- Нүүр
- Сайдын тушаал
- Резидент эмчийн ажиллах үлгэрчилсэн журам
Эрүүл мэндийн сайдын
2020 оны 04 сарын 09-ний өдрийн
А/226 дугаар тушаалын хавсралт
Резидент эмчийн ажиллах үлгэрчилсэн журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмын зорилго нь төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллага (цаашид “сургалт эрхлэх байгууллага” гэх)-д эмнэл зүйн сургалт явуулах, резидент эмч ажиллан суралцах үйл ажиллагааг зохицуулах, зохион байгуулахад оршино.
1.2 Эмнэл зүйн үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж, тухайн жилийн хяналтын тоонд багтаж, сургалт эрхлэх байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хуваарилагдан суралцаж байгаа Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.1-д заасан эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, шүдний их эмчийг резидент эмч гэнэ.
1.3 Резидент эмчийн ажлын байр нь Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”-ийн ТҮЭМ-4 зэрэглэлд хамаарна.
1.4 Резидент эмчтэй байгуулах хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан гол нөхцөл болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, резидент эмч, эмнэл зүйн сургагч багш, бусад талын эрх, үүрэг, оролцоо, хариуцлагыг тусгана.
1.5 Эрүүл мэндийн хөгжлийн төв нь энэхүү журмын хэрэгжилтийг зохицуулж, мэргэжил зүйгээр хангаж ажиллах ба шилдэг резидент эмч, шилдэг эмнэл зүйн сургагч багш шалгаруулах, олон нийтэд сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулна.
Хоёр. Резидент эмчийн үйл ажиллагааны үндсэн чиглэл
2.1 Эмнэл зүйн үндсэн мэргэшлийн сургалт нь резидент эмчид тухайн үндсэн мэргэшлийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийн дагуу чадамж эзэмшүүлэх, бие даан гүйцэтгэдэг болгоход чиглэнэ.
2.2 Резидент эмч нь үндсэн мэргэшлийн сургалтын хугацаанд дараах чиглэлээр ажиллан суралцана:
2.2.1 Эмнэл зүйн сургагч багшийг дагалдан өвчтөн үзэх, өвчтөний сэтгэл зүй, нийгмийн нөхцөл байдлыг үнэлж, оношилгоо, эмчилгээ, хяналтын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх;
2.2.2 Эмнэл зүйн сургагч багш, ахлах дамжааны резидент эмчийг дагалдан жижүүр хийх;
2.2.3 Тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр оношилгоо, эмчилгээний гардан үйлдлийг эзэмших;
2.2.4 Эрүүл мэндийн байгууллагын бүртгэл, тайлангийн маягтыг хөтөлж, холбогдох ажилтнаар хянуулах;
2.2.5 Тасаг, нэгжийн тойрон үзлэгт оролцох;
2.2.6 Тайлан хамгаалалт, мэргэжлийн зөвлөгөөн, эмгэг судлалын зөвлөгөөн, байгууллагын эмч нарын хуралд оролцох, илтгэл танилцуулах, өвчтөний оношилгоо, эмчилгээний талаар зөвлөлдөх, харилцан суралцах;
2.2.7 Эмнэл зүйн тохиолдол, тойрон үзлэгт өвчтөний эмнэлзүйн танилцуулга бэлтгэх;
2.2.8 Эрүүл мэндийн боловсрол олгох, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд эмнэл зүйн сургагч багшийн шууд хяналт, удирдлага дор оролцох;
2.2.9 Мэдлэг, чадвараа дээшлүүлэхийн тулд хэрэгцээт сургалтад хамрагдах;
2.2.10 Бие даан суралцах, олон төрлийн мэдээллийн эх үүсвэрийг судлах, дүн шинжилгээ хийх.
Гурав. Сургалт эрхлэх байгууллагын чиг үүрэг
3.1 Сургалт эрхлэх байгууллага нь резидент эмчийн асуудлаар дараах бүтцийг бүрдүүлж ажиллана:
3.1.1 Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-д заасан сургалтын хяналтын зөвлөлтэй байна.
3.1.2 Сургалтын алба: хөтөлбөр хариуцсан ажилтан, сургалтын хэрэгжилт хариуцсан ажилтантай байна.
3.1.3 Сургалт удирдах баг: Тасгийн эрхлэгч, клиникийн удирдагч, эмнэл зүйн сургагч багш, ахлах дамжааны резидент эмч, эмнэлгийн бусад мэргэжилтэн байна.
3.2 Сургалтын хяналтын зөвлөл нь сургалт эрхлэх байгууллагын даргын шууд удирдлага дор ажиллах ба сургалтын алба, эмнэл зүйн тасаг, нэгж, сувилахуйн алба, захиргааны алба, чанарын алба, эмнэл зүйн сургагч багш, резидент эмчийн төлөөлөлтэй байна. Сургалтын хяналтын зөвлөл нь үндсэн мэргэшлийн сургалтын хэрэгжилтэд хяналт тавих, тулгамдсан асуудлыг судалж танилцах, резидент эмчтэй холбоотой бүх асуудлыг ярилцаж, шийдвэрлэх арга замыг судалдаг орон тооны бус зөвлөл байна.
3.3 Сургалтын алба нь дараах байдлаар ажиллана:
3.3.1 Сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтын төлөвлөгөө гаргах, сургалтын хөтөлбөрт хяналт тавих, эмнэл зүйн сургагч багшид чиглэсэн сургалт зохион байгуулах, резидент эмчийн нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх ба тухайн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний бусад сургалтыг хариуцаж ажиллана.
3.3.2 Сургалтын албаны үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөр хариуцсан ажилтан сургалтын хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт тавьж, резидент эмч нэг бүрийн зорилгоо хэрхэн биелүүлж байгаа талаарх мэдээллийг нэгтгэн, резидент эмч нарт зөвлөгөө өгч ажиллана.
3.3.3 Сургалтын албаны сургалтын хэрэгжилт хариуцсан ажилтан тухайн сургалт эрхлэх байгууллагад хэрэгжиж байгаа үндсэн мэргэшлийн сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах ба сургалтын хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллана.
3.4 Сургалтын удирдах баг нь дараах байдлаар ажиллана:
3.4.1 Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг дүүргэсэн эмнэл зүйн сургагч багш нь резидент эмчийн эмнэл зүйн сургагч багшаар ажиллана.
3.4.2 Тасгийн эрхлэгч, клиникийн удирдагч нь тойролтоор хуваарилагдсан резидент эмчийг эмнэл зүйн сургагч багшид хуваарилах, сургалтын явц, суралцагчийн явцын үнэлгээ, эмнэл зүйн сургагч багшийн үйл ажиллагаанд хяналт тавьж, арга зүйгээр хангана.
3.4.3 Эмнэл зүйн сургагч багшийн туслахаар ахлах дамжааны резидент эмч ажиллаж болох ба эмнэл зүйн сургагч багшийн хяналт, удирдлага дор эмнэл зүйн талбарт резидент эмчид зааж сургана.
3.5 Сургалтын алба нь резидент эмчийн асуудлаар хүний нөөцийн алба, чанарын алба болон бусад тасаг, нэгжтэй хамтран ажиллана.
3.6 Сургалт эрхлэх байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам-д заасан чиг үүргээс гадна резидент эмчтэй холбоотой дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана:
3.6.1 Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр үндсэн мэргэшлийн сургалтад хуваарилагдсан резидент эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах;
3.6.2 Резидент эмчийн ажлын байрны тодорхойлолтыг үлгэрчилсэн загварын дагуу боловсруулж батлах;
3.6.3 Резидент эмчийн суралцаж буй үндсэн мэргэшлийн чиглэлийг өөрчлөхгүй байх, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгаагүй, суралцах үйл явцтай шууд холбоогүй үүрэг даалгавар өгөхгүй байх;
3.6.4 Резидент эмчийн үйлчлүүлэгчид бие даан үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтыг Мэргэжлийн салбар зөвлөлөөс баталсан жагсаалт, үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй нийцүүлэн батлах;
3.6.5 Эмнэл зүйн сургагч багшийн шууд хяналт, удирдлага дор резидент эмчийн үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж, үйлчилгээг сургалтын батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний агуулгатай нийцүүлэх;
3.6.6 Резидент эмчийн үйлчлүүлэгчид бие даан үзүүлэх болон эмнэл зүйн сургагч багшийн шууд хяналт, удирдлага дор үзүүлэх тусламж, үйлчилгээг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгах;
3.6.7 Үндсэн мэргэшлийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой зардлыг байгууллагын төсөвт жил бүр тусгах;
3.6.8 Резидент эмчийг хамгаалах хувцас хэрэгслээр хангах;
3.6.9 Резидент эмчийг гарын авлага, хөтөлбөр, суралцагчийн дэвтэр (logbook)-ээр хангах;
3.6.10 Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д заасны дагуу резидент эмчийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон дархлаажуулалтад төлбөргүй хамруулах;
3.6.11 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, эмчилгээ оношилгооны удирдамж, стандарт, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг резидент эмчээс шаардах, гэрээний биелэлтийг дүгнэх, урамшуулах, хариуцлага тооцох;
3.6.12 Нийтийг хамарсан гамшгийн нөхцөл байдал үүсэх, халдварт өвчний цар тахал гарах, онц байдал, гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр резидент эмчийг дайчлан ажиллуулах;
3.6.13 Резидент эмчийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, судалж шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэх;
3.6.14 Сургалт эрхлэх байгууллагын даргын шийдвэрээр резидент эмчийг удирдах эмнэл зүйн сургагч багшийг томилж, тасаг, нэгжид хуваарилах;
3.6.15 Үндсэн мэргэшлийн сургалтын явцын хяналт, үнэлгээг тогтмол хийж, сургалтын үйл ажиллагааны тайланг сургалтын хяналтын зөвлөлийн хурлаар жил бүр хэлэлцүүлэн, дүгнэлт хийж ажиллах;
3.6.16 Суралцагчийн дэвтэрийг батлагдсан загварын дагуу мэргэжлийн чиглэл бүрээр боловсруулан гаргаж, резидент эмч бүрийг суралцагчийн дэвтэрээр ханган, тогтмол ашиглах;
3.6.17 Резидент эмчийн ажлын цагийн хуваарийг гаргах, ажлын ачааллыг зохицуулах;
3.6.18 Резидент эмчийн хувийн хэргийг бүрдүүлэх, судалгаа гаргах, тогтмол баяжуулах.
Дөрөв. Резидент эмчийн эрх, үүрэг
4.1 Резидент эмч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтний эрх, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам”-ын 16.1.2, 16.1.3, 16.1.4-д заасан эрхээс гадна дараах эрх эдэлнэ:
4.1.1 Сургалт эрхлэх байгууллагатай үндсэн мэргэшлийн сургалтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах, суралцах орчин нөхцөл, хамгаалах хувцас хэрэглэлээр хангуулах;
4.1.2 Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”-ийн ТҮЭМ-4 зэрэглэл, 2019 оны 472 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээ”-ний дагуу цалинжих, хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээнд заасан нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал авах;
4.1.3 Үндсэн мэргэшлийн сургалтад суралцах хугацаанд Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д заасны дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон дархлаажуулалтад төлбөргүй хамрагдах;
4.1.4 Сургалтын тойролт дуусахад эмнэл зүйн сургагч багштай ярилцлага хийж, сургалттай холбоотой асуудлаар заавар, зөвлөгөө авах;
4.1.5 Сургалтын явцад тойролт, улирал, дамжаа бүрийн төгсгөлд явцын үнэлгээнд хамрагдан, хангалттай үнэлэгдвэл дараагийн тойролт, улирал, дамжаанд шилжин суралцах, сургалтын төгсгөлд хөтөлбөрийн агуулгыг бүрэн хангавал төгсөлтийн шалгалтад орох;
4.1.6 Сургалтын явцын үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдвэл сургалтыг нөхөн суралцах, явцын үнэлгээнд дахин 1 удаа хамрагдах, сургалтаас 1 удаа чөлөө авах;
4.1.7 Сургалтын үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, хүсэлт, гомдлыг сургалт эрхлэх байгууллага, Эрүүл мэндийн хөгжлийн төвд гаргах, шийдвэрлүүлэх, хариу авах.
4.2 Резидент эмч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтний үүрэг, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам”-ын 16.2.2, 16.2.3, 16.2.4-д заасан үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ:
4.2.1 Сургалтын батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтын хугацаанд эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, хандлагад тасралтгүй, идэвхитэй, үр дүнтэй суралцах;
4.2.2 Ажиллан суралцах явцад Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, эмчилгээ, оношилгооны удирдамж, стандарт, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, мэргэжлийн алдаа, дутагдал гаргахгүй ажиллах;
4.2.3 Сургалт эрхлэх байгууллагын даргын шийдвэрээр томилогдсон эмнэл зүйн сургагч багшаар удирдуулан, хуваарилагдсан тасаг, нэгжид ажиллах;
4.2.4 Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүргийг гүйцэтгэх;
4.2.5 Үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж, үйлчилгээнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн хоорондын ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах;
4.2.6 Сургалт эрхлэх байгууллагаас зохион байгуулсан эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох, илтгэл мэдээлэл хэлэлцүүлэх, мэдлэг мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх;
4.2.7 Суралцагчийн дэвтэрийг зааврын дагуу хөтөлж, сургалтын хөтөлбөрийг биелүүлсэн хугацаа, үнэлгээ, гардан үйлдлийн гүйцэтгэл бусад мэдээллийг тухай бүр бичиж тэмдэглэн, эмнэл зүйн сургагч багшаар баталгаажуулан, сургалтын албаар хянуулах;
4.2.8 Нийтийг хамарсан гамшгийн нөхцөл байдал үүсэх, халдварт өвчний цар тахал гарах, онц байдал, гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр дайчлагдан ажиллах;
4.2.9 Сургалтын тойролт дуусахад эмнэл зүйн сургагч багштай ярилцлага хийж, сургалттай холбоотой асуудлаар заавар, зөвлөгөө авах;
4.2.10 Сургалтын хугацаанд суралцсан лекц, тохиолдлын танилцуулга, эмнэл зүйн болон эмгэг судлалын зөвлөгөөний тэмдэглэл болон сургалттай холбоотой бусад бичиг баримтыг үр дүн (Portfolio) болгож хадгалах;
4.2.11 Хувийн хэрэг хөтлөх, тогтмол баяжуулж, шинэчлэх.
Тав. Эмнэл зүйн сургагч багшийн эрх, үүрэг
5.1 Эмнэл зүйн сургагч багш нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтний эрхээс гадна дараах эрх эдэлнэ:
5.1.1 Сургалт удирдсан хөлс, урамшуулал авах;
5.1.2 Сургалтын явц, хөтөлбөр, бусад холбогдох асуудлаарх санал хүсэлтийг Эрүүл мэндийн хөгжлийн төв, тухайн сургалт эрхлэх байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх;
5.1.3 Сургалтын орчин, резидент эмчийн талаарх санал, хүсэлтийг тухайн сургалт эрхлэх байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх;
5.1.4 Тухайн сургалт эрхлэх байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасан эрхийг эдлэх;
5.1.5 Тухайн сургалт эрхлэх байгууллагын үндсэн ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээ, гэрээт ажилтны хувьд сургалт удирдах гэрээ байгуулж ажиллах;
5.1.6 Суралцах явцад сургалтын хөтөлбөрийг бүрэн хангах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, эмчилгээ, оношилгооны удирдамж, стандарт, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, сургалтын хугацаанд идэвхитэй, үр дүнтэй суралцахыг резидент эмчээс шаардах;
5.1.7 Удирдсан үндсэн мэргэшлийн сургалтыг багц цаг бүрдүүлэлтээр тооцуулах;
5.1.8 Резидент эмчийн үйлчлүүлэгчид үзүүлэх сургалтын хөтөлбөрт тусгагдсан тусламж, үйлчилгээг хянаж, удирдах.
5.2 Эмнэл зүйн сургагч багш нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтний үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ:
5.2.1 Эмнэл зүйн сургагч багш нь зөвхөн нэг сургалт эрхлэх байгууллагад сургалт удирдах гэрээтэй байх;
5.2.2 Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, шинэчлэн боловсруулахад оролцох;
5.2.3 Сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийхэд оролцох;
5.2.4 Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу резидент эмчид онолын болон эмнэл зүйн дадлага сургалтыг удирдан явуулж, тасралтгүй сургах, зөвлөгөө өгөх;
5.2.5 Резидент эмчид мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, харилцаа хандлага, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримтлан, үлгэрлэх;
5.2.6 Эмнэл зүйн сургагч багшийн тасралтгүй сургалтад жил бүр хамрагдах;
5.2.7 Резидент эмчийн сургалтын явцыг тойролт, улирал, дамжаа бүрийн төгсгөлд үнэлгээний шалгуурын дагуу бодитой үнэлж, сургалтын дэвтэрт тухай бүр тэмдэглэн баталгаажуулах, багц цагийн биелэлт, үнэлгээний бодит байдлыг бүрэн хариуцах.
Зургаа. Сургалтын чөлөө олгох, чөлөөлөх
6.1 Сургалтын алба нь сургалтаас чөлөө олгох, чөлөөлөх шийдвэрийг сургалтын хяналтын зөвлөлд танилцуулан, сургалт эрхлэх байгууллагын даргын шийдвэрээр баталгаажуулж Эрүүл мэндийн хөгжлийн төвд тухай бүр хүргүүлнэ.
6.2 Резидент эмчийг дараах үндэслэлээр нэг жил хүртэл хугацаагаар сургалтаас чөлөөлнө:
6.2.1 Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй;
6.2.2 Цэргийн жинхэнэ алба хаасан, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон;
6.2.3 Өөрийн болон гэр бүлийн гишүүний биеийн эрүүл мэндийн байдлын улмаас эмчлүүлж сувилуулсан;
6.2.4 Эмнэлгийн шинжилгээ хийлгэсэн, донорын үүрэг гүйцэтгэсэн;
6.2.5 Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан;
6.2.6 Явцын шалгалтад хангалтгүй үнэлгээтэй, төгсөлтийн шалгалтад орох эрх үүсээгүй.
6.3 Сургалтаас чөлөөлөгдсөн резидент эмч үргэлжлүүлэн суралцах хүсэлтээ чөлөөний хугацааг дуусахаас ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө сургалтын албанд бичгээр гаргах бөгөөд сургалтын төлбөр болон сургалтын хөтөлбөрийн тооцоо байхгүй тохиолдолд резидент эмчийг сургалт эрхлэх байгууллагын даргын шийдвэрээр үргэлжлүүлэн суралцуулна.
6.4 Резидент эмчийг дараах тохиолдолд сургалтаас хасна:
6.4.1 Хүндэтгэх шалтгаангүйгээр нэг ба түүнээс дээш сар хүртэлх хугацаагаар сургалтаас завсардсан;
6.4.2 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн ноцтой зөрчил гаргасан;
6.4.3 Резидент эмч өөрийн хүсэлтээр сургалтаас татгалзсан;
6.4.4 Резидент эмч хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь дүүргээгүй;
6.4.5 Албан ёсоор чөлөө аваагүй болон чөлөө авсан хугацаандаа эргэн ирээгүй.
6.5 Сургалтын алба нь резидент эмчид 7 хоног хүртэлх сургалтын чөлөөг эмнэл зүйн сургагч багштай тохиролцож бичгээр, 1 сар хүртэлх сургалтын чөлөөг сургалт эрхлэх байгууллагын даргын шийдвэрээр тус тус олгоно.
6.6 Сургалтаас чөлөөлсөн, чөлөө олгосон тохиолдолд сургалтын хөтөлбөрийг нөхөх төлөвлөгөөг сургалтын алба гаргаж, резидент эмч, эмнэл зүйн сургагч багштай хамтран баталгаажуулсан байна.
6.7 Сургалтаас чөлөөлөгдсөн, чөлөө авсан резидент эмч сургалтын хөтөлбөрийн зөрүүг төлбөртэйгөөр нөхөн суралцаж, тухайн тойролтын тооцоо дууссан тохиолдолд дараагийн тойролтод үргэлжлүүлэн суралцана.
Долоо. Хариуцлага
7.1 Сургалт эрхлэх байгууллага нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилаагүй резидент эмчийг элсүүлсэн, суралцаж буй үндсэн мэргэшлийн чиглэлийг өөрчилсөн тохиолдолд тухайн байгууллагын үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрлийг цуцлах саналыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
7.2 Резидент эмч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгууллагын дотоод журмыг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.3 Резидент эмч, эмнэл зүйн сургагч багш нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Найм. Сургалтын үнэлгээ
8.1 Сургалтын үнэлгээнд явцын болон төгсгөлийн үнэлгээ хамаарна:
8.1.1 Резидент эмчийн сургалтыг явцын болон төгсгөлийн үнэлгээгээр үнэлнэ. Явцын үнэлгээг тойролт, улирал, дамжаа бүрийн төгсгөлд хийнэ.
8.1.2 Явцын үнэлгээг мэдлэг, ур чадвар, хандлага, ирц, идэвх оролцоо, тайлан хамгаалалт, илтгэл мэдээлэл зэргийг хамааруулан тооцно.
8.1.3 Резидент эмчийн мэдлэг, ур чадвар, хандлагын түвшинг үнэлэхдээ үнэлгээний оновчтой арга хэлбэрийг ашиглана.
8.1.4 Явцын үнэлгээгээр хангалттай үнэлэгдсэн резидент эмчийг дараагийн тойролт, улирал, дамжаанд шилжүүлэн сургах, сургалтын төгсгөлд хөтөлбөрийг бүрэн хангаж, төгсөлтийн шалгалтад оруулахыг тодорхойлон, дүнгийн хуудсын хамт Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлнэ.
8.1.5 Хөтөлбөрийн агуулгыг 80% ба түүнээс дээш хангасан тохиолдолд төгсөлтийн шалгалтад оруулна.
8.2 Төгсөлтийн шалгалтад тэнцсэн резидент эмчид эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр үндсэн мэргэшлийн үнэмлэх олгоно.
Текст томруулах
A
A
A