    комисс нь шинээр барьсан буюу шинэчилж өөрчилсөн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг энэ дүрмийн 3.2-т заасан акт, протоколын дагуу газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргах бөгөөд хангагч нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг хийсний дараа цахилгаан тоног төхөөрөмжийг хүчдэлд залгах зөвшөөрлийг хэрэглэгчид олгоно.

3.4. Энэ дүрмийн 3.3-т заасан зөвшөөрлийг үндэслэж, дамжуулагч буюу түгээгч нь хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийг сүлжээнд холбож хүчдэлд залгана. 35 кВ-аас дээш хүчдэлтэй шугам, дэд станцыг залгах тохиолдолд нэгдсэн сүлжээний дүрэмд заасны дагуу сүлжээнд холбож хүчдэлд залгана.

3.5. Энэ дүрмийн 2.10, 3.1-т заасны дагуу хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажил дутуу хийгдсэн эсхүл энэ дүрмийн 2.12, 2.13, 4.1, 4.2-т заасан шаардлага хангагдаагүй байвал сүлжээнд холбохгүй.

Дөрөв. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ

4.1. Хангагч нь иргэн, хуулийн этгээдтэй Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ (цаашид “гэрээ” гэх) байгуулснаар иргэн, хуулийн этгээд нь цахилгаан эрчим хүч хэрэглэх эрхээр хангагдана.

4.2. Иргэнтэй байгуулах гэрээнд (зөвхөн ахуйн хэрэгцээнд цахилгаан эрчим хүч хэрэглэх тохиолдолд) Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн              28.2-т заасан асуудлыг тусгана.

4.3. Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдтэй байгуулах гэрээнд энэ дүрмийн 4.2-т зааснаас гадна дараахь асуудлыг тусгана:

       4.3.1. хэрэглэгчийн зэрэглэл, зэрэглэлийг хангах техникийн боломж (бэлтгэл тэжээл, бэлтгэл тэжээлийг автоматаар залгагч, цахилгааны бие даасан үүсгүүр);

       4.3.2. цахилгаан сүлжээнд хэрэглэгчийн холбогдсон хүчин чадал (цахилгаан шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн нийт трансформатор болон 1000 вольт (цаашид “В” гэх)-оос дээш хүчдэлийн цахилгаан хөдөлгүүрийн нийлбэр чадлыг буюу 1000 В хүртэл хүчдэлийн сүлжээнээс авах зөвшөөрөгдсөн чадал), хэрэглэх эрчим хүчний хэмжээ;

       4.3.3. цахилгааны төлөвлөгөөт таслалт, гэмтэл зөрчил, төлбөр тооцооны тухай мэдээллийг хүлээн авах хангагч, хэрэглэгчийн хаяг, утасны дугаар;

       4.3.4. төлбөр тооцооны хэлбэр.

4.4. Энэ дүрмийн 4.3-т заасан нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд   хэрэглэгч нь 3 хоногийн дотор зохих өөрчлөлтийг тусгаж, хангагчаар хянуулсан байх шаардлагатай.

4.5. Хангагчаас шаардлагатай гэж үзвэл хуулийн этгээдтэй байгуулах гэрээнд дараахь зүйлийг нэмж тусгана:

       4.5.1. захиалсан дээд чадал (техникийн нөхцөлийн дагуу олгосон чадлын дээд хэмжээ);

       4.5.2. энэ дүрмийн 8.1-д заасны дагуу реактив чадлыг зохицуулах тариф;

       4.5.3. цахилгаан тоног төхөөрөмжид шуурхай ажиллагааны үйлчилгээ үзүүлэх эрх бүхий ажилтан (түгээгч ба хэрэглэгч)-тай харилцах журам.

4.6. Хэрэглэгч нь дараахь баримт бичгийг хангагчаар хянуулж, гэрээнд хавсаргасан байна:

       4.6.1. цахилгаан шугам сүлжээний эзэмшлийн зааг (үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч болон хэрэглэгчийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өмчлөл, эзэмшлийн харьяаллаар нь хуваан зааглаж байгаа цэг);

       4.6.2. хэрэглэгчийн эзэмшлийн цахилгаан шугам сүлжээний бүдүүвч, техникийн өгөгдөл;

       4.6.3. хангагчтай зөвшилцсөн ажиллагааны горим, хамгаалалтын болон автоматикийн хэрэгслийн тавил;

       4.6.4. тооцооны хэмжих хэрэгсэл (төлбөрийг тооцох зорилгоор хэрэглээг тооцох цэг дээр байрлуулсан цахилгааны тоолуур, чадлын хэмжүүр, тэдгээрт холбогдсон хэмжүүрийн трансформатор болон холболтын хэрэгсэл)-ийн байршил, өгөгдөл;

       4.6.5. эзэмшлийн заагаас хэрэглээг тооцох цэг (хэрэглэгчид түгээсэн цахилгаан эрчим хүчний хэмжээг тодорхойлох зорилгоор цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд тооцооны хэмжих хэрэгслийг холбосон цэг) хүртэлх шугамын алдагдлыг тодорхойлох томьёо (гаргалгааны хамт);

       4.6.6. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-д заасны дагуу хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжөөр дамжуулан бусад хэрэглэгчид цахилгаан эрчим хүч дамжуулсан үйлчилгээний төлбөрийн хэмжээ. Үйлчилгээний төлбөрийг тогтоохдоо тухайн хэрэглэгчийн ашиглах цахилгаан тоног төхөөрөмжийн элэгдэл, хорогдлын шимтгэлийн хэмжээг баримтална.

4.7. Цахилгаан тоног төхөөрөмжийн байршил, нэр, дугаар, гүйдэл, хүчдэлийн трансформатор, тооцооны тоолуур, зааг, байршил зэргийг тодотгож, гүйцэтгэлийн зургийг хийж, шугам сүлжээний эзэмшлийн заагийг дараахь байдлаар тогтооно:
       4.7.1. агаарын болон кабель шугамын эхний, эцсийн холболтоор;

       4.7.2. трансформаторын дэд станц дэх самбарын шинийн холболтоор;

       4.7.3. трансформаторын гаргалгаан дээрх холболтоор;

       4.7.4. хуваарилах самбарын салгуурын үл хөдлөх хэсгийн холболтоор;

       4.7.5. ил хуваарилах байгууламжийн хөндлөвч дээрх холболтоор.

4.8. Шугам сүлжээний эзэмшлийн заагийн холболтын бүрэн бүтэн байдлыг дор дурдсаны дагуу хариуцна:    

       4.8.1. эзэмшлийн зааг нь агаарын шугам, ил хуваарилах байгууламжийн хөндлөвч дээр байвал уг хөндлөвч, гол агаарын шугамыг эзэмшигч;

       4.8.2. эзэмшлийн зааг нь дэд станц, хуваарилах самбарын дотор байвал уг дэд станц, самбарыг эзэмшигч;

       4.8.3. дундын өмчлөлийн орон сууцны ерөнхий щитний тэжээлийн оролтын кабелийн холболтыг түгээгч.

4.9. Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу хэрэглэгчид мэдэгдсэний дараа хангагч, хэрэглэгч гэрээндээ өөрчлөлт оруулна. Гэрээнд өөрчлөлт оруулаагүй нь өөрчлөгдсөн тарифыг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

4.10. Өмчлөгчтэй байгуулсан батлан даалтын гэрээг үндэслэж хангагч нь түүний байранд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, хашаа, орон   сууцанд нь түр оршин суугч иргэнтэй гэрээ байгуулж болно. Хэрэв ийнхүү батлан даалтын гэрээ байгуулаагүй бол цахилгаан эрчим хүчний хангамжийн өмчлөгчтэй байгуулсан гэрээгээр зохицуулна.

4.11. Хангагч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах эрхгүй.

Тав. Хэрэглэгчийн эрх, үүрэг

5.1. Хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах зорилгоор Эрчим хүчний тухай хуулийн       30 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх хүрээнд дараахь эрх, үүрэгтэй байна. Үүнд:

       5.1.1. өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжлийн зэрэгтэй ажилтныг томилох;

       5.1.2. хангагчаас шалтгаалж цахилгаан эрчим хүч тасалдсан, чанарын стандартын шаардлага хангаагүй цахилгаан эрчим хүчээр хангасан тохиолдолд энэ талаар хангагчид тухай бүр шуурхай мэдэгдэх, хохирлоо барагдуулахыг шаардах;

       5.1.3. өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмж, хамгаалах багаж хэрэгсэлд ашиглалтын үеийн үзлэг үйлчилгээ, засвар, урьдчилан сэргийлэх ээлжит туршилтыг зохих норм, дүрмийн дагуу тогтоосон хугацаанд мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэх;

       5.1.4. хангагчаас зөвшөөрсөн хэрэглэгчийн сүлжээний горим болон реле хамгаалалт, автоматикийн тавил, хугацааг мөрдөх;

       5.1.5. цахилгаан тоног төхөөрөмжийн байрыг аваар ослоос урьдчилан сэргийлэх, гал түймэр эсэргүүцэх хэрэгслээр хангах;

       5.1.6. цахилгаан тоног төхөөрөмж хариуцсан ажилтныг хамгаалах багаж хэрэгсэл, угсралт, ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, гарын авлагаар хангаж, холбогдох сургалтад хамруулсан байх;

       5.1.7. цахилгаан станц, шугам сүлжээнд аваар гарсан тохиолдолд тухайн хэрэглэгчийн цахилгаан ачааллыг бууруулах талаар дамжуулагч, түгээгч, хангагчийн шийдвэрийг биелүүлэх;

       5.1.8. хяналтын болон хангагч байгууллагын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлэх;

       5.1.9. хангагчийн шаардлагаар ачааллын хэмжилт хийж, дүнг мэдээлэх (ахуйн хэрэглэгчид хамаарахгүй);

       5.1.10. хуулийн этгээд нь жил бүрийн 7 дугаар сарын 20-ны дотор дараа жилийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний захиалгыг хангагчид гаргаж өгөх;

       5.1.11. иргэн өөрийн сууц, гараж, хашаа, туслах аж ахуйн болон зуслангийн байшингийн цахилгаан шугам, дотоод холболт, цахилгаан хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагыг бүрэн хариуцах;

       5.1.12. хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн зохицуулалттай хангалтын төлбөрийн тарифаас хангагчтай тооцоо хийх тарифыг сонгох;

       5.1.13. дараахь нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ тухай дамжуулагч, түгээгч, хангагчид шуурхай мэдээлэх:

            5.1.13.1. тооцооны хэмжих хэрэгсэлд эвдрэл, гэмтэл гарсан буюу гарч болзошгүй болсон;

            5.1.13.2. тэжээлийн шугам таслагдаж хүчдэлгүй болсон, цахилгаан гүйдэлд хүн, амьтан нэрвэгдсэн буюу нэрвэгдэх нөхцөл бүрдсэн;

            5.1.13.3. хэрэглэгчийн нутаг дэвсгэр, орчин тойронд байрлах хангагчийн мэдлийн цахилгаан тоног төхөөрөмжид гэмтэл гарсан буюу гарч болзошгүй болсон.

       5.1.14. Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг хэрэгжүүлж өөрийн эзэмшлийн газарт байгаа цахилгаан тоног төхөөрөмжийг хамгаалах, тэдгээрт очих замыг чөлөөтэй байлгах, кабелийн болон агаарын шугамын хамгаалалтын зурваст газар шорооны болон бусад ажлыг хангагч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийлгэхгүй байх;

       5.1.15. бусад хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдаж, учирсан хохирлыг хангагч төлсөн тохиолдолд буруутай хэрэглэгч уг төлбөрийг хангагчид төлөх;

       5.1.16. өөрийн эзэмшлийн цахилгаан шугам сүлжээ, дамжин нэвтрүүлэх дэд станцад байгаа цахилгаан тоног төхөөрөмжид засвар хийхдээ сүлжээнээс таслах, сүлжээнд залгахыг түгээгч, хангагч байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэх;

       5.1.17. нутаг дэвсгэртээ байгаа дэд станц, хуваарилах байгууламж, шугам сүлжээнд сэлгэн залгалт, үзлэг үйлчилгээ, засвар хийхээр ирсэн дамжуулагч, түгээгч, хангагчийн ажилтныг саадгүй нэвтрүүлэх;

       5.1.18. төрийн ёслол, олон улсын шинжтэй уулзалт, тэмцээн зэрэг арга хэмжээг зохион явуулах үед цахилгаан хангамжийн найдвартай байдлыг онцгойлон анхаарах, 3-аас доошгүй хоногийн өмнө хангагчид албан ёсоор мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх;

       5.1.19. улирлын шинжтэй ажилладаг цахилгаан тоног төхөөрөмжид хангагчаар үзлэг хэмжилт хийлгэж шалгуулсны үндсэн дээр сүлжээнд залгуулах;

       5.1.20. өөрийн эзэмшлийн цахилгаан тоноглолыг дотоод хэт хүчдэл, аянгын хэт хүчдэлээс хамгаалах тоног төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад байлгах;

       5.1.21. хүнд үйлдвэрүүд (төмөрлөгийн үйлдвэрүүд гэх мэт) нь дээд гармоникийг хязгаарлах зориулалт бүхий тоног төхөөрөмж (реактор гэх мэт) хүчин чадалд тохируулан суурилуулж, хангагч байгууллагаар дүгнэлт гаргуулж, ашиглах;

Зургаа. Тооцооны хэмжих хэрэгслийн ашиглалт

6.1. Цахилгаан эрчим хүчний зарцуулалтын хэмжээг тооцох зорилгоор хэрэглэгч бүрд цахилгаан эрчим хүчийг хэмжих, тооцох зориулалттай хэмжих хэрэгслийн техникийн зохицуулалтыг хангасан тооцооны хэмжих хэрэгсэл тавьсан байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 180 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2025-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

6.2. Цахилгаан эрчим хүчний зарцуулалтад дотоод хяналт тавих зорилгоор шаардлагатай нэгж, хэсэг болон цахилгаан тоног төхөөрөмжид хэрэглэгч өөрөө хяналтын хэмжих хэрэгсэл (хянах зориулалтаар тухайн сонгосон цэг дээр байрлуулсан цахилгааны тоолуур, чадлын хэмжүүр, тэдгээрт холбогдсон хэмжүүрийн трансформатор болон холболтын хэрэгсэл) тавьж болно.

6.3. Актив, реактив цахилгаан эрчим хүчний тооцооны хэмжих хэрэгсэл (тоолуур, хэмжүүрийн трансформатор гэх мэт)-ийг эрх олгогдсон этгээдийн лабораторид засвар, тохируулга хийж, эрх бүхий байгууллага шалгаж битүүмжилсэн байна.

6.4. Тооцооны хэмжих хэрэгсэл, тэдгээрийн холболтын сүлжээ нь нэг щит, хайрцагт байрласан байвал зохино. Щит буюу хайрцгийг битүүмжилж, өндөрт хөдөлгөөнгүй байрлуулж, газардуулсан байна.

6.5. Хэрэглэгч нь стандарт болон цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын дүрмийн шаардлага хангасан щит, хайрцаг хэрэглэнэ.

6.6. Щит, хайрцаг нь дараахь иж бүрдэлтэй байна:

       6.6.1. оролтын салгуур;

       6.6.2. цахилгаан эрчим хүчний тоолуур;

       6.6.3. тоолуурын холболтын цуглуулга;

       6.6.4. хэмжүүрийн трансформатор (шаардлагатай бол);

       6.6.5. ачаалалд тохирсон автомат буюу гал хамгаалагч.

6.7. Тооцооны 220 В-ын нэг фазын болон 380 В-ын гурван фазын индукцийн цахилгаан тоолуурт 3 жил, 100 В-ын гурван фазын индукцийн цахилгаан тоолуурт 3 жил, 100 В-ын гурван фазын импульсын тоолуурт 4 жил, нэг болон гурван фазын электрон тоолуурт 8 жил, нэг болон гурван фазын импульсийн тоолуурт 4 жил, гүйдлийн трансформаторт 4 жил, хүчдэлийн трансформаторт 4 жилд нэг удаа тус тус ээлжит баталгаажуулах шалгалт хийнэ.

6.8. Тооцооны хэмжих хэрэгслийг тэжээж байгаа хэмжүүрийн трансформаторыг солих, тооцооны тоолуурыг салгах, тавих ажлыг зөвхөн хангагчийн зөвшөөрлөөр түгээгч гүйцэтгэнэ. Тооцооны тоолуурыг сүлжээнээс салгах, холбох үед хэрэглэгчийн төлөөлөгчийг байлцуулна.

6.9. Тооцооны хэмжих хэрэгслийг тэжээж байгаа гүйдэл, хүчдэлийн трансформаторын салгуурын бариул, түүний холболтын цуглуулгыг байрлуулсан щит, хайрцаг, тоолуурын таглаа зэргийг хангагчийн эрх бүхий ажилтан битүүмжилсэн байна.

6.10. Хэрэглэгчийг төлбөр тооцооны хэмжих хэрэгслээр хангах, түүнийг баталгаажуулах, засварлах, солих, тоолуурыг холболтын цэгт суурилуулахтай холбогдон гарах зардлыг өмчлөгч хариуцна.

6.11. Шинээр ашиглалтад орох орон сууц, барилга байгууламжид хангагчийн олгосон техникийн нөхцөлд болон техникийн шаардлагад заасан тоолуурыг барилгын захиалагч, гүйцэтгэгч байгууллага тавих ба хангагчийн эрх бүхий ажилтнаар хэлхээг шалгуулан битүүмжлэл тавина.

6.12. Тооцооны хэмжих хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг уг хэмжих хэрэгслийг эзэмшигч иргэн, хуулийн этгээд хариуцна.

6.13. Хангагч, хэрэглэгчийн хооронд тооцооны хэмжих хэрэгслийн ажиллагаатай холбогдон гарсан маргааныг хэмжил зүйн эрх бүхий улсын байцаагч шийдвэрлэнэ.

6.14. Дамжуулах сүлжээний дэд станцаас шууд тэжээгдэж байгаа хэрэглэгчийн тоолуур болон түүний хэмжих хэрэгслүүдийг хэрэглэгч, түгээгч, дамжуулагчийн тусгай лацаар баталгаажуулах ба хамтарсан протокол үйлдэнэ.

6.15. Дамжуулах сүлжээний дэд станцаас шууд тэжээгдэж байгаа хэрэглэгчийн тоолуур болон түүний хэмжих хэрэгслүүдийн хэвийн, бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор хэрэглэгч, дамжуулагч нь ашиглалтын гэрээ байгуулж, ажиллана.


Долоо. Төлбөр тооцооны журам

7.1. Тооцооны хэмжих хэрэгслийг дамжуулагч, түгээгч, хангагч болон хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн эзэмшлийн зааг дээр тавина.

7.2. Энэ дүрмийн 7.1-д заасны дагуу эзэмшлийн зааг дээр тоолуур тавиагүй тохиолдолд эзэмшлийн заагаас хэрэглээг тооцох цэг хүртэлх шугам болон трансформатор (ачааллын болон хоосон явалтын) дахь алдагдлыг шугам сүлжээг эзэмшигч хүлээнэ.

7.3. Энэ дүрмийн 7.2-т заасны дагуу алдагдал хүлээдэг үндсэн хэрэглэгчийн цахилгаан сүлжээгээр дамжин холбогдсон хэрэглэгч уг алдагдлаас өөрийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээнд ногдох хувийг хариуцна.

7.4. Хангагч, хэрэглэгчийн хооронд хийх тооцоог хэмжих хэрэгслийн заалт (бусад тохиолдолд энэ дүрмийн 7.5 дугаар заалт)-ыг үндэслэж, мөрдөж байгаа үнэ тарифын дагуу бодно.

Цахилгаан тоолуур нь гүйдэл ба хүчдэлийн трансформатортой дамжин холбогдсон байвал хэрэглэсэн эрчим хүчний хэмжээг тоолуурын одоогийн болон өмнөх заалтын ялгаврыг трансформаторын итгэлцүүрээр үржүүлж тодорхойлно.

7.5. Хэрэглэгчийн буруугаас шалтгаалж тооцооны хэмжих хэрэгсэл нь энэ дүрмийн 6.3, 6.9-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тооцоог хийхдээ хэрэглэгчид суурилагдсан чадлыг ажиллавал зохих цаг (сүүлийн удаа шалгалт хийснээс хойш тухайн зөрчлийг арилгах хүртэлх)-аар үржүүлж тодорхойлно.

7.6. Тооцооны хэмжих хэрэгсэл нь энэ дүрмийн 6.3, 6.9-д заасан шаардлагыг хангаагүй нь хэрэглэгчээс шалтгаалаагүй, тооцооны хэмжих хэрэгслийг шалгаж засварлахаар сүлжээнээс тасалсан тохиолдолд өмнөх 3 сард хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний дунджийг баримталж төлбөрийн тооцоог хийнэ.

7.7. Тооцооны хэмжих хэрэгсэл нь гадны нөлөөгөөр гэмтсэн, түүний холболт болон байршлыг өөрчилсөн зэрэг тохиолдолд сэргээн засварлах зардлыг буруутай этгээд, харин ашиглалтын үед гэмтсэн тохиолдолд өмчлөгч хариуцна.

7.8. Тооцооны хэмжих хэрэгслийг сэргээн засварлах, хэвийн ажиллагаанд оруулах ажлыг түгээгч, дамжуулагч 7 хоногийн  дотор хийх үүрэгтэй.

7.9. Тооцооны хэмжих хэрэгсэл болон тооцоо хийдэг ажилтны буруугаас гарсан зөрүүг хангагч, хэрэглэгч хоёр тал хамтран үйлдсэн актын үндсэн дээр дараа сарын тооцоонд тусгана.

7.10. Хэрэглэгч нь тухайн байрнаасаа түр буюу бүрмөсөн нүүх, байраа бусдад шилжүүлэх тохиолдолд энэ тухайгаа хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэж, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог хийж дуусгах үүрэгтэй.

7.11. Байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд нүүхдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусгаж, энэ тухай тодорхойлолтыг хангагчаас авсан байна.

7.12. Энэ дүрмийн 7.11-д заасан тодорхойлолтыг тухайн байр, орон сууц, хашаа, газрыг шинээр өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд шаардаж авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд шинээр өмчлөгч, эзэмшигч эрчим хүчний өрийг хариуцна.

7.13. Хангагч нь хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг сард нэгээс доошгүй удаа хянан тооцоолно. Тоолуурын заалт авах хугацааг гэрээгээр зохицуулна.

7.14. Хэрэглэгч нь цахилгаан эрчим хүчний тооцоог урьдчилан төлөх (хэрэглэгч нь төлбөрийн баталгаа болгож цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөрийн тодорхой хувийг урьдчилан байршуулсныг) хэлбэрээр хийж болно.

7.15. Хэрэглэгч цахилгаан эрчим хүчний тооцоог буруу гэж үзвэл энэ тухай хангагчид албан ёсоор мэдэгдэнэ. Хангагч мэдэгдэл хүлээн авснаас хойш                     7 хоногийн дотор маргааныг шийдвэрлэнэ.

7.16. Хэрэглэгч нь хангагчийн энэ дүрмийн 7.15-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

Найм. Хэрэглэгчийн реактив чадлын зохицуулалт

8.1. Үйлдвэрлэлийн томоохон (холбогдсон чадал нь 250 кВА ба түүнээс дээш, реактив чадал нь холбогдсон чадлын 10-аас доошгүй хувь байх) хэрэглэгчид реактив тоолуурыг тооцооны зориулалтаар дараахь тохиолдолд тавина. Үүнд:

       8.1.1. эзэмшлийн заагаас хэрэглээг тооцох цэг хүртэлх хэсэгт реактив цахилгаан эрчим хүчний үйлчлэлээр алдагдах цахилгаан эрчим хүчний хэмжээг тодорхойлох;

       8.1.2. хэрэглэгчийн конденсатор, синхрон хөдөлгүүрийг хангагчаас тогтоосон горимоор ажиллуулж байгаа эсэхийг хянах.

8.2. Хэрэглэгч нь конденсатор, синхрон хөдөлгүүрийг эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцөлийн дагуу цахилгаан шугам сүлжээнд суурилуулна. Тэдгээрийн ажлын горимыг хангагч, хэрэглэгч зөвшилцөн тогтооно.

8.3. Хангагч, түгээгч, дамжуулагч, хэрэглэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан Хэрэглэгчдийн чадлын итгэлцүүр (COSφ)-ээс хамааруулж төлбөр тооцох журмыг мөрдөнө.

Ес. Хангагчийн эрх, үүрэг

9.1. Хангагч нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна. Үүнд:

       9.1.1. Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд цахилгаан эрчим хүчний хангамжийг халаалтын улиралд 4 цагаас илүү хугацаагаар таслахгүй байх;

       9.1.2. хэрэглэгчийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжид Эрчим хүчний тухай хуулийн 32.2-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;

       9.1.3. үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгчийн өмчлөл, эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээнд ноцтой осол гэмтэл гарсан үед Эрчим хүчний тухай хуулийн 6.1.4-т заасан журмыг баримтлан хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хангамжийг зохицуулах;

       9.1.4. хангагчийн эрх бүхий ажилтныг томилох;

       9.1.5. цахилгаан сүлжээнд холбох, таслах, холболтыг өөрчлөх тухай хэрэглэгчийн захиалгыг судлан үзэж, техникийн нөхцөлийн шаардлага хангасан гэж үзвэл 3 хоногийн дотор шийдвэрлэн уг ажлыг зохих төлбөртэйгээр гүйцэтгэх;

       9.1.6. улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар нийтийн эрх ашгийн үүднээс хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажлыг саатуулсан иргэн, хуулийн этгээдийг эрчим хүчээр хангахгүй, хязгаарлах, хохирлыг төлүүлэх, техникийн нөхцөл олгохгүй байх.

9.2. Хангагчийн эрх бүхий ажилтан нь Эрчим хүчний тухай хууль, гэрээнд тусгагдсан дараахь үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

       9.2.1. хэрэглэгчийн эрчим хүчний тооцоог сар бүр газар дээр нь шалгаж хянах;

       9.2.2. хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгах;

       9.2.3. гэрээнд заасны дагуу хариуцлага тооцох, алданги тооцох, нөхөн тооцоололт хийх;

       9.2.4. тооцооны хэмжих хэрэгслийн битүүмжлэлийг шалгаж, баталгаажуулалтаас бусад битүүмжлэлийг шинэчлэх, сэргээх.

Арав. Хохирлыг тооцох, нөхөн төлөх

10.1. Цахилгаан эрчим хүч тасалдсан, чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс үүссэн хохирлыг тогтоохдоо хэрэглэгчид тавигдсан өөрөө бичигч хэмжих хэрэгсэл болон түгээгчийн шуурхай ажиллагааны бичлэгийг баримталж, хангагч, хэрэглэгчийн хамтран үйлдсэн актыг үндэс болгоно.

10.2. Энэ дүрмийн 10.1-д заасан актыг ажлын 5 хоногийн дотор гаргаж, актад цахилгаан эрчим хүч тасалдсан, хэлбэлзсэн он, сар, өдөр, үргэлжилсэн хугацаа, шалтгаан, үйлдвэрлэл, үйлчилгээнд учруулсан шууд хохирол (цахилгаан хангамж тасалдсан, чанарын үзүүлэлт хэлбэлзсэнээс хэрэглэгчид учирсан бүтээгдэхүүний чанарын гологдол, цахилгаан хэрэгслийн гэмтэл)-ын хэмжээ, хангагч, хэрэглэгчийн төлөөлөгчийн нэр, албан тушаалыг тодорхой тусгаж, гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

10.3. Актаар тогтоосон хохирлыг 1 сарын дотор буруутай тал хариуцан төлнө.

10.4. Цахилгаан эрчим хүч тасалдсанаас учирсан хохирлыг дараахь тохиолдолд хангагч хариуцахгүй. Үүнд:

       10.4.1. байгалийн гэнэтийн аюул (аянга, салхи, шуурга, мөстлөг, үер, гал түймэр гэх мэт) тохиолдсон;

       10.4.2. хангагчтай тохиролцсон горимыг хэрэглэгч мөрдөөгүйгээс хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдсан;

       10.4.3. Эрчим хүчний тухай хуулийн 29.1.2, 32.2-т заасны дагуу хэрэглэгчийн цахилгаан хангамжийг тасалсан, түдгэлзүүлсэн.

10.5. Орон сууцны ерөнхий щит, магистрал шугам, давхар дундын щитэнд гарсан гэмтлээс шалтгаалсан болон засвар үйлчилгээ хийгээгүйгээс үүдэн гарах хохирлыг тухайн шугам тоноглолыг хариуцагч хариуцна.

Арван нэг. Хяналт, хариуцлага

11.1. Энэ дүрмийн биелэлтэд эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Эрчим хүчний зохицуулах хороо, аймаг, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан, ажилтан, мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч хяналт тавина.

11.2. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага эрчим хүчний хангамж, чанар, мөрдөж байгаа үнэ тарифын үндэслэлд олон нийтийн хяналт тавина.

11.3. Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

11.4. Хангагч, хэрэглэгч талууд хоорондоо зөвшилцөн шийдвэрлэж чадаагүй цахилгаан эрчим хүчний хангамж, хэрэглээтэй холбогдсон маргааныг Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.


----о0о----