A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 136 дугаар
  тогтоолын хавсралт

 


“СПОРТЫН АНАГААХ УХААН, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
ТӨВ” УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг тогтоож, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.

1.2. Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв (цаашид “төв” гэх) нь идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэгч иргэд, тамирчдад спортын анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлэх, биеийн тамир, спортын шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа, шинжилгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлж,  өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр энэ дүрэмд заасан эх үүсвэрээс санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан ажил, үйлчилгээ эрхлэх улсын төсөвт үйлдвэрийн газар мөн.

1.3. Төв нь биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний Биеийн тамир, спортын асуудал хариуцсан Засгийн газрын агентлагийн харьяанд ажиллана. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 100 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

1.4. Төвийн оноосон бүтэн нэр нь “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв”, товчилсон нэр нь “САУЭШТ” байна.

1.5. Төвийн байрлах газар нь Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 55, Спортын төв ордон.

Хоёр. Төвийн бэлгэдэл, тэмдэг

2.1. Төв нь тогтоосон журмын дагуу үйлдсэн, өөрийн нэр бүхий албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

2.2. Төвийн даргын итгэмжлэн хариуцуулсан этгээд тэмдгийг түшиж, ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг хариуцна.

2.3. Төв нь өөрийн бэлгэдэл (лого)-тэй байж болох бөгөөд бэлгэдлийн загварыг төвийн даргын тушаалаар баталж, оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, хэрэглэнэ.

Гурав. Төвийн үйл ажиллагааны зорилго, чиглэл

3.1. Төвийн үндсэн зорилго нь идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэгч иргэд, тамирчдад спортын анагаах ухааны тусламж үйлчилгээ,  биеийн тамир, спортын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээг олон улсын стандартын дагуу үзүүлэхэд оршино.

3.2. Төв нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна:

       3.2.1. спортын анагаах ухааны төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх;

       3.2.2. спортын анагаах ухааны чиглэлээр төгсөлтийн дараахь сургалтыг эрх бүхий байгууллагатай хамтран явуулах, спортын чиглэлийн их, дээд сургууль, эрдэмтэн судлаачидтай хамтран эрдэм судлалын ажлыг дэмжих, өргөжүүлэх;

       3.2.3. байгууллагуудад мэргэжил, арга зүйн лавлагаа тусламж үзүүлэх;

       3.2.4. бүх шатны спортын сургалт-дасгалжуулалт, тэдгээрт хамрагдаж байгаа иргэд, тамирчдад ажиллах чадвар, биеийн ерөнхий хөгжлийн болон тусгай хөгжлийн сорил, тест хийх, үнэлэх, үр дүнд үндэслэн спортын сургалт-дасгалжуулалтыг сайжруулах талаар дасгалжуулагч, мэргэжлийн байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;

       3.2.5. спортын шинжлэх ухааны шинэ нээлт, ололт, нотолгоонд тулгуурласан арга техник, эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний төсөлт ажил боловсруулж хэрэгжүүлэх, мэргэжлийн арга зүйгээр хангах;

       3.2.6. спортын холбоо болон клубүүд, тамирчид, биеийн тамир, спортоор хичээллэгчдэд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх;

       3.2.7. өндөр зэрэглэлтэй болон өсвөрийн тамирчдын сургалт дасгалжуулалтад шинжлэх ухааны онол, арга зүй, загварчлал, технологийн орчин үеийн шинэлэг системийг нэвтрүүлж хэрэгжүүлэх:

       3.2.8. эрдэм шинжилгээний төсөл боловсруулж хэрэгжүүлэх;

       3.2.9. биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлагын шийдвэр гаргахад шинжлэх ухааны онол, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

       3.2.10. хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа.

3.3. Төв нь үйл ажиллагаандаа дараахь хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенц болон энэ дүрмийг мөрдөг болгон ажиллана:

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Олон улсын Олимпийн харти;

-“Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хууль;

-Биеийн тамир, спортын тухай хууль;

-Авлигын эсрэг хууль;

-Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль;

-Хөдөлмөрийн тухай хууль;

-Эрүүл мэндийн тухай хууль;

-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль;

-Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль;

-Боловсролын тухай хууль;

-холбогдох бусад.

3.4. Төв нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа эрхлэхээр бол холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авч, улсын бүртгэлд бүртгүүлсний дараа тухайн үйл ажиллагааг эрхэлнэ.

3.5. Өөрчлөн байгуулах, татан буулгах талаар Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд төв нь үйл ажиллагаагаа явуулна.

Дөрөв. Төвийн эрх, үүрэг

4.1. Төв нь дор дурдсан эрхтэй байна:

       4.1.1. өөрт олгогдсон үл хөдлөх болон бусад эд хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;

       4.1.2. шаардлагатай техник, хэрэгсэл, сэлбэг, эм тариа, урвалж, тейп, кинеслогийн боолт, бусад шаардлагатай материалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гадаад, дотоодын нийлүүлэгчээс гэрээ байгуулан худалдан авах;

       4.1.3. төвийн барилга байгууламж, техник хэрэгсэл, машин, тоног төхөөрөмжийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бусдад худалдах, шилжүүлэх, түрээслэх асуудлыг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар уламжлан төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр шийдвэрлэх;

       4.1.4. ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын  байгууллагатай эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллах;

       4.1.5. хууль тогтоомжид нийцүүлэн эрдэм шинжилгээний сургалт зохион байгуулах, мөрдөж хэрэгжүүлэх судалгааны аргачлал, заавар, зөвлөмж, гарын авлага, ном сурах бичиг, онол, арга зүйн сэтгүүл, үзэсгэлэн гаргах;

       4.1.6. спортын анагаах ухаан, биеийн тамир, спортын судлал, хөгжлийн асуудлаар хийсэн эрдэм шинжилгээний бүтээлд үнэлгээ өгөх.

4.2. Төв нь дор дурдсан үүрэгтэй байна:

       4.2.1. холбогдох хууль тогтоомж, энэ дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах;

       4.2.2. төвийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн болон эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны найдвартай байдлыг хангах, технологийн горим, хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиулах;

       4.2.3. улсын төсвийн санхүүжилтийг сар, улирал, жилээр батлагдсан хуваариар зориулалтын дагуу зарцуулах;

       4.2.4. иргэд, тамирчдад үзүүлэх тусламж үйлчилгээ, шинжилгээ судалгааг олон улсын стандартад нийцүүлэн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, бүс нутаг, дэлхийн жишиг болохуйц хэмжээнд хүргэж хөгжүүлэх;

       4.2.5. өмчийн бүх төрлийн эрүүл мэндийн байгууллагад мэргэжил, арга зүйн лавлагаа, тусламж үзүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнийг богино хугацааны болон ажлын байранд дадлагажуулж, мэргэшүүлэх, төгсөлтийн дараахь сургалт зохион байгуулах чиглэлээр тусгайлан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;

       4.2.6. спортын хоол судлалыг хөгжүүлэх;

       4.2.7. иргэд, тамирчдын ажиллах чадвар, биеийн ерөнхий хөгжлийн болон тусгай хөгжлийн сорил, тест хийх шинэ техник, технологийг нэвтрүүлэх;

       4.2.8. удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон нийттэй харилцах, төвийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг бэхжүүлэх;

       4.2.9. санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх, төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх;

       4.2.10. хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэ дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;

       4.2.11. байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн маркетинг, менежментийн үр ашигтай, оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

       4.2.12. үндэсний шигшээ багуудын сургалт дасгалжуулалтын төлөвлөгөө болон төлөвлөлтийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, дүгнэлт гаргах.

Тав. Төвийн удирдлага

5.1. Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг дарга удирдах бөгөөд биеийн тамир, спортын асуудал хариуцсан Засгийн газрын агентлагийн дарга томилж, чөлөөлнө. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 100 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

5.2. Дарга нь дор дурдсан эрх, үүрэгтэй байна:

       5.2.1. төвийг гадаад, дотоодод төлөөлөх;

       5.2.2. төвийн нэрийн өмнөөс эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох дүрэм, журамд заасан эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулах, олж авах;

       5.2.3. байгууллагын гүйцэтгэлийн болон бусад холбогдох хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар батлуулж, хэрэгжилтийг хангах;

       5.2.4. төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах тусгай зөвшөөрөл, эрхийг холбогдох байгууллагаас авах ажлыг хариуцан зохион байгуулах;

       5.2.5. ажилтантай хөдөлмөрийн болон гүйцэтгэлийн гэрээ байгуулах, дүгнэх;

       5.2.6. батлагдсан төсвийн хүрээнд цалин, нэмэгдлийг тогтоох;

       5.2.7. төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах;

       5.2.8. ажилтныг мэргэжлийн дагуу томилох, чөлөөлөх, өөрчлөх, албан тушаал бууруулах, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;

       5.2.9. төвийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, үйлчлүүлэгч, ажилтны санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;

       5.2.10. удирдлага, ажилтныг боловсрол, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах;

5.3. Төвийн өдөр тутмын болон шуурхай үйл ажиллагааны талаар даргад зөвлөх үүрэг бүхий Удирдлагын зөвлөл, байгууллагын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих Ёс зүйн хороог тус тус ажиллуулж болно. Зөвлөл болон хорооны ажиллах журмыг төвийн  дарга батална.

5.4. Төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд батална.

5.5. Дарга нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах зөвлөлд сонгогдох, шашны болон төрийн бус байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.

5.6. Дарга нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болно.

5.7. Дэд дарга, ерөнхий нягтлан бодогч, нэгжийн дарга нар нь эрх бүхий албан тушаалтанд тооцогдох бөгөөд тэдгээрийг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.

5.8. Даргын зөвшөөрснөөс бусад тохиолдолд байгууллагын нууц, дотоод мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах, хувийн ашиг сонирхолд ашиглахыг хориглоно.

5.9. Эрх бүхий албан тушаалтан нь санаатайгаар хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас төвд хохирол учруулсан бол хохирлыг өөрийн хөрөнгөөр барагдуулна.

     
Зургаа. Төвийн санхүүжилт, санхүүгийн
         тайлан тэнцэл, бүртгэл

6.1. Төв нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, байгууллага, хамт олны хандив, өөрийн үйл ажиллагааны орлого, гадаадын зээл тусламж, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжнэ.

6.2. Төвийн санхүүгийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.

6.3. Төвийн санхүүгийн тайланд дараахь зүйлсийг тусгана:

       6.3.1. баланс;

       6.3.2. үйл ажиллагааны үр дүнгийн тайлан;

       6.3.3. мөнгөн гүйлгээний тайлан;

       6.3.4. өмчийн өөрчлөлтийн тайлан;

       6.3.5. тухайн тайлангийн хугацаанд хийсэн их хэмжээний болон сонирхлын зөрчил бүхий хэлцлийн жагсаалт, нэр төрөл, үнийн дүн;

       6.3.6. байгууллага, иргэд, ажилтнаас авах авлага, тэдгээрийн үүссэн шалтгаан, барагдуулалтын явц;

       6.3.7. санхүүгийн тайлангийн тодруулга;

       6.3.8. нэмэлт тайлбар.

6.4. Төвийн санхүү бүртгэлийн нэгж болон ерөнхий нягтлан бодогч хуулиар тогтоосон журмын дагуу анхан шатны нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

6.5. Санхүүгийн тайланг даргын зөвлөлд танилцуулан биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

6.6. Эд хөрөнгийн дотоод тооллогыг хугацаанд нь явуулж, жилийн эцсийн тайлан тэнцэлд тусгана.

6.7. Төсвийн тухай хуульд заасны дагуу өөрийн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, урсгал зардлын төлөвлөгөөний төслийг санхүүгийн жил эхлэхээс 3 сарын өмнө гаргаж, биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар зардлын дээд хязгаарыг батлуулна.

6.8. Төвийн санхүүгийн тайлангийн үнэн зөв байдлыг дарга, ерөнхий нягтлан бодогч хариуцна. 

Долоо. Хяналт, шалгалт

7.1. Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний болон энэ дүрмийн хэрэгжилтэд тавих хяналт нь Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжлийн болон төвийн дотоод хяналтаас бүрдэнэ.

7.2. Төвийн дарга нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, үйл ажиллагааны хэвийн байдалд тавих өдөр тутмын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг холбогдох удирдах дээд байгууллагын өмнө хариуцна.

7.3. Өмч, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг ерөнхий нягтлан бодогч хариуцна.

Найм. Төвийн баримт бичгийн хадгалалт

8.1. Төв нь албан хэрэг хөтлөлт, хадгалалтын нийтлэг журмыг мөрдөх бөгөөд дараахь баримт бичгийг хадгална:

       8.1.1. төвийн дүрэм, дүрэмд орсон өөрчлөлт, төвийг байгуулах тухай холбогдох байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, эрх лиценз, тусгай зөвшөөрөл, сертификат;

       8.1.2. төвийн үйл ажиллагаатай холбоотой бусад дүрэм, журам, заавар стандарт;

       8.1.3. төвийн үйл ажиллагаатай холбоотой төрийн бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тайлан;

       8.1.4. санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмж;

       8.1.5. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, нягтлан бодох бүртгэлд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримт;

       8.1.6. улсын төсөв, гадаад, дотоодын байгууллагын санхүүжилтээр холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулсан худалдан авах ажиллагааны талаарх бичиг баримт;

       8.1.7. хийсэн судалгаа, шинжилгээний бүтээл;

       8.1.8. биеийн тамир, спортоор хичээллэгч иргэн, тамирчинд үзүүлсэн үйлчилгээний талаарх бичиг баримт;

       8.1.9. өвчтөний түүх;

       8.1.10. диспансерийн хяналтын бичиг баримт;

       8.1.11. төвийн үйл ажиллагаа, үйлчилгээ, үр дүнгийн талаарх статистик мэдээлэл;

       8.1.12. бусад ач холбогдол бүхий бичиг баримт.

8.2. Энэ дүрмийн 8.1-д заасан бичиг баримтыг зохих журмын дагуу холбогдох албан тушаалтнаас хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивд шилжүүлэх зэрэг ажлыг архивын ажилтан эрхлэн гүйцэтгэнэ.

Ес. Бусад

9.1. Төвийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу Засгийн газар шийдвэрлэнэ.

9.2. Төвийн үйл ажиллагаатай холбоотой энэ дүрэмд тусгагдаагүй бусад асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.

9.3. Төвийн дүрэм нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

9.4. Төвийн дүрэмд хуульд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлт нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. 

 

-----o0o-----