A

A

A

Бүлэг: 1979

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2020 оны 04 дүгээр тогтоолын хавсралт

ТОСОН-ХУЛСТАЙ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН

ХАМГААЛАЛТЫН ГОРИМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Горим тогтоох зорилго

1.1.Энэхүү горимын зорилго нь Улсын тусгай хамгаалалттай Тосон-Хулстай байгалийн нөөц газрын унаган төрх, хэв шинж, ховор ховордсон ургамал, амьтан болон цагаан зээр тэдгээрийн нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалах, газар ашиглалт, бэлчээрийг зохистой ашиглахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

 2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1.Улсын тусгай хамгаалалттай Тосон-Хулстай байгалийн нөөц газрын хамгаалалт, газар ашиглалт, бэлчээрийг зохистой ашиглах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай хууль, холбогдох бусад хууль, Захиргааны хэм хэмжээний акт болон энэхүү горимыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хамрах хүрээ

 3.1.Энэхүү горим Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин сумын нутаг дэвсгэрт орших Улсын тусгай хамгаалалттай Тосон-Хулстай байгалийн нөөц газарт хамаарна.

3.2.Улсын тусгай хамгаалалттай Тосон-Хулстай байгалийн нөөц газарт явуулах үйл ажиллагаа нь уг байгалийн нөөц газрын хамгаалалтын горимыг чандлан сахиж, байгаль орчны тэнцвэрийг хадгалахад чиглэгдэнэ.

ХОЁР. ГАЗАР АШИГЛАХ, МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХ

4 дугаар зүйл. Газар ашиглах

4.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын тусгай хамгаалаттай Тосон-Хулстай байгалийн нөөц газарт газар ашиглуулах тухай шийдвэрийг сумын Засаг даргын саналыг үндэслэн Төрийн захиргааны төв байгууллага гаргана.

4.2.Улсын тусгай хамгаалалттай Тосон-Хулстай байгалийн нөөц газарт тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох ажлыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан харилцаагаар зохицуулна.

4.3.Энэ горимын 4.2-т заасан саналыг Улсын тусгай хамгаалалттай Тосон-Хулстай байгалийн нөөц газрын хэв шинж, байгалийн унаган төрх, ургамал, амьтны байршил, өсөлт, үржилт, бэлчээрийн даац, энэ журмыг хүчин төгөлдөр дагаж мөрдөх хүртэл уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх хүрээнд байгаа малын тоо зэрэгтэй уялдуулсан хамтын менежментийн зөвлөлийн саналд үндэслэн боловсруулна.

5 дугаар зүйл. Газар ашиглах хүсэлт гаргах

5.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу газар ашиглах тухай хүсэлтээ сумын Засаг даргад гаргана.

5.2.Сумын Засаг дарга газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Төрийн захиргааны төв байгуулагд уламжилж, шийдвэрлүүлнэ.

5.3.Газар ашиглах тухай гэрээний хугацааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна.

5.4.Тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын хэмжээг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэмжээн дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу сумын Засаг дарга тогтооно.

6 дугаар зүйл. Газар ашиглах тухай гэрээ

6.1.Засаг дарга Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг байгуулна.

 6.2.Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана:

6.2.1.тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө;

6.2.2.газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа;

6.2.3.газрыг ашиглах,хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага;

6.2.4.гэрээ дуусгавар болсон тохиолдолд газрыг эргүүлж авах нөхцөл, журам, уг газрыг нөхөн сэргээх, засаж тохижуулах, хүлээлгэн өгөх журам;

6.2.5.газар ашиглах тодорхой зориулалт буюу энэ журмын 8 дугаар зүйлд заасан уламжлалт аж ахуйн талаар тодорхой тусгах.

6.3.Газар ашиглагч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй байна.

7 дугаар зүйл.Уламжлалт аж ахуй эрхлэх

7.1.Улсын тусгай хамгаалалттай Тосон-Хулстай байгалийн нөөц газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж болно.

7.2.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн зөвхөн тогтоож өгсөн газарт зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулж, өөрийн нутаглаж, ашиглаж байгаа газрыг эвдрэл, бохирдлоос хамгаалж, талхлагдсан хөрс, ургамлыг нөхөн сэргээнэ.

7.3.Улсын тусгай хамгаалаттай Тосон-Хулстай байгалийн нөөц газрын нуур, булаг шандны орчимд нүүдлийн шувууд өндөглөх, өсөж үржих хугацаанд нэг километрийн тойрог дотор мал бэлчээхгүй бөгөөд зөвшөөрөгдсөн бэлчээрийг талхигдал үүсгэхгүй улирлын хуваарьтай ашиглана.

7.4.Хамгаалалтын менежмент хариуцагч нь тухайн сумдын Засаг дарга, уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх иргэн, нөхөрлөлтэй бэлчээр ашиглах гурвалсан гэрээ байгуулна.

7.5.Нөөц газарт иргэд шинээр ирж нутаглах, мал бэлчээх, оторлох асуудлыг бэлчээрийн даацад тохируулан сумын Засаг даргатай зөвшилцөн Хамгаалалтын менежмент хариуцагч шийдвэрлэнэ.

7.6.Цаг агаар хүндэрсэн, байгалийн гамшиг тохиолдсон үед тухайн сумын малчдыг сумын Засаг дарга, Хамгаалалтын менежмент хариуцагч нар 6 хүртэлх сарын хугацаагаар гэрээ байгуулан бэлчээр ашиглах ажлыг зохион байгуулна.

7.7.Цаг агаар хүндэрсэн үед өөр аймаг, сумын отрын мал оруулах асуудлыг Хамгаалалтын менежмент хариуцагч, Засаг дарга тухайн багийн ИНХ-аар хэлэлцүүлж Хамгаалалтын менежмент хариуцагч, Засаг дарга шийдвэр гаргана

7.8.Нөөц газарт хадлан бэлтгэхэд дараах горимыг мөрдөнө:

7.8.1.Тосон-Хулстай байгалийн нөөц газарт амьдарч буй нутгийн иргэд хадлангийн тогтоосон талбайгаас байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр зөвхөн ахуйн зориулалтаар хадлан хадахыг зөвшөөрнө;

7.8.2.Бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагийн ахуйн зориулалтаар хадлан хадах хүсэлтийг тухайн жилийн бэлчээрийн даацыг үндэслэн Хамгаалалтын менежмент хариуцагч, Засаг дарга шийдвэрлэнэ.

ГУРАВ.ГАЗАР АШИГЛАХ ЭРХ БОЛОН ГЭРЭЭ ДУУСГАВАР

БОЛОХ, ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛӨХ 

8 дүгээр зүйл. Газар ашиглах эрх, гэрээ дуусгавар болох

8.1.Улсын тусгай хамгаалалттай Тосон-Хулстай байгалийн нөөц газарт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно:

8.1.1.Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;

8.1.2.тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

8.1.3.Улсын тусгай хамгаалалттай Тосон-Хулстай байгалийн нөөц газарт мал маллаж буй малчин хууль бусаар ан агнах, анчдыг орогнуулах;

8.1.4.бэлчээрийг зохисгүй ашиглаж талхалсан, доройтуулсан нь тогтоогдсон;

8.1.5.гадны тавиул мал оруулж бэлчээрийн даац хэтрүүлсэн.

8.2.Газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж, газар ашиглах гэрээнд өөрөөр заагаагүй бол Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу 90 хоногийн дотор тухайн тухайн сумын Засаг даргад хүлээлгэн өгнө.

8.3.Холбогдох хууль, энэ горимыг зөрчсөн болон байгаль орчинд сөрөг нөлөө бүхий аливаа зөрчил илэрвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, байгаль хамгаалагч гэрээг цуцлах саналыг тухайн сумын Засаг даргад гаргаж болно.

8.4.Энэ горимын 8.3-т заасан мэдээллийн самбарыг хамгаалалтыг эрхлэх байгууллага хариуцаж байршуулна.