- Нүүр
- Сайдын тушаал
- НИЙТИЙН ЭДЭЛБЭРИЙН ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Барилга, хот байгуулалтын сайдын
2020 оны 75 тушаалын нэгдүгээр хавсралт
НИЙТИЙН ЭДЭЛБЭРИЙН ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАЙГУУЛАХ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэ журмын зорилго нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт, 15 дугаар зүйлд заасан нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэ журмыг нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө.
1.3.“Нийтийн эдэлбэрийн газарт Газрын тухай хуулийн 12.2-т заасан газар хамаарах бөгөөд зориулалтыг нь өөрчлөхгүйгээр орон сууц, гэр хорооллын бүсэд хийгдэх гудамж, зам, талбай, дугуйн зам, бичил цэцэрлэг, ногоон байгууламж, амралт зугаалга, биеийн тамирын талбайн тохижилтын ажлыг энэ журамд хамруулахгүйгээр Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хууль болон холбогдох норм, дүрэм, журмын дагуу аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын эрх, үүргийн хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлнэ. /Энэ заалтад БХБС-ын 2021 оны 69 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/
1.4.Хог хаягдлын цэг бүхий нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагааг энэ журмаар зохицуулахгүй бөгөөд Хог хаягдлын тухай хууль болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа явуулах, хаах аргачилсан заавар”-ыг баримтална.
1.5.Нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилгын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан зарчмыг баримтална.
1.6.Энэ журамд хэрэглэсэн нэр томьёог Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан нэр томьёоны утгаар ойлгоно.
1.7.Нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах төсөл (цаашид “төсөл” гэх) хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үе шатыг баримтална.
1.8.Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд иргэн, хуулийн этгээдийн газар, үл хөдлөх эд хөрөнгө харьяалагдаж буй тохиолдолд газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээс санал авах, зөвшөөрөлцөх, гэрээ байгуулах, нөхөх олговрын хэлбэр, хэмжээг тогтоох, олгох үйл ажиллагааг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулна.
ХОЁР.ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БЭЛТГЭЛ ҮЕ ШАТ
2.1.Төсөл хэрэгжүүлэх саналыг иргэн, хуулийн этгээд барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан загварын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга /цаашид “тухайн шатны Засаг дарга” гэх/-д гаргана.
2.2.Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах тухай саналыг тухайн шатны Засаг даргад өргөн барина.
2.3.Тухайн шатны Засаг дарга нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах тухай саналыг хянаж, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 14 хоногийн дотор албан бичгээр мэдэгдэж, зөвшилцсөний үндсэн дээр төсөл санаачилна.
2.4.Энэ журмын 2.3-т заасан тухайн шатны Засаг даргын зөвшилцөх тухай албан бичигт төсөл хэрэгжүүлэх үндэслэл, товч танилцуулга, төслийн байршил, хэмжээ, хил зааг, зориулалт, төслийн санхүүжилтийн эх үүсвэр зэрэг холбогдох мэдээллийг тусгана.
2.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны Засаг даргын санаачилсан, холбогдох байгууллагуудтай зөвшилцсөн төслийг хянаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтыг үндэслэн төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоосон шийдвэр гаргахад хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журам”-ыг баримтална.
2.6.Төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоосон шийдвэрийг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу олон нийт, төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдэд мэдээлнэ.
2.7.Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор төслийн ажлын даалгаврыг хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан энэ журмын 2.6-д заасан шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор боловсруулж, аймаг, нийслэлийн Засаг дарга батална.
2.8.Төслийг улсын болон орон нутгийн төсвийн, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулна.
2.9.Тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог байгуулж, үйл ажиллагааны удирдамжийг батална.
2.10.Үнэлгээний хороо нь холбогдох хуульд заасан болон дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.10.1.сонгон шалгаруулалтыг энэ журмын 2.5-д заасан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд мэдээлж, заасан хугацаанд ирүүлсэн төслийн саналыг хүлээн авч, нээх;
2.10.2.хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1.в-д заасны дагуу боловсруулсан төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч хуулийн этгээдийн саналыг хүлээн авах;
2.10.3.төслийн санал тус бүрт үнэлгээ өгч, 21 хоногийн дотор дүгнэлт гаргах;
2.10.4.дүгнэлтийг бичгээр үйлдэн гишүүн тус бүр гарын үсэг зурж, тухайн шатны Засаг даргад танилцуулах.
2.11.Үнэлгээний хорооны дүгнэлтэд дараах зүйлийг тусгана:
2.11.1.төслийн санал ирүүлсэн хуулийн этгээдийн ерөнхий ба туршла-гын чадавхийн шалгуур үзүүлэлт бүрийн үнэлгээ;
2.11.2.төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн санхүүгийн чадавхийн шалгуур үзүүлэлт бүрийн үнэлгээ;
2.11.3.төслийн санал тус бүрийг үнэлсэн нийлбэр оноо;
2.11.4.гишүүн тус бүрийн болон нэгдсэн үнэлгээ;
2.11.5.нэмэлт санал.
2.12.Үнэлгээний хорооноос сонгон шалгаруулсан хуулийн этгээд нь төслийн эхний хувилбарыг боловсруулж, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд ил харагдахаар байршуулж, тухайн баг, хорооны иргэд, олон нийтэд 14 хоногийн дотор мэдээллэх, танилцуулах ажлыг зохион байгуулж, 30 хоногийн турш санал авна. Санал өгсөн иргэд, олон нийтийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан байна.
ГУРАВ. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨЛТИЙН БОЛОН
ШИЙДВЭР ГАРГАХ ҮЕ ШАТ
3.1.Үнэлгээний хорооноос сонгон шалгаруулсан хуулийн этгээд нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.а-д заасан төлөвлөгөөг энэ журмын 2.12-т заасан хугацаанд тухайн баг, хорооны иргэд, олон нийтээр хэлэлцүүлэн саналыг тусгаж, эцэслэн боловсруулсан төлөвлөгөөг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад 30 хоногийн дотор танилцуулна.
3.2.Тухайн шатны Засаг дарга нь энэ журмын 3.1-д заасан төлөвлөгөөг 14 хоногийн дотор хянаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.в-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, дор дурдсан гэрээний аль тохирохыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу байгуулна:
3.2.1.төслийг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалтад заасан эх үүсвэрээр санхүүжүүлэх тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээг;
3.2.2.бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх тохиолдолд хамтран ажиллах гэрээг.
3.3.Нийтийн эдэлбэрийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан, бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг баримтлан уг газрыг чөлөөлөх арга хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүргийн мэргэжлийн хяналт, газрын харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус хэрэгжүүлж, холбогдох зардлыг буруутай этгээдээр гаргуулна.
3.4.Оршуулгын газар бүхий нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулахад тухайн шатны Засаг дарга холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран ажиллана.
ДӨРӨВ. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ДУУСГАХ ҮЕ ШАТ
4.1.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримтлан тухайн шатны Засаг даргын шийдвэрээр Хяналтын хороог байгуулна.
4.2.Хяналтын хороо нь төслийн хэрэгжилтийн явц, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавина.
4.3. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт заасан төслийн хөндлөнгийн хяналтын дүгнэлтийн дагуу төсөлд оролцогч талууд холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ.
4.4.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2 дахь заалтад заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөх зардлыг тухайн шатны Засаг дарга хариуцна.
4.5.Төсөл хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг зөвхөн төслийн зориулалтаар ашиглана.
4.6.Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах үйл ажиллагааг Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.
4.7.Гэрээг үндэслэн газар, үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, эзэмших эрхийг бүртгэх үйл ажиллагааг Газрын тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулна.
4.8.Тухайн шатны Засаг дарга нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргаснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын болон гадна тохижилтын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална.
4.9.Тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах шийдвэр гаргасан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийг энэ журмын 2.10-т заасныг баримтлан дахин сонгон шалгаруулж, шалгарсан хуулийн этгээдэд гэрээний эрх, үүргийг шилжүүлнэ.
4.10.Төслийг хэрэгжүүлж дуусгах үйл ажиллагааг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.4 дэх заалтад заасны дагуу зохион байгуулна.
ТАВ. БУСАД
5.1.Хот, суурин газарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага төслийг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.
5.2.Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан боловч төслийг амжилтгүй хэрэгжүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төслөөс татгалзсан, гэрээний үүргийг хангаагүй хуулийн этгээдээр бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, тухайн хуулийн этгээдийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлэх хүсэлтийг захиалагчаас төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.3.Энэ журмыг хэрэгжүүлээгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
------оОо------
Текст томруулах
A
A
A