A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 142 дугаар
  тогтоолын хавсралт

 

ТӨРИЙН ӨМЧИТ ИХ СУРГУУЛЬ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН
  ХАРЬЯА СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмаар төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн харьяа сургууль (цаашид “харьяа сургууль” гэх) байгуулах харилцааг зохицуулна.

1.2. Харьяа сургууль байгуулах үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн, үр ашигтай, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр нөлөөтэй, улсыг хөгжүүлэх төлөвлөлт, стратегийн болон бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцсэн, салбарын хөгжил, чанарын шинэчлэлийг хурдасгахад үр нөлөөтэй, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц байх зарчмыг мөрдлөг болгоно.

Хоёр. Харьяа сургууль байгуулахад
         тавигдах шаардлага

2.1. Харьяа сургууль байгуулахад дараахь шаардлагыг хангасан байна:

     2.1.1. дээд сургууль, коллеж, технологийн коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байгуулах хүсэлт гаргахдаа эдийн засаг, нийгмийн нөлөөллийн болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээний талаар судалгаа хийсэн байх;

     2.1.2. сургалтын хөтөлбөр болон төлөвлөгөө боловсруулсан байх;

     2.1.3. технологийн коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын ахлах сургууль нь багшлах эрхийн сургалтад хамрагдсан,  мэргэжлийн зэрэгтэй үндсэн багшаар хангагдах боломжтой  байх;

     2.1.4. сургалтын зориулалтын байр, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичиг, техник хэрэгсэл, кабинет, лабораторитой байх;

     2.1.5. дараагийн шатлалд элсэж, дэвшин суралцах зохицуулалтыг хийсэн дүрэм, журам боловсруулсан байх;

     2.1.6. дунд, урт хугацаанд үр ашигтай байх хөрөнгө оруулалт, үр ашиг, зардал, санхүүгийн тооцоолол хийсэн байх;

     2.1.7. төсөвт үзүүлэх нөлөөллийн тооцоог хийж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч тусгасан байх;

     2.1.8. төрийн өмчит их, дээд сургууль, коллежийн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн дэмжигдсэн байх;

     2.1.9. сургалтын орчин нь суралцагчдын аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангасан байх.

2.2. Дээд сургууль, коллеж, технологийн коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байгуулах асуудлаар холбогдох салбарын  яамд, ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагаас санал авч болно.

Гурав. Хүсэлт гаргах, судалж шийдвэрлүүлэх

3.1. Энэ журмын 2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан нөхцөлд төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллагаас харьяа дээд сургууль, коллеж, технологийн коллеж, ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулах хүсэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллеж байгуулах  хүсэлтийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

3.2. Төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллагаас харьяа сургууль байгуулах тухай хүсэлт ирүүлсэн тохиолдолд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий  “Шинжээчдийн хэсэг”-ийг тус бүр томилж ажиллуулна.

3.3. Харьяа сургууль байгуулах хүсэлтийг шинжээчдийн хэсэг дэмжсэн дүгнэлт гаргасан бол боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох хууль, журмын дагуу санал, дүгнэлтийн хамт Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

3.4. Шинжээчдийн хэсэг дэмжээгүй дүгнэлт гаргасан бол боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дүгнэлтийн үндэслэлийг тусгасан хариуг албан бичгээр хүсэлт гаргагчид  хүргүүлнэ.   
             
3.5. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчдийн хэсэг томилохдоо бүрэлдэхүүнд нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг албан бичгээр санал авсны үндсэн дээр заавал оруулна.

3.6. Засгийн газраас харьяа сургуулийг байгуулах тухай шийдвэр гарсны дараа төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллага нь Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд тус тус заасны дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авч, сургалт эрхлэх үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

3.7. Харьяа сургуулийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг  Засгийн газар шийдвэрлэнэ.

Дөрөв. Салбар сургууль байгуулах

4.1. Төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллагын оршин байгаа газраас өөр газарт байрлах салбар сургууль (цаашид “салбар сургууль” гэх)  байгуулах асуудлыг энэ журмын 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тохиолдолд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөхөөр хүргүүлнэ.

4.2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрсөн тохиолдолд салбар сургууль байгуулах асуудлыг төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж эцсийн шийдвэрийг гаргана.

4.3. Салбар сургуулийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг боловсролын асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ.

Тав. Бусад

5.1. Харьяа сургууль нь хуулийн этгээдийн хувьд холбогдох хууль, журмын дагуу байгуулсан удирдах болон сургуулийн зөвлөлтэй байна.

5.2. Харьяа сургууль нь магадлан итгэмжлэлд бие дааж орно.

 


-----o0o-----