A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын тушаал

2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн

А/54 дүгээр тушаалын хавсралт

 

ҮНЭ БҮХИЙ ШУУДАНГИЙН ТЭМДЭГТИЙН ҮЙЛДВЭРЛЭЛТ, ДАХИН ҮНЭЛЭЛТ, БОРЛУУЛАЛТЫН ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийг /марк, захидлын маркжуулсан дугтуй, ил захидлын маркжуулсан хуудас/ үйлдвэрлэх, борлуулах, дахин үнэлэх үйл ажиллагааг Дэлхийн шуудан холбооны конвенци, Шуудангийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль болон энэ журмаар зохицуулна.

1.2.Энэ журмыг үндсэн сүлжээ эзэмшигч болон шуудангаар үйлчлэгчид дагаж мөрдөнө.

1.3.Шуудангийн тухай хуулийн 171.1.1-т заасны дагуу үнэ бүхий шуудангийн тэмдэгтийг үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагааг үндсэн сүлжээ эзэмшигч хариуцан зохион байгуулна.

Хоёр. Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт

2.1.Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлийг үндсэн сүлжээ эзэмшигч хариуцан дараах үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:

2.1.1.Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийг боловсруулах;

2.1.1.1.үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн сэдэв, эх зургийн загварыг зохион бүтээхэд аж ахуйн нэгж, байгууллага иргэдийг чөлөөтэй оролцох боломжийг бүрдүүлж, нээлттэй байдлаар зохион байгуулна;

2.1.1.2.үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн эх зургийн загварыг тухайн чиглэлээр мэргэшсэн зураач болон чөлөөт уран бүтээлчдээр хоёр талын гэрээний үндсэн дээр бэлтгүүлнэ;

2.1.1.3.үйлдвэрлэх, борлуулах үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн сэдвийн төлөвлөгөөг гадаад, дотоодын зах зээлийн судалгаа, хэрэгцээ, үйлчлэгч байгууллагуудын захиалгыг үндэслэн тэдгээрийн сэдэв, тэдгээрийн эх зураг, тоо хэмжээ, нэр төрөл, хэвлүүлэх хуваарийг тусган боловсруулна;

2.1.1.4.дараагийн 2 жилд гарах үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн сэдвийн төлөвлөгөөний төсөл, энэ журмын 2.1.1.3-т тусгасан холбогдох материалуудын хамт жил бүрийн 4 дүгээр сард багтаан Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ;

2.1.1.5.харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сэдвийн төлөвлөгөөг даргын зөвлөлийн хурлаар хянан хэлэлцэж тухайн жилийн 6 дугаар сард багтаан батална.

2.1.2.Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийг хэвлүүлэх

2.1.2.1.үнэ бүхий шуудангийн тэмдэгтийг батлагдсан эх зураг, загварын дагуу хамгийн бага зардлаар чанартай хэвлэх, гадаад дотоодын байгууллагыг сонгон харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар хянуулсны үндсэн дээр гэрээ байгуулна;

2.1.2.2.бэлтгэгдсэн эх, уг зургийн дагуу бэлтгэсэн гэрээт байгууллагын үйлдвэрийн дардасыг хянан албажуулна;

2.1.2.3.үнэ бүхий шуудангийн тэмдэгтийг Монгол Улсын болон олон улсын стандарт, түгээмэл хийц загварт нийцүүлэхийн зэрэгцээ маркийн номиналь үнийг хэвлэлийн өртөг, зардал, шуудангийн илгээмжийн үнэ тариф, төгрөгийн ханшид зохицуулан хэвлүүлнэ.

Гурав. Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн дахин үнэлэлт

3.1.Үндсэн сүлжээ эзэмшигч нь Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн, тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дараах тооцоо, судалгааг үндэслэн дахин үнэлгээг 5 жил тутам хийлгэж, үнэ бүхий тэмдэгт тус бүрээр дахин үнэлгээний үнийн саналыг боловсруулна. Үүнд:

3.1.1.Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үлдэгдлийн хэмжээг 3-аас доошгүй жилээр харьцуулсан болон борлуулалтын өсөлт бууралтын итгэлцүүрийг тооцсон судалгаа;

3.1.2.Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн агуулахын үлдэгдлийг хадгалах хамгаалахад гарч буй зардал, түүний өсөлт бууралтыг харуулсан судалгаа;

3.1.3.Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн гадаад дотоодын зах зээл дэх үнэлгээ;

3.1.4.Шуудангийн илгээмжийн тариф;

3.1.5.Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн чанарын үнэлгээ;

3.1.6.Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн хэвлэлийн өртөг, зардал, шуудангийн илгээмжийн үнэ, тариф, төгрөгийн ханшийн талаарх мэдээлэл.

3.2.Улсын фондын маркийг дахин үнэлэхдээ Зохиогчийн эрхийн тухай хууль, түүх, соёлын дурсгал, үзмэр, үнэт цаасны дахин үнэлгээний талаарх холбогдох журмыг баримтална.

3.3.Үндсэн сүлжээ эзэмшигч нь хөрөнгийн үнэлгээний компанийг сонгон шалгаруулалтын зарчмаар сонгож, гэрээ байгуулан ажиллана.

3.4.Үндсэн сүлжээ эзэмшигч нь хөрөнгийн үнэлгээний байгууллагаас ирүүлсэн дахин үнэлгээний үнийн санал, үнийн санал боловсруулсан аргачлал, тооцоо, судалгаа, бусад мэдээллийг агуулсан тайлангийн хамт шуудангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, тухай бүрд хянуулна.

3.5.Үндсэн сүлжээ эзэмшигч нь энэ журмын 3.4-т заасан хяналтыг хийлгэсэн дахин үнэлгээний саналд үндэслэн тухайн үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн дахин үнэлэгдсэн үнийг батална.

Дөрөв. Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн борлуулалт

4.1.Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн борлуулалтыг Үндсэн сүлжээ эзэмшигч хариуцан дараах үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:

4.1.1.Хэвлэлтээс гарсан үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн хуваарилалт, борлуулалтыг дараах ангиллаар явуулна. Үүнд:

4.1.1.1.шуудангийн Маркийн улсын фонд бүрдүүлэх;

4.1.1.2.дэлхийн шуудан холбоонд хүргүүлэх;

4.1.1.3.шуудангийн төлбөрийн хэрэгсэлд зориулан шуудангаар үйлчлэгч байгууллагыг хангах;

4.1.1.4.марк сонирхогчдод /холбооны гишүүдэд/ худалдах;

4.1.1.5.гадаад, дотоодын сурталчилгаанд зориулан зарцуулах.

4.1.2.Энэ журмын 4.1.1.1, 4.1.1.2-т заасан зориулалтаар тухайн байгууллагад хүргэгдэж байгаа үнэ бүхий шуудангийн тэмдэгтээс төлбөр авахгүй.

4.1.3.Энэ журмын 4.1.1.3-т заасан зориулалтаар үнэ бүхий шуудангийн тэмдэгтийг худалдан борлуулахдаа аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан ижил тэгш үнэ, нөхцөлөөр борлуулалтын гэрээ хийнэ.

4.1.4.Борлуулалтын гэрээ байгуулахдаа үнэ бүхий шуудангийн тэмдэгтийг одоо борлуулалтанд байгаа бол нүүрний үнээр, харин энэ журмын 3.5-д заасны дагуу дахин үнэлэгдсэн бол тухайн үнэлгээнээс тодорхой хувиар хөнгөлөлттэй үнэ тогтоох замаар бүх гэрээт байгууллагад ижил тэгш үнээр худалдаж болно.

4.1.5.Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийг худалдан борлуулахдаа аж ахуйн нэгж, байгууллагад ижил тэгш үнэ, нөхцөл тавьж байгаа эсэхэд Зохицуулах хорооноос хяналт тавина.

Тав. Бусад зүйл

5.1.Үндсэн сүлжээ эзэмшигчийн маркийн гүйлгээнд гарсан анхны өдрийг нийтэд зарлаж, анхны өдрийн дугтуй гарган борлуулах ажлыг Үндсэн сүлжээ эзэмшигч нь шуудангаар үйлчлэгч бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

5.2.Үндсэн сүлжээ эзэмшигч нь үндсэн сүлжээ эзэмшигчийн маркийн каталог гарган, түүний баяжуулалтыг 5 жил тутамд хийх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

 

 

---o0o---