- Нүүр
- Сайдын тушаал
- РАШААНЫГ ЗОХИСТОЙ АШИГЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/301, А/265 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
РАШААНЫГ ЗОХИСТОЙ АШИГЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь рашааныг зохистой ашиглах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулахад оршино.
1.2. Журмын хэрэгжилтэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалттай газар нутгийн болон сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч хяналт тавина.
Хоёр. Рашааны нөөцийн хайгуул, судалгаа
2.1.Рашаан, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг тогтоох хайгуул, судалгааны ажлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог “Усны мэргэжлийн байгууллага”-ын эрхтэй хуулийн этгээд гүйцэтгэнэ.
2.2.Рашаан, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг тогтоох хайгуул, судалгааны ажлыг улс, орон нутгийн төсөв болон хүн, хуулийн этгээдийн хөрөнгөөр санхүүжүүлж болно.
2.3.Рашааны хайгуул, судалгааны ажлын үр дүнгийн тайланд дараах үзүүлэлтүүд тусгагдсан байна. Үүнд:
2.3.1.Рашааны газар зүй, геоморфологи, геологийн тогтоц, тектоник бүтэц, гидрогеологийн нөхцөл;
2.3.2.Рашааны физик–химийн шинж чанар, найрлагыг тодорхойлсон ажлын үр дүн, дүгнэлт;
2.3.3.Рашаан орчмын ургамал, амьтан, бичил биетний бүрэлдэхүүн, нөхцөл байдлын өөрчлөлтийн дүгнэлт.
2.4.Рашааны нөөцийн хайгуул, судалгааны ажлын үр дүнгийн тайланг Усны нөөцийн зөвлөлөөр баталгаажуулж, улсын усны мэдээллийн санд бүртгэнэ.
2.5.Хайгуул, судалгаагаар ашиглах боломжит нөөц нь батлагдсан рашааны орд бүр паспорттой байна.
2.6.Рашааны ордын паспортыг тухайн сав газрын захиргаа, рашаан ашиглагчид олгож, мэдээллийн дэд санд оруулна.
2.7.Рашааны ордын паспортыг рашаан ашиглагч хөтөлж, сав газрын захиргаа хяналт тавина.
Гурав. Рашааныг хамгаалах, ашиглах болон
рашааны хамгаалалтын бүс
3.1.Рашааныг хамгаалах харилцааг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10-22.18 дахь хэсэгт зааснаар зохицуулна.
3.2.Тухайн сав газрын захиргаа нь энэхүү журмын 3.1-д заасан рашааны бүсийг тухайн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулна.
3.3.Рашааны эрүүл ахуйн бүсийг хашаажуулах, хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх арга хэмжээг рашаан ашиглагч хариуцаж, өөрийн хөрөнгөөр санхүүжүүүлнэ.
3.4.Рашаан ашиглагч нь Усны тухай хуулийн 28.2, 28.3-т заасан баримт бичгийг бүрдүүлж, тухайн сав газрын захиргаагаар рашаан ашиглуулах дүгнэлт гаргуулна.
3.5.Сав газрын захиргааны рашаан ашиглуулах дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба зөвшөөрөл олгож, гэрээ байгуулна.
3.6.Рашаан ашиглагч нь рашааны эмчлэх чадварыг эмнэл зүйн туршилтын үр дүнд суурилсан холбогдох эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлтийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлөөр гаргуулсан байна.
3.7.Рашаан ашиглагч нь рашааны чанар, найрлагыг хагас жилд нэг удаа, бохирдлын үзүүлэлтийг улиралд нэг удаа өөрийн хөрөнгөөр хийлгэж, шинжилгээний дүнг тухай бүр сав газрын захиргаанд хүргүүлнэ.
3.8.Рашаан ашиглагч нь рашааны эх орчмыг тохижуулж, түүний голдирлыг үл хөндөн шугам сүлжээгээр боломжит нөөцийн хэмжээнд авч ашиглана.
3.9.Рашаан ашиглагч нь эрүүл ахуйн болон хамгаалалтын бүс, түүний орчмын хөрс, геоморфологийн нөхцөлийг доройтуулахгүй байх, нөхөн сэргээх үүргийг хүлээнэ.
3.10.Рашааны нөөцийн хайгуул, судалгааг өөрийн хөрөнгөөр хийж, тохижуулан тоноглосон хүн, хуулийн этгээд нь Усны тухай хуулийн 28.14, 28.15-д заасны дагуу ашиглана. Рашааны нөөц илүү гарах нөхцөлд бусад хүн, хуулийн этгээдэд ашиглуулж, зарцуулсан зардлыг нөхөн төлүүлж болно.
3.11.Рашаан ашиглагч нь хаягдал ус цэвэрлэх, дахин ашиглах барилга байгууламжтай байх бөгөөд ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл үйлчилгээнээс гарч буй хаягдал усыг хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх бол Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015, ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх бол Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага. MNS 6561:2015 стандартад нийцүүлэн цэвэрлэх үүрэг хүлээнэ.
3.12.Рашааны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийг тогтоогоогүй бол үйлдвэрлэл үйлчилгээ, сувиллын үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
Дөрөв. Рашаан ашигласны төлбөр
4.1.Рашаан ашиглагч нь Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт заасан үүрэг хүлээх ба рашаан ашигласны төлбөрийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар тооцож төлнө.
4.2.Рашаан ашиглагч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар рашааныг ашиглах тохиолдолд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-15.5–т заасны дагуу рашаан ашигласны төлбөр төлнө.
4.3.Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч хүн, хуулийн этгээд ус бохирдуулсны төлбөр төлнө.
Тав. Рашааны орд, эх булгийн чанар, аюулгүй
байдлын хяналт, шинжилгээ
5.1.Рашааны нөөцийн хайгуул, судалгааны ажлын явцад усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, сав газрын захиргаа хяналт тавина.
5.2. Рашааны чанар, эрүүл ахуй, бохирдлын үзүүлэлтүүдэд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.
5.3.Рашаан ашиглагч нь рашааны нөөц хомсдож, чанар нь алдагдахаас сэргийлж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
5.3.1.рашааны худагт улирал тутам нэг удаа хяналт-шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ;
5.3.2.рашааны эх булаг, ундарга бүрээс ашиглалтын эхний жилд сард нэг удаа дээж авч, рашааны чанарын шинжилгээ хийлгэж, дараагийн жилээс улиралд нэг удаа дээж авч, хяналтын шинжилгээ хийлгэнэ;
5.3.3.рашааны чанарт сөргөөр нөлөөлөхгүй, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан тоног төхөөрөмжийг үйлдвэрлэл-үйлчилгээ, эмчилгээний үйл ажиллагаанд ашиглана;
5.3.4.рашаан ашигладаг байнгын ажиллагаатай амралт, сувилал нь эрүүл ахуйн шинжилгээг улиралд нэг удаа, улирлын ажиллагаатай амралт, сувилал нь сард нэг удаа эрүүл ахуйн болон бохирдлын шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, холбогдох зардлыг хариуцна.
5.3.5.Рашааны чанарын эрүүл ахуйн бохирдлын үзүүлэлтүүд (нян, нитрит, нитрат) Эмчилгээ ундааны зориулалтаар савлаж хэрэглэх рашаан, техникийн шаардлага MNS 3651:2004 стандартаас давсан тохиолдолд бохирдлыг бууруулах арга хэмээ авч, үр дүнг шинжилгээгээр баталгаажуулж, шалтгааныг тодорхойлох зорилгоор давтан шинжилгээ хийнэ.
5.3.6.Давтан шинжилгээгээр илэрсэн үзүүлэлтүүдийг рашааны ордын паспортод тэмдэглэнэ.
5.3.7.Рашаан ашиглагч нь рашааны чанар, найрлагатай холбоотой батлагдсан стандартыг мөрдөж ажиллана.
5.3.8.Рашааны нөөцийг ашиглан үйл ажиллагаа явуулж (сувилах, савлах, түгээх, тээвэрлэх гэх мэт) буй хүн, хуулийн этгээдийн албан хаагчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байна.
5.3.9.Рашаан ашиглагч нь рашаан авах худаг, цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулна.
Зургаа. Рашааны ашиглалт, хамгаалалтын мэдээ,
тайлан гаргах
6.1.Рашаан ашиглагч нь рашаан ашиглахтай холбоотой мэдээ, тайланг аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд хүргүүлж, бүртгүүлнэ.
6.2.Байгаль орчны алба нь рашаан ашиглах гэрээг дүгнэж, жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний дотор тухайн сав газрын захиргаанд хүргүүлнэ.
6.3.Сав газрын захиргаа нь рашааны ашиглалт, хамгаалалт, төлөв байдлын мэдээ тайланг нэгтгэн боловсруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлнэ.
Долоо. Рашааны мэдээллийн санд
бүрдүүлэх материал
7.1.Сав газрын захиргаа нь рашааны мэдээллийн санд дараах мэдээллийг бүртгэнэ:
7.1.1.Рашааны эрэл хайгуулын тайлан, рашааны нөөцийн хэмжээ (м3/хоног), бальнеологийн судалгааны мэдээ;
7.1.2.Рашааны мэдээлэл нь төрөл, байршил, талбайн хэмжээ, судлагдсан байдал, батлагдсан нөөц, ашиглах боломжит нөөцийн хэмжээ, химийн чанар, найрлага, ашиглалт, хамгаалалт болон бусад;
7.1.3.Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүс, хориглолтын бүс, хязгаарлалтын /тэжээгдлийн муж/ бүсийн хилийн заагийг тогтоосон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол;
7.1.4.Рашааны ашиглалтын хэмжээ, хяналт шалгалтын дүн, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт болон бусад мэдээллүүд.
Найм. Бусад
8.1.Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
ооОоо
Текст томруулах
A
A
A