A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын тушаал

2020 оны 4 дүгээр сарын 27-ны дугаар өдрийн

А/55 дугаар тушаалын хавсралт

ШУУДАНГААР ҮЙЛЧЛЭГЧ БОЛОН ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖ ТЭЭВЭРЛЭГЧ ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ УЯЛДУУЛАН ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүрэг болон Монгол Улсын тээврийн байгууллагын нийгмийн үйлчилгээний нэгдмэл үүргийн хүрээнд шуудангаар үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгчийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Шуудангийн илгээмж тээвэрлэлт

2.1.Шуудангийн илгээмж тээвэрлэлтийг дор дурдсанаар ангилна:

• улс хоорондын;

• хот хоорондын;

• аймаг, сум хоорондын;

• сум, баг хоорондын;

• хот, тосгон дотор.

2.2.Шуудангаар үйлчлэгч нь үйлчлүүлэгчээс хүлээн авсан шуудангийн илгээмжийг хаягт эзэнд нь тээвэрлэн хүргэх үйл ажиллагааг хот хоорондын, орон нутгийн бүх төрлийн тээврийн үйлчилгээгээр дамжуулах болон өөрийн тээврийн хэрэгслээр саадгүй хүргэх үйл ажиллагааг зохион байгуулна.

2.3.Шуудангийн илгээмжийг тээвэрлэн хүргэхэд Шуудангийн тухай хуулийн 9.1.6-д тодорхойлсон хугацааг дагаж мөрдөнө.

2.4.Шуудангийн илгээмжийг улс, хот хоорондын тогтмол хуваарь, маршрут бүхий агаарын тээвэр, төмөр зам болон авто тээврийг ашиглан тээвэрлэнэ.

2.5.Шуудангийн илгээмжийн жин, овор хэмжээ, түүний сав, баглаа, боодол, битүүмжлэл нь шуудангийн болон тээврийн байгууллагын дүрэм, технологийн журам, стандарт, зааварт нийцсэн байна.

Гурав. Шуудангийн илгээмж тээвэрлэх үйл ажиллагааны зохицуулалт

3.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.2, Харилцаа холбооны тухай хуулийн 12.1-т заасны дагуу шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Шуудангаар үйлчлэгч нь шуудангийн илгээмжийг тээвэрлэх үйл ажиллагааг агаарын тээвэр, төмөр зам болон авто тээврийн байгууллагуудтай гэрээ байгуулсны үндсэн дээр зохион байгуулна.

3.2.Шуудангаар үйлчлэгч нь шуудангийн илгээмжийг хамтарч тээвэрлэх авто тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагатай гэрээ байгуулахдаа сонгон шалгаруулалтын зарчмыг үндэслэнэ.

3.3.Гэрээнд дараах нөхцлийг заавал тусгасан байна. Үүнд:

3.3.1.Олон улсын шуудангийн илгээмжийн тээвэрлэлтийн үнийг Олон улсын иргэний агаарын тээврийн холбоо (ОУИАТХ), Дэлхийн шуудан холбоо (ДШХ)-ноос хамтран тогтоосон тухайн жилд мөрдөгдөх жишиг тарифаас ихгүй байхаар тогтоох;

3.3.2.Дотоодын нислэг, төмөр зам, авто тээврийн үйлчилгээний чиглэл, хот, аймаг, чиглэлийн дагуух сум, суурингийн нэрс, цагийн хуваарийг гэрээнд хавсаргах;

3.3.3.Тухайн чиглэлийн тээврийн хөдөлгөөний саатлын үеийн шуудан тээврийн зохицуулалт;

3.3.4.Шуудан тээврийн үнэ тариф, төлбөр хийх нөхцөл, нэг удаагийн тээвэрлэх шуудангийн жингийн хязгаар, тухайн нэг тээврийн хэрэгсэлд ноогдох даацын хэмжээ;

3.3.5.Төмөр замаар шууданг тээвэрлэхэд төмөр замын байгууллагаас тээвэрлэх шуудангийн ачааллаас хамааруулан зорчигчийн бүхээг болон зориулалтын талбай, вагоныг шуудангаар үйлчлэгчид саадгүй гарган өгөх, шуудан тээвэрлэлтийн явцад шуудангаар үйлчлэгчийн ажилтан шууданг харгалзан явах нөхцлийг бүрдүүлэх;

3.4.Орон нутгийн шуудан тээвэрлэлтийг /сумаас аймаг, аймгаас сум/ тухайн орон нутгийн тээврийн байгууллага, шуудангаар үйлчлэгч хамтран хяналт тавьж, зохион байгуулна.

3.5.Агаараар шуудан тээвэрлэгчид шуудангаар үйлчлэгчтэй жилд нэг удаа уулзалт зохион байгуулж, нислэгийн саатлын үеийн шуудан тээврийн зохицуулалт, үнэ тариф, нэг удаагийн нислэгээр тээвэрлэх шуудангийн жингийн хязгаарыг харилцан тохиролцож ижил нөхцлөөр шуудан тээвэрлэх боломжийг бүрдүүлнэ.

3.6.Шаардлагатай тохиолдолд чиглэл бүрийн авто вокзал болон төмөр зам дагуух вокзал дээр шуудангийн салбар нэгж ажиллах байр талбайг Монгол Улсын Иргэний хуулийн 27 дугаар бүлгийн 318-321 дүгээр зүйлийн дагуу түрээслүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж өгнө.

3.7.Шаардлагатай тохиолдолд зорчигч тээврийн хэрэгслийг дагалдуулан зорчигчийн ачаа тээшийг тээвэрлэх битүү чингэлэг бүхий тээврийн хэрэгслийг гаргах ажлыг шуудангийн болон авто тээврийн байгууллагууд хамтран зохион байгуулна.

3.8.Шуудангийн илгээмж тээвэрлэгч нь авто тээврээр улс хоорондын шууданг Авто тээврийн харилцааны тухай Монгол Улсаас хөрш зэргэлдээ орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тээвэрлэнэ.

 

---o0o---