A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын

2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн

А/47 дугаар тушаалын хавсралт

РАДИО ДАВТАМЖИЙН НЭГДСЭН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлогдсон радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн нэгдсэн бүртгэл (цаашид “нэгдсэн бүртгэл” гэх)-д бүртгэгдсэн мэдээллийг боловсруулах, ашиглах, хадгалах, мэдээлэх, хамгаалах, шинэчлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2.Нэгдсэн бүртгэлийг энэхүү журмын дагуу Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын стандарт шаардлагыг хангасан програм хангамжийг ашиглан Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх) хөтөлнө.

1.3.Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг хүсэгчийн ирүүлэх бичиг баримтын бүрдэл, өргөдлийн маягтыг радио давтамжийн бүртгэлийн програм хангамжид тавигдах шаардлагад нийцүүлэн Зохицуулах хороо батална.

1.4.Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авсан байгууллага, иргэн нь радио давтамжийн ашиглалтын байдал болон техник төхөөрөмжийн үзүүлэлтийг Зохицуулах хорооноос тогтоосон хугацааны дагуу тухай бүр бүртгүүлнэ.

1.5.Энэхүү журамд техник, технологийн болон бодлогын шинэчлэлтэй холбоотойгоор тухай бүр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

Хоёр. Радио давтамж ашиглалтын бүртгэл

2.1.Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Үндэсний хиймэл дагуулын байршил, радио давтамжийн бүртгэлийг ОУЦХБ-д бүртгүүлж, бүртгэлд хяналт тавьж ажиллана.

2.2.Зохицуулах хороо нь Монгол Улсад бүртгэлтэй радио давтамж, радио давтамжийн зурвасыг олон улсын радио давтамжийн мастер бүртгэлд[1] бүртгүүлж, бүртгэлд хяналт тавьж ажиллана.

Гурав. Нэгдсэн бүртгэл

3.1.Нэгдсэн бүртгэл нь үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд заасан нэгдүгээр болон хоёрдугаар зэрэглэлийн үйлчилгээ, тусгай хэрэглээний болон нийтийн хэрэглээний ангилалын бүртгэлийн мэдээллийг агуулна.

3.2.Нэгдсэн бүртгэлд агуулагдах мэдээлэл, өргөдөл гаргагчийн ирүүлэх маягт болон нэвтрүүлэгч (хүлээн авагч антенн)-ийн хаягын бүртгэлийн загварыг Зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд хяналт тавина.

3.3.Нэгдсэн бүртгэл нь радио давтамжийн ангилал, зориулалт, ашиглагчийн нэр, хаяг, ашиглахыг зөвшөөрсөн радио давтамжийн зурвас, түүний өргөн, үйлчлэх хүрээ, газар зүйн байршил, ажиллуулах хугацаа, хүчин чадал, төлбөр төлөлтийн байдлыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрээр тусгасан бүтэцтэй байна.

3.4.Нэгдсэн бүртгэлийн програм хангамжийн мэдээллийн аюулгүй байдал, бүрэн бүтэн, найдвартай ажиллагааг Зохицуулах хороо хариуцна.

3.5.Нэгдсэн бүртгэлд ашиглах програм хангамж, шинэчлэлтэй холбогдох зардлыг Зохицуулах хороо жил бүрийн төсөвтөө суулгаж, програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлтийг хийнэ.

Дөрөв. Нэгдсэн бүртгэлийн мэдээллийн сан

4.1.Зохицуулах хороо нь энэхүү журмын 3.3-д заасан үзүүлэлт бүхий мэдээллийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрээр гаргасан мэдээллийн сан бүрдүүлнэ.

4.2.Зохицуулах хороо нь нэгдсэн бүртгэлийн тайлан мэдээг цаасан болон цахим хэлбэрээр жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Тав. Хяналт, хариуцлага

5.1.Энэхүү журмын хэрэгжилтэд харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

5.2.Зохицуулах хороо нь нэгдсэн бүртгэлийн системд мэдээллийн технологийн аудитыг 2 жил тутам хийлгүүлж, аудитын дүгнэлт, дүгнэлтийн мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

5.3.Нэгдсэн бүртгэлийн мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр бусдад задруулах, өөрчлөн засварлах, устгах, дэвшилтэт техник, технологи ашиглан хуулбарлах, мэдээллийн бүрэн, бүтэн байдлыг алдагдуулах, санаатайгаар үйл ажиллагааг доголдуулах, вирус (хортой код) тараах, хувийн ашиг сонирхлын зорилгоор ашиглах, худалдах, бусдад дамжуулах буюу шилжүүлж үл болно.

5.4.Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

---o0o---

 

 


[1] Олон улсын радио давтамжийн мастер бүртгэл гэж Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн орнуудын радио холбооны үйлчилгээнд ашиглаж буй радио давтамж, техник, технологийн талаарх мэдээллийг бүртгэж буй мэдээллийн баазыг хэлнэ.