- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУГАМ СҮЛЖЭЭГ ХАМГААЛАХ ДҮРЭМ
Засгийн газрын 2020 оны 97 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУГАМ СҮЛЖЭЭГ ХАМГААЛАХ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ дүрмээр эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох, түүний хүрээнд ажил, үйлчилгээ явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
Хоёр. Эрчим хүчний шугам сүлжээний
хамгаалалтын зурвас
2.1. Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтооно.
2.2. Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг дор дурдсан нөхцөл, хэмжээг баримтлан тогтооно:
№ |
Шугам сүлжээний ангилал |
Хүн оршин суудаггүй газраар өнгөрөх нөхцөлд |
Хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд |
Дэд станц, дулаан дамжуулах төв, хуваарилах байгууламж |
Газар дээр ил байрласан |
Газар дор байрласан |
Усан дор байрласан |
Ой, цэцэрлэг дундуур өнгөрөх нөхцөлд |
Шугамын захын утаснаас хоёр тийш |
Тал бүр тийш |
Шугамаас хоёр тийш |
Шугамын захын утаснаас хоёр тийш |
|||||
1. |
Цахилгаан дамжуулах шугам: а/ 1кВ хүртэл |
- |
1-1,5 м |
- |
- |
- |
- |
- |
б/1-20 хүртэл кВ |
10 м |
2 м |
10 м |
- |
- |
- |
2 м |
|
в/35 кВ |
15 м |
4 м |
15 м |
- |
- |
- |
3 м |
|
г/110 кВ |
20 м |
5 м |
20 м |
- |
- |
- |
3 м |
|
д/220 кВ |
25 м |
6 м |
25 м |
- |
- |
- |
4 м |
|
е/330-500 кВ |
30 м |
10 м |
30 м |
- |
- |
- |
5 м |
|
2. |
Кабель шугам |
- |
- |
- |
- |
1 м |
100 м |
- |
3. |
Дулааны шугам: а/500 мм хүртэл голчтой |
- |
- |
5 м |
3 м |
5 м |
- |
- |
б/500 мм-ээс дээш голчтой |
- |
- |
5 м |
5 м |
7 м |
- |
- |
|
4. |
Үнсэн сан |
|
|
30 м |
|
|
|
|
2.3. Дэд станц, хуваарилах байгууламж, ой, тариа, ногооны талбайд байрших тохиолдолд түүний эргэн тойрон 25 м газарт ой байлгах, үр тариа, төмс, хүнсний ногоо тариалахыг хориглоно.
2.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүчний шугам сүлжээ эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлт, эрчим хүчний шугам сүлжээний зурвасын зураглалыг үндэслэн Эрчим хүчний тухай хуулийн 33.2-т заасны дагуу хамгаалалтын зурвасыг тогтооно.
2.5. Усны үер, гал түймэр, газар хөдлөлт зэрэг байгалийн гэнэтийн аюул болон үйлдвэрлэлийн ослын улмаас эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл гарсан тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тэдгээрийг хамгаалах болон гэмтлийг арилгах талаар шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулна.
2.6. Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр, хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
2.7. Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт эрчим хүчний шугам сүлжээ барьж байгуулах зайлшгүй шаардлага гарвал түүний улмаас үүдэн гарах бүхий л зардлыг шугам сүлжээг бариулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
Гурав. Хамгаалалтын зурваст ажил,
үйлчилгээ явуулах
3.1. Хамгаалалтын зурваст инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, авто замын гарц гаргах, газар шорооны ажил гүйцэтгэхдээ эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлийг авсан байна.
3.2 Хамгаалалтын зурваст эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн горим, ажиллагааг алдагдуулах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
3.3. Эрчим хүчний шугам сүлжээг шилжүүлэх, түүнд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлыг хүсэлт тавьсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хариуцаж, шугам сүлжээг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлийг авч түүний хяналтын дор гүйцэтгэнэ.
3.4. Эзэмшигч байгууллага нь хамгаалалтын зурвас дотор байрласан газар доорх инженерийн шугам сүлжээний байршлын зураглалыг эрчим хүчний хангагч байгууллагад өгсөн байвал зохино.
3.5. Хамгаалалтын зурвас дотор газар шорооны ажил гүйцэтгэсний дараа хамгаалалтын зурвасын талбайг хэвийн байдалд нь оруулан сэргээнэ.
3.6. Хамгаалалтын зурвас дотор тарьсан мод бут нь шугам сүлжээнд хор хохирол, гэмтэл учруулах буюу үзлэг үйлчилгээ хийхэд саад болох тохиолдолд мод, бут эзэмшигч нь түүнийг шилжүүлэн суулгах, тайрах, огтлох үүрэгтэй.
Дөрөв. Эрчим хүчний шугам сүлжээг
эзэмшигчийн үүрэг
4.1. Эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ:
4.1.1. хамгаалалтын зурваст дэглэм сахиулах, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах ажлыг гүйцэтгэх;
4.1.2. автомашины замын дээгүүр дулаан дамжуулах шугам гарсан нөхцөлд тухайн хэсэгт тээврийн хэрэгслийн (ачаатай болон ачаагүй) өндөр, өргөний хэмжээг заасан тэмдэг санамжийг замын ашиглалт хариуцсан байгууллагатай хамтран тавих;
4.1.3. ой дундуур цахилгаан дамжуулах шугам гарсан тохиолдолд хамгаалалтын зурвас доторх унанги мод, мөчир, гишүүг цэвэрлэж байх;
4.1.4. шугам сүлжээний хамгаалалтын зурвасын байршлын зураглалыг хийх, хамгаалалтын зурвасыг тогтоолгох тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаар гаргуулах;
4.1.5. дулааны шугамыг хөрсний эвдрэлээс үүсч болох гэмтэл, бусад нөлөөлөл, бохирдлоос хамгаалах;
4.1.6. хамгаалалтын зурвас зөрчсөн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангахгүй байх талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нар хамтран хяналт тавьж, хэрэгжүүлэх.
Тав. Дүрмийн биелэлтэд тавих хяналт,
хүлээлгэх хариуцлага
5.1. Энэхүү дүрмийн биелэлтэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, эрчим хүчний зохицуулагч болон хяналтын улсын байцаагч, эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага өөр өөрийн чиглэлээр хяналт тавина.
5.2. Энэхүү дүрмийг зөрчсөн этгээдэд Эрчим хүчний тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----о0о----
Текст томруулах
A
A
A