- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ
Засгийн газрын 2020 оны 97 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ дүрмээр дулааны эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдуулан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид “үйлдвэрлэгч”, “дамжуулагч”, “түгээгч”, “хангагч” гэх) болон хэрэглэгч иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулна.
1.2. Энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
1.3. Дулааны эх үүсвэр барих, өргөтгөх, дулаан хангамжийн системд барилга байгууламж шинээр холбох, барилгын дулааны ачааллыг нэмэгдүүлэх бүрт иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл авна.
1.4. Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл хүссэн хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд 1 гигакалор/цаг (цаашид Гкал/цаг гэх) болон түүнээс дээш дулааны ачаалалтай техникийн нөхцөлийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 1 Гкал/цагаас доош дулааны ачаалалтай техникийн нөхцөлийг үйлдвэрлэгч эсхүл дамжуулагч, түгээгч, хангагч тус тус шийдвэрлэнэ.
1.5. Дулаан түгээх шугам сүлжээг барихад гаргасан хөрөнгийн эх үүсвэрийг үндэслэн уг шугам сүлжээний эзэмшлийн заагийг өмчийн харьяаллаар тогтооно.
1.6. Үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж, үзлэг үйлчилгээ, засвар шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллага, ажилтнаар гүйцэтгүүлнэ.
Хоёр. Иргэн, хуулийн этгээдэд дулааны шугам сүлжээнд
холбох техникийн нөхцөл олгох
2.1. Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл хүссэн хүсэлтээ дараахь баримт бичгийн хамт ирүүлнэ. Үүнд:
2.1.1. хүсэлт гаргасан этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2.1.2. газрын эрхийн гэрчилгээний болон кадастрын зургийн хуулбар;
2.1.3. техникийн нөхцөл олгох шаардагдах барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг;
2.1.4. шаардлагатай дулааны ачааллын тооцоо (Гкал/цаг);
2.1.5. хувийн өмчийн дулааны шугам сүлжээнээс холболт хийх тохиолдолд тухайн шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл.
2.2. Дулааны эх үүсвэр барих, өргөтгөх тохиолдолд энэ дүрмийн 2.1-д заасан баримт бичгээс гадна эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн шийдвэрийг хамтад нь ирүүлнэ.
2.3. Иргэн, хуулийн этгээдийн техникийн нөхцөл хүссэн хүсэлтийг энэ дүрмийн 1.4-т заасан байгууллагын ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.
2.4. Ажлын хэсгийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр, үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагчид гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр тус тус байгуулж, ажиллах журмыг батална.
2.5. Ажлын хэсэг техникийн нөхцөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ дараахь саналыг үндэслэнэ. Үүнд:
2.5.1. тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дулааны эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээний техникийн боломж;
2.5.2. 5 Гкал/цаг болон түүнээс дээш ачаалалтай дулааны хэрэглээ болон эх үүсвэрийг төвлөрсөн дулаан хангамжид холбох талаарх Диспетчерийн үндэсний төвийн горимын тооцоо, үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч байгууллагуудын санал;
2.5.3. дулааны эх үүсвэр шинээр барих, өргөтгөх тохиолдолд эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн шийдвэр, Диспетчерийн үндэсний төвийн горимын тооцоо, үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч байгууллагуудын санал.
2.6. Техникийн нөхцөл хүссэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ. Хүсэлт гаргагч нь өөрийн хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар цахим систем болон бусад хэлбэрээр мэдээлэл авч болно.
2.7. Техникийн нөхцөлийг гүйцэтгэх ажлын хэмжээнээс хамааруулж 2 жил хүртэл хугацаагаар олгоно. Хугацааг нэг удаа 1 жилээр сунгаж болно.
2.8. Иргэн, хуулийн этгээдэд олгох техникийн нөхцөлд дараахь зүйлийг тусгана:
2.8.1. техникийн нөхцөл хүссэн иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг;
2.8.2. барилгын байршил, мэдээлэл;
2.8.3. холбогдох цэг (дулааны эх үүсвэр, дулаан дамжуулах төв, дулаан дамжуулах, түгээх шугам, худаг), гадна агаарын тооцоот температур, дулаан зөөгчийн тооцоот температур, холболтын цэг дэх статик даралт, температурын график;
2.8.4. шинээр холбох, дулааны ачаалал нь нэмэгдсэнтэй холбогдуулан дулааны эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээ, тоноглол, дулаан дамжуулах төвийг өргөтгөх шаардлага;
2.8.5. дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадал, хэрэглээ;
2.8.6. тоолуур, хэмжих хэрэгсэлд тавигдах шаардлага;
2.8.7. хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмжид тавих тусгай шаардлага (хими, ус цэвэрлэгээний төхөөрөмж, даралт, температур тохируулах төхөөрөмж, нөөц цахилгааны эх үүсвэр, нөөц тоног төхөөрөмж суурилуулах гэх мэт);
2.8.8. зураг төсөл боловсруулахад тавигдах шаардлага;
2.8.9. холбогдох цэгийн байршлын зураг, схем;
2.8.10. дагаж мөрдөх хууль, дүрэм, журам.
2.9. Техникийн нөхцөлийн шаардлагыг иргэн, хуулийн этгээд, зураг төслийн болон холбогдох бусад байгууллага биелүүлэх үүрэгтэй.
2.10. Техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаанд холболт хийгдээгүй тохиолдолд хугацаа дуусахаас 2 сарын өмнө сунгуулах хүсэлтээ энэ дүрмийн 2.13-т заасан баталгаажуулсан зураг төслийн хамт техникийн нөхцөл олгосон байгууллагад ирүүлнэ.
2.11. Хугацаа дууссан техникийн нөхцөлийг хүчингүйд тооцно.
2.12. Захиалагч иргэн, хуулийн этгээд нь зураг төслийн байгууллагатай хамтран барилга угсралтын ажил эхлэхээс өмнө зураг төслөө холбогдох байгууллагуудаар хянуулж, эрх бүхий байгууллагаар магадлал хийлгэж, баталгаажуулсан байна.
2.13. Үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч болон магадлал хийх эрх бүхий байгууллага нь зураг төслийг техникийн нөхцөл, холбогдох норм, дүрмийн шаардлагыг хангасан байдлыг ажлын 10 хоногийн дотор хянаж, сүлжээнд холбогдох боломжтой эсэхийг зохих үндэслэлтэйгээр мэдэгдэнэ. Нэмэлт шалгалт хийх шаардлагатай бол энэ хугацааг ажлын 14 хоног сунгаж болно.
2.14. Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл шинээр авах, сунгуулахад эрх бүхий этгээдээс тогтоосон үйлчилгээний төлбөр (хураамж) төлнө.
2.15. Техникийн нөхцөлийг үндэслэлгүй олгосноос учирсан хохирлыг уг техникийн нөхцөлийг олгосон энэ дүрмийн 1.4-т заасан этгээд хариуцна.
Гурав. Хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмжийг
дулааны шугам сүлжээнд холбох
3.1. Дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, зураг төсөл, техникийн нөхцөлийн шаардлага бүрэн хангагдсан нөхцөлд шинээр барьсан буюу өргөтгөл, шинэчлэл хийсэн барилга байгууламжийг дулааны шугам сүлжээнд холбоно.
3.2. Иргэн, хуулийн этгээд нь дулааны шугам сүлжээнд барилга байгууламжаа холбуулахад дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:
3.2.1. үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагчийн заасан хугацаанд багтааж тухайн шугам сүлжээнээс холбогдвол зохих салаа шугамын холболт (огтолгоог)-ыг хийсэн байх;
3.2.2. дулааны шугам, тоног төхөөрөмжид угаалт, даралтын туршилт хийхдээ холбогдох үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагчийн төлөөлөгчийг байлцуулан акт үйлдсэн байх;
3.2.3. шалгаж баталгаажуулсан хянах хэмжих хэрэгсэл, автомат тохируулагчийг зураг төсөлд заасан цэгт тавих;
3.2.4. дулааны шугам, тоног төхөөрөмжийг хэсэгчлэн хүлээн авсан акт, гагнуурын болон далд ажлын акт, техникийн бусад баримт бичгийг бүрдүүлсэн байх;
3.2.5. шинээр барьсан барилга байгууламж, дулааны шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг, холбогдох байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн актыг үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагчид ирүүлсэн байх.
3.3. Техникийн нөхцөл, хянасан зураг төслийн дагуу бариагүй барилга байгууламжийг дулаанаар хангахгүй.
3.4. Зам талбайг сэтэлж, дулааны шугам тавьсан тохиолдолд түүнийг тухайн этгээдийн зардлаар сэргээн засаж, хуучин байдалд нь оруулсны дараа дулааны шугам сүлжээнд холбох зөвшөөрлийг олгоно.
3.5. Иргэн, хуулийн этгээд нь дулааны шугам сүлжээнд шинээр холбох зөвшөөрөл авахад эрх бүхий этгээдээс тогтоосон үйлчилгээний төлбөр (хураамж) төлнө.
Дөрөв. Дулааны эрчим хүчээр хангах гэрээ
4.1. Хангагч нь энэ дүрмийн 3.1, 3.2-т заасан шаардлагыг хангасан иргэн, хуулийн этгээдтэй Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу дулааны эрчим хүчээр хангах гэрээ (цаашид “гэрээ” гэх) байгуулж, дулааны эрчим хүчээр хангана.
4.2. Гэрээ байгуулахаас өмнө иргэн, хуулийн этгээд нь дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээ, халаалтын системийн засвар үйлчилгээг иж бүрэн хийж, зохих даралтаар шалган акт тогтоож, гүйцэтгэлийн бичиг баримт бүрдүүлсэн байна.
4.3. Энэ дүрмийн 4.2-т заасан актыг үндэслэж, хангагчтай дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулснаар дулааны эрчим хүч хэрэглэх эрхтэй болно.
4.4. Иргэнтэй байгуулах гэрээнд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан зүйлийг тусгана.
4.5. Хуулийн этгээдтэй байгуулах гэрээнд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан зүйлийг тусгана.
4.6. Хaнгагч нь хэрэглэгчид дулааны эрчим хүчийг уур, усаар тоолуургүй нийлүүлсэн тохиолдолд төлбөр тооцоо хийхдээ зураг төсөлд заасан дулааны ачааллыг үндэс болгоно.
4.7. Хэрэглэгч нь энэ дүрмийн 6.1.15-д заасны дагуу мэдээлэл авснаас хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулна. Гэрээнд өөрчлөлт оруулаагүй нь түүнийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
4.8. Хангагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулах болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах эрхгүй.
4.9. Үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь жил бүр тогтоосон халаалтын улирал дуусахад гэрээг дүгнэж, тооцоо нийлэн акт үйлдэж, халаалтын улирал эхлэх хугацаанд гэрээг шинэчлэн байгуулна.
4.10. Энэ дүрмийн 4.9-д заасны дагуу гэрээ дүгнэж, акт үйлдэхэд хэрэглэгч нь гэрээний үүрэг, техникийн шаардлагуудыг хангалттай биелүүлсэн тохиолдолд гэрээг 2 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.
4.11. Хангагчийн үүргийн биелэлтийг дүгнэхдээ түүний нийлүүлсэн эрчим хүчний хэмжээ, чанарыг гэрээнд заасан хэмжээ, чанарын үзүүлэлттэй харьцуулна.
4.12. Дулаан зөөгч (уур, усны)-ийн даралт, температурын хэлбэлзлийн зөвшөөрөгдөх хэмжээг гэрээнд тусгахдаа техник ашиглалтын дүрмийг баримтална.
4.13. Хангагчаас олгосон техникийн нөхцөлийн дагуу өөрийн эзэмшлийн дулааны шугам, тоноглолоос шинээр хэрэглэгч холбуулахгүй тохиолдолд дулааны эрчим хүчээр хангахгүй.
Тав. Хэрэглэгчийн эрх, үүрэг
5.1. Хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа дулааны тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах зорилгоор Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх зорилгоор дараахь эрх, үүрэгтэй байна. Үүнд:
5.1.1. дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалт, засварыг хариуцах мэргэжлийн ажилтантай байх, түүнийг мэргэжлийн бус этгээдэд хариуцуулахгүй байх, мэргэжлийн ажилтны мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлэх;
5.1.2. дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг мөрдөж, дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ажлын зураг төсөл, гүйцэтгэлийн зураг, ашиглалтын паспорт зэргийг бүрдүүлж, жил бүр баяжилт хийх;
5.1.3. дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ээлжит их болон урсгал засварыг дамжуулагч, түгээгчийн төв шугамын засвартай уялдуулж, хугацаанд нь чанартай гүйцэтгэх;
5.1.4. засварын дараа хангагчийн төлөөлөгчийг байлцуулж, дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээндээ химийн болон механик угаалга, цэвэрлэгээ, даралтын туршилт хийж, илэрсэн гэмтлийг засварлан хамтарсан акт үйлдэх;
5.1.5. дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээнд тохируулга хийж, барилга, орон сууцны өрөө тасалгааг жигд халаах нөхцөлийг хангах;
5.1.6. барилга орон сууцыг халааж байгаа сүлжээний усыг бүрэн хэмжээгээр буулгах тохиолдолд хангагчаас зөвшөөрөл авах, сүлжээний усыг юүлэх болон бусад зориулалтаар ашиглахгүй байх;
5.1.7. өөрийн болон хамтын эзэмшлийн дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээнд гэмтэл гарсан тохиолдолд хангагчид нэн даруй мэдэгдэж, яаралтай засварлах арга хэмжээ авах;
5.1.8. дулаан дамжуулах төв болон зангилааг эмх цэгцтэй, цэвэр, байнгын гэрэлтүүлэгтэй байлгаж, агуулах, орон байрны зориулалтаар ашиглахгүй байх;
5.1.9. дулааны эрчим хүчийг хэмнэх, алдагдлыг хэвийн хэмжээнд байлгах, хувирсан усны буцалтыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, сүлжээний буцах усны халууныг бууруулах (эх үүсвэр нь дулаан цахилгааны төв байгаа тохиолдолд)-д чиглэсэн техник, зохион байгуулалтын шуурхай арга хэмжээг төлөвлөгөөний үндсэн дээр хэрэгжүүлэх;
5.1.10. дулааны эрчим хүч хэрэглэсэн тооцоог гэрээнд заасан хугацаанд хангагчтай хийж байх;
5.1.11. хяналтын болон хангагч байгууллагын шалгалтаар илэрсэн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны зөрчлийг арилгах, шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлэх;
5.1.12. ажил үүргээ гүйцэтгэж байгаа эрчим хүчний улсын байцаагч болон хангагчийн төлөөлөгчийг өөрийн эзэмшлийн газарт саадгүй нэвтрүүлж, дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээгээ шалгуулах;
5.1.13. өөрийн эзэмшлийн газарт байрласан дамжуулагч, түгээгч болон бусад хэрэглэгчийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмж, шугам сүлжээний бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, засвар үйлчилгээ хийх боломж олгох;
5.1.14. хангагчтай тооцоо хийдэг тоолуурын бүрэн байдлыг хариуцаж, гэмтэл гарсан болон гарч болзошгүй тохиолдолд хангагчид яаралтай мэдэгдэх;
5.1.15. гэрээнд заасан дулааны эрчим хүчийг хугацаандаа авахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа хангагчид 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх;
5.1.16. Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм болон холбогдох бусад дүрэм, журмыг мөрдөж ажиллах;
5.1.17. эрчим хүчний улсын байцаагч болон хангагчийн эрх бүхий ажилтны хийсэн битүүмжлэлийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;
5.1.18. нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан дулаан дамжуулах төв, дамжуулах, түгээх шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх;
5.1.19. шинээр барилга байгууламж холбуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь бусдын өмчлөлийн дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж, шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн, анхдагч хаалт суурилуулсан, холболтын схемийг өөрчилсөн тохиолдолд холбогдон гарах зардлыг хариуцах;
5.1.20. дулаан дамжуулах 200 мм-ийн голчтой болон түүнээс дээш голчтой төв шугам, салаа шугам, түүний анхдагч таслах хаалт нь эрчим хүчний дамжуулах шугам тоноглол тул түүнийг төрийн өмчлөлд шилжүүлэх;
5.1.21. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 29 дүгээр зүйлийн 29.1.9 дэх заалтыг тус тус мөрдөж өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах, өөрийн шугамаас хэрэглэгч холбох үйл ажиллагаанаас ашиг олох зорилгоор бизнес үйл ажиллагаа явуулахгүй байх;
5.1.22. хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 32.2, 32.3-т заасан болон энэ дүрмийн 9 дүгээр зүйлд зааснаас бусад үндэслэлээр дулааны эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлснээс учирсан хохирлоо төлүүлэх эрхтэй.
Зургаа. Хангагчийн эрх, үүрэг
6.1. Хангагч нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлэх хүрээнд дараахь эрх үүрэгтэй байна. Үүнд:
6.1.1. Эрчим хүчний тухай хууль, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн заалтыг хэрэгжүүлж, хэрэглэгчийг гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын шаардлага хангасан дулааны эрчим хүчээр хангах;
6.1.2. дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ээлжит их болон урсгал засвар, туршилт тохируулгыг хугацаанд нь чанартай хийж, халаалтын бэлтгэлийг хангах, тоног төхөөрөмж, шугам сүлжээг засварт оруулахтай холбогдон дулааны эрчим хүчийг түр таслахаар бол энэ тухай хэрэглэгчид хуульд заасан хугацаанд урьдчилан мэдэгдэх;
6.1.3. дулаан хангамжийн системийн (эх үүсвэр, шугам сүлжээ, хэрэглэгчийн хэрэглээг оруулж) өвөл, зуны ажиллагааны горим тооцоог хийж, батлуулан хэрэгжүүлэх;
6.1.4. хэрэглэгчийн дулааны төв болон зангилааны зарцуулалтыг тохируулах хэрэгсэл (сопло, шайба)-ийг тооцож, бэлтгэн, хэрэглэгчээр тавиулж битүүмжлэх;
6.1.5. хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалт, засварын байдал, аюулгүй ажиллагааны шаардлага, халаалт, хэрэгцээний халуун ус хангамжийн чанар, уур ус, хувирсан усны алдагдал зэрэгт өөрийн төлөөлөгчөөр хяналт тавиулан, илэрсэн зөрчлийг арилгуулах;
6.1.6. сүлжээний буцах усны халууныг тогтвортой бууруулж, хувирсан ус буцаалтыг нэмэгдүүлэн эх үүсвэрийн ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх;
6.1.7. шинэ хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралтад хяналт тавьж, техникийн нөхцөл, зураг төслийн дагуу хийлгэж, ашиглалтад хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд төлөөлөгчөө оролцуулах;
6.1.8. хэрэглэгчийн захиалгаар дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээнд засвар, үйлчилгээ хийх үед нь түүний дулааныг таслах;
6.1.9. дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээнд ээлжит бус засвар хийх, шинэ хэрэглэгч холбох тохиолдолд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэж хугацааг тохирсноор дулааныг түр таслах;
6.1.10. дулааны эх үүсвэр болон дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээнд гарсан ноцтой гэмтэл саатлыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авах шаардлагатай тохиолдолд дулаан хангамжийг шууд зогсоох эрхтэй бөгөөд зогсоосон шалтгаанаа хэрэглэгчид нэн даруй мэдэгдэх;
6.1.11. Эрчим хүчний тухай хуулийн 32.2-т заасан хангагчийн эрх бүхий ажилтныг томилох;
6.1.12. гадна агаарын температур буурч, өвлийн ачаалалд шилжихтэй холбогдуулан хот, суурин газрын дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах зорилгоор тухайн оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд (аваар, саатлаас бусад) дулааны шугамаас огтолгоо авч, сүлжээнд хэрэглэгч шинээр холбохгүй, дулаан хангамжийн ажиллагааг зогсоохгүй байх;
6.1.13. үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч нь дулааны тасалдлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, шугам тоноглолын засвар үйлчилгээг төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэж, машин механизм, хүн хүч, тоног төхөөрөмжийг байнгын бэлэн байдалд байлгах;
6.1.14. улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар нийтийн эрх ашгийн үүднээс хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажлыг саатуулсан иргэн, хуулийн этгээдийг эрчим хүчээр хангахгүй, хязгаарлах, хохирлыг төлүүлэх, техникийн нөхцөл олгохгүй байх;
6.1.15. гэрээлсэн эрчим хүчний үнэ, тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх үүрэгтэй.
Долоо. Төлбөр тооцооны хэмжих хэрэгслийн ашиглалт
7.1. Дамжуулагч, түгээгч болон хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмж шугам сүлжээг Эрчим хүчний тухай хууль, Хэмжил зүйн тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангасан төлбөр тооцооны болон хянах хэмжих хэрэгсэл тохируулах автоматаар тоноглосон байна.
7.2. Иргэн, хуулийн этгээдийн ажлын байр, орон сууцны халаалт болон хэрэгцээний халуун усны төхөөрөмж дээр Хэмжил зүйн тухай хуулийн шаардлагыг хангасан төлбөр тооцооны болон хянах хэмжих хэрэгслийг суурилуулна.
7.3. Үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч болон хэрэглэгч нь хэрэглэгчийн эзэмшлийн тоног төхөөрөмжид дулааны тоолуур, хянах хэрэгсэл, тохируулах автомат тавих, тэдгээрийг ашиглах, засварлах, баталгаажуулах, бүрэн бүтэн байлгах асуудлыг хариуцна.
7.4. Хэрэглэгчийн тоног төхөөрөмж, шугам сүлжээнд тавьсан хянах, хэмжих хэрэгсэл, автомат тохируулагч болон төлбөр тооцооны тоолуур нь хэвийн ажиллагаатай байгаа эсэхэд хангагч хяналт тавина.
7.5. Уур, усаар түгээсэн дулааны төлбөр тооцоог хангагч болон хэрэглэгчийн шугамын зааг дээрээс эхлэн тооцно. Төлбөр тооцооны тоолуурыг шугамын заагаас зайтай байрлуулсан бол хэрэглэгчийн дулааны эрчим хүчний тооцоонд шугамын заагаас тоолуур хүртэлх шугамын алдагдлыг хангагч болон хэрэглэгч харилцан тохиролцож оруулна.
7.6. Түгээгч нь төлбөр тооцооны тоолуурыг зөөж байрлуулах шаардлага гарсан тохиолдолд хэрэглэгч, хангагчийн төлөөлөгчийг байлцуулж, гүйцэтгэнэ.
Найм. Төлбөр тооцооны журам
8.1. Хангагч, хэрэглэгчийн хооронд хийх төлбөр тооцоог тоолуурын заалт (бусад тохиолдолд гэрээ)-ыг үндэслэн мөрдөж байгаа үнийн дагуу хийнэ.
8.2. Хэрэглэгчийн тоолуур гэмтэлтэй тохиолдолд төлбөр тооцоог зураг төслөөр тооцсон хүчин чадлыг үндэслэн (задгайгаар) хийнэ.
8.3. Хэрэглэгч нь хувирсан усыг гэрээнд заасан хэмжээнээс илүү хэмжээгээр буцаасан тохиолдолд түүнд урамшуулал үзүүлэх бөгөөд дутуу буцаавал хангагчид торгууль төлнө. Урамшуулал болон торгуулийн хэмжээг гэрээнд тусгана.
8.4. Хэрэглэгчээс буцаасан хувирсан усны чанар нь гэрээнд заасан чанарын үзүүлэлтийг хангаагүй бол буцаагаагүйд тооцно. Үүнтэй холбогдон гарах төлбөрийн хэмжээг гэрээгээр зохицуулна.
8.5. Хэрэглэгч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол сард хэрэглэх дулааны эрчим хүчний үнийн 50 хувьтай тэнцэх төлбөрийг тухайн сарын 10-ны дотор урьдчилан төлж болно.
8.6. Хэрэглэгч нь сүлжээний буцах усны халууныг батлагдсан графикаас 4 хэмээс дээш хэмжээгээр өндөржүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн хэмд ногдох ашиглахгүй буцаасан дулааны үнийг тооцож төлнө.
8.7. Дулааны эрчим хүчний тооцоог хэрэглэгч буруу гэж үзвэл энэ тухай хангагчид албан ёсоор мэдэгдэнэ. Хангагч нь мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргааныг шийдвэрлэнэ.
8.8. Хэрэглэгч нь хангагчийн энэ дүрмийн 8.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
8.9. Тооцооны хэмжих хэрэгсэл болон тооцоо хийсэн ажилтны буруугаас гарсан тооцооны үнийн зөрүүг хангагч, хэрэглэгч хоёр тал хамтран үйлдсэн актын үндсэн дээр дараа сарын тооцоонд тусгана.
8.10. Хэрэглэгчийг дулаанаар хязгаарласан буюу тасалсан эрчим хүчний хэмжээг тодорхойлохдоо хэрэглэгч болон үйлдвэрлэгчийн тооцооны тоолуурын заалт, ээлжийн диспетчерийн албан ёсны тэмдэглэлийг үндэслэнэ.
8.11. Хэрэглэгч тухайн байрнаасаа түр буюу бүр мөсөн нүүсэн, байраа бусдад шилжүүлсэн бол энэ тухай хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэж, хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр тооцоог хийж, өр авлагыг барагдуулах үүрэгтэй.
Eс. Дулааны эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх
9.1. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, хангагчийн эрх бүхий ажилтан нь Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан болон дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлнэ. Үүнд:
9.1.1. дулааны эрчим хүчийг гэрээнд заагаагүй зориулалтаар ашигласан, ус, дулааны алдагдлыг нормд заасан хэмжээнээс хэтрүүлсэн;
9.1.2. эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөл бүрдүүлээгүй буюу техникийн нөхцөлийн шаардлагыг зөрчсөн, зөвшөөрөлгүй барилга байгууламж холбож дулаан авсан;
9.1.3. хангагчаас тооцоолж битүүмжлэн тавьсан, тохируулах хэрэгсэл (сопло, шайба)-ийг дур мэдэн өөрчлөх буюу авах замаар бусдын дулаан хангамжийг доголдуулсан;
9.1.4. тооцооны хэмжүүрт оруулахгүй зүй бусаар холболт хийж, дулаан (уур, ус) авч ашигласан;
9.1.5. хэрэглэсэн дулааны болон буцаагаагүй хувирсан усны төлбөрийг дараа сарын 10-ны дотор төлөөгүй.
9.2. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч болон хангагчийн эрх бүхий ажилтан хэрэглэгчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх тухай шийдвэртээ шалтгааныг тодорхой зааж, тоног төхөөрөмж, шугам сүлжээ, тоолуур болон шаардлагатай бусад хэрэгслийг битүүмжилнэ.
9.3. Эрчим хүчний хангамж, хэрэглээг нь түдгэлзүүлсэн тухай шийдвэрт заасан шалтгааныг хэрэглэгч арилгасан тухайгаа хангагчид мэдэгдэж шалгуулахаас өмнө уг тоног төхөөрөмж, шугам сүлжээг ашиглахгүй.
Арав. Хохирлыг тооцох, нөхөн төлөх
10.1. Хангагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эрчим хүчийг тасалдуулсан тохиолдолд хэрэглэгч нь энэ талаар хангагчид тухай бүр шуурхай мэдэгдэнэ.
10.2. Дулааны эрчим хүч тасалдсанаас болон чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс үүссэн хохирлыг тогтоохдоо хангагч, хэрэглэгчийн хамтран үйлдсэн актыг үндэс болгоно.
10.3. Энэ дүрмийн 10.2-т заасан актад дулааны эрчим хүч тасалдсан, хэлбэлзсэн он, сар, өдөр, үргэлжилсэн хугацаа, шалтгаан, үйлдвэрлэл, үйлчилгээнд учруулсан шууд бус хохирлын хэмжээ болон хангагч, хэрэглэгчийн төлөөлөгчийн нэр, албан тушаалыг тодорхой бичиж гарын үсэг зурж, хангагч, хэрэглэгчийн холбогдох албан тушаалтан баталгаажуулсан байна.
10.4. Актыг талууд 5 хоногийн дотор хамтран тогтоож, хохирлыг 2 сарын дотор буруутай тал хариуцан төлнө.
10.5. Хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээг гуравдагч этгээд гэмтээж хохирол учруулсан тохиолдолд (шинээр барилга барих, газар шорооны ажил хийх үед) хэрэглэгч, хангагч хамтран акт тогтоож буруутай этгээдээр хохирлыг арилгуулах, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаатай болгох асуудлыг хамтран шийдвэрлэнэ.
10.6. Чанарыг бууруулан түгээсэн дулааны эрчим хүчний төлбөр тооцоог тухайн хэрэглэгчийн хянах хэмжих хэрэгслийн заалтаар тогтоож хийнэ.
10.7. Дулааны эрчим хүчний тасалдлаас учирсан шууд бус хохирлыг арилгах талаар гэрээнд тодорхой тусгасан байна.
10.8. Эрчим хүч ашиглах дүрэм, горим, гэрээг зөрчиж хууль бусаар хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнийг хэрэглэгч нөхөн төлнө.
10.9. Дараахь тохиолдолд дулааны эрчим хүч тасалснаас хэрэглэгчид учирсан хохирлыг хангагч хариуцахгүй. Үүнд:
10.9.1. байгалийн гэнэтийн аюул (усны үер, гал түймэр, газар хөдлөлт гэх мэт) тохиолдсон;
10.9.2. хэрэглэгч болон бусад байгууллага, иргэний буруутай үйл ажиллагаанаас үүссэн;
10.9.3. дулааны эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлсэн.
Арван нэг. Хяналт, хариуцлага
11.1. Энэ дүрмийн биелэлтэд эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Эрчим хүчний зохицуулах хороо, аймаг, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан, ажилтан, мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч хяналт тавина.
11.2. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага эрчим хүчний хангамж, мөрдөж байгаа үнэ тарифын үндэслэлд олон нийтийн хяналт тавина.
11.3. Хангагч, хэрэглэгч талууд хоорондоо зөвшилцөн шийдвэрлэж чадаагүй дулааны эрчим хүчний хангамж, хэрэглээтэй холбогдсон маргааныг Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
11.4. Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----о0о----
Текст томруулах
A
A
A