A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын

2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн

А/48 дугаар тушаалын хавсралт

РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫГ ТӨЛӨВЛӨХ, ДАХИН ТӨЛӨВЛӨХ,  ХУВААРИЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг (цаашид “Радио давтамжийн зурвасын төлөвлөлт” гэх) үндэслэн радио давтамжийн зурвасыг төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Радио давтамжийн зурвасын төлөвлөлтийг хийхдээ радио давтамжийн зурвас ашиглалтын талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх, радио давтамжийн нөөцийг үр ашигтай ашиглах боломжийг бүрдүүлэх, шинэ технологийг  дэмжих үндсэн зарчмыг баримтална.

1.3.Энэхүү журамд техник, технологийн болон бодлогын шинэчлэлтэй холбоотойгоор тухай бүр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

Хоёр. Радио давтамжийн зурвасын төлөвлөлт, дахин төлөвлөлт

2.1.Радио давтамжийн зурвасын төлөвлөлт, дахин төлөвлөлтийг Дэлхийн Радио холбооны дүрмийг үндэслэн Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

2.2.Радио давтамжийн зурвасын бодлого, төлөвлөлтөд орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан радио давтамжийн зурвасыг хуваарилах ба дахин төлөвлөх, шилжүүлэх, чөлөөлөх арга хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх) авна.

2.3.Шинэ технологид ашиглах болон радио давтамжийн зурвасыг дахин хуваарилах тохиолдолд радио давтамж хоорондын харилцан нөлөөллөөс хамгаалах хамгаалалтын зурвасыг хуваарилалтад тусгана.

2.4.Зохицуулах хороо нь Радио долгионы тухай хуулийн 51.1.3-д заасны дагуу улс орны зайлшгүй хэрэгцээ болон техник, технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлэхэд шаардагдах радио давтамжийн зурвасын судалгаа хийж нөөцийг бүрдүүлнэ.

2.5.Зохицуулах хороо нь радио давтамжийн зурвасыг дахин төлөвлөх, шилжүүлэх, чөлөөлөхтэй холбоотой судалгааг хийж, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох аргачлалыг боловсруулж шийдвэрлүүлнэ.

2.6.Радио давтамжийн зурвасын төлөвлөлтийн дагуу Зохицуулах хороо нь радио давтамжийн сувгийн хуваарилалт, зохицуулалт, техникийн шаардлага, техникийн норматив бичиг баримт боловсруулж батална.

2.7.Олон улсын радио давтамжийн зохицуулалтад тусгах Монгол Улсын саналыг нэгтгэн боловсруулж, Олон улсын цахилгаан холбооны байгууллагад хугацаанд нь хүргүүлэх ажлыг Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага удирдан зохион байгуулна.

Гурав. Радио давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт

3.1.Тусгай хэрэглээний радио давтамжийн зурвасыг ашиглах байгууллагуудын жагсаалтыг Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

3.2.Радио давтамжийн сувгийн хуваарилалтын дагуу нийтийн хэрэглээний радио давтамж ашиглах зөвшөөрлийг Зохицуулах хороо олгоно.

3.3.Тусгай хэрэглээний радио давтамжийн зурвас ашиглах эрхийг холбогдох нөхцөл шаардлагын дагуу Зохицуулах хороо хуваарилж, бүртгэнэ.

3.4.Радио давтамжийн зурвасын төлөвлөлтөд заасан нэгдүгээр болон хоёрдугаар зэрэглэлийн үйлчилгээний ашиглалт нь хуваарилалтыг хийх үндэслэл болох ба ашиглалтын үед үүссэн харилцан нөлөөллийг арилгах арга замын нэг болно.

Дөрөв. Хяналт, хариуцлага

4.1.Радио долгионы тухай хуулийн 8.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл, эрхийн бичиггүй радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглахыг хориглоно.

4.2.Үндэсний радио давтамжийн зурвасын төлөвлөлтийг үндэслэн нийтийн болон тусгай хэрэглээний радио давтамжийн зурвасын хуваарилалтад Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

4.3.Нийтийн болон тусгай хэрэглээний радио давтамжийн ашиглалтын байдалд Радио долгионы тухай хуулийн 20 дугаар зүйлийн дагуу Зохицуулах хороо нь хяналт тавьж ажиллана.

4.4.Зохицуулах хороо нь радио давтамжийн харилцан нөлөөлөл болон бусад  зөрчлийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран арилгах ажлыг зохион байгуулна.

Тав. Бусад

5.1.Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасын төлөвлөлт, хуваарилалт нь Радио долгионы тухай хуулийн 6.4-т заасны дагуу нийтэд нээлттэй байх ба энэхүү төлөвлөлт, хуваарилалтад өөрчлөлт оруулсан тухай бүр шинэчилнэ.

5.2.Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасын төлөвлөлтийн мэдээллийг авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлт нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11.3.1, 11.3.2 дахь заалтуудад туссан шаардлагыг хангасан байна.

5.3.Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан маргааныг Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

5.4.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---o0o---