- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо,
Харилцаа холбооны зохицуулах хорооны
2020 оны 18/22 дугаар хамтарсан тогтоолын 1 дүгээр хавсралт
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ
НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Олон нийтийн радио, телевиз болон бусад радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхэд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавина.
1.3.Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан радио, телевизэд Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, суваг, радиогийн үйлчилгээ эрхлэгчид хамаарна.
1.4.Радио, телевиз, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, дамжуулахад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио,
телевизийг бүртгэх
2.1.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэхүү журмын 3.7-д зааснаас бусад радио, телевизийн үндсэн сувгийн жагсаалтыг эзэмшлийн мэдээллийн хамт сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө батлагдсан маягтын дагуу гаргаж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.
2.2.Энэ журмын 2.1-д заасны дагуу жагсаалтад орсон радио, телевиз нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д заасны дагуу сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг Харилцаа холбоооны зохицуулах хороонд ирүүлэх эрхтэй байна.
2.3.Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягт гаргаж, цахим хуудсаар мэдээлнэ.
2.4.Энэ журмын 2.3-т заасан мэдэгдлийн маягтад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д заасан мэдээлэл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, энэхүү журмыг мөрдөж ажиллах тухай мэдэгдэл гаргагчийн баталгаа, сонгуулийн үеэр харилцах эрх бүхий албан тушаалтны холбоо барих мэдээллийг багтаасан байна.
2.5.Энэ журмын 2.2-т заасан радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягтыг бөглөж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9.1-46.9.3-т заасан баримтыг бүрдүүлэн хуульд заасан хугацаа дуусахаас өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэхээр ирүүлнэ.
2.6. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9.1-д заасан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх цагийн хуваарийг гаргаж ирүүлэхдээ сонгуулийн сурталчилгаа дамжуулах нийт хугацааны туршид сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, рекламны цагийг хөтөлбөрийн сүлжээнд хуваарилж, төлөвлөсөн байна.
2.7.Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээс ирүүлсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бүртгэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д заасан баримт бичгийг хянаж, шалгана.
2.8.Харилцаа холбооны зохицуулах хороо дараах шаардлага хангасан радио, телевизийг бүртгэнэ:
2.8.1.энэ журмын 2.1-т заасан жагсаалтад орсон;
2.8.2.мэдэгдлийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн;
2.8.3.мэдэгдэлд хавсаргасан баримт бичиг бүрэн гүйцэт ирүүлсэн;
2.8.4.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн санал нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д нийцсэн;
2.8.5.сонгуулийн сурталчилгаа явуулахаар тогтоосон хуваарь нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д нийцсэн.
2.9.Энэ журмын 2.8-д заасан шаардлага хангаагүй радио, телевизийг бүртгэхээс татгалзана.
2.10.Харилцаа холбооны зохицуулах хороо радио, телевизээс ирүүлсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд үндэслэлийг мэдэгдэлд дурдсан цахим хаягаар 48 цагийн дотор шуурхай мэдэгдэх бөгөөд радио, телевиз нь хуульд заасан хугацаанд дахин мэдэгдэл гаргах эрхтэй.
2.11.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 2.8-д заасны дагуу хянаж бүртгэсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг баталж, цахим хуудсандаа байршуулан нийтэд ил тод мэдээлнэ.
2.12.Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг гаргахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.12, 46.18-д заасан зарчмыг баримтална.
2.13.Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналаа Харилцаа холбооны зохицуулах хороонд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.
2.14.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг энэ журмын 2.12-т заасан зарчмыг хангасан эсэхийг хянаж, сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 7-гоос доошгүй хоногийн өмнө баталж, цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.
Гурав. Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио,
телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх
3.1.Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т заасныг баримтлахаас гадна хөтөлбөрт тусгасан бусад зар сурталчилгаа, нэвтрүүлгээс тодорхой ялган илэрхийлж, эх сурвалжийг заавал дурдана.
3.2. Радио, телевиз нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.12-т заасны дагуу сонгуульд оролцогч бүх нам, эвсэл, нэр дэвшигчид тэгш хандах үүргийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
3.2.1.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хуваарь, цаг, үнэ тарифын саналыг батлан нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хүргүүлж, өөрийн байгууллагын цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлэх;
3.2.2.энэ журмын 3.2.1-д заасан саналыг баримтлан гэрээ байгуулахдаа ижил нөхцөл, боломж олгох;
3.2.3.баталсан хуваарийн дагуу гэрээ байгуулсан нам, эвсэл, нэр дэвшигчдэд цаг олгохдоо нэг долоо хоногт нэг нам, эвсэл, нэр дэвшигчийг дагнан
нэвтрүүлэхгүй, жигд хуваарилах;
3.2.4.зөвхөн нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, мэдээ, мэдээллийг дагнан нэвтрүүлэхгүй байх.
3.3.Радио, телевиз нь энэ журмын 3.1, 3.2-т заасан зарчмыг баримтлан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, энэ журамд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй байна.
3.4.Радио, телевиз нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.16-д заасан сонгуульд оролцогч нам эвсэл, нэр дэвшигчийн зүгээс бэлтгэн нийлүүлсэн мэдээг мэдээллийн хөтөлбөрөөс тусад нь энэ журмын 3.1-т заасныг баримтлан нэвтрүүлнэ.
3.5.Радио, телевиз нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.13-д заасныг хэрэгжүүлж, сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ мэдээллийг олон талын эх сурвалжаар баталгаажуулж, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг мөрдөж ажиллана.
3.6.Зар сурталчилгааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3, 11.4-т заасны дагуу улс орны болон олон улсын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаарх тогтмол мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг, сургалтын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн дундуур сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй байна.
3.7.Хүүхэд, теле-худалдааны төрөлжсөн суваг болон төлбөрт сувгаар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй байна.
3.8.Сонгуулийн талаарх дараах нэвтрүүлэг, сурталчилгааг сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй болно. Үүнд:
3.8.1.нам, эвсэл, нэр дэвшигчид болон сонгуулийн үйл явцын тухай радио, телевизийн өөрийн редакцийн бэлтгэсэн мэдээ, сурвалжлага, тойм;
3.8.2.сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг, сурталчилгаа;
3.8.3.улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг;
3.8.4.сонгуулийн хороодын албан ёсны мэдээ.
3.9.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.17-д заасны дагуу улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөр нэвтрүүлэхдээ оролцсон нам, эвсэл, бие даагч болон нэр дэвшигчдийн нэрийг намын харъяаллын хамт тодорхой илэрхийлнэ.
3.10.Телевиз нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2.4-т заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл болон улс төрийн мэтгэлцээн бэлтгэн хүргэхдээ хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай гаргана.
3.11.Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааг зогсоохдоо өөрийн албан ёсны цахим хуудсанд байршуулсан сонгуулийн сурталчилгаа, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-т заасан сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөрийг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл хязгаарлах арга хэмжээ авсан байна.
3.12.Олон нийтийн радио, телевиз болон бусад радио, телевиз нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасны дагуу сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх тайланг өөрийн цахим хуудсаар эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлж, нотлох баримтын хамт шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.
3.13.Радио, телевиз нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9.1-д заасан сурталчилгааны цагийн хуваарьт зайлшгүй өөрчлөлт оруулах тохиолдолд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.12, энэ журмын 3.2-т заасан зарчмыг хангаж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж ажиллана.
3.14.Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаатай холбоотой баримт болон сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх хуваарь, үнийн санал, гэрээ, эфирийн бичлэгийг нотлох баримт болгож 6 сараас доошгүй хугацаагаар хадгална.
Дөрөв. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн хүлээх үүрэг
4.1.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
4.1.1.үйлчилгээнийхээ байнгын тасралтгүй ажиллагааг бүрэн хангаж, радио, телевизийн сувгийн дуу, дүрсийн чанарыг санаатайгаар бууруулахгүй байх, радио, телевизийн дохио, сигналыг таслахгүй байх, сувгийн дарааллыг өөрчлөхгүй байх зарчмыг хангаж ажиллах;
4.1.2.үйлчилгээний талаарх мэдээлэл, заавар зөвлөмж өгөх зориулалттай промо суваг, нүүр хуудас (постер)-аар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх;
4.1.3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасны дагуу өөрийн сүлжээгээр дамжиж байгаа сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн ухраах, нөхөж үзэх үйлчилгээг санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас эхлэн санал авах хугацаа дуусах хүртэл зогсоох;
4.1.4.интернэтэд суурилсан олон суваг дамжуулах үйлчилгээ (ОТТ)-нд энэ журмын 4.1.3 мөн адил хамаарна.
4.2.Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48.14-т заасны дагуу радио, телевизийн үйл ажиллагааг зогсоох тухай улсын байцаагчийн дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн тохиолдолд, тус хорооноос тухайн радио, телевизийн хөтөлбөр дамжуулах эрхийг хязгаарлах тухай албан бичгийг дээрх дүгнэлтийн хамт хүргүүлснээр хөтөлбөр дамжуулалтыг дүгнэлтэд дурдсан хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авна.
4.3.Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39.6, 48.11-т заасны дагуу хяналт, мониторингийн дүнд үндэслэн радио, телевизийн дамжуулалтыг зогсоох тухай шийдвэрийг хүргүүлсэн тохиолдолд тухайн радио, телевизийн хөтөлбөрийг өөрийн сүлжээгээр дамжих эрхийг тухайн шийдвэрт заасан хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авна.
Тав. Сонгуулийн сурталчилгаанд тавих хяналт
5.1.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон энэ журамд заасны дагуу радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллана.
5.2.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.4, 46 дугаар зүйлийн 46.2, 46.6, 46.7, 46.10, 46.11, 46.14, 46.16, 46.17, 46.26, 48 дугаар зүйлийн 48.8, 48.9 дэх заалтуудын хэрэгжилтэд мониторингийн аргаар хяналт тавьж ажиллана.
5.3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6, 46.7, 46.14-т заасан сонгуулийн сурталчилгааны болон мэдээний хоногт гарах нийт хугацаанд тухайн нэвтрүүлгийн давталт хамаарна.
5.4.Энэ журмын 3.1-т заасныг хангаагүй, сонгуулийн сурталчилгаа гэдгээ тодорхой илэрхийлээгүй, эх сурвалжийг дурдаагүй аливаа нам, эвсэл, нэр дэвшигчид хамаарах төлбөрт, захиалгат нэвтрүүлэг нэвтрүүлсэн бол сонгуулийн сурталчилгааны хугацаанд хамааруулж тооцно.
5.5.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.14-т заасан мэдээний хоногт гарах таван минутын хугацааг мэдээний нэвтрүүлэгч тухайн мэдээг танилцуулж эхэлсэн хугацаанаас эхлэн тооцно.
5.6.Радио, телевизийн нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгааны хугацааг өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагад заасан зар сурталчилгааны хязгаарлалтад оруулж тооцохгүй.
5.7.Энэ журмын 3.1-д заасныг зөрчиж дараахь нэвтрүүлэг гаргасан бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д заасныг мөрдөөгүй гэж үзнэ. Үүнд:
5.7.1.сонгуулийн сурталчилгаа гэдгээ тодорхой илэрхийлээгүй, эх сурвалжийг дурдаагүй төлбөрт, захиалгат нэвтрүүлэг нэвтрүүлсэн;
5.7.2.эх сурвалжийг тодорхой дурдаагүй аливаа нэвтрүүлэгт улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн таних тэмдэг, уриа, намын далбаа, зураг, дүрс, нэрийг үзэгч, сонгогчдод сонгуулийн сурталчилгаа гэж ойлгогдохуйц байдлаар харуулах, байршуулах, дууны үгэнд дурдсан.
5.8.Радио, телевиз нь энэ журмын 3.4, 3.6, 3.9, 3.11, 5.12-т заасныг зөрчсөн бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.24-т заасан арга хэмжээ авна.
5.9.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 энэ журмын 3.1-д заасныг зөрчсөн, 5.7–д заасан нэвтрүүлэг гаргасан нь хяналтын дүнгээр илэрсэн, 46 дугаар зүйлийн 46.12, 46.18, энэ журмын 3.2, 3.3, 3.13-т заасан асуудлаар гомдол, мэдээлэл ирсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад холбогдох нотлох баримт, мэдээллийг шилжүүлнэ.
5.10.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.13, 39 дүгээр зүйлийн 39.5, энэ журмын 3.5, 3.12-т заасан асуудлаар гомдол маргаан ирсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад холбогдох мэдээллийн хамт шилжүүлнэ.
5.11.Харилцаа холбооны зохицуулах хороо нь хяналт тавихад ашиглаж байгаа мэдээ, мэдээллийг энэ журамд зааснаас өөр зорилгоор ашиглахгүй.
5.12.Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа радио нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд эфирийн нийт цагийн бичлэгийг тогтмол, тасалдалгүй хийж, Харилцаа холбооны зохицуулах хороонд хуваарийн дагуу ирүүлнэ.
5.13.Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгааны хяналтын дүн мэдээ, хяналт тавьж ажилласан талаарх тайланг олон нийтэд мэдээлж ажиллана.
5.14.Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллахтай холбоотой эрх бүхий байгууллагууд нь хамтран ажиллах албан тушаалтны нэр, албан тушаал, хөдөлгөөнт болон суурин утасны дугаар, факсын дугаар, цахим шуудангийн хаягийн талаарх мэдээллийг солилцоно.
5.15.Эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, энэхүү журмын хэрэгжилттэй холбоотой хяналтын дүн мэдээ, ирүүлсэн гомдол, мэдээлэл, хууль, журамд заасан зөрчлийн талаарх дүгнэлт, шийдвэрийг цахим шуудан, факсаар нэн даруй холбогдох газарт хүргүүлэх бөгөөд албан бичгийг шуудангаар хүргүүлнэ.
Текст томруулах
A
A
A