A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын

2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн

 А/63 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ХӨНГӨЛӨХ,

ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний хүрээнд батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх харилцааг зохицуулахад оршино. 

1.2.Албан татвар төлөгчийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан хугацаанд албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулна.

Хоёр. Журмын үйлчлэх хүрээ

2.1.Албан татвар төлөгчийн дараах зориулалтаар түрээслүүлсэн байр, талбайн түрээсийн төлбөрийн бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах албан татварыг хөнгөлнө:

2.1.1.зах, худалдааны төв;

2.1.2.худалдаа, үйлдвэр, үйлчилгээ;

2.1.3.хувийн сургууль, цэцэрлэг;

2.1.4.хүүхэд харах үйлчилгээ.

2.2.Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан, дараах орлогод ногдуулан тайлагнасан албан татварыг чөлөөлнө:

2.2.1.бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;

2.2.2.техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого;

2.2.3.үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого;

2.2.4.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, 8.1.4-т заасантай адилтгах бусад орлого;

2.2.5.хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого;

2.2.6.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, учирсан хохирлын улмаас авсан нөхөн төлбөр;

2.2.7.гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит орлого;

2.2.8.хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсан, шилжүүлсний орлого;

2.2.9.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого;

2.2.10.биет бус хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлснээс олсон орлого;

2.3.Гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, тус ажлыг гүйцэтгэж байгаа албан татвар төлөгчийн хувьд уг ажилтай холбоотой олсон орлогод энэ журмын 2.2-т заасан чөлөөлөлт хамаарахгүй.

2.4.Албан татвар төлөгч нь энэ журамд заасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байх эрхтэй.

Гурав. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тайлагнах, холбогдох баримт бүрдүүлэх

3.1.Энэ журмын 2.1, 2.2-т заасан албан татвар төлөгч нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /ТТ-02/”-г Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26.2-т заасан хугацаанд гаргаж, мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнаж, албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ.

3.2.Энэ журмын 2.1-т заасан албан татвар төлөгч нь “Түрээсийн төлбөрийг бууруулсан аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас хөнгөлөх мэдээ /ХМ-02(10)/”-г бөглөж, дараах нотлох баримтыг хавсаргаж, цахим хэлбэрээр ирүүлнэ:

3.2.1.түрээслэгч бүрийн түрээсийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт;

3.2.2.Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан төлбөрийн баримт;

3.3.Албан татвар төлөгч нь энэ журмын 3.2.1, 3.2.2-т заасан нотлох баримтыг ирүүлээгүй тохиолдолд албан татварын хөнгөлөлт эдлэхгүй.

3.4.Энэ журмын 2.1-д заасан хөнгөлөлтийн хэмжээ нь тайлант хугацаанд түрээсийн орлогод ногдуулсан албан татвараас их байвал илүү гарсан дүнг татварын хөөн хэлэлцэх хугацаанд багтаан дараагийн тайлант хугацаанд шилжүүлэн эдэлж болно.

3.5.Албан татвар төлөгч нь энэ журмын 3.4-т заасан дараагийн тайлант хугацаанд хөнгөлөлтийг шилжүүлэн тооцохдоо “Түрээсийн орлогод ногдуулсан албан татварын хөнгөлөлтийг шилжүүлэн тооцох мэдээ /ХМ-02(11)/”-г бөглөнө.

3.6.Энэ журмын 2.2-т заасан албан татвар төлөгч нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх мэдээ /ХМ-02(12)/”-г бөглөж албан татвараас чөлөөлөгдөнө.

3.7.Албан татвар төлөгч нь энэ журмын 2.4-т заасан эрхээ хэрэгжүүлэх тохиолдолд мөн журмын 3.2  болон 3.6-д заасан мэдээний “Хуулийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхгүй байх эрхээ эдэлнэ” гэсний ард (√) тэмдэглэгээ хийнэ.

3.8.Албан татвар төлөгч нь энэ журмын 3.1-т заасан тайлан үйлдэх, тушаахдаа Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын 2-т заасныг баримтална.

3.9.Энэ журмын 2.1-д заасан түрээсийн орлого олохтой холбогдон гарсан зардлыг тодорхойлох боломжгүй тохиолдолд мөн журмын 2.2-т заасан орлогод түрээсийн орлогын эзлэх хувиар нийт зардлаас хувь тэнцүүлэн тооцно.

3.10.Тухайн тайлант хугацаанд хамаарах энэ журмын 2.3-т заасан ажилтай холбогдон гарсан зардлыг гэрээний гүйцэтгэлийн хувиар тооцно.

3.12.Энэ журмын 3.10-т заасан зардлыг тодорхойлох боломжгүй тохиолдолд мөн журмын 2.2-т заасан орлогод уг ажилтай холбоотой олсон орлогын эзлэх хувиар нийт зардлаас хувь тэнцүүлэн тооцно     

Дөрөв. Тайлан хүлээн авах, боловсруулалт хийх

4.1.Татварын алба нь татвар төлөгчийн илгээсэн тайланг хүлээн авахдаа “Татварын тайлан үйлдэх, тушаах боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын 3-т заасныг баримтална.

 

 

---оОо---