A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 84 дүгээр
        тогтоолын хавсралт

 

АХМАД НАСТНЫ ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН
ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР


Нэг. Ерөнхий мэдээлэл

Монгол Улсын хүн ам насжиж байна. Ахмад настны хүн ам зүйн ачаалал       1989-2000 он хүртэл эрчимтэй буурсан бол 2000 оноос хойш тогтворжиж, 2017-2018 оноос нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. 2009-2018 онд нийт ахмад настны тоо 44.3 хувиар, насны ангиллаар авч үзвэл 55-59 насныхан 1.9 дахин, 60-64 насныхан 1.7 дахин, 65-69 насныхан 13.4 хувиар, 70-аас дээш насныхан 17.6 хувиар тус тус өсжээ. Үүнд төрөлтийн өндөр түвшинтэй 1960-аад оны үеийн хүүхдүүд ахмад настны эгнээнд шилжиж, монгол хүний дундаж наслалт нэмэгдэж байгаа нь нөлөөлж байна. Хүн ам насжихын зэрэгцээ монгол гэр бүл, өрхийн бүтэц, хэв маяг өөрчлөгдөж байна. 2009-2018 оны хоорондох 10 жилд нийт өрхийн тоо 178.0 мянгаар, үүнээс хотын өрх 150.0 мянгаар, хөдөөний өрх 28.0 мянгаар нэмэгджээ. Энэ хугацаанд өрх үүсгэн ганц бие амьдарч байгаа ахмад настны тоо 1.8 дахин өссөн байна.  Энэ нь хөдөөд ажлын байр хомс, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, чанар хангалтгүй зэргээс хот руу чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн эрчимжсэнтэй холбоотой. Ахмадаа асран хүндлэх зан заншил, ёс зүйг хотынхноос илүү эрхэмлэдэг хөдөөд өрхийн тоо төдийлөн өсөхгүй, хотод хүн ам хэт төвлөрч, ялангуяа ганц бие ахмад настан олширч байгаа нь ахмад настанд үзүүлэх нийгмийн халамж, урт хугацааны тусламж үйлчилгээний нэр төрөл, хүртээмж чанарыг нэмэгдүүлэх хэрэгцээг бий болгож байна.

Анх 1925 онд нийслэл хүрээнд “Өнчин ядуусыг тэтгэх газар” байгуулагдсанаар Монгол Улсад төрөлжсөн асрамжийн үйлчилгээний эхлэл тавигдсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн болон орон нутгийн өмчит 8, хувийн хэвшлийн 4, нийт 12 асрамжийн газар үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 386 асруулагч үйлчлүүлж байна. Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар асрамжийн газруудыг төрөлжүүлэх ёстой боловч ихэнх асрамжийн газарт асруулагчид ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд гэж холилдсон байна. Үүнд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй болох, хөгжлийн бэрхшээлтэй хүн ахмад насанд шилжих тохиолдолд асруулагч дассан газар, хамт олноосоо холдох хүсэлгүй байдаг, асруулагч шинээр авах тохиолдолд аль сул ортой газарт нь хуваарилах, асрамжийн газруудын үйлчилгээний төрөл, хэлбэр, асруулагчдын ангилал тодорхойгүй зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Нэг асрамжийн газарт чадварын түвшин ялгаатай, өөр эрэлт хэрэгцээтэй асруулагчид амьдарч байгаа нь асрамжийн газраас тэдэнд зориулан олон төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжийг хязгаарлаж үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байна.

Нийгмийн халамжийн тухай хуульд заасан журмын дагуу 2017 онд хийсэн “Төрөлжсөн асрамжийн газруудыг магадлан итгэмжлэх, ажил, үйлчилгээ явуулах эрх олгох” үйл ажиллагааны үр дүнгээс үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн                  3, хувийн өмчийн 2 асрамжийн газар стандартын шаардлага хангасан байна. 
Асрамжийн газруудад хөрөнгө оруулалт дутагдалтай, санхүүжилтийн механизм зохистой биш, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн засвар, шинэчлэл шаардлагаас хоцрогдсон зэрэг нь үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн тав тухыг хангахад сөрөг нөлөө үзүүлж байна.

2009-2018 оны хооронд эдийн засаг жил бүр өссөн үзүүлэлттэй, төсвийн зарлага байнга өсөн нэмэгдсэн ч асрамжийн газруудын насанд хүрэгчдийн хоолны норм, илчлэгийн хэмжээ, зардлын дундаж норматив болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэний хувцас, ариун цэврийн болон хичээлийн хэрэглэлийн зардлын дундаж норматив, эдэлгээний хугацаа, асрамжийн газарт зайлшгүй байх эмийн жагсаалт зэргийг 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш шинэчлээгүй, санхүүжилтийг нормативын дагуу олгохгүй байна. Тэгвэл 2014-2018 онд инфляцын түвшин 31.7 хувиар, хүнсний барааны хэрэглээний үнийн индекс      21.2 хувиар, хувцас, бөс бараа, гутлын хэрэглээний үнийн индекс 35 хувиар, эм тариа, эмнэлгийн хэрэгслийн хэрэглээний үнийн индекс 42.0 хувиар тус тус нэмэгджээ. Түүнчлэн асруулагчдын хувцас, ариун цэврийн хэрэгсэл, бусад хэрэглээний зүйлсийг худалдан авах, хувийн хэвшлийн асрамжийн газарт санхүүжилт олгох зэрэг үйл ажиллагаанд тендерийн арга хэрэглэдэг нь санхүүжилт хийгдэхгүй хугацаа алдах, энэ үед асрамжийн газруудын үйлчилгээ доголдоход хүргэж байна. 

Ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин хөлс бага, нийгмийн баталгаагүй, чадавх нэмэгдүүлэх сургалт арга хэмжээ дутагдалтай зэрэг нь тэдний тогтвор суурьшил, үйлчилгээний чанарт сөрөг нөлөөлж байна.

Асруулагчдад эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэх явдал хүндрэлтэй байна. Ялангуяа алслагдсан байршилд орших асрамжийн газрын асруулагчид II болон III шатны эмнэлгээр үйлчлүүлэхэд хүндрэл  бэрхшээлтэй байна.

Нийгмийн халамжийн тухай хуульд тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсхүл тэжээн тэтгэх хүүхэд нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй, тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь тухайн ахмад настны эсрэг хүчирхийлэл үйлдэх явдал гардаг бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настанг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулахаар зохицуулсан ч нийгэм, хүн ам зүй, гэр бүлийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас үйлчилгээний хамрах хүрээ, нэр төрлийг өргөжүүлэх шаардлага бий болсон байна.

Дээрх нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.26-д “Ахмад настны асаргаа үйлчилгээ, сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээг өргөжүүлж, хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулахыг дэмжинэ” гэсэн бодлогын зорилтыг хангахад “Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр” чиглэгдэх болно.

Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

2.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

       2.1.1. шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрөөс хүн амын талаар баримтлах бодлого болон нийгмийн халамжийн шинэчлэлийн бодлоготой нийцүүлж нийгмийн хамгааллын талаар авч хэрэгжүүлж байгаа салбарын стратегитэй уялдуулсан байх;

        2.1.2. ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэл хийхэд салбар дундын үйл ажиллагаа, харьяа байгууллагуудын ажлын уялдаа холбоо, оролцогч талууд, гадаад, дотоодын донор байгууллагуудын оролцоог бүрэн дүүрэн хангах;

       2.1.3. төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлах, иргэд олон нийтийн оролцоог дэмжих, салбар дундын болон төв, орон нутгийн байгууллагын уялдааг хангах, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн таатай нөхцөлийг бий болгосон байх;

       2.1.4. үйлчилгээний орчин нөхцөл, асаргаа сувилгааны чанар, хүртээмжийг сайжруулахдаа үйлчлүүлэгч төвтэй байх зарчмыг хэрэгжүүлэх;

       2.1.5. үндэсний хэмжээнд төрөлжсөн асрамжийн үйлчилгээний мэргэшсэн, тогтвортой хүний нөөцийг бүрдүүлсэн байх.

Гурав. Хөтөлбөрийн зорилго

3.1. Энэ хөтөлбөрийн зорилго нь ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээний хууль, эрх зүйн орчин, санхүүжилтийн тогтолцоо, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох замаар ахмад настанд үзүүлэх асрамжийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад оршино.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт

4.1. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

       4.1.1. төрөлжсөн асрамжийн үйлчилгээний хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

       4.1.2. төрөлжсөн асрамжийн үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, хамрах хүрээг өргөжүүлэх;

       4.1.3. төрөлжсөн асрамжийн үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжүүлэх арга замыг боловсронгуй болгох;

       4.1.4. төрөлжсөн асрамжийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, хүртээмж, чанарыг сайжруулах.

Тав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх
           үйл ажиллагаа

5.1. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

        5.1.1. төрөлжсөн асрамжийн үйлчилгээний тодорхойлолт, нэр төрөл, хэлбэр, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчлүүлэгчийн ангилал, эрх, үүргийн хүрээ, үйлчлүүлэгчээс авах үйлчилгээний төлбөрийн хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлтийн нөхцөл болон бусад асуудлуудыг Нийгмийн халамжийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулах;

        5.1.2. төрөлжсөн асрамжийн үйлчилгээний санхүүжилт, хөрөнгө оруулалт, бараа, үйлчилгээ худалдан авах зэрэг үйл ажиллагаатай холбогдох харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгож, шаардлагатай бол Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах;

        5.1.3. хувийн хэвшлийн болон төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээг өргөжүүлэх;

        5.1.4. ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээг даатгалын хэлбэрээр шийдэх асуудлыг судлан, хууль тогтоомжид тусгах талаар шийдвэрлэх.

5.2. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, хамрах хүрээг өргөжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

        5.2.1. төрөлжсөн асрамжийн үйлчилгээний ажилтан албан хаагч, үйлчлүүлэгчийн дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

        5.2.2. төрөлжсөн асрамжийн газруудын үйлчилгээний чиглэл, хүчин чадал (үйлчлүүлэгчийн тоо), үйлчлэх хүрээ зэргийг үндэслэн үндэсний, бүсийн, орон нутгийн гэж ангилан асрамжийн төв, цогцолбор болгон төрөлжүүлэх асуудлыг үе шаттай шийдвэрлэх;

        5.2.3. төрөлжсөн асрамжийн газруудын ажилтнуудын эрэлт хэрэгцээнд үндэслэн чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах;

        5.2.4. асрамжийн газруудын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж, ажилтнуудын цалин хөлс, урамшууллын асуудлыг судлан шийдвэрлэх.

5.3. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжүүлэх арга замыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

        5.3.1. төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэний хоол, хүнс, хувцас, эм тариа, ариун цэврийн болон зөөлөн эдлэлийн нэг хүнд ногдох зардлын нормативыг инфляцын түвшинтэй уялдуулан шинэчлэн тогтоох;

        5.3.2. асруулж байгаа иргэний нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэврийн 30 хувийг асрамжийн газарт олгож байгаа өнөөгийн төлбөрийн тогтолцоог боловсронгуй болгож, нэг хүнд ногдох зардлын нормативыг үндэслэн үйлчилгээний төлбөрийн суурь хэмжээг тогтоох;

        5.3.3. хувийн асрамжийн газруудын үйлчлүүлэгч иргэнээс авах төлбөрийн дээд хязгаарыг үйлчилгээний төрлөөр ялгаатай тогтоож, төрөөс санхүүжилт олгох арга замыг боловсронгуй болгох;

        5.3.4. төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэний байнгын асаргаа сувилгаанд шаардагдах эм, хэрэгсэл (тос, живх, боолт, хиймэл арьс зэрэг)-ийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх;

        5.3.5. төрийн болон орон нутгийн өмчит асрамжийн газруудын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах, орчны тав тух, дэд бүтцийг сайжруулахад зориулсан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх;

        5.3.6. иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд асрамжийн газарт өгсөн хөрөнгө, хандивыг хүлээн авч бүртгэх, зарцуулах, хяналт тавих нэгдсэн эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, мэдээллийг ил тод болгох.

5.4. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, хүртээмж, чанарыг сайжруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       5.4.1. иргэдийн эрэлтэд нийцүүлэн төрөлжсөн асрамжийн газруудаас түр хугацааны болон гэрээр асаргаа, сувилгаа үзүүлэх төлбөрт үйлчилгээг үе шаттай нэвтрүүлэх;

        5.4.2. оюуны хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн өвчтэй хүнд зориулсан асрамж, үйлчилгээний төвийг нийслэл хотод, шаардлагатай бол уг төвийн салбарыг бусад аймагт байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх;

        5.4.3. ахмад настныг түр байрлуулан асрамжлах өдрийн үйлчилгээг өргөжүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэртээ авч асарч байгаа иргэнд үйлчилгээний зардал олгох зэргээр төрөлжсөн асрамжийн хувилбарт үйлчилгээг туршин нэвтрүүлэх;

        5.4.4. төрөлжсөн асрамжийн үйлчилгээний стандартыг үйлчилгээний төрөл, хэлбэрт нийцүүлэн шинэчилж мөрдүүлж, хэрэгжилтийн байдалд жил бүр ажиглалт судалгаа, хяналт, шалгалт хийж, арга зүйн зөвлөмжөөр хангах;

        5.4.5. ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа иргэн болон асруулагчид олгох асаргааны тэтгэмж, тусламжийг тэдний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэн сайжруулж, тэтгэмжийн хэмжээг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлэх.

3ургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

6.1. Хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

       6.1.1. нэгдүгээр үе шат: 2020-2021 он;

            6.1.2. хоёрдугаар үе шат: 2022-2023 он.

Долоо. Хөтөлбөрийн хүрэх үр дүн

7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

       7.1.1. төрөлжсөн асрамжийн үйлчилгээний хууль, эрх зүйн орчин боловсронгуй болж, салбар дундын уялдаа холбоо сайжирна;

       7.1.2. төрөлжсөн асрамжийн үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт сайжирч, хамрах хүрээ өргөжиж, мэргэшсэн тогтвортой хүний нөөц бүрдэнэ;

       7.1.3. төрөлжсөн асрамжийн үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжүүлэх арга зам боловсронгуй болж, зарцуулалтад тавих хяналт сайжирч,  хөрөнгийг үр ашигтай зарцуулна; 

       7.1.4. төрөлжсөн асрамжийн үйлчилгээний нэр төрөл олширч, хүртээмж, чанар сайжирч, үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлнэ.

Найм. Хөтөлбөрийн  шалгуур үзүүлэлт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

Зорилтот түвшин

Эх сурвалж

Хэрэгжүүлэх байгууллага

Он

Үзүүлэлт

Он

Үзүүлэлт

Үр нөлөөний шалгуур үзүүлэлт

Зорилго: Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний хууль, эрх зүйн орчин, санхүүжилтийн тогтолцоо, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох замаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх төрөлжсөн асрамжийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах

1.

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдсан хүний тоо

 

Хүн

 

2019

 

386

 

2023

 

800

Нийгмийн халамжийн статистик мэдээ

ХНХЯ,

ХХҮЕГ

2.

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний стандартыг бүрэн хангасан асрамжийн газруудын тоо

 

Тоо

 

2019

 

3

 

2023

 

12

Нийгмийн халамжийн статистик мэдээ

ХНХЯ,

ХХҮЕГ

Зорилт 1. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

3.

Нийгмийн халамжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилт

 

Хувь

 

2019

 

-

 

2023

-Хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан байх,

-Хэрэгжилт 100

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

www.legalinfo.mn

ХЗДХЯ,

ХНХЯ

4.

Төрөлжсөн асрамжийн газрын санхүүжилт, хөрөнгө оруулалт,  бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны  зохицуулалтын талаар холбогдох хууль тогтоомжид орсон нэмэлт,  өөрчлөлтийн хэрэгжилт

 

 

Хувь

 

 

2019

 

 

-

 

 

2023

-Хууль тогтоомжийн  нэмэлт, өөрчлөлт батлагдсан байх

-Хэрэгжилт 100

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

www.legalinfo.mn

СЯ,

ХНХЯ

5.

Хувийн болон төр-хувийн хэвшлийн хамтарсан асрамжийн газар байгуулахыг дэмжсэн эрх зүйн зохицуулалтын  хэрэгжилт

 

Хувь

 

2019

 

-

 

2023

-Хууль, журмын  хэрэгжилт 100

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

www.legalinfo.mn

ХНХЯ,

ХЗДХЯ

6.

Ахмад настны урт хугацааны тусламж, үйлчилгээний асуудлыг даатгалын хэлбэрээр шийдвэрлэх чиглэлээр холбогдох   хууль тогтоомжид орсон  нэмэлт, өөрчлөлтийн  хэрэгжилт

 

Хувь

 

2019

 

-

 

2023

 

-Хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан байна.

-Хэрэгжилт 50

 

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

www.legalinfo.mn

 

ХНХЯ,

ЭМЯ,

СЯ,

ХЗДХЯ

 

Зорилт 2. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, хамрах хүрээг өргөжүүлнэ.

7.

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа үйлчлүүлэгч, ажилтан, албан  хаагчийн дэлгэрэнгүй судалгаа, мэдээллээс бүрдсэн мэдээллийн нэгдсэн санд хамрагдалт

 

Хувь

 

2019

 

-

 

2023

100

 

ХХҮЕГ-ын даргын тушаал

 

ХХҮЕГ

8.

Шинэ хэлбэрийн зохион байгуулалтад шилжсэн асрамжийн газар

 

 

Тоо

 

 

2019

 

 

-

 

 

2023

 

 

3

 

 

ХХҮЕГ-ын тайлан

 

ХНХЯ,

ХХҮЕГ

9.

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний ажилтан, албан  хаагчийн чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдалт

Хувь

2019

30

2023

100

 

ХХҮЕГ-ын тайлан

 

 

ХНХЯ,

ХХҮЕГ

 

10.

Төрөлжсөн асрамжийн газрын ажилтан, албан  хаагчийн суурь оноос тооцсон цалин,  хөлсний дундаж өсөлт

 

 

Хувь

 

 

2019

 

 

-

 

 

2023

 

 

45

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

www.legalinfo.mn

 

ХНХЯ

Зорилт 3. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжүүлэх арга замыг боловсронгуй болгоно.

11.

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд улс, орон нутгийн төсвөөс зарцуулсан санхүүжилтийн өсөлт

 

Хувь

 

2019

 

8

 

2023

 

30

 

ХХҮЕГ-ын санхүүгийн тайлан

 

ХХҮЕГ

12.

Төлбөртэй асрамжийн үйлчилгээнд баримтлах  төлбөрийн жишиг хэмжээг тогтоосон шинэ зохицуулалт, түүний хэрэгжилт

 

Хувь

 

2019

 

-

 

2023

-Журам батлагдсан  байна.

Хэрэгжилт 100.0

 

ХНХ-ын сайдын тушаал

 

ХНХЯ,

ХХҮЕГ

13.

Нийт төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд олгосон санхүүжилтэд  хувийн  хэвшлийн асрамжийн  газарт олгосон  санхүүжилтийн  эзлэх хэмжээ

 

Хувь

 

2019

 

3.3

 

2023

 

12

 

ХХҮЕГ-ын санхүүгийн тайлан

 

СЯ,

ХНХЯ

 

14.

Төрөлжсөн асрамжийн газарт асруулж буй иргэний байнгын  асаргаа сувилгаанд шаардагдах эм, хэрэгсэл (тос, живх, боолт, хиймэл арьс зэрэг)-ийн зардалд Эрүүл мэндийн  даатгалын сангаас жилд олгосон санхүүжилтэд хамрагдсан асруулагчдын  хувь  

 

 

Хувь

 

 

2019

 

 

-

 

 

2023

 

 

30

 

Сангийн,    ЭМ-ийн,   ХНХ-ын сайдын хамтарсан тушаал

 

ХНХЯ,

ЭМЯ,

СЯ

15.

Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн асрамжийн газруудад оруулсан хөрөнгө оруулалтын өсөлтийн хэмжээ

 

Хувь

 

2019

 

-

 

2023

 

25

 

ХНХЯ-ны тайлан тэнцэл

 

ХНХЯ,

СЯ

16.

Төрөлжсөн асрамжийн газрын нийт санхүүжилтэд хандив, тусламжийн эзлэх хэмжээ

 

Хувь

 

2019

 

7

 

2023

 

15

 

ХНХ-ын сайдын тушаал,

ХХҮЕГ-ын санхүүгийн тайлан

ХНХЯ,

ХХҮЕГ

 

Зорилт 4. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, хүртээмж, чанарыг сайжруулна.

17.

Асрамжийн газруудад түр хугацаагаар асруулах болон асрамжийн газраас гэрээр үзүүлэх үйлчилгээнд хамрагдах шаардлагатай ахмад настны дунд үйлчилгээнд хамрагдсан хүний эзлэх хэмжээ

Хүн

2019

-

2023

 

40

 

ХХҮЕГ-ын тайлан

 

ХНХЯ,

ХХҮЕГ

 

18.

Оюуны хөгжлийн  бэрхшээлтэй  болон  сэтгэцийн  өвчтэй хүнд зориулсан  асрамж, үйлчилгээний төвд хамрагдалт

 

Орны тоо

 

2019

 

-

 

2023

 

100 ор

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

www.legalinfo.mn

ЭМЯ,

ХНХЯ,

СЯ

19.

Асрамжийн үйлчилгээний төрөл, хэлбэрт нийцсэн шинэ стандарт

Тоо

2019

2

2023

3

МУ-ын стандартын нэгдсэн сан

www.estandard.gov.mn

Стандарт, хэмжил зүйн газар,

ХНХЯ

20.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээний өсөлт

 

 

Хувь

 

 

2019

 

 

8

 

 

2023

 

 

40

 

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

www.legalinfo.mn

 

СЯ,

ХНХЯ

Ес. Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр

9.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

        9.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

        9.1.2. гадаадын зээл, тусламж;

        9.1.3. хувийн хэвшлийн санхүүжилт;

        9.1.4. хандив тусламж, бусад эх үүсвэр.

Арав. Хөтөлбөрийн зохион байгуулалт,
          хяналт-шинжилгээ, үнэлгээ

10.1. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулна.

10.2. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн 10.1-д заасан хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.     
                   
10.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 

 

-----о0о-----