- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Татварын ерөнхий газрын даргын
2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн
А/63 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ
ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний хүрээнд батлагдсан Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Албан татвараас чөлөөлөхдөө Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацааг хамруулна.
1.3.“Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого” гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг ойлгоно.
Хоёр. Журмын үйлчлэх хүрээ
2.1.Монгол Улсын иргэний энэ журмын 1.2-т заасан хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох албан татварыг чөлөөлнө.
2.2.Дараах хувь хүний энэ журмын 2.1-д заасан орлогод ногдох албан татварыг чөлөөлөхгүй.
2.2.1.төрийн албан хаагч;
2.2.2.төрийн өмчийн их, дээд сургуулиас бусад төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажилладаг хувь хүн;
2.2.3.гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, тус ажлыг хийж гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд ажиллаж, уг ажилтай холбоотой энэ журмын 2.3-т заасан орлого олсон хувь хүн;
2.3.Албан татвар төлөгч нь энэ журамд заасан хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд хамрагдахгүй байх эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэх бол ажил олгогчдоо урьдчилан мэдэгдэнэ.
Гурав. Татварын чөлөөлөлтийг тайлагнах
3.1.Энэ журмын 2.1-д заасан иргэнд орлого олгож буй этгээд нь “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан /ТТ-11/”-г Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27.1-д заасан хугацаанд гаргаж, хуульд заасны дагуу албан татвараас чөлөөлнө.
3.2.Энэ журмын 2.3-т заасан албан татварын чөлөөлөлтөд хамрагдахгүй байх эрхээ хэрэгжүүлэх тухайгаа ажил олгогчид мэдэгдсэн хувь хүн болон энэ журмын 2.2-т заасан албан татвар төлөгчийн орлогын албан татварын тооцооллыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу тайлагнана.
3.3.Суутган төлөгч нь энэ журмын 3.1-д заасан тайлан үйлдэх, тушаахдаа Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын 2-т заасныг баримтална.
Дөрөв. Тайлан хүлээн авах, боловсруулалт хийх
4.1.Татварын алба нь татвар төлөгчийн илгээсэн тайланг хүлээн авахдаа “Татварын тайлан үйлдэх, тушаах боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын 3-т заасныг баримтална.
---оОо---
Текст томруулах
A
A
A