A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны

 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн

 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

СОНГУУЛЬ АЖИГЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Сонгууль ажиглахтай холбогдсон үйл ажиллагаанд энэ журам болон сонгуулийн тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

1.3.Дараах этгээд 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг ажиглагчаар томилон ажиллуулж болно.

1.3.1.сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч;

1.3.2.Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага;

1.3.3.гадаадын болон олон улсын байгууллага;

1.3.4.гадаад улсын иргэн.

1.4.Нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч санал авах байранд 4 хүртэл, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага санал авах байранд 2 хүртэл ажиглагчийг ажиллуулах эрхтэй.         

Хоёр. Ажиглагч бүртгүүлэх хүсэлт гаргах

2.1.Энэ журмын 1.3.1, 1.3.2-т заасан этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ бүртгэлийн маягтын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ.

2.2.Бүртгүүлэх хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

2.2.1.ажиглагчаар томилсон шийдвэрийн хуулбар;

2.2.2.ажиглагчийн бүртгэлийн маягт;

2.2.3.нэг хувь 3х4 хэмжээтэй цээж зураг;

2.2.4.иргэний үнэмлэхийн хуулбар.

2.3.Гадаадын болон олон улсын байгууллага, гадаад улсын иргэн /цаашид “гадаадын ажиглагч” гэх/ сонгууль ажиглах, ажиглагч бүртгүүлэх хүсэлтээ дараах баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ:

2.3.1.маягтын дагуу гаргасан ажиглагчийн өргөдөл;

2.3.2.нэг хувь 3х4 хэмжээтэй цээж зураг;

2.3.3.гадаад паспортын хуулбар.

Гурав. Ажиглагчийг бүртгэх, үнэмлэх олгох

3.1.Сонгуулийн ерөнхий хороо энэ журмын 2.3-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор бүртгэж, хуульд заасан шаардлага хангасан этгээдэд гадаадын ажиглагчийн үнэмлэх олгоно.

3.2.Хэсгийн хороо энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, санал авах өдрөөс 2-оос доошгүй хоногийн өмнө бүртгэж, хуульд заасан шаардлага хангасан этгээдэд ажиглагчийн үнэмлэх олгоно.

3.3.Гадаадын ажиглагчийн орчуулагч нь гадаадын ажиглагчийн нэгэн адил бүртгүүлж, үнэмлэх авсан байна.

3.4.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо өөрийн харьяалах сум, дүүргийн сонгуулийн хороодоос сонгуулийн хэсэг тус бүрээр гаргасан ажиглагчдын талаарх мэдээллийг нэгтгэн, санал авах өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

Дөрөв. Сонгууль ажиглах

4.1.Ажиглагч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглах бөгөөд сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан эрх эдэлнэ.

4.2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.12, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.12-т заасны дагуу санал авах байрын багтаамжаас хамаарч бүх ажиглагч санал авах байранд нэгэн зэрэг ажиглалт хийх боломжгүй бол хэсгийн хороо ажиглагч томилох эрх бүхий этгээдийн тус бүр нэг ажиглагчийг ээлжээр ажиглалт хийх боломжоор хангана.

4.3.Ажиглагч сонгуулийн хууль тогтоомж илтэд зөрчсөн шинжтэй үйлдэл гаргасан тохиолдолд хэсгийн хорооны дарга цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

4.4.Ажиглагч нь хэсгийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцох, хуульд заагаагүй эрх эдлэхийг шаардах эрхгүй.

4.5.Ажиглагч энэ журам болон сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хэсгийн хорооны дарга ажиглагчийн бүртгэлийг хүчингүй болгож, санал авах байраас гаргана.

Тав. Бусад

5.1.Сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар хүсэлт гаргасан этгээд нь сонгууль ажиглахтай холбогдон гарах зардлаа бүрэн хариуцна. Гадаадын ажиглагчийн Монгол Улсад зорчих эрх, Монгол Улсад байх зөвшөөрөл болон сонгууль ажиглахтай холбогдон гарах бусад зардлыг түүнийг урьсан болон илгээсэн тал, эсхүл ажиглагч өөрөө хариуцна.

5.2.Ажиглагч сонгуулийн тухай хууль болон энэ журамд заасныг зөрчвөл холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.